Ц.МЯГМАРБАЯР
"Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани. Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. “Оюу толгой”-н менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. “Оюу толгой” аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг. Энэ зорилгоо хангаж энэ оны II улирлын тайлангаа танилцуулах үеэр олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгаснаа энэ сарын 3-нд зарласан. Түүнчлэн II улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт болон гүний уурхайн төслийн явцаа танилцуулсан юм. Онцлог үзүүлэлтээс нь дурьдвал, нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгалж 91 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулсан байна. Мөн дотоодод нийт 14.2 тэрбум ам.доллар зарцуулж гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг хийжээ.Бас Ханбогд сумыг хөгжүүлэх 50 сая ам.доллар буюу 150 гаруй тэрбум төгрөгийн хөтөлбөрийг баталсан аж.
Гүнийн уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг амжилттай хийв
Гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг зургадугаар сарын 17, долдугаар сарын 1-нд амжилттай хийлээ. Энэ нь үйлдвэрлэлийн чухал шат төдийгүй цаашид олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчууд, хувь нийлүүлэгчдийн хувьд яахын аргагүй түүхэн мөч билээ. Гүний уурхайн Панель 0-ын анхны тогтвортой үйлдвэрлэлд 2023 оны эхний хагаст хүрэх төлвөө хэвээр хадгалж байна. “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Гүний уурхайн хүдэр буулгуурын анхны тэсэлгээг хийсэн нь бид гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлдээ хүрэх бидний зорилгын илрэл боллоо. Энэ онцгой үйл явдлыг гэрчилсэндээ талархаж байна. Энэ хүртэл цуцалтгүй ажилласан хамт олон, оролцогч талуудаар бахархаж байна. Эдгээр үйлдвэрлэлийн амжилтаас гадна бид хамтрагч талуудтай хамтдаа өсөн дэвжиж, байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөм болгон ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард бид “Ханбогд сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө 2040” урт хугацааны, бодлогын баримт бичгийг хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд “Оюу толгой”-н ТУЗ-өөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.долларын хөтөлбөрийг баталсан. Бат бөх түншлэлээр аливааг хийх бүрэн боломжтой” хэмээн хэлснийг онцлон тэмдэглэе.
Хүдэр боловсруулалтад дэлхийн уурхайнуудын дундажаас гурав дахин бага ус хэрэглэв
Тайлант хугацаанд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 200 мянган хүн/цаг тутамд 0.21 байлаа. Нийт ажилтны 96.7 хувь нь дотоодынх байна. Оны эхний хагаст нэг тонн хүдэр боловсруулахад 0.39 м.куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харууллаа. Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 87.16 хувийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлжээ. Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 91 сая ам.долларыг 2022 оны II улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.74 тэрбум ам.долларыг төлсөн. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана. II улирлын эцсээр 722 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 490 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтын 75 хувийг дээрх үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ. Уурхайн ашиглалтын төлөвлөгөө болон бага агуулгатай овоолгоос үйлдвэрийг тэжээсэн зэргээс хамаарч зэсийн агуулга болон металл авалт доогуур байснаар ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан. Алтны агуулга нэлээд бага буюу 2021 онд 0.5 хувь байсан бол 0.26 хувь болж буурсан. Баяжмалын тээвэрлэлттэй холбоотой зарласан давагдашгүй нөхцөл байдлыг цуцалжээ. Түүнчлэн зургадугаар сард гаргасан шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллоор төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцов. Тооцооллыг “Оюу толгой”-н ТУЗ хянана. 2020 оны шинэчилсэн тооцоололтой харьцуулахад зардал 0.3 тэрбум ам.доллароор өссөнд COVID-19-ийн хязгаарлалтууд голлон нөлөөлсөн гэж үзжээ. Гэхдээ энэ оны шинэчилсэн тооцоололд зургадугаар сараас эхлэн цар тахалтай холбоотой нөлөөлөл үүсэхгүй хэмээн тооцсон аж.
Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг 2023 онд эхлүүлнэ
Гүний уурхайн “Хюго” хойд бүсийн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг зургадугаар сард хийлээ. Огтлох малтлагын ажил үргэлжилж, “Панель 0”-ын анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр ажиллаж байна. Өмнө мэдээлсний дагуу агааржуулалтын урд болон хойд амын барилгын ажил COVID-19-ийн хязгаарлалт болон ажиллах хүчнийг татан авах ажлыг дахин эрэмбэлэн зохион байгуулах болсон зэргээс үүдэн хойшилсон. Гэсэн хэдий ч ажлыг урагшлуулж, амуудын нэвтрэлтийн түвшин 176 болон 276 метрийн гүнд хүрээд байна. Амуудыг 2024 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар байгаа нь 2020 онд шинэчилсэн тооцоолол дахь төлөвлөгөөнөөс 15 сараар хоцорч байна. Панель нэг болон хоёрын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгахаар төлөвлөсөн. Агааржуулалтын урд, хойд амын ажил хойшилж байгаагаас үүдэн агааржуулалттай холбоотой нөлөөлөл байх эсэхийг судалгаанд тусгахаар ажиллаж байгаа гэж “Оюу толгой”-н энэ оны II улирлын тайланд дурьдсан байна. Тайлангаас анзаарахад “Оюу толгой” төсөл Монгол Улсын эдийн засаг тэр дундаа төсөвд нөлөөлхүйц хөрөнгө оруулалтыг хийсээр байна.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 162 (6894)