О.Батнайрамдал: Би шинэ үеийн дуудлагаас татгалзахыг хүсээгүй

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 22 мин унших

С.УЯНГА

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.

 

-Тантай хоёр дахь удаагаа нэлээн дэлгэрэнгүй ярилцах гэж байна. Өмнө нь дэд сайдын хувьд газрын тос, баялгийн сан гээд уул уурхайн салбарыг түлхүү  онцолсон. Харин энэ удаа “цэвэр” улстөрч, залуу манлайлагчийн хувиар ярилцахыг хүсч байна. Арван жилээсээ гадагшаа сургуульд явсан. Сурч, ажиллах гээд гадны соёл, “школь”-той хүнд нам дотор, Монголын улс төрд орж ажиллах ямар санагдаж байна вэ?

-Би нам, улс төр талдаа туршлага тааруу. Монголд ирсэн гол шалтгаан бол эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахсан гэсэн хүсэл. Тийм л дэврүүн хүсэл, мөрөөдөл өвөртөлсөн.

Гэхдээ итгэл үнэмшил, сэтгэлийн дуудлага гэвэл илүү ононо. Монголд ирээд юу хийхээ төлөвлөж, төсөөлөөгүй. Ямар ч байсан багагүй хугацаанд сурсан мэдсэнээ зориулж үр дүнг нь гартал яваад үзье. Эх орныхоо хөгжил дэвшилд чин сэтгэлээсээ хувь нэмрээ оруулъя  л гэж бодсон хэрэг.

Улс төрд дөнгөж орж ирсэн шинэ, залуу хүний хувьд өөрийгөө азтай гэж боддог. Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байхад нь Зөвлөхөөр нь ажиллах боломж олдсон. Зөвлөхөөс илүү Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг бичилцэж, манлайлж авч яваач гэсэн санал байсан. Харвардад сурч байхдаа олон орны хөгжлийн загварыг судалж, нөхөдтэйгээ ярилцдаг байлаа. Тэр ч утгаараа  ярьж байснаа ажил болгоё гэхэд нь татгалзаагүй.Тухайн үед улс төрд орж байна гэхээс илүү бодлого бичилцэхийг хүссэн. Ингээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Ерөнхий сайдын захирамжийн эхний төслөөс эхлээд УИХ-аар батлагдах хүртэлх шатанд оролцлоо. “Алсын хараа-2050”-ыг бичилцэх жил гаруйн хугацаанд бидний сүүлийн 30 жилийн алдаа, оноо юу байв. Хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж ирсэн, ирээдүйд ямар байх вэ гэдгийг том зургаар нь харах боломж олдсон. Богино хугацаа хэдий ч жил гаруйн хугацаанд Монголын хөгжлийн гарц, өнөөгийн нөхцөл байдлыг “бүтэн”-ээр харахыг хичээж, уншиж судалж анализ хийж байхдаа заавал томоохон өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой юм байна гэдгийг ухаарсан. Одоо л өөрчлөхгүй бол хожимдоно гэдгийг ойлгож, зарим талаараа санаа зовж шаналах үе ч бишгүй байв. Тиймээс олон жил намын дэргэд ажиллаж, намаар хүмүүжээгүй ч гаднаас нь шүүмжлэгч байхыг хүсээгүй. Дотор нь ороод өөрчлөлтийнх нь нэг хэсэг болъё, хамтдаа өөрчлөх ёстой юм байна гэж бодсон. Өөрчлөлтийг хүсэж байгаа бол түүнийхээ нэг хэсэг болох хэрэгтэй гэсэн зарчим бий.

Мэдээж улс төр гэдэг надад цоо шинэ шинжлэх ухаан байсан учраас амар шийдвэр байгаагүй. Гэхдээ Монгол Улсад нэн шаардлагатай шинэчлэл, дэвшилтэт реформ зайлшгүй хийгдэх ёстой. Үүний нэг хэсэг болж, хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Товчхондоо бол, би Ховдод төрж өссөн хөдөөний л хүүхэд. Дунд сургуульдаа Ховдоос, Улаанбаатар, Европт, их сургуульдаа АНУ-д сурсан. АНУ-д эдийн засаг санхүүгийн чиглэлээр бакалавр хамгаалж хэсэг хугацаанд ажиллаад Харвардын бизнесийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Ажлын туршлага гэвэл, банкир болох мөрөөдлөө биелүүлж Нью-Йоркт  болон Сиднейд дэлхийн шилдэг банкинд ажилласан. Хөрөнгийнхөө хэмжээгээр АНУ-д гуравдугаарт ордог, 250 мянган ажилчинтай Дэлхийн хамгийн том банкны төсөөлж байгаагүй өндөр цалингаасаа татгалзаад  эх орондоо ирэх шийдвэр амар байгаагүй нь мэдээж. Нью-Йорк, Хойд Америк, Австралид уул уурхайн банкирын чиглэлээр ажилласан. Ингэж явахдаа урт хугацаандаа юу хийх вэ гэдгээ өөрөөсөө их асууна. Яг юу хийхээ мэдэхгүй ч хариулт болгон Монгол руу чиглээд байсан. Гэхдээ тэр дунд Монголд ирээд  улс төрд орно гэдэг шийдэл огт байгаагүй. Ямар ч байсан утга учиртай зүйл хийе гээд таны хэлдгээр жилийн 250 мянган ам.долларын цалингаа орхиод ямар нэг ажлын саналгүй Монголд ирж байлаа.

 

ШИНЭЧЛЭЛ, РЕФОРМ ХИЙХЭД ЗАЛУУС МАНЛАЙЛЖ ИРСЭН

 

-Одоо бол та МАН-ын залуу гишүүдийн төлөөлөл, шинэ үе. Ерөнхий дүр зургаар харвал Монголын улс төрд залуучуудын дуу хоолой, оролцоо хэр хүрч байна вэ?

-Орчин цагийн Монголын түүх МАН-тай салшгүй холбоотой. 100 жилийн түүхтэй өөрийн тогтсон соёл, зарчимтай улс төрийн институцийн нэг гишүүн болсон байна.  Монгол Улс сүүлийн 30 жил дардан замаар яваагүй. Алдаа, оноо, сургамжтай үеийг туулсан. Ямар ч улс төрийн нам системийн өөрчлөлт хийхдээ тэрхүү өөрчлөлтийнхөө шоконд орж өөрийгөө дахин нээх сорилттой тулгардаг. Тухайн цаг үеийн инновацийг эргээд харахад үргэлж шинэчлэх, өөрчлөх боломжийг олгож ирсэн байдаг. Энэ шинэчлэл, реформыг дандаа залуус хийсэн нь  улс төрийн институцийн соёлд нь шингэж, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм билээ. Үүнийг яг нам дотор ороод ажиллахад илүү ойлгохоос гадна намын даргаас эхлээд удирдлагад нь залуучууд олон байгаа учраас итгэл үнэмшил төрсөн.

Угаас аль ч институцид үе солигддог, тухайн цаг үе, өөрчлөлттэй хамт шинэчлэгдэж явдаг болохоор МАН гаднаасаа “хуучин” харагдавч дотроо шинэ, залуу үе хүч түрэн гарч ирж байна гэж харж, ойлгож байгаа. Ер нь хувийн секторт ч гэсэн цаг үетэйгээ хөл нийлүүлж чадсан нь өрсөлдөөнд тэсч,      амьд үлддэг. Энэ эрүүл соёл зөвхөн МАН-д биш бусад улс төрийн намд ч байгаасай гэж боддог. Ил тод, цэвэр өрсөлдөөн яг л урсгал ус шиг бохирыг угааж байдаг учраас тухайн цаг үе, нийгэмдээ эерэг нөлөөтэй.

-Засгийн газрын танхимд дэд сайдаар ажиллаад хоёр жил гаруй болж байна. Парламент, Засгийн газрын “нас”-тай харьцуулбал бага хугацаа биш. Үнэхээр бодлого бичилцэж, дотроос нь санасандаа хүртэл өөрчилж чадав уу. Эх орондоо өвөртөлж ирсэн тэр дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэл төрж байна уу?

-“Алсын хараа-2050”-ыг бичилцэхдээ богино хугацааны дамжаанд суусан мэт болсон. Үүн дээрээ үндэслээд МАН-ын 2020      оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын Ажлын хэсэгт орж ажилласан. Залуу хүний хувьд улс төрийн институцийн мөрийн хөтөлбөр ямар байдаг гэдгийг харж, оролцож хувь нэмрээ оруулах боломж тохиосон. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд улс төрийн бодлого талаасаа чанартай олон дамжаанд сурсан нь чамлахааргүй туршлага боллоо гэж харж байгаа.

Нам бол улстөрч бэлтгэж, сонгуульд ялж бодлогоо хэрэгжүүлэх зорилготой институц. Харин тэр бодлого нь улс эх орноо хөгжүүлэх ёстой. Улстөрч бодлого хэрэгжүүлэх маш сайн хууль, журмыг боловсруулж, шийдвэр гаргах гол субьект байдаг. Тиймээс Монгол орныг хөгжүүлье, дараагийн шатанд гаргая гэвэл улс төр рүү орж, дотор нь чанагдах ёстой юм байна.

Засгийн газрын танхимд хоёр жил ажиллахдаа залуучууд илүү олон болох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хүч түрж чадах юм бол шинэчлэлийг хурдан хийж үр дүн гарна гэдгийг олж харлаа.  Улсынхаа хүн амыг авч үзвэл хичээж чадвал хөгжил хурдан ирэх боломжтой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллах хоёр жилийн хугацаанд их ч зүйл сурсан. Нөгөө талаасаа манай улсад тулгарсан сорилт бэрхшээлээс үүдэж өөрийн мэдлэг, чадвартаа тулгуурлаж томоохон реформыг зоригтойгоор эхлүүлэх боломж олгосон цаг үе байв. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлого бол дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитиктой холбоотой гарч ирсэн шинэ сорилтыг давах хамгийн оновчтой бодлого, шийдэл болсон гэж боддог. Энэ цаг үе бол дэд сайдын хувьд хурдтай, маш сайн ажиллах “ташуур” болж салбарынхаа реформын шинж чанартай зүйлс дээр төвлөрч ажиллалаа.

 

МОНГОЛ УЛС ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН ӨМНӨХ ГАЦААНААС ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

 

-Монголын ирээдүйд санаа зовсон, дотор нь ороод өөрчлөхийг хүссэн тантай ижил бодолтой залуус олон бий. Магадгүй цөөнгүй нь хөндлөнгөөс харж байгаа байх. Тэгвэл бүгдээрээ өөрчлөлтийн нэг хэсэг болохын тулд яах ёстой вэ. Улс төрд орж шийдвэр гаргах түвшинд очихгүйгээр өөрчлөхөд хэцүү. Гэтэл өнөөгийн улс төрийн соёл, намуудын төлөвшил гээд нөхцөл байдлыг харвал залуучуудаа дэмжих, гаргаж ирэх хандлага муу. Танил тал, хөрөнгө мөнгөгүй бол сонгуульд өрсөлдөх боломж хомс байх шиг?

-Монголын өнөөгийн хөгжлийн түвшин ямар байгааг эхлээд ойлгох ёстой. Аливаа улс орон хөгжлийн тодорхой үе шатаар дамждаг. Хамгийн энгийнээр нэг хүнд ноогдох ДНБ 4000 ам.доллар хүртэл байвал тухайн орон орлогоо энгийн хэрэгцээндээ зарцуулаад л таардаг      буюу хөгжлийн хувьд эдгээр нь илүү буурай орнууд байдаг. Харин 4000-15000 ам.доллар хооронд үсрэнгүй хөгжлийн үе шат тохиодог. Энэ бол дэд бүтэц, хотжилт, аж үйлдвэрийн эдийн засгийн үе шат. Тэгвэл манай улс хаана явна вэ. 2009-2013 оны хооронд Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ 1800-4700 ам.доллар хүрсэн буюу ойролцоогоор 2.5 дахин өссөн байдаг. Энэ үед Оюу толгойн гэрээ зурагдаж байсан. Гэтэл 2013-2021 онд 4200 ам.доллар буюу сүүлийн арван жил 4000 дээрээ гацсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, үсрэнгүй хөгжлийн өмнөх гацаанаас гарч чадахгүй байна. Үсрэнгүй хөгжлийн энэ гацаанаас гаргах ажлыг шинэ үе хийх ёстой. Ачааг нуруундаа үүрэх ёстой. Харин энэ цаг үед улс төр илүү тогтвортой байх хэрэгтэй. Томоохон реформ, бүтээн байгуулалт хийхэд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардана. Энэхүү томоохон хөрөнгө оруулалтын шаардлага нь өөрөө улс төр тогтвортой байх явдал юм.      Дараагийн 10 жилийн тогтвортой улс төрийн үеийг залуучууд өнгөлж, манлайлаасай гэж хүсдэг. Үүний тулд өнөөгийн бодлогын гацаанаас гарч үсрэнгүй хөгжилд хүрэх гүүр нь одоогийн Засгийн газар гэж харж байгаа.

МАН залуу үеэ огт дэмжихгүй байгаа юм биш. Дотоод соёл нь залуу шинэ үеэ гаргаж ирдэг, орон зайгаа тавьж өгдөг гэж хардаг. Гол нь залуус мэдлэг, боловсрол талаасаа өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Заавал намын дэмжлэг харахгүйгээр шинэчлэлийн процесст идэвхтэйгээр оролцоод явбал илүү олон боломж нээгдэнэ. Гэхдээ өөрчлөлт хийнэ гэдэг бүгд улстөрч болохын нэр биш. Эх орныхоо хөгжилд санаа тавих олон арга зам, боломж бий. Сонгуульд санал өгөхөөс эхлээд идэвхтэй оролцоотой, дуу хоолойгоо хүргээсэй гэж боддог. Залуучуудын оролцоо өндөр байх тусам эрүүл нийгэм бий болж, шинэчлэлийг цаг алдалгүй хийх боломж бүрдэх болов уу. Энэ мэтээр залуу үе үүргээ гүйцэтгэж чадвал том хүч болно. Монголын хүн амын дийлэнх нь 39-өөс доош насныхан гэж харвал маш том боломж, нөөц, хүч байна.

Намын боловсон хүчин бүгд дэлхийн хэмжээний мэдлэг, боловсролтой байх албагүй. Боловсрол, туршлага, багаар ажиллах чадвар гээд янз бүрийн төлөөлөл нэгдэж байж  зөв хүний нөөц бүрдэнэ. Олон төлөөллийн үзэл бодол, санал санаачлага тусгалаа олбол илүү хөрсөн дээр буусан шийдвэр гарах давуу талтай. Тиймээс аль нэг фракцид хамаарахгүйгээр үеэрээ нэгдэж, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Хамгийн чухал нь Монгол Улсыг хөгжүүлэх гэсэн гол зорилгын дор нэгдэж хамтдаа урагшлахаас илүү үнэ цэн гэж үгүй.

 

УЛС ТӨРД ФРАКЦ ГЭЖ БАЙХ ЁСТОЙ БОЛ ТЭР НЬ ШИНЭ ҮЕИЙНХЭН  БАЙГААСАЙ

-Намууд дэргэдээ залуучууд, эмэгтэйчүүд гээд янз бүрийн холбоодтой. Бараг оюутны холбооноос эхлээд залуусыг улс төрд бэлтгэж байгаад албан тушаалд очдог, сүүлдээ элдэв янзын фракц болдог. Та ч гэсэн НАМЗХ-ны гишүүн. Улс төрийн намын энэ үе шат дамжлагыг юу гэж хардаг вэ. Энэ нөхцөлд шинэ үе нам харгалзахгүй нэгдэж чадах болов уу?

-Түүх харвал, Монгол Улс үе задрах, дотроо хуваагдахдаа хүч суларч ирсэн байдаг. Харин нэгдэх, эвлэрэх тусам ард түмэн хүчтэй болдгийг бидний өнгөрсөн 1000 жилийн түүхийн хаанаас нь ч олж харж болно. Ялангуяа, сүүлийн 30 жилд бидний хүчээ алдсан гол алдаа нь хагарал, хуваагдал байсан. Тиймээс алдаагаа давтахгүйн тулд үнэ цэнээрээ нэгдэх ёстой. Энэ нь зөвхөн намын нэгдэл биш залуу үеийнх байгаасай. Намууд бол үзэл баримтлал, улс орныг хөгжүүлэх арга барилаараа ялгарахаас биш эцсийн дүндээ Монголын төлөө гэсэн нэг л зорилготой.

Би намын дэргэдэх залуучуудын байгууллагад ороод дөрвөн жил болж байна. НАМЗХ-нд орсноороо институцийн түүх, соёлоос эхлээд олон зүйлд суралцсан. Олон төрлийн найз нөхөдтэй болсон. Залуучуудыг улс төрийн соёлд сургах гүүр, нээлттэй хаалга нь намын дэргэдэх залуучуудын байгууллага учраас энэ үе шатыг буруу гэж боддоггүй. Хүнтэй хэрхэн харилцах, багаар ажиллахаас эхлээд улс төрд олон ур чадвар шаарддаг учраас түүх, соёлыг нь мэдэж мэдрэхгүйгээр шууд сайн, мундаг ажиллах боломжгүй. Наад зах нь баг, хороо, сум, дүүргийн онцлогийг ойлгоход цаг хугацаа орно.

Улс төрд фракц байх нь буруу биш. Харин тэр фракц нь нэг үеийн залуус, шинэ үе байх ёстой гэж боддог. Улс орны хөгжлийг нуруундаа үүрэх ёстой үе нь тэр боломжоо алдах юм бол аль нэг нам, фракц биш үе тэр чигээрээ алдаж байгаа хэрэг. Зөвхөн нэг үе биш Монголын хөгжил, хувь заяатай холбоотой. Тиймээс энэ цаг үед хийж бүтээх ёстой хүмүүс алдах, хойшоо суух эрхгүй. Өмнөх үеийнхний хөрсийг нь бэлтгээд өгсөн боломжийг дараагийн үедээ хариуцлагатай, нэр төртэй хүлээлгэж өгөх үүрэгтэй. 30 жилийн хугацаанд өнөөдрийн Монголыг, ардчилсан нийгмийг бүтээж өгсөн. Харин дараагийн үсрэнгүй хөгжил рүү орох салаа замын уулзвар дээр байгаа энэ цаг үед илүү хариуцлагатай байж, нэгдэх үүрэгтэй.

-Улс төрийн намд, улстөрчдөд итгэх иргэдийн итгэл буурсаар байна. Хамгийн түрүүнд өөрчлөхийг хүссэн зүйл юу байна вэ?

-Системээр нь харж, анализ хийх ёстой. Сонгогдсон хүмүүс нь амлалтаа биелүүлж чадахгүй байна уу. Эсвэл системд нь гажуудал байна уу гэдгийг харах шаардлагатай. Тухайлбал, 76 гишүүний 18-19 нь гарын үсэг зурахад Засгийн газар огцорч байсан түүхтэй. Мөн гишүүд сонгогдсон тойргоо л тордохоос биш улсын хөгжлийг том зургаар нь харж ажиллахгүй байгаа нь системийн гажуудал. Нийтийн эрх ашиг, улс орны төлөө биш жижигхэн эрх ашигт захирагдаад байгааг засах ёстой. Энэ мэтээр системийн гажуудлыг одоогийн парламент, Засгийн газар засч, өөрчлөх боломжоо алдахгүй ашиглаасай гэж бодож байна. Үр дүнд нь томоохон төсөл, реформ нэгдсэн бодлого, зорилгын дор амжилттай хэрэгжиж байж эдийн засгаа тэлнэ.

 

МИНИЙ КАРЬЕРЫГ ДУУСГАХ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ ЯВНА

 

-Шинэ залуу үе гарч ирж Монголыг хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгож, тантай санал нийлж байна. Нөгөө талаас дэлхийд 70-80 настай улстөрчид гол тоглогч хэвээр байгаа.  Нэг ёсондоо тэр хүний үзэж туулсан мэдлэг туршлагаас гадна ямар нэг зүйлд “хор” нь гарсан гэж монголчууд ярьдаг л даа. Гэтэл манайд шинэ залуу үе гарч ирэх ёстой, залууст зай тавьж өг гээд байх юм?

- Цаг үе байнга өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлттэй дасан зохицож явахгүй бол хэнийг ч хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, өөрт нь өөрчлөх боломж байсан тухайн цаг үед хийж бүтээж, хариуцлагатай байх ёстой. Тухайн цаг үедээ өөрчилж, шинэчлэх боломжоо тултал ашиглаад цаг нь болохоор дараагийн үедээ нэр төртэй, хариуцлагатай хүлээлгэж өгнө гэдэг бол том соёл.

Дараа үедээ эрх мэдлээ шилжүүлж өгнө гэдэг амар сонголт биш. Эрх мэдэлтэй холбоотой энэ соёл зөвхөн Монголд ч биш дэлхий даяар тэмцэл, асуудал болж байдаг. Аливаа манлайлагчийн хамгийн чухал зүйл өөрийнхөө өвийг үлдээх юм. Алдартнууд өөрсдийнхөө номон дээр үлдээсэн өвөө бичдэг. Эргээд харахад тэрхүү өв нь олон хүний амьдралыг өөрчилж, утга учиртай болгосон байдаг. Өв үлдээнэ гэдэг улс төр гэлтгүй бүх удирдагч, манлайлагчид      байх хамгийн том чанар. Тэр өв нь олон үе дамжин уламжлагдаад явах ёстой. Бас үлгэр дуурайлал болох учиртай. Манай улсад олон түмэндээ хүндлэгдэж, хайрлагдсан манлайлагчид өв үлдээж, хариуцлагатайгаар шилжүүлж өгсөн түүх туршлага цөөнгүй бий. 

-Таныг Ерөнхий сайдын багт ажиллаж байгааг мэднэ. Гэхдээ нэг баг байлаа гээд үнэхээр буруу бодлого шийдвэрийг нь сохороор дага гэсэн үг бас биш. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэмээр санагддаг үе бий юу?

- Эх орныхоо ирээдүйг маш өөдрөгөөр хардаг. Монголчуудад оюуны чадамж бий. Дараагийн 30 жилдээ өөрийгөө тэтгэсэн, чадавхитай эдийн засагтай болно гэдэгт итгэдэг. Үүнийг ардчилсан систем дээрээ гаргаж ирэх бүрэн боломжтой. Манай улс энэ сонголтыг хийгээд 30 жил болсон ч улам төгөлдөршүүлж байх хэрэгтэй. Үүн дээрээ үндэслээд оюуны чадамжаа зөв ашиглаж, зөв реформ хийж, залж чадвал дараагийн 30 жилдээ Азидаа хөгжингүй орны тоонд орж чадна. Ийм гэгээлгээр харж итгэдэг учраас өөрчлөлтийн төлөө өөрийнхөө байр суурийг илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх, өөрчлөлтийнх нь нэг хэсэг болох ёстой юм байна гэж боддог. Тиймээс залуучууд нэгдэж өөрчлөлтийн нэг хэсэг болж үлдээсэй гэж хүсч байна.

Батнайрамдал гэдэг хүнд мөнгөөр үнэлшгүй үнэ цэн бий. Бусдыг манлайлахын тулд өөрийн үнэ цэнийг ойлгосон байх ёстой. Намын гаргаж байгаа шийдвэрийн урд нь миний үнэ цэн байх учиртай. Олон жилийн турш олон ч сонголт хийхдээ дандаа өөрийнхөө үнэ цэнийг алдаагүй шигээ цаашид ч хазайхгүй гэж боддог. Үнэ цэнээсээ ухарсан шийдвэрийг хувь хүнийхээ хувьд гаргахгүй. Жишээлбэл, авлигаас ангид, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байна гэдэг зүйл миний үнэ цэн дээр тулгуурлаж байгаа учраас ямар нэг шийдвэр гаргалаа гэхэд эргээд  үнэ цэн, итгэл үнэмшил рүүгээ өнгийж харж, өөрөөсөө асуух шаардлага гарна. Нийцэхгүй бол дараагийн асуудал яригдана гэсэн үг.

Ажил хийж байгаа хүнд алдаа оноо, үзэл бодол зөрөх үе гарна. Надад өөрийн гэсэн үзэл бодол үнэ цэн бий. Тиймээс үнэ цэн, итгэл үнэмшлээсээ ухрахгүй. Магадгүй зөв зүйл ярьж шүүмжилснийхээ төлөө тэр нь миний карьерыг дуусгах байсан ч хамаагүй өөрчлөлтийн төлөө явна. Ухрахгүй.

 

ШАТАХУУНЫ ҮНЭ ДЭЭР 700 ТӨГРӨГИЙН АЛДАГДЛЫГ ХААЖ ЧАДСАН

 

-Тантай ярилцсаных салбарын талаар хоёр л асуулт асууя. Тэр дундаа хамгийн халуун, эмзэг сэдэв болсон шатахууны “бодлого”-ыг зангидах хариуцлагатай албан тушаал хашиж байна. Цар тахал, олон улсын нөхцөл байдал гээд эгзэгтэй цаг үед монголчуудыг шатахуунаар таслахгүй, үнийг тогтвортой байлгах амаргүй үүрэг хүлээлээ. Нэг хэсэг хойд хөршөөс крантаа хаачих вий, үнэ өсөх вий гэсэн айдастай явж ирснийг бодвол сүүлийн хагас жил нааштай мэдээ дуулдаж байна. Үнийн зөвлөлийг  даргалж байгаагийн хувьд товчхон хариулж өгнө үү?

-Манай улс сонголтоо аль хэдийнэ хийчихсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр газрын тосны бүтээгдэхүүний импорт, түгээлт бүрэн хувийн секторт шилжсэн. Энэ тогтолцоо руу шилжээд 30 жил болж байгаа ч ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс хараат хэвээрээ үлдсэн байна. Өнгөрсөн хугацаанд нефтийн салбарын бодлого, тогтолцоо хэрхэн явж ирснийг яривал их хугацаа орох учраас түр орхиё.

Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд тээвэр ложистикоос эхлээд гэнэтийн шокууд үүслээ. Нэгдүгээрт, нийлүүлэлт тасрахад хомсдолд орох аюул буюу гаднаас хэт хараат байх нь ямар эрсдэлтэйг хэрэглэгчийн түвшинд хүртлээ ойлголоо. Урьд нь эрэлт, нийлүүлэлт хэвийн явж ирсэн учраас анзаардаггүй байж. Хоёрдугаарт, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом савлаж байна. 2019 онд түүхий газрын тосны үнэ сарын дундаж өртөг 20 ам.доллар хүрэхгүй байсан бол энэ жилийн эхний хэдэн сард 130 ам.доллар хүртлээ хэлбэлзсэн. Олон жил харагдаагүй маш том савлагаа үүссэн нь инфляцтай холбоотой дарамт болсон. Мөн шатахуун импортлох үйл явцад төрийн оролцоо ямар хэмжээнд байх ёстой вэ, зах зээлийн зарчмаараа явах нь илүү оновчтой шийдэл байх уу зэргээр эргэж харах бодох асуудал гарч ирлээ. Төр хэт оролцох тусам зах зээлийн зарчмыг алдагдуулах, нийлүүлэлт хангамжид эрсдэл үүсгэх магадлалтай.

Үнийн зөвлөл өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард түүхэн шийдвэр гаргасан. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг зах зээлийн зарчим руу шилжүүлэхээр болсон. Өмнө  нь чөлөөлөхийг хүсдэг байсан боловч шийдэж чадаагүй. Өргөн хэрэглээний шатахууны үнэ өсөхөд олон нийтийн реакци өндөр байдаг учраас үнийг төр барьж ирсэн. Мөн төр оролцоотой байх сонирхолтой. Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх зайлшгүй шаардлагатай.Олон улсын валютын сангийн тооцоолол ч бий. Энэ зарчмаар  АИ-92 шатахууныг үе шаттайгаар чөлөөлөх шийдлийг Засгийн газар гаргаж тавьсан нь автомат үнийн тооцоолол. Өөрөөр хэлбэл, автомат тооцооллоор аль нэг аж ахуйн нэгж ч юм уу төр оролцохгүй. Үнэ 50 төгрөгөөр нэмэгдэнэ, эсвэл хасагдана гэсэн тооцооллыг төр хийхгүй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 100 ам.доллар дотроо байх юм бол аажмаар аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг бууруулж зөв голдрилдоо орох ёстой байсан.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор 70-80 ам.доллар байсан газрын тосны үнэ сүүлийн есөн жил харагдаагүйгээр савласан нь эдийн засагт шок болж ирсэн. Тиймээс УИХ, Засгийн газар юу хийж болох вэ гээд хайрцагнаас гадуур сэтгэх шаардлага үүссэн. Засгийн газраас хийж чадах зүйл гааль болон онцгой албан татварыг тэглэх дэмжлэг. АИ-92-ийн онцгой албан татварыг 2018 онд тэглэсэн. Харин гаалийн албан татварыг тэглэснээр литр тутамд 100 төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон.

-Хавар нэг хэсэг хүнд нөхцөл байдалд орж албаны хүмүүс маш шуурхай хойд хөршийг зорьж байсан. Нэгээр ч тогтоогүй байх. Тухайн үед ямар яриа хэлэлцээ хийж эрсдэлийг хаасан юм бэ. Цаашид үнэ буурах боломж харагдаж байна уу?

-Хавар дөрөвдүгээр сард ямар нөхцөл байдалд орсон бэ гэхээр гаднаас орж ирж байгаа зах зээлийн үнэ дээр 700-1000 төгрөг нэмэгдэх орон зай үүссэн. Хэрэв үнээ нэмэхгүй бол аж ахуйн нэгжүүд литр тутамд 700-1000 төгрөгийн алдагдалд орохоор байсан. Энэ эрсдэлийг компаниуд дааж чадахгүй. Ер нь ийм нөхцөл байдалд нийлүүлэлт, хангамж нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс гаалийн албан татварыг тэглэхээс гадна "Роснефть" компанитай хэлэлцээ хийх  ёстой гэж үзсэн. Манай улсын хувьд  урьд өмнө ийм хэлэлцээрт орж байгаагүй. "Роснефть" компанитай хэлэлцэж,  урьдчилгаа төлбөр төлж дөрөв, тав, зургаа гээд гурван сарын хангамжийг тасралтгүй хэрнээ зах зээлийн үнээс хямдралтай авахаар болсон. Тонныг нь 840 ам.доллараар авах тохироо хийсэн нь тухайн үеийнхээ зах зээлийн үнээс  20-25 хувь хямдаар авч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 700 төгрөгийн алдагдлын орон зайг хааж чадсанаас гадна нөхцөл байдал яаж ч эргэсэн үнэ тогтвортой байх боломж бүрдсэн. Дизель түлшин дээр мөн адил 600-700 төгрөгөөр өсөх эрсдэл үүссэн учраас онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэснээр литр тутамд 250-260 төгрөг буюу тоннд 280 мянган төгрөг гэсэн үг. Дөрөвдүгээр сард 700-800 биш 250 төгрөгийн өсөлтийн хэмжээнд барьж чадсан.

2022 оны наймдугаар сард үнэ шинэчлэгдсэн. Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монголд дизель болон АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч байгааг өчигдөрхөн зарлалаа. Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхий газрын тосны үнэ сар дарааллан өсөж байсан бол эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор сүүлийн сар үнэ унасан. Түүхэн дээд хэмжээндээ 135 ам.доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг баррель нь 96 ам.доллар болж буурсан. Харин АИ-92 шатахууны үнэ он дуустал 2390 төгрөг хэвээр байна. Есдүгээр сард дизель түлшний үнэ дахин буурах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Энэ зун хоёр ч том хэмжээний айлчлал боллоо. Уул уурхайн салбар ямар үр дүн, өгөөжтэй үлдэв?

-Сүүлийн үед болсон хоёр өндөр хэмжээний айлчлал дээр чухал асуудлууд хөндөгдлөө. Бид өндөр түвшинд тогтвортой хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах асуудлыг олон жил тавьж байсан. Бидний хүсч байсан зүйлийн эхлэл тавигдаж, Ерөнхий сайдын түвшинд хэрэгжүүлэхээр болсон нь чухал ач холбогдолтой. Энэ гэрээг байгуулснаар Монгол Улсаас Хятадын зах зээлд нүүрсээ тогтвортой нийлүүлэх боломж нь нээгдэж байгаа юм.

Нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт гарч байна. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтоор нийт нүүрснй 90-95 хувь нь гардаг. Энэ боомт дээр баригдсан терминал болон  мөн LGV буюу автомат зөөлтөөр нүүрс гаргаад эхэлсэн. Энэ нь дөнгөж эхлэл боловч эрчимжээд явбал олон сувгаар тээвэрлэлт хийх гарц нээгдэх суурийг цар тахлын хоёр жилд нээчихлээ гэсэн үг. Цаашдаа задгай тээврээр биш, Хятадын талаас чингэлэг тээврээр хоргодол багатай авахыг хүсч байгаа. Тиймээс дэд бүтэц нь эхлээд үүсэх ёстой. Тэр дэд бүтцийг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч богино хугацаанд болон дараагийн 10 жилд ач тусаа өгсөөр байх боломжтой.

Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг ахлан ажилласан. Уул уурхайн салбарт хийсэн томоохон реформын нэг бол зөвхөн Монголд биш дэлхий нийтэд авлига, хүнд сурталд хамгийн их өртөмтгий хайгуулын лицензийг бүрэн цахимжуулж, нээлттэй болгохоор ажиллаж байна. Энэ ажил олон төрлийн эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч нийтийн эрх ашгийн төлөө давж гарахаас аргагүй.

Мөн стандарт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний жишиг үнэ автомат тооцооллоор бодогдох олон улсын жишиг рүү ойртсон нь салбарын хувьд томоохон дэвшил болсон. Энэ бол бүгд реформ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 161 (6893)

 

Иргэн
Энэ залуу нутагтаа хүрээд ирээсэй. Ард түмэн нь алгаа тосоод авмаар байна.
Сануулга
оюуны чийг нь арилаагүй залуучууд 90 оноос хойш төр барьсан үр дүн ямар байгаад дүгнэлт хийгээд өндөр хөгжилтэй олон сая хүнтэй улсад ямар насны хүмүүс төр барьж байгааг хараад дүгнэлт хийж бай. Ад үзээд байгаа ахмадууд чинь залуу насыг дайрсан, одоогын залуучууд эрт орой нэгэн цагт ахмад настан болно. Иймд хөгшин, залуу гэж насаар ялгаж Үндсэн хууль зөрчсөн юм ярьж бай гэж Ахмад үе чинь зарим залуучуудад хэлмээр байна.
Montigo
Boldog bol hovdodoo hureed ireesei.
Зочин
МАН д сайхан залуу үе өсөн бойжиж байгаа нь харагдаж байгаа шүү, амжилт хүсье.
Zochin
AN-n pizdaanuudaa ingeed shine ner tsever zaluusaa gargaad ireechee ynhan huuhen avdag huuliin said muuneer tsenegluulsen bolovsrliin said baruuniihand baritsaalagdsan huzuugui lalar teatr shaasan galzuu hun huuteigee niilj ard tumniihee hashaa gazriig hulhidaj uneguiduulsen heniig alsan buu med ulsiin baatar neg heden hugiin garuud l neeh olon Nam baiguulaad soliorood baihiin ko.munistuudaasaa icheech anarhistuudaa
Эрдэс баялгийн бирж байгуулаад, бодит үнэ тогтох, ложистикийн зардал буурах, илт тод байдал хангагдах нөхцөлийг бүрдүүлчихээч. Эр зориг гаргаач. Сурснаа ажил болгож чадахгүй бол мэдлэг мэдээлэл болж үлдэнэ ээ. Дэд сайд гэдэг том албан тушаал ш дээ. Юу хэрэгтэй юм бэ одоо. Улам эрч хүчтэй ажилламаар байна аа. Амжилт.
Батнайрамдал
Их л аймхай хүүхэд дээ. Юун улстөрийн зориг
Өсөж яваа мундаг залуу сайд амжилт хүсье
Залуу хүн та шудрага ажлаарай. Ажилд нь амжилт хүсье. Ш.Сонинбаяр
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 14 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

4 цаг 50 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин