П.АМГАЛАНБАЯР
Техник, технологийн хөгжил хурдтай хөгжиж буй энэ цаг үед өдөр ирэх тусам монгол өв соёл, уламжлал ахуй амьдралаас алсарч буй дүр зураг анзаарагддаг. Тиймээс энэ удаагийн “Өв соёл” буландаа эрт үеэс монгол түмний ундаа болон хэрэглэж ирсэн хөхүүрийн айрагны соёлыг өвлөн уламжилж, түгээж яваа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Д.Гүндэгмааг онцолж байна.
Д.Гүндэгмаагийн аав нутаг усандаа нэр хүндтэй адуучин, алдарт уяач хүн байжээ. Тиймээс хүүхэд байхаасаа айраг, адуу хоёртой түүний амьдралын замнал холбогдсон байна. Энэ тухайгаа “Намайг хүүхэд байхад манайх 30-40 гүү барьдаг байлаа. Өдөрт 200 л саам авч, боловсруулдаг. Тиймээс хөхүүрийн айргийг монгол уламжлалаар хийж, түгээхэд аав ээжийн минь арга барил, ахуй амьдрал нөлөөлсөн. Би гуравдугаар ангид байхдаа гүү сааж сурсан. Зуны цагт гүү ялаархаад болохгүй бол эх дээр нь мордуулж байгаад унагыг нь бариулчихдаг байсан” хэмээн хүүхэд насны дурсамжаа хуваалцсан юм. Баян-Өндөр сумын адуучид 1970-аад оноос айргаа Улаанбаатар хот руу тээвэрлэдэг болжээ. Тэр үед төрөл бүрийн ундааг гаднаас оруулж ирэх нь бага байсан гэнэ. Тиймээс малчны хотноос айргаа авч, дэлгүүрүүдэд түгээдэг байсан гэнэ.
Түүний ханийг Ж.Сайнбилэг гэдэг. Тэд 1977 онд өрх тусгаарлаж, мал маллан удам дамжсан малчин болжээ. Тэд найман хүүхэдтэй бөгөөд одоогоор бага хүү нь аав, ээжийгээ дагаж мал маллаж байна. Д.Гүндэгмааг айраг хийхэд хүүхдүүд, нөхөр нь их тусалдаг болохыг онцолж байсан юм. Гурван хүү нь хөхүүрээ өөрсдөө хийдэг аж. Хүүхдүүд нь бүгд хөхүүрийн айрагны соёлоо түгээж явааг тэрбээр хэлсэн юм. Д.Гүндэгмаагийнх дөрвөн үеэрээ айраг, хөхүүрээ хийж ирсэн бөгөөд монгол өв уламжлалаа түгээж яваа гэр бүл аж. Д.Гүндэгмаа гуай 2011 оноос хойш 20 гаруй жил Улаанбаатарт хөхүүрийн айрагны эсгий гэр барьж эхэлжээ. Айрагны гэрээ Урт цагааны гудамж, 100 айлд барьж, хөхүүрийн айргийн өв уламжлалаа түгээж явна. Тэрбээр монгол түмний өв соёл, дархлаа, ундаа болсон айргийг ирээдүй хойч болсон залуус, иргэддээ түгээх зорилгоор хөхүүрийн гэрийг ажиллуулж эхэлсэн. Айрагны гэртээ санал хүсэлтийн дэвтэр тавихад хүмүүсээс “Ширээ бүр монгол наадгай тоглоом тавихыг санал болгосон” гэж онцолсон юм.
Саамаа зөв саванд хийж, боловсруулах хэрэгтэй
Д.Гүндэгмаагаас түүний хөхүүрийн айраг хийх онцлог арга барилыг асуухад “Айргаа хөхүүрэндээ эсгэж байгаа нь гол онцлог. Нутаг, нутгийн өвс, ургамлаас шалтгаалж, саамны амт ялгаатай байдаг. Саамаа зөв саванд хийж, зөв боловсруулах хэрэгтэй. Айргаа олон удаа бүлснээр амттай болдог. Цөөхөн бүлсэн айраг ээдэмтэй, шингэн болсон харагддаг. Гэхдээ айл бүрийн айраг өөр амттай. Малчин хүний ажил их онцлогтой. Жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг үл ажран ажилладаг. Тэгээд айргаа уухаар сэргээд ирдэг” гэсэн.
Айраг үндэсний олон өв уламжлал соёлыг тээдэг идээ юм. Тухайлбал, хүүхэд айраг бүлэхдээ тоо тоолж сурдаг. Мөн биеийн булчин чангарна. Айргаа бүлээд, уугаад, морио унаад давхиж байгаа хүүхэд эрүүл өснө. Мөн айраг уухдаа дэмбээднэ, хуруудна. Хуруудах нь дотроо салхидах, сөрсөн дүмбий, барьсан дүмбий, ноён, гичир гээд олон янз. Энэ бүхэн хүүхдэд хүмүүжил олгодог” хэмээн Д.Гүндэгмаа гуай хэллээ.
Хөхүүрийг зөв хатаавал 20 жил ашиглах боломжтой
Д.Гүндэгмаа малын гаралтай түүхий эдээ ашиглах хэрэгтэйг онцолж байлаа. Тэрбээр “Хуванцар савыг хорт хавдрын эх үүсвэр болох эрсдэлтэй. Эмээлт зах дээр хаягдаад байгаа үхрийн ширээр хөхүүр хийвэл ирээдүй хойч маань эрүүл хүнс хэрэглэнэ. Цэнхэр савыг гаднаас оруулж ирэхгүй бол саваа өөрсдөө бэлдэнэ шүү дээ. Тэгэхгүй бол ирээдүй хойч үе маань хөхүүрээ хийдэг уламжлал мартах аюултай. Цэнхэр сав, хөхүүрэнд эсгэсэн айрагны амт ялгаатай. Наранд халаад ирэхээр хуванцар савны амт орчихдог. Манай суманд хөхүүрийн айргийн уламжлалаа тээж байгаа малчид бий. Хөхүүр хийж сурч байгаа хүн ч олон байгаа нь бахархалтай. Малчин хүн малынхаа ширээр сур, хөхүүрээ хийх боломжтой. Хөхүүр хийхийн тулд эхлээд үхрийн ширээ исгэхгүй өвчинө. Авсныхаа дараа шар мах, өөхийг нь авч цэвэрлэж, үсийг нь авна. Манайх үсийг нь хусаж авдаг. Гэхдээ үсийг шар сүүнд хийх, хивгээр үсийг нь сулруулж авах арга бий. Дараа нь усанд хийж, давстай усанд хийж дахиж шүүсийг нь авна. Тэгээд цэвэр усанд угааж авсныхаа дараа хөхүүрээ исгээд оёно. Мөн шар сүүнд хийж болдог. Тэгээд болсны дараа адууны хомоолоор утаад саамаа хийдэг. Исгэсэн хөхүүрээ сур болон бүдүүн ээрсэн тэмээний утсаар оёвол ус, чийг сайн даадаг, гоожуулдаггүй онцлогтой. Хөхүүрийг зөв хатаавал 20 жил ч ашиглах боломжтой. Бүлүүр нь шовх үзүүргүй, мөхөө байвал сайн. Эрмэгтэй бүлүүр хөхүүрийг дотор талаас нь зураад байдаг. Хөхүүрийг хатсан хойно нь буруу тээвэрлэвэл нугарч, хугарах эрсдэлтэй” хэмээн онцолж байлаа.
Олон бүлсэн айрагны дээр бор тос унадаг
Д.Гүндэгмаа гуай шинэ айраг эсгэх арга ухаанаасаа хуваалцлаа. Тэрбээр “Шинэ хөхүүрэндээ айргаа хийхийн тулд эхлээд хөрөнгөө эсгэнэ. Хуучин хөрөнгө сайн эсдэггүй учраас шинэ хөрөнгө эсгэдэг. Аав, ээж маань хуучин хөрөнгөө цэвэр хатаасан ахрын эсгийнд шингээгээд, цэвэр мааралд ороож, сүүдэр газар хавчуулдаг байсан. Түүний дараа хөрөнгөний саванд эсгийгээ хийж, дээрээс нь саамаа хийж дэвтээгээд эсгийгээ аваад бүлнэ. Мөн хуучин айрагтай байсан хөхүүрэнд саамаа хийж эсгэж болно. Амттай айраг хийхийн тулд их бүлэх хэрэгтэй. Гэхдээ шинэ айраг эсгэхдээ таван мянгаас доош бүлдэг. Харин айраг сайхан исчихлээ гэж үзвэл хэд ч бүлж болно. Ер нь таван мянгаас дээш бүлсэн айраг сайхан амттай болдог. Хуучны хүмүүс таван мянга бүлсэн айргийг тосон торлог, 10 мянга бол тонжин хярав, 10 мянгаас дээш бүлсэн айргийг марал зунгаа болдог гэж ярьдаг. Олон бүлсэн айрагны дээр бор тос унадаг. Бүлэлт муутай айраг тос унахгүй, цэхэр байдаг” гэсэн юм.
“Айраг их эмзэг идээ”
Нутаг нутгийн айраг өөр амт, онцлогтой байдаг. Хүмүүсийн дунд айраг засах, арвижуулах гэж ярьдаг. Энэ талаар Д.Гүндэгмаагаас лавлахад “Айргийг арвижуулахын тулд хүмүүс олон зүйл нэмдэг. Нутаг нутгийн айраг эсгэх арга барил ялгаатай. Гэхдээ саамыг өөрөөр нь эсгэвэл илүү амттай болдог. Айраг их эмзэг идээ шүү дээ. Танихгүй хүнд өгөхөд бишүүрхэнэ, заримдаа эсэхгүй. Ийм тохиолдолд гангалж очоод нутгийнхаа ариун булгийнхаа уснаас “Айргаа засах гэсэн юм. Айрагны эх авъя" гэж гуйдаг. Нутгийнхаа рашаанаас авч айргаа засах тохиолдол байна” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 149 (6881)