“Хялар хатны домог”-ийн судлал

2022-07-29
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Р.ЧҮЛТЭМСҮРЭН

 

(МУБИС, Хэл бичгийн ухааны доктор, профессор)

 

Улсын багшийн дээд сургуулийн багш, монгол аман зохиолын нэрт судлаач Д.Дашдорж (1929-1990) багштан минь “Хялар хатны домог” -ийг  ултай судалсан юм. Энэ домог хэд хэдэн хувилбартай тул доор товчлон танилцуулья.

А ХУВИЛБАРТ :  “Говь Түшээ гүний хошуу ноён нь зэргэлдээ хошуутай нутаг бэлчээр булаалдаж, өөр зуураа эс тохиролцсоны учир Улиастайн амбанд зарга шүүлгэхээр явах болжээ. Хошуу ноён нас дээр гарсны тул өөрөө явалгүй агь хүүгээ нэгэн түшмэл дагалдуулан явуулжээ. Хүү Улиастайд очиж олон хоног зарга шүүлгэж байхдаа борчуулын хороонд хөгшин эхтэйгээ суудаг залуу бүсгүйд сэтгэлтэй болж, нутаг буцахдаа тэр хүүхнийг хатнаа болгохоор авчирчээ. Тэр бүсгүй үзэсгэлэнтэй боловч баруун нүд нь согогтой хялар мэт тул эцэг ноён, хатан ээж, шадар түшмэд тэргүүтэн нь харь нутгийн хялар бүсгүй хошуу ноёны залгамж агийн хатан байх ёсгүй гэх мэтээр ад шоо үзэж эхэлжээ. Бурхан сахиус, эр нөхрөө хялайх, ёрын муу шулмасын бүрэлба байна гэж төлгөнд буулаа гэцгээж байв.  Удалгүй бүсгүй жирэмсэн болжээ. Говь түшээ гүн Манжийн  хаанд бараалхаң жасаалах ээлж нь болсон ч алс зорих тэнхэл мөхөс болсон тул хүү ноён нь тэр албанд тохоогджээ. Хүүг эзгүй байх тэр завшааныг ашиглан, хатныг нь шулмас гэж зар тарааж, сорын галд шатаасан гэдэг. 

Б ХУВИЛБАРТ: Говь түшээ гүн Алтайн харуулд алба хааж буй албат иргэдээ эргэхээр явжээ. Зам зуур нэгэн бүсгүй цайны дээжээ өргөж буйд ихэд бэлгэшээж тэдний буувал үзэсгэлэнтэй охинтой ядуу эмгэнийх байж гэнэ. Ноён хүрмээ тайлан, охиноор товчоо хадуулах гэхэд нь охины эх нь : - Ноёнтон! Та түр торгуулахсан болов уу. Бүр хадуулахсан болов уу.  гэхэд ноён: - Бүр хадуулсан ч яах вэ? гэжээ. Энэ нь миний охиныг та хатнаа болгох уу, үгүй юу? гэсэн үг байжээ. Монгол үлгэр, туулийн баатрууд хатан болгохоор сонгосон бүсгүйтэйтэйгээ анх танилцахдаа дээл, хүрэм, хуягийнхаа товч, малгайн бүчийг хадуулах, саадаг хоромсогийг оосор оёулах зэргээр сонждог, хүслээ илэрхийлдэг уламжлалт заншилтай байжээ.

Тэгээд Түшээ гүн мөнөөх бүсгүйг дагуулж ирсэнд нутаг хошууныхан нь дургүйцэж, өрөөсөн нүд нь хялар, эзэн дээдэс, бурхан шашнаа үзэн ядсаны тэмдэг гэх мэтээр өөлж, мэргэч төлөгч нар нь: - “Хэдэн хоногийн урьд баруун хойноос шулмын улаан тоос татсан нь ийнхүү биелсэн шулмас ирэхийн дохио байжээ” гэх зэргээр худал цуу тарааж, удалгүй  хошуу ноёныг Бээжинд жасаалахаар явсан хойгуур нь сор залан шатаасан гэж ярьдаг. 

В ХУВИЛБАРТ : Говь түшээ гүний хошуу ноён Богдын хүрээ чигээс хар зүсмийн морь  унуулан, үдшийн бүрийгээр нэгэн бүсгүй дагуулж ирсэнд тэр хүүхний нүд нь хялар байсан тул өвөг дээдэс нь дyргүйцэж, буцаах гэсэн боловч хатан жирэмсэн байжээ. Удалгүй тэр бүсгүйн гэдсэн дэх хүүхэд нь ноёны ордонд байсан азар ламын хүүхэд гэсэн цуу үг тарсан тул ноён ч зэвүүцэн: - Хатныг хурдан зайлуул! хэмээн тушаажээ. Хүүхнийг амьдаар нь хээр хаясан тул хүмүүс дахиад л  босоо ороолон болжээ гэдэг цуурхал дэгдээн улмаар жинсрэг цутгуулахад хялар хатны сүнс нь нохойны толгойны амаар ороод гавлаар нь гарсан, сүнс нь босоход номын хүчээр тонилгосон гэж ярих болжээ.

Г ХУВИЛБАРТ:  Говь түшээ гүн ноёны сангийн лам нь хялар хатныг барьж, хар гэрт хорьсонд сахиул өвгөн нь өрөвдөөд хатныг оргуулжээ. Маргааш нь хатнаар сор залах болоход хүүхэн алга болж оронд нь хамуутай нохой байсан тул хатныг нохой болон хувирч хэмээн нохойг  жинсрэгдэн тонилгоод нүх ухан булжээ. Харин Хялар хатан оргож, аянчин дагаж Даа Хүрээ ороод сураггүй болсон хэмээн өгүүлдэг юм.

1965 оны үеэс эхлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Дорноговь, Төв зэрэг аймгуудаар явж дээрх домгийг багш маань сурвалжлан тэмдэглэсэн юм. Багштан минь бидэнд: - Урьд цагийн бурангуй дэглэм, мухар сүсгээс болж, эгэл нэгэн бүсгүйг хэлмэгдүүлсэн нь лавтай  гэдэгсэн. Уг домгийг өгүүлсэн хүмүүс Говь түшээ гүний хошууны Сономваанчиг, Балдирдорж, Шагдаржав (Чагдаржав), Лхамсүрэн зэрэг ноёдын нэрийг илт заан нэрлэж байна. “Зарлигаар тогтоосон Халхын Түшээт хан аймгийн ван гүнгүүдийн шастир”-аас шүүж үзэхэд дээрх ноёдын алдар цөм байна. Сономваанчиг нь Дэчинрэнпилийн ахмад хүү, Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны 58 дугаар он буюу 1793 онд хошууныхаа IV удаагийн засаг ноён залгаж, Төр гэрэлтийн XVII он буюу 1837 он хүртэл амьдарч байжээ. Сономваанчигийн хүү Балдирдорж нь Төр гэрэлтийн 1957 онд улсын түшээ гүн залгажээ.

Шагдаржав нь Чагдаржав хэмээх нэрээр дурдагдах бөгөөд Бадаргуулалт төрийн XXII он буюу 1896-1915 оныг хүртэл засаг ноёноор суужээ. 1911 оноос Монгол Улсынхаа засаг төрийн хэрэгт үнэнч зүтгэж, Бүгд хэргийн Түр ерөнхийлөн захиран шийтгэх дарга, Богд гэгээний зарлигаар Сангийн яамны тэргүүн сайдаар томилогдож байжээ. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээнд оролцож байсан  бөгөөд гавьяа зүтгэлийг нь үнэлэн, Үе улирах засаг, Хошой чин вангийн зэргээр шагнагдаж байжээ.

Чагдаржавын хүү Лхамсүрэн нь Олноо өргөгдсөн тавдугаар онд (1915) хошуу ноёны зэрэг залгажээ. Түүнээс гадна Га, Да, Билгүүн муут гэх мэт ноёдын авгайлсан, товчилсон нэр дурдагдаж буй нь II, III залгамжийн Дашпэл, Дэчинринпил, VII үеийн Гадинпил нарыг заасан бололтой байна. Эдгээрийн аль нэгэнд уг домгийг холбогдуулан авч үзэх нотолгоо бүхий зүйл энэ хэр бага байгаа юм гэж Д.Дашдорж багштан бичиж байлаа.

Багш маань аман зохиол судлахдаа түүхэн үнэн, аман түүхийг баримтаар нягт нямбай судалж, баримт түшин өгүүлдэг судлаач байсан юм. 1965 оны нэгдүгээр сарын сүүлчээр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд томилолтоор очиж, тэр жил 77 настай байсан буурал хэмээх Думын Ламжавтай уулзжээ. Тэр 1912 онд Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцож явсан тохитой, ахмад дайчин хүн байжээ. Д.Ламжав: - “Чагдаржав ноён баруун талаас авгай авчирч, тэр нь шулам болон босч дарагдсан гэдэг нь худлаа гэж санаж байна. Миний бие 17 настай (1905 оны орчим) байхдаа Бээжинд Чагдаржав ноёныг жасаалахаар явахад нь дагаж явсан. Тэр үедээ ноён Өлзий-Орших гэдэг авгайтай байсан. Тэр авгай нь манай дээд үеийнхний угсааны хүн байсан бололтой. Бид намар яваад хавар ирсэн. Чагдаржав нь эрийн гурван наадам ялангуяа сур харвахад дуртай хүн байсан. Түүнийг олондоо ээлтэй, юманд ухаалаг ханддаг байснаас нутгийнхан нь “Бурхан ноён” гэдэг байлаа. Өртөөгөөр шөнө дүл явж байгаад дараагийн Босго өртөөнд ойртож очоод хүн амьтан сандраахын нэмэр, одоо очоод яахав ээ? Эндээ хоноё гээд хээр унтаж, өглөө нь очдог байсан” гэж ярилаа. Мөн Эрдэнэдалай сумын Дарийн Цэрэнчимэд (70), Дэжидийн Цэнд (75), Цогтын Лувсандаш (69) нар Чагдаржав ноёныг сайн мэддэг байсан. Түүнд шулам болсон хатан байгаагүй. Харин түүний дээд үетэй холбоотой байж болох юм. Манай хошуу Чагдаржав засгийн үед ихэд алдаршсан тул урьд өмнө болсон явдлыг түүнд хилс тохож байгаа бололтой. Тэр ч байтугай Чагдаржавын хүү Лхамсүрэнтэй холбон ярих нь бүр ч худал зүйл юм гэцгээж байлаа. Эрдэнэдалай сумын Өнгөт бригадын малчин Чүлтэмийн Содном (88), Дориун (66), Дэлгэрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Баяжихын Дугар (80) нар: - “Чагдаржав, Лхамсүрэн нартай Хялар хатны домог ямар ч холбогдолгүй. Чагдаржав ноён хоёр авгайтай байсны бага хатан нь Цэнд хэмээх хүн байсан гэдэг. Чагдаржав ноёныг  нас барсны дараа Цэнд нь Норов гүнтэй сууж байсан. Лхамсүрэн ноёны хатан Нацаг юм нь саяхан болтол эсэн мэнд аж төрж байлаа.  Хялар хатны тухай явдал нь Чагдаржавын дээд үе Шардаа ноён, Билгүүн муут ноён, Цоохор ноён зэрэгтэй л холбоотой болов уу. Цоохор ноёныг тэр Хялар хатантай шууд холбож ярьдаг тал бий. Цоохор ноёны бунхан нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций уулаас зүүн урд руу Долоо сүмээс хойш Цэций талд байдаг” гэлээ хэмээн дурссан байдаг.

1961 онд Улсын Архивын ажилтан Мөнхтогоо багшид өгүүлэхдээ:  Говь нутагт ихэд дэлгэрсэн Хялар хатны домогтой холбогдох түүхэн баримт архивд байхгүй байна. Би өөрөө Говь Түшээ гүний хошууны хүн. Энэ домог  Сономваанчиг ноёнтой холбоотой байж магадгүй. Зарим хүмүүс “Ай-нан-ай” гэдэг дууг Хялар хатан зохиосон. Авааль нөхрөө Манжийн хаанд жасаалаад явчихсан хойгуур нь өөрийг нь барьж хорлох байгааг  сэжиг авч оргон зугтаж, өмнө зүг их зам тосон хээр хоргодож байхдаа тэрхүү  дууг гаргасан гэдэг яриа бий. Энэ дуунд:

“Түшээт гүний хошуугаар дайраад гарлаа

 Түнтгэр улаан маамуутайгаа учран гарав аа” гэсэн үг байдаг юм. Тэрхүү Түнтгэр улаан маамуу гэдэг нь өөрийнх нь дотно  шивэгчин юм уу, аль эсвэл өөрт нь их ээлтэй хүн байсан бололтой” гэв. Тэрхүү дууны үгт:

“Зүүн уулын зэрэглээ байна хө, хө

Ай нан-ай, хө хө

Зүглээд очиход үгүй ла байнаа хө хө

Зүүд нойрондоо хоёулаа байнаа хө хө

Ай нан-аа хө хө хө

Зүүдлээд сэрэхэд ганцаараа байна хө хө

Урьд уулын зэргэлээ байна хө хө

Ай нан-аа хө хө хө

Угтаад очиход үгүй лаа байнаа хө хө

Унтах нойрондоо хоёулаа байнаа хө хө

Ай нан-аа хө хө хө

Унтаад сэрхэд ганцаараа байна хө хө

Төмөр тэргээ хөллөөд гарваа хө хө

Ай нан-аа хө хө хө

Түшээт гүнгийн хошуугаар дайраад гарав аа

Түшээт гүнгийн хошуугаар дайраад гарахдаа

Ай нан-аа хө хө хө

Түнтгэр улаан маамуутайгаа учраад

гарав аа хө

Монгол тэргийг хөллөөд гарав аа хө хө

Ай нан-аа хө хө хө

Монголжингийн хошуугаар дайраад гарав аа хө хө

Монголжингийн хошуугаар дайраад гарахад хө

Ай нан-аа хө хө хө

Мончгор улаан маамуутайгаа учраад гарав аа хө хө” гэсэн байдаг юм” гэжээ. Уг дууны агуулга нь хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн, хайр сэтгэлтэй хүнээ өдрийн бодол шөнийн зүүд болон хүлээж ядсан санаа тодорч байдаг. Энэ дуу Хялар хатны домогтой холбоотой юу, говь Түшээ гүний удмынхантай уг домог хамаатай юу, үгүй юу гэдгийг гүнзгийрүүлэн судлах ёстой гэж багштан минь айлдаж байдагсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)

 

1876 оны хулгана жилийн явдал биздээ.Сампилдэндэв агсан нотолсон шүү дээ
Төмөр
1876 оны хулгана жилийн явдал биздээ.Сампилдэндэв агсан нотолсон шүү дээ
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

57 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

5 цаг 9 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

5 цаг 19 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

6 цаг 3 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

7 цаг 9 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

10 цаг 36 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

10 цаг 36 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

10 цаг 36 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 36 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

10 цаг 36 мин