Б.ДАРЬСҮРЭН
“Таван богд капитал” ҮЦК шинээр “Monbeef” IPO-г олон нийтэд танилцуулаад байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Шинээр IPO гаргах эхлэл хэзээ тавигдав. Шалтгаан нь юу байв?
-“Таван богд групп” Монголын том компаниуд дотроо худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээгээр өрсөлдөж ирсэн. Жишээлбэл, “Улаанбаатар гурил” компани зах зээлийн 34 хувийг эзэлж байна.
Хүнсний салбар хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Манай удирдлагууд махны чанар, стандартад сүүлийн жилүүдэд байнга анхаарал хандуулж ирсэн. Энэ асуудлыг дараагийн шатанд гаргаж ирэхгүй бол монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах баталгаа үгүй болох эрсдэлтэй байдалд хүргэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бидний хувьд энэ цаг үе нь өнгөрсөн жил таарч, махны чиглэлийн бизнест хөл тавьсан. COVID-19 дэлхийн нийтэд төдийгүй монголчуудыг дотооддоо хүнсээ үйлдвэрлэхгүй бол хэцүү цаг ирснийг анхаарууллаа. Ний нуугүй хэлэхэд, шат дамжлагын үед махыг хэдэн удаа машины тэвшин дээр шидсэн.
Хэдэн удаа газар хаясан бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Бид махыг чанаж, боловсруулж иддэг тулдаа нян бактери нь арилж байгаа. Нөгөө талдаа бизнес учраас зөв цаг үе, менежментээ сонгож байж эхлэх нь зүйтэй. Тиймээс махны чиглэлийн бизнест хөл тавьсан. Мах монгол хүн бүрийн хэрэглээ. Тэгэхээр зөвхөн “Таван богд” компани биш, хүн бүр хэрэглэдэг зүйлээсээ ашиг шимийг нь хүртээсэй гэж бодож байгаа. Өнгөрсөн жил нэг сарын турш махны борлуулалт хийсэн. Харин энэ жил 10 тэрбум төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь махны зах зээлийн 10 хувь юм. Монгол Улс жилд хоёр их наяд төгрөгийн үхрийн мах хэрэглэдэг гэсэн тооцоолол бий. Махаа боловсруулна гэдэг малчдаас үхрээ авч, өөрийн фермердээ 100 хоног тэжээж, ариутгал халдваргүйжүүлэлт бүрэн тогтсоны дараа мах бэлтгэхэд болох юм.
-Шинэ IPO гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд гарах өөрчлөлт, шинэчлэлтийг хэрхэн харж байна вэ?
-Миний хувьд энэ зах зээлд 15 жил ажиллах хугацаандаа 30 гаруй IPO-д оролцсон. Алдаж, оносон зүйл олон байлаа. Чанартай сайн бизнес гэдэг нэг хэрэг. Үүнийг бодитоор тайлагнаад, ашиг орлого нь өссөний үр дүнд хувьцааны ханш өсөх нь өөр хэрэг юм гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, мах ашигтай бизнес. Хүнсний салбар ашиггүй гэж байхгүй. Гэхдээ энэ ашгийг бодитоор тайлагнах эсэх нь компанийн гол хөрөнгө оруулагчийн асуудал байгаа юм. Бизнес нь сайн яваад байдаг, тайлангаа буруу гаргавал хувьцааг нь авсан “та, би” ашиг хүртэхгүй. Тодруулбал, манай компани 20 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд 23 охин, дөрвөн хөрөнгө оруулагч компанитай болтлоо өргөжсөн байна. Үүгээрээ Монголын ТОП гурван группын нэгд албан ёсоор багтдаг. Анх хэвлэх үйлдвэр нээж, Японоос “Fujifilm”-ийн төхөөрөмж авчран зураг угааж эхэлсэн. Энэ хугацаанд хийсэн бизнесүүд дээр дандаа амжилт гаргасныг дурдах нь зүйтэй. Жишээлбэл, Хаан банкны 40 хувийн хөрөнгийг эзэмшдэг. Тухайн банк нь өөрөө банкны салбарын 33 хувийг эзэлж байна.
Монголын нэрийг дэлхийд тахалдаг брэнд “Говь” компани дотоодын зах зээлийн 69, “Улаанбаатар гурил” 34, “Улаанбаатар принт” сурагчдын дэвтрийн 98 хувийг эзэлж байна. Эдгээрийг хөгжүүлэхэд хэрэгжүүлсэн бизнесийн зарчим нь “Monbeef” рүү шингэснээр энэ нь компанийн бизнес, хөрөнгийн уналт өсөлт хэрхэн явагдаж байгааг бодитоор харуулахад оршиж байгаа юм. Монголын хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүхэнд анх удаа ТОП гурван группын нэг нь өөрсдийн санаачилгаар IPO гаргаж, олон нийтэд арилжаалж байгаа анхны тохиолдол гэдгээрээ онцлог боллоо. Ганцхан жишээ дурдахад АНУ-ын ТОП-500 компанийн 99 хувь нь хувьцаат компани байдаг. Тэдгээрийн хувьцааг иргэд нь эзэмшдэг учраас компани өргөжин тэлэхийн хэрээр үүсгэн байгуулагчаас эхлээд хэдэн зуун сая хүний мөнгө ч өсдөг. Ингээд гавьяаны амралтад суухдаа хангалттай мөнгөтэй, амьдралынхаа дараагийн цоо шинэ үе шатыг эхлүүлэх боломж бүрдсэн байдгаараа онцлогтой юм. Харин Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн долоо нь хувьцаат компани. Үүний хоёр нь төрийн өмчит байгууллага. Хувийн өмчийн таван байгууллагын нэг нь ч өөрсдөө IPO хийж, мөнгө босгоё гэж хувьцаат болоогүй. Яасан бэ гэхээр төрийн өмчлөлийн хувьчлалаар буюу хүчээр хувьчлагдсан байдаг.
-Бусад IPO-оос ялгарах онцлог юу байна вэ. Цаашид гарч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Жишээ дурдахад, CU-ийн ханш унах үед гурван тэрбум төгрөгөөр тогтворжуулах нөхцөлтэй байсан. Ингээд 27 орчим тэрбум төгрөг татсаны дараа ханш нь хэсэг хугацаанд унасан. Манай IPO-ийн хувьд нийт татан төвлөрүүлэх үнийн дүн маш бага буюу 2.9 тэрбум, нэгж хувьцааны үнэ 45 төгрөг, олон нийтэд санал болгох хувь нь 30 хувь байгаа юм. Захиалга бол хангалттай биелэнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр унахыг үгүйсгэхгүй. Тухайн үед групп компани маань ханшаа тогтворжуулах үүрэг хүлээж байгаа юм. Бүтэн жилийн хугацаанд гэнэтийн эрсдэл тулгарсан тохиолдолд дээрх арга хэмжээг авна. Хаан банкны өнгөрсөн жилийн цэвэр ашиг 298 тэрбум төгрөг. Үүний 40 хувь буюу 119.2 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг Хаан банкнаас хийсэн болохоор 2.9 тэрбум төгрөг дээр асуудал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)