Т.САЙХАН
Өнөөдөр АН-аас мэдээлэл хийж, ОХУ-ын талтай цэргийн сургуулилалт хийхийг эсэргүүцсэн юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэх үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ асуудалд тайлбар өглөө.
Тэрбээр "Манай улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж ирж байгаа. Саяхан АНУ-тай хамтарсан "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг хийсэн. Орос, Монголын зэвсэгт хүчний "Сэлэнгэ" хээрийн сургуулилалт жил бүр явагддаг. Бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг.
Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай. Энэхүү сургуулилалт нь жил болгон хийгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийгддэг сургуулилалт.
Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хооронд тохирсон тохиролцоо, бүх хуулийн хүрээнд хийгдэж буй ажил юм" гэв.
Эх сурвалж:www.polit.mn