Б.ДАРЬСҮРЭН
Өчигдөр 14:25 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн нэгдүгээр зуутад төмөр зам угаагдсаныг Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд явж байсан 2554-р ачааны галт тэрэгний машинист мэдмэгц яаралтай зогсолт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.
Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд, Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоож, зорчигчдыг нь автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулсан байна. Мөн өдрийн 20:30 цагт сондгой чиглэлд аялах Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн зорчигчийн 263-р галт тэрэгний зорчигчдыг Рашаант өртөө хүртэл автобусаар тээвэрлэж, тус өртөөнөөс галт тэргэнд суулгажээ. Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273-р галт тэрэгний аяллын цагийг хойшлуулж, төмөр замыг сэргээн засаж дуусмагц аялуулсан байна. УБТЗ-ын зүгээс зорчигчдын ая тухыг алдагдуулахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ
Төмөр зам угаагдсаныг мэдсэн даруй яаралтай сэргээн босгох ажлыг эхлүүлж, төмөр замчид богино хугацаанд ажиллан өчигдрийн 22:46 цагт галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Одоо галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn