Хөх тэнгэрийг эзэгнэсэн ховор заяаны эзэд

2022-07-25
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Анхаараарай, анхаараарай эрхэм хүндэт зорчигчдоо. Онгоц 15 минутын дараа газардана. Та суудлын бүсээ зүүсэн эсэхээ шалгана уу” хэмээн зарладаг онгоцны үйлчлэгч болох нь охидын мөрөөдөл. Цэмцгэр мөрдөстэй хослол өмсөөд онгоц жолоодож, үүлэн дундуур тэнгэрт нисэх нь хөвгүүн бүрийн мөрөөдөл гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Гэхдээ хэдхэн хүн л энэ мөрөөдлөө биелүүлж, хөх тэнгэрт дүүлэн нисэх ховорхон боломжийн эзэн болдог. Харин энэхүү боломжийг гурван үеэрээ атгаж, нисгэгч мэргэжил эзэмшиж, Монголын болоод дэлхийн тэнгэрт нисэх ховор хувь заяаны эзэн болсон нэгэн гэр бүлийн гурав дахь үе, “МИАТ” компанийн “Боинг-737” онгоцны хоёрдугаар нисгэгч А.Батгэрэлийг “Удмын бахархал” буландаа урилаа.

 

“Царцаа ногоон”-ы дарга М.Бямбасүрэн

Баруун гар талаас аав Б.Амарсанаа, өвөө М.Бямбасүрэн, ач хүү А.Батгэрэл

Нисэх хүчний түүхийг сөхвөл одоогоос 98 жилийн өмнө 1924 оны аравдугаар сарын 22-ны өдрийн “Ардын эрх” сонинд “Онгоц хэрэгтэй” гэсэн өгүүлэл нийтлэгдэж, Монгол Улс нисэх онгоц худалдан авах хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байлаа. Ийнхүү хамгийн анхны тээврийн зориулалттай зургаан хүний суудалтай “Ю-13” онгоц 1925 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид /Одоогийн бүх цэргийн төв эмнэлгийн зүүн талд/ бууж байв. Тиймээс энэ өдрийг Монголын нисэх хүчний төрсөн өдөр хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Үүнээс хойш Монголын нисэх хүчний салбар жилээс жилд өсөн дэвшиж, өөрсдийн боловсон хүчнээ гадаадад сургаж эхэлсэн түүхтэй.

Одоогоос 50 гаруй жилийн өмнө Монголын нисгэгчид “Ил-14”, “Ан-24”, “Ан-2” онгоцоор зорчигч, ачаа, шуудан, тусгай үүргийн нислэг хийхээс гадна эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, хүнд өвчтөн тээвэрлэх, тариалангийн талбайд бордоо цацах, ой мод, бэлчээрийн хортон шавьж, мэрэгчдийг устгах, хээрийн түймэртэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэдэг байлаа. Ингэхдээ цэрэг татлага, цэргүүд халагдах, оюутан, сурагчдын хичээл орох, тарах гэсэн онцгой үеэр нисгэгчид 24 цагийн турш ээлжлэн хөдөө орон нутагт нисдэг байжээ. Зорчигч олонтой үед нисгэгчид гэртээ харихгүйгээр онгоцны буудлын амрах байранд хоноод өглөө нь дахин нислэгтээ гардаг байв. Ийм ачаалалтай, нисэх хүчний салбарын ажил дундаршгүй их байх үед ЗХУ-ын Сасово хотын Нисэхийн дунд сургуулийг төгссөн залуухан нисгэгч эх орондоо ирж байсан нь бидний нийтлэлийн баатар А.Батгэрэлийн өвөө М.Бямбасүрэн гуай юм. Тэрбээр хорвоог орхиод найман жил болж байгаа ч түүний нисэх хүчний салбарт үлдээсэн ул мөр одоо ч тод хэвээр. Үүнээс гадна түүний хүү Б.Амарсанаа, ач хүү А.Батгэрэл нар нь мэргэжлийг нь өвлөн “МИАТ” компанид ажиллаж, нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсээр байна. ОХУ-д боловсрол эзэмшсэн 21 настай нисгэгч М.Бямбасүрэн гавьяаны амралтдаа суутлаа хөх тэнгэр, нисэхийн салбартаа үнэнчээр хөдөлмөрлөсөн билээ. Тэрбээр 1971 онд тухайн үеийн Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын нисгэгчээс ажлын гараагаа эхлүүлж байсан гэнэ. Тодруулбал, Дундговь аймагт “Ан-2”буюу бидний хэлж заншсанаар “Царцаа ногоон” онгоцоор нисэж байжээ. Өвөө нь онгоцны дарга хүртлээ дэвшсэн тухай ач хүү А.Батгэрэл нь бидэнд дурсамж дэлгэсэн билээ.

М.Бямбасүрэн гуайн гэргий Ч.Тунгалаг арьс ширний үйлдвэрт лаборантаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан аж. Тэд хүү, охинтой.

М.Бямбасүрэн Ховд аймгийн Цэцэг суманд 1948 онд төрж, дунд сургуулиа сумандаа дүүргэжээ. Улмаар Дундговь руу нүүж, тус аймагт дөрвөн жил нисгэгчээр ажилласныхаа дараа “Ан-24”, “Ан-26” онгоц жолоодох сургалтад хамрагдсан ажээ. Энэ хугацаандаа хөдөлмөр, ур чадвар, хичээл зүгтэлээрээ ялгарч “Ан-2” онгоцны дарга, багш нисгэгч болсон байна. Түүний жолооддог “царцаа ногоон” онгоц энэ үед аймаг, сумд, шуудан, ойн хамгаалалтад хор цацах зэрэг бүх зүйлд нисдэг байв. Нэгэнтээ ур чадвараа үнэлүүлж багш нисгэгч болсон М.Бямбасүрэн орон нутагт очиж нисгэгчдийг дадлагажуулж, сурсан мэдсэнээ харамгүй хуваалцдаг байжээ. Үүгээр зогсохгүй 1990-ээд оны үед Шалган байцаах газрын даргаар таван жил ажилласан юм байна. Энэ хугацаандаа “Ю-12”-ийн осол, Увс аймагт гарсан “Ми-8”-ийн ослын газарт багаа ахлан шинжилгээ хийж, ослын учир шалтгааныг нь олох хамгийн чухал, өндөр хариуцлага шаардсан албыг хашиж байв. Улаанбаатарт шилжин ирснээр Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын байнгын курст багшилдаг байжээ. Энэ байнгын курс нь залуу нисгэгч нарыг  “Ан-2”,“Ан-24” онгоц дээр дэвшин сургах сургалтыг заадаг байв. Тухайлбал, хоёрдугаар нисгэгч нарыг  ур чадвараа ахиулан онгоцны дарга болох замыг нь засах их үйлсэд нисгэгч М.Бямбасүрэн амьдралынхаа ихэнх хугацааг зориулжээ. М.Бямбасүрэн гуайн гэргий Ч.Тунгалаг арьс ширний үйлдвэрт лаборантаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан аж. Тэд хүү, охинтой.

 

Аавтайгаа бүхээгт нь сууж явсан онгоцоо жолоодсон Б.АМАРСАНАА

 

Нисгэгч Б.Амарсанаа арван жилээ 1990 онд төгсөөд
Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд сурч,
1991 онд ЗХУ-ын нисэхийн дээд сургуульд элсжээ.
Тус сургуульд хамт сурсан У.Баярсайханы хамт.

Гурван үеэрээ хөх тэнгэрт дүүлэн нисэж яваа энэхүү ховор тохиолын эздийн хоёр дахь үе нь нийтлэлийн гол дүр болох А.Батгэрэлийн аав, нисгэгч Б.Амарсанаа билээ. Тэрбээр аавтайгаа хамт бүхээгт нь нисэж, нисгэгч хүний жаргал зовлонг багаасаа мэдэрсэн нэгэн. Тиймээс ч аавынхаа мэргэжлийг өвлөж нисгэгч болохоор шийдсэн гэнэ. Б.Амарсанаа анх аавтайгаа онгоцоор ниссэн тухайгаа “Аавыг Төв аймагт онгоцны буудлын дарга байхад нь сургуулийнхаа амралтаар очдог байсан юм. Тухайн үед их сонирхолтой санагддаг байлаа. 12 настай байхдаа Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөнгөөр дайраад Ховд эсвэл Баян-Өлгий явахад нь хамт нисэж байснаа мартдаггүй. Аавтай цуг онгоцны бүхээгт суугаад тэнгэр хараад явж байхдаа нисгэгч болох мөрөөдлийг тээсэн. Нислэг бүрт нь ээж минь цаг агаарын байдлыг нь ажиглаад суудаг байсан” гэж ярилаа.

“Царцаа ногоон” онгоцоор эх орноо хөндлөн гулд тойрсон М.Бямбасүрэн нисгэгчийн ганц хүү Б.Амарсанаа нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, “МИАТ” компанийн “Боинг 737-800” онгоцны  Агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр ажиллаж байна. Нисгэгч Б.Амарсанаа арван жилээ 1990 онд төгсөөд Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд сурч, 1991 онд ЗХУ-ын нисэхийн дээд сургуульд элсжээ. Ийнхүү нисгэгч инженер гэсэн мэргэжлийг эзэмшсэн байна. Энэ тухайгаа “Тухайн үед дээд курст  Монголоос дөрвөн нисгэгч сурч байсан. У.Баярсайхан бид хоёроос хойш Монголоос нисгэгчээр тус сургуулийг төгссөн хүн байхгүй. ЗХУ-ын нисгэгчийн сургууль материаллаг бааз сайтай, багш нар нь чадварлаг, сургах чадвар өндөр. Анх онгоцон дээрээ очиход багш онгоцыг гаднаас нь эхлээд тайлбарласан. Дараа нь онгоцны сандлыг хэрхэн тааруулах, жолоодлогын систем, буулт, хөөрөлтөөс эхлээд жолоо, удирдлагаа яаж барихыг үе шаттай нарийвчлан заасан. Орост сургууль төгссөн нисгэгчид мэргэжлээрээ сайн ажиллаж байгаа нь багш нарын минь ач гэж боддог” гэв. Ийнхүү нисгэгч инженерээр ЗХУ-д төгссөн Б.Амарсанаагийн “Ан-24”, “Ан-26” онгоцны хоёрдугаар нисгэгчээр ажиллах тушаал нь 1996 оны долдугаар сарын 15-ны өдөр гарчээ. Аавтайгаа хамт бүхээгт нь сууж явсан хүү өнөөх онгоцнуудаа жолоодох ховор, асар хариуцлагатай албыг хаших болсон түүх ийм. Б.Амарсанаа анхны нислэгээ Өмнөговийн жуулчны бааз руу 1996 оны есдүгээр сард хийснээс  хойш өдгөө 26 дахь намраа угтах гэж байна. Тэрбээр“Боинг 737-800” онгоцны Агаарын хөлгийн даргаар 2008 оноос хойш нисэж байна. Үүнээс өмнө “А-310” онгоц хариуцсан мэргэжилтнээр гурван жил ажиллахдаа онгоцтой холбоотой дүрэм, журмыг орчуулж, боловсруулах ажлыг хариуцдаг байв. Мөн “А-37” онгоцны Сургалтын хэлтсийн даргаар 2016-2019 онд гурван жил ажилласан ажээ. Харин 2017 оноос багш нисгэгч болж таван жилийн хугацаанд 10 гаруй нисгэгчийг бэлтгээд байна.

 

Цар тахлын үед Истанбул, Франкфурт, Лондонгоос иргэдээ авчирчээ

Багш нисгэгч М.Бямбасүрэн хүү Б. Амарсанаагийн хамт 2002 он.

Ийнхүү нисгэгч М.Бямбасүрэнгийн хүү Б.Амарсанаа аавынхаа эхлүүлсэн залуу нисгэгчийг бэлтгэх, чадавхижуулах ажилд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа нь бахархалтай. Тэрбээр сургах арга барилынхаа тухай “Хүмүүс нисгэгчдийг гоё хувцас өмсөөд үргэлж гадаадад явдаг хүмүүс гэж хардаг. Гэхдээ улсын үнэтэй техникийг гарын үсэг зурж хүлээн авч гадаад руу нислэг үйлдээд бүрэн хүлээлгэн өгнө гэдэг асар их хариуцлага. Тэр дундаа шинэ нисгэгчид онгоцоо жолоодуулж, хажууд нь явна гэдэг анхаарал их шаардана” гэв. Нислэгт гарахынхаа өмнө нисгэгчид онгоцоо гарын үсэг зурж хүлээн авна. Дараа нь ямар нэгэн эвдрэл байгаа, түүнийг зассан эсэхийг хянана. Онгоц нисэхэд бэлэн бол хэдэн зорчигчтой нисэх эсэх мэдээллээ авна. Дараа нь очих газрынхаа цаг агаар,бороо орох цаг, салхины хурдыг судалдаг аж. Манай улсаас найм болон есдүгээр сард Сөүл, Токио руу нисэхэд цахилгаантай үүл их таарч, хүчтэй салхилж, бороо их ордог нь нисгэгч нарын ур чадварыг хамгийн ихээр шалгадаг байна. Гэвч иргэдийн аяллын цаг эхэлсэн учир цаг агаарын байдлаас үл хамааран“ МИАТ” компанийн нисгэгчид долоо хоногт  Токио руу тав, Сөүл рүү өдөрт хоёр удаа нисэж зорчигчдоо ямар нэгэн аюул, осолгүй хүргэсээр байна. Өдгөө  60-70 цаг нисэх хуваарийн дагуу Б.Амарсанаа сардаа 7-8 удаа нисэж байгаа юм байна. Их ачааллын үед “МИАТ”-ийн нисгэгчид 80-90 цагийг хөх тэнгэрт үүлсийн дунд өнгөрүүлдэг аж. Хамгийн их эрсдэлтэй нислэгийнхээ тухай Б.Амарсанаа “Чэжү рүү нисээд буух дөхсөн чинь цахилгаантай үүл орж ирээд усан бороо асгачихсан. Бусад онгоцууд газардчихаад хүлээлгийн бүсэд биднийг газардаж чадах болов уу хэмээн хүлээж байсан. Бид ч цагтаа очоод амжилттай  буухад  хүмүүс алга ташин хүлээж авсан. Аянга цахилгаантай үед нисэхэд бүх  амьдрал нүдний өмнө харагдах үе тохионо. Гэхдээ онгоцны аюулгүй байдал сайн, нисгэгчдийн ур чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учир элдэв ослоос бид айдаггүй” гэв. Цар тахлын үед гадаад дахь иргэдээ татан авах ажлыг “МИАТ” компани хариуцан ажиллаж байв. Энэ үед халдвар хамгааллын зориулалтын цагаан хувцастай, масктай, шилтэй олон цагаар онгоцоор нисэх хэцүү байсан хэмээн Б.Амарсанаа ярилаа. Тэрбээр “Гадаад дахь иргэдээ татан  авах хатуу дэглэмтэй нислэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн.Цагаан хувцастай, масктай нисэхэд хөлс их гарна. Онгоцноос буугаад зориулалтын хувцсаа дэс дарааллын дагуу тайлаад, ариутгалд ороод, нэг буудалд очиж тусгаарлагддаг байсан” гэв. COVID-19 халдварын оргил үед Истанбул, Энэтхэг, Франкфурт, Лондонгоос иргэдээ авчрах нислэгт Б.Амарсанаа явжээ.

 

Америкт нисгэгчээр сурсан ач хүү А.Батгэрэл

 

Нисгэгч гэсэн мэргэжил овог нь болсон энэ удмын одоогоор хамгийн отгон нисгэгч нь өнөөдрийн “Удмын бахархал” булангийн зочин Амарсанаагийн Батгэрэл юм. Монголын нисэх хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу нисгэгчдийг сурган хүмүүжүүлсэн багш нисгэгч М.Бямбасүрэнгийн  ач хүү тэрбээр “МИАТ” компанийн “Боинг-737” онгоцны хоёрдугаар нисгэгчээр ажиллаад таван жил өнгөрчээ. Түүний өвөө М.Бямбасүрэн, аав Б.Амарсанаа нар нь ЗХУ-д нисгэгчийн боловсролыг эзэмшсэн бол А.Батгэрэл хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч АНУ-д сурчээ. ШУТИС-д сурч байсан 18 настай А.Батгэрэл өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн нисгэгч болох зүрхнийхээ дуудлагын даган АНУ-ын Флорида мужийг зорьсон аж. Өвөөдөө энэ тухайгаа хэлэхэд анх дэмжээгүй гэнэ. Хэцүү мэргэжил гэдгийг мэддэг болохоор татгалзсан байх. А.Батгэрэлийн хувьд нисгэгчийн түүх, хуучийг өвөөгөөсөө их сонсдог байсан нь мэргэжлээ сонгоход нь нөлөөлсөн гэнэ. Нислэгийнхээ тухай ярихаар өвөө нь олон зүйл зааж зөвлөнө. “Сайн нисгэгч болно шүү. Нисгэгч хүн олон хүний амь насыг хариуцаж яваа учир даруу төлөв, хариуцлагатай байх ёстой” гэж захидаг байсан ажээ. А.Батгэрэл сургуулиа 2011 онд төгсч ирээд “Хүннү айр” компанид 2014 оны нэгдүгээр сараас хамтран нисгэгчээр нисч эхэлжээ. Хоёр жил ажиллаад 2016 оны аравдугаар сард АНУ-ын Майами хотод байрлах Боинг компанид очиж,“Боинг 737” онгоц жолоодох зэргээ авсан байна. Ийнхүү 2017 онд “МИАТ” компанид орж “Боинг 737” онгоцны хамтран нисгэгчээр ажиллаж, гуравдугаар сараас нь бие даасан нислэгээ хийж эхэлсэн байна. А.Батгэрэл одоогоор 3500 орчим цагийг үүлсийн дунд Азиас Европ руу, Европоос Ази руу нисэж өнгөрүүлжээ. Нисэх салбарт бүхнээ зориулсан М.Бямбасүрэн хэмээх нисгэгчийн гурав дахь үе “МИАТ” компанид өвөөгийнхөө үйл хэргийг залгамжлан ажиллаж яваа нь энэ юм. Америкт очоод эхэндээ шантарч, буцъя хэмээн аавдаа хэлж байсан тухайгаа А.Батгэрэл хуучиллаа.  Тэрбээр “Анх сургуульдаа очоод машин барьж байгаатай адил гэж бодоод шууд нисгэгч болчихно гээд бүх зүйлийг амархнаар төсөөлөөд явсан. Гэтэл нисэхэд цаг агаар их хамааралтай юм билээ. Бие даасан нислэгээ хийгээд дөрвөн сарын дараа Японы Шизуока муж руу нисэхэд хүчтэй салхитай, бороотой, үүлтэй жолоодоход хэцүү байсан нь мартагддаггүй. Гэхдээ бэлтгэл сайтай үед ямар ч асуудал үүсэхгүй учир сандардаггүй. Бүх бодол санаагаа нислэгтээ төвлөрүүлээд цаг агаараа  хянаад хаанаа зогсохоо тооцоолоод суудаг” гэв.

 Гурван үеэрээ нисэхийн салбарт хүчин зүтгэж яваа энэхүү айлд зочилоход нисэхийн музейд орсон мэт гайхалтай орчин угтсан юм. Гэрээр нь нисэх онгоцтой холбоотой дурсгалын зүйлс олон байв. Очсон газар бүрээсээ ийнхүү дурсгалын зүйлс авдаг уламжлалтай ажээ. Ярилцлагынхаа төгсгөлд нисгэгч болоход юу чухал вэ гэвэл Б.Амарсанаа “Өөрийн дур хүслээр энэ мэргэжлийг сонгосон хүн л сайн нисгэгч болдог. Эцэг эхийнхээ шахалтаар нисгэгч болсон хүн ажилдаа дурамжхан ханддаг. Нисгэгчийн ажил цаг наргүй. Үүрээр 02:00 цагт босоод нислэгтээ явах үе гарна. Амралтын өдөр, ядарч байна шөнө нисэхгүй гэж хэлж болохгүй. Ер нь “МИАТ” компанийн боловсон хүчин дэлхийн стандартад нийцсэн. АНУ, Берлин, Брюссельд нисгэгч нар дадлагаа хийдэг” гэсэн юм. Харин хүү А.Батгэрэл нь “Ажлаа хийнгээ аялах нь нисгэгч байхын хамгийн сайхан нь” гэв. Ийнхүү өвөө нь 52, аав нь 26 жилийн өмнө анх ажлын гараагаа эхлүүлж байсан нисэх хүчний салбарт хөл тавьсан А.Батгэрэл өвөө болоод аавынхаа адил нисэх хүчний салбарт насаараа ажиллаж, олон олон чадварлаг нисгэгч бэлтгэнэ гэсэн итгэл дүүрэн байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 140 (6872)

 

ёстой л удмын бахархал байна даа, амжилт хүсье,
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 26 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 37 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 47 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 31 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 37 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

13 цаг 4 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

13 цаг 4 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

13 цаг 4 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 4 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

13 цаг 4 мин