М.Чинбат: Зураач хүн амьдрал судлаач байдаг

2022-07-22
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Монгол түмний  түүхийн замнал, нүүдэлчин сэтгэлгээний өв уламжлал, урлахуйн ухааны арга барилыг шингээсэн “Best of mongol zurag” үзэсгэлэн уран зураг сонирхогчдод хүрч байна. Монгол зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд  Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг, Монголын урчуудын эвлэлийн сан хөмрөг, Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг, Монголын нэр хүндтэй цуглуулагч, уран бүтээлчдийн бүтээлээс түүвэрлэн 120 бүтээлийг дэлгэжээ. Тус үзэсгэлэнд түүхэн “Хуралдай” хэмээх  зургаараа оролцож буй зураач М.Чинбатыг “Өөр зочин” буландаа урьж, ярилцлаа.

 

-Үзэсгэлэнд дэлгэсэн “Хуралдай” зураг нь монгол түмний нэгэн цаг үеийн ахуй амьдралыг дүрсэлжээ. Энэ зураг ямар хугацаанд бүтсэн бэ?

-“Хуралдай” зургаа зургаан жилийн өмнө эхлүүлж байсан. Олон жилийн цаг хугацаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн. 1206 онд Чингис хааныг хаан ширээнд залж байгаа үеийн ахуй амьдралыг дүрсэлсэн. Мөн монголчууд хязгааргүй их орон зай руу нүүдэллэж байгаа гэсэн утга санааг илтгэсэн. Түүхэн сэдэвт зураг зурахад судалгаа их чухал. Эхлээд түүхэн эх сурвалжуудаа уншина. Археологийн олдворуудыг судална. Мөн уран сэтгэмж, логик сэтгэлгээгээр бодно. Жишээ нь, түүхэн үеийн ямар цаг үед хэн юу өмсөж байсныг мэддэг байх ёстой.

-Таны амьдрал уран зурагтай хэрхэн холбогдож байв?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. 3-4 настайгаасаа эхлээд шалан дээр хэвтчихээд зураг зурдаг хүүхэд байсан гэж ээж аав маань ярьдаг. Энд тэнд байгаа зүйлийг хараад дуурайлгаж зурна. Би тухайн үед бурхан их зурдаг хүүхэд байсан. Тиймээс аав минь намайг бурханч лам болгох гэж байсан тухай ярьдаг юм. Гуравдугаар ангид орох жилээ Дүрслэх урлагийн дунд сургуулийн  дугуйланд сурсан. Манай дугуйлангийн багшийг Я.Туяа гэдэг. Харин намайг уран зурагт хөтөлж оруулсан хүн бол монгол зургийн багш н.Гансүх. Зураг зурах арга техник, мэргэжлийн зүйлийг заасан нь Дүрслэх урлагийн их сургуулийн багш Ч.Нармандах. Намайг уран зургийн сайханд дурлуулсан олон сайхан багш бий. Дараа нь өөрөө ч багш болсон.

-Багш бүхэн өөрийн гэсэн арга барилтай. Та шавь нартаа хэрхэн зааж сургаж, зөвлөдөг вэ?

-Би 2002 онд монгол зургийн мэргэжлээр төгссөн. Улмаар 2004-2020 хүртэл монгол зургийн багшаар ажилласан. Харин одоо чөлөөт уран бүтээлч, Монголын урчуудын эвлэлийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.  Өөрийн эзэмшсэн мэдлэгээ бусадтай хуваалцдаг багшийн мэргэжил сайхан. 50 орчим гарын шавь бий. Зураач бол нарийн мэргэжил. Би тухайн сурагчийн онцлог, арга барилд тулгуурлаж ажиллахыг зорьдог. Шууд зааж  сургаад өөрийн арга барилаар зураач бэлдэхийг хүсдэггүй. Зураач болох сонирхолтой хүүхдүүд багассан. Хэчнээн авьяастай ч өөр чиглэлээр сурдаг болсон. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь өнөөгийн нийгмийн байдал. Уран бүтээлч болно гэдэг амар зүйл биш.  Уран бүтээлээрээ амьдарна. Зураач хүн тогтмол цалингүй. Зураг нь тэр бүр зарагдахгүй, бүрхэг. Гэхдээ тухайн хүний чин хүсэл эрмэлзэл байвал ямар ч бэрхшээлийг давж гарч чадна. Зураач бол анхдагч мэргэжил. Дэлхий дээр хамгийн  цогц мэргэжлийг артист гэж тодорхойлсон. Учир нь зураач хүн өөрөө бодож, сэтгэж, уран бүтээлээ туурвидаг.

"Хуралдай". 1206 онд Чингис хааныг хаан ширээнд залж
байгаа үеийн ахуй амьдралыг дүрсэлсэн.

-Таны амьдрал уран зурагтай салшгүй холбоотой бололтой. Зураггүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу?

-Өөрийнхөө дуртай мэргэжлээр ажиллаж, зургаа зурж байгаа минь жаргал. Би зураг зурахдаа хорвоо ертөнцөөс тасардаг. Миний туйлын зорилго бол сайн нэг бүтээл хийх юмсан гэж боддог. Бүтээл төрөх агшин бол зураач хүний аз жаргал. Удаан хугацаанд сэтгэлдээ бодож явсан уран бүтээлээ дуусгаад гарын үсгээ зураад суух мэдрэмж гайхалтай. Удаан хугацаанд бодож бясалгасан зүйл нэгэн цаг хугацаанд оньс нь тайлагдаж байгааг уран бүтээлчийн онгод гэдэг болов уу.  Өөрөөр хэлбэл, зураач хүн уран бүтээлийн онгодоо өөрөө дуудах ёстой. Дуудах  гэдэг шинэ бүтээлийн санаагаа байнга бодож, бясалгах хэрэгтэй. Тиймээс бүтээл бүхэн давтагдашгүй үнэ цэнтэй байдаг. Гэхдээ бүх зураг сайн, агуу болох албагүй. Сайн муугийн харьцангуй ойлголт гэж бий. Зураач зураг зурахдаа муу зүйлийг  боддоггүй. Аль болох  сайн сайхныг илэрхийлэхийг эрмэлздэг. Уран зураг намайг олон сайхан зүйлд хөтөлсөн. Би Монгол орныхоо үзэсгэлэнтэй байгальтай газруудаар явж, судалбар зураг зурдаг. Одоогоор очиж үзээгүй гурван аймаг байна. Байгаль бүр өөрийн гэсэн гоо сайхан, онцлогтой. Баруун аймгууд уул ус, ургамал ногоо жигдэрсэн сайхан. Миний хувьд хамгийн их таалагддаг байгаль говь. Ээж минь говийн хүн. Говьд очихоор нүд тэнийгээд, байгалийн хараа цуцам сайхан талыг илүү мэдэрдэг.

-Зураач хүн уран бүтээлийн онгодоо өөрөө дуудах ёстой гэлээ. Та зураг зурах мэдрэмжээ хэрхэн хөглөдөг вэ?

-Төгс зураач гэж байхгүй. Би ч гэсэн зураач болохын тулд цаг ямагт суралцаж явна. Сэдэв агуулгын хувьд ч гэсэн цаг ямагт өөрчлөгддөг. Нэг үе түүхэн зураг  зурдаг байлаа. Харин сүүлийн үед морины зураг их зурдаг болсон. Зураач  мэргэжил мэдрэмжээс гадна олон талын мэдлэг шаарддаг. Цэцэг, навч зурлаа гэхэд ургамал судлалыг судална. Хүний биеийн анатомыг сайн мэддэг байх ёстой.  Ном унших хэрэгтэй. Хорвоо ертөнц дээр гоо сайхан зүйл олон бий. Хамгийн гол нь түүнийг хэрхэн харах вэ гэдгээс л шалтгаална. Муу талаас нь харвал саар зүйл ч олон. Гудамжинд ургасан жижигхэн цэцгийн дэлбээ хүртэл гоо сайхантай. Энэ бүхнээс сайхан мэдрэмжийг авч, уран бүтээлийн онгод хөглөгддөг. Би хар, улаан, ногоон, өнгийг илүү давамгайлж зурдаг. Миний сэтгэл дотор буй утга санаа, агуулгыг гайхалтайгаар харуулж чаддаг учраас өнгө бүхэн амьтай. Хамгийн гол нь өнгийг зохицуулж зурах хэрэгтэй. Тухайн зургийн утга санаа, агуулгаас ямар өнгө илүү давамгайлах нь харагддаг. Зурсан зургийн ихэнх нь эзэндээ очсон. Энэ тэнд явахад өөрийнхөө зурсан зураг өлгөөтэй байхыг харах мэдрэмж сайхан. Заримдаа бүр өөрөө ч мартчихсан зурагнууд байна. Урлагийн бүтээл гэдэг утгаар нь  хадгалаад явж байгааг харахад сайхан санагддаг. Гэхдээ заримдаа зургийг үл тоосон тохиолдол байна.

-Та олон оронд уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүсийн хүлээж авах мэдрэмж хэр байдаг вэ?

-Монголдоо болон Япон, Солонгос, Австри улсад хамтарсан үзэсгэлэн гаргасан. Бүх орны хүмүүсийн уран зургийн гоо сайхныг хүлээж авах мэдрэмж өөр. Тийм  болохоор Монголын бүх зураачийн уран бүтээл гадаадад очиход ялгардаг. Үндэсний, монгол зураг гэдгээрээ илүү онцлог, өвөрмөцөөр хүлээж авдаг. “Таны  зургийг харахад өөр ертөнц  харагдаж байна. Өнгө, зураас нь хүртэл өвөрмөц юм. Монголчууд их өвөрмөц түүх, сэтгэлгээтэй ард түмэн байна” гэж  хэлэхэд нь үндэсний өв уламжлалаараа бахархдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 139 (6871)

 

Монгол Хьюндай эмнэлэгт ирж үнэгүй үзүүлж, зөвлөгөө аваарай

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хь

4 цаг 51 мин
ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын

8 цаг 17 мин
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

16 цаг 41 мин
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

16 цаг 41 мин
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

Өчигдөр 13 цаг 32 мин
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Өчигдөр 13 цаг 28 мин
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

Өчигдөр 13 цаг 11 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

Уржигдар 14 цаг 45 мин