Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, Монгол Улсын их сургууль, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаярыг урьж ярилцлаа.
Турк улсаас Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүллээ
-Монгол, Туркийн хамтарсан судлаачид Турк улсаас Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүллээ. Турк улсын Ван мужийн Хан тосгонд Хүлэгү хааны ордон бий гэх сэжүүр хаанаас эхлэлтэй вэ?
-Бидний олж илрүүлсэн Хүлэгү хааны зуны ордны туурь бол Монголын эзэнт гүрний үед хамаарах хилийн чанад дахь дөрөв дэх ордон юм. Тодруулбал, Монголын эзэнт гүрний хаадын ордноос Өвөрмонгол дахь Хубилай хааны Шандугийн ордон, Иран дахь Ил хаант улсын Абага хааны Тахт-э Сулейман нэртэй зуны ордон, Алтан ордны улсад байгаа Зүчийн улсын Бат Сарай, Бэрх Сарай гэсэн гурван ордны туурь олдоод байсан юм. Харин Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү хааны зуны ордон нь хилийн чанадаас олдсон дөрөв дэх ордон боллоо. Эртний перс, армени хэл дээрх түүхэн сурвалжуудад Хүлэгү хааны “Аладагийн ордон” гэсэн нэр олон удаа гардаг. Хүлэгү хаан 1252 онд Монгол нутгаас гарч явсан. Ийн Иранд очоод тэндээсээ Сирийн дайнд явж байхдаа 1259 онд “Аладаг” гэсэн уулын дэргэдүүр өнгөрөхдөө энэ нутгийн ус, бэлчээрт нь дурлаж “Лавтай сагут” буюу “Лавтай суух” газар хэмээн монгол нэр өгсөн. Тийн энэ газартаа 1261-1265 оны хооронд зуны ордноо байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс бид хамгийн эхэнд “Аладаг” гэсэн уул хаана байгааг хайсан. Сурвалжийн үйл явдлыг харвал Ван нуурын ойролцоох газар гэдэг нь тодорхой байсан. Ван нуурын нэр, нуурын эрэг дэх Ахлат хотын нэр олон удаа гардаг Ван нуурын дэргэд байгаа уул гэдэг нь тодорхой байсан.
Одоо хүртэл Ван нуурын хойд талын уулыг Аладагийн уул гэж нэрлэдэг. Энэ уулын бүсэд ордны туурь байх ёстой гэдэг нь тодорхой болсон юм. Ийн Хүлэгү хаан өвс, ус, бэлчээрт нь дурласан гэхээр тавиу тал, ус, бэлчээр сайтай газар байх ёстой гэсэн ойлголтыг сурвалжийн мэдээнээс авсан. Перс, армени хэл дээрх түүхэн сурвалжуудад “Хүлэгү хааны зуны ордонд хэдэн мянган ноёд цуглаж том хэмжээний хуралдай хийж байсан. 1291 онд Ил хан Гайхату хаан ширээнд суух ёслолоо хийсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр өвс, ургамал, ус нь тэгширсэн тал газар байх нь ойлгомжтой гэсэн сэжүүрээс бид хэд хэдэн газрыг сонгож хайгуулаа хийсэн. Энэ хайгуулаар Аладаг уулын зүүн талд байх Абагагийн талыг олж илрүүлсэн. Абага бол 1265-1282 онд хаан ширээнд сууж байсан Ил хаант улсын хаан юм. Абагагийн талын дунд өвс, ус нь тэгширсэн, хоёр голын тэг дундуур дундад зууны үеийн Монголын хот сууринуудад байдаг шаардлагыг хангасан газраас Хүлэгү хааны зуны ордны туурийг олж илрүүллээ.
-Энэ ордны барилгын хийц, загварыг Хархорум хоттой төстэй гэж үзсэн. Ингэж дүгнэх ямар олдвор олдсон юм бэ?
-Хүлэгү хаан 1259 онд Ван нуурын ойролцоох тус газрыг үзээд 1261 онд ордон байгуулах зарлиг буулгасан гэж армени сурвалжид тэмдэглэсэн байдаг. Ингээд үзэхээр тус ордон 700 гаруй жилийн өмнө баригдсан нь тодорхой. 1265 онд хуралдай хийж байснаас үзэхэд хааны ордноос гадна буддын шашны Чагжаамуни, Майдар гэсэн хоёр сүм байх ёстой. Мөн лам нарыг шар дээлтэй, мөрөн дээгүүрээ хэгэлдэргэлсэн улаан бүстэй гэж армени сурвалжид бичсэн байдаг. Хайгуул хийхэд бурхны шашны нөлөөтэй Хархорумаас гардагтай туйлын төстэй дээврийн нүүр ваар, Ил хаадын барилгын стандарт гэж нэрлэж болох хөх, ногоон, цагаан паалантай шаазангууд гарсан. Барилгын дээврийг шавраар хийгээд дээрээс нь пааланддаг байсан юм.
Жирийн хүнийх бус хаад дээдсийнх гэдэг нь үүнээс тодорхой болж байгаа юм. Учир нь барилгын нүүр ваарыг буддын сүмд эсвэл ордонд ашигладаг. Энэ тууриас буддын шашны зээбад гэж нэрлэдэг хүний нүүртэй дээврийн нүүр ваар гарсан. Энэ нь Хархорум хотын малтлагаас гардаг ваарнуудтай адил, нэг төрлийн бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой байсан. Дээврийн нөмрөг, тосгуур ваарууд, хас болон зуузай тамгатай дээврийн ваар олдсоноор XIII зууны монгол хот гэдэг нь ил болсон юм. Аладагийн орчмоос олдсон, Хархорумтай ижил олдворууд олдож байгаа. Хоёр голын нийлж байгаа бэлчир, ойр орчмын талын хэмжээ, ойролцоох уул, уснаас үүдэн учир Хүлэгү хааны “Аладагийн зуны ордон” мөн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Цаашид ордон ямар хэлбэр загвартай, хэмжээг нь нарийвчлан судалж, чухал, сонин олдворуудыг олж илрүүлнэ.
-Эдгээр олдворыг хаана хадгалж байгаа вэ?
-Олдворуудаа Ван мужийн музейд хүлээлгэж өгсөн. Олон улсын хуулиар энэ бол Туркийн өмч. Сурталчилах, үзэсгэлэнд тавих, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглах зохиогчийн эрхийн тухайд бид давуу эрх эдэлнэ. Монгол нутгаас олдсон Түрэгийн үеийн дурсгал, Торгоны замтай холбоотой алтан зоос, Ромын шилэн аяга бүгд манай улсын өмчид тооцогддогтой ижил.
-Ийм түүхэн газрыг олж нээхэд сурвалжийн судалгаа чухал байдаг. Ван мужийг сонгохдоо судалгаагаа хэрхэн хийв?
-Хайгуулыг хийхээс өмнө Аладагийн зуны ордон Ван нуурын орчим байна гэдгийг итгэлтэй болгохын тулд сүүлийн 5-6 жил сурвалжийн судалгаа хийлээ. Перс, араб, армени, сири хэл дээрх түүхэн сурвалжууд, зуны ордонтой холбоотой судалгааны бүтээлүүдийг уншиж судалсан. Эдгээр сурвалжаас харахад зуны ордон Ван нуурын орчим байгааг судлаачид хүлээн зөвшөөрч байсан. Гэвч нэг ч хайгуул хийгээгүй. Сурвалжийн судалгаа хийсний дараа Монгол Улсын их сургууль, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн хамтарсан баг хээрийн судалгаа хийхээр шийдсэн. Үүний тулд бид дөрөвдүгээр сард урьдчилан тандалт судалгаа хийсэн. Ийн МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрхлэгч, доктор Ц.Төрбат, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Эрдэнэбат нартай хамт тандалт судалгаа хийсний дүнд хайгуул хийх дөрвөн цэгээ тодорхойлсон. Үүний дараа Туркийн Соёл, аялал жуулчлалын яамны археологийн хайгуулын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хээрийн судалгаа өнгөрсөн сарын 2-18-ны хооронд 16 хоног үргэлжиллээ. Хамтарсан түрэг судлалын хүрээлэнгийн нэг төв нь МУИС-д, нөгөө нь Туркт байдаг. Бид “Түүхийн сурвалжаас Аладагийн ордон Ван нуурын орчим байх ёстой гэж үзэж байна. Тиймээс холбогдох зөвшөөрлөөр хангаж өгөөч ээ” гэсэн хүсэлтээ арванхоёрдугаар сард Туркт албан ёсоор тавьснаар тавдугаар сард зөвшөөрөл гарч зургадугаар сард хайгуул эхэлсэн.
Сүг зургийг Хүлэгү хааных гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн
-Та бүхэн судалгааныхаа явцад олсон Ван нуурын ойролцоох христийн сүмийн ханан дээр Хүлэгү хааныг дүрсэлсэн гэсэн таамаг дэвшүүлсэн. Ямар үндэслэлээр ингэж үзсэн юм бол?
-Манай судалгааны баг Ван нуурын арал дээр байх Акдамар гэдэг христийн сүмийг олж илрүүлсэн. Энэ сүмийн гаднах ханан дээрх зурагнуудаас морь унасан, морин дээрээсээ хойш эргээд нум сум харваж байгаа шивлэгэр, хөхөл үстэй монгол дээлтэй монгол хүний дүрс олсон. Монгол морьтны дүрсийг морьтон гэж таньснаас бус ямар ч тайлбар хийгээгүй. Эрдэм шинжилгээний эргэлтэд ороогүй байсан. Дээл, хувцаснаас нь хараад монгол язгууртан тэр дундаа Ил хаан байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн. Тэр дундаа Хүлэгү хааны нүүрийг дүрсэлдэг стандарт зурагтай харьцуулж үзэхэд Хүлэгү хаан байх магадлалтай гэж үзсэн. Хүлэгү хаан энэ бүс нутагт ирээд Арменийн христийн шүтлэгийг их дэмжсэн, холбоотон байдлаар ажилласан. Арменийн христийн шашинтнуудын өөрсдийн шашин соёлоо хамгаалах, шүтэх бололцоог нь олгосон учраас армени сурвалжуудад Хүлэгү хаан, түүний Докуз хатныг сайн дүрсэлж бичсэн байдаг. Несторийн христ шашинтнууд тухайн үед Хүлэгү хааныг Ариун Георгий хэмээн өргөмжилснөөс үүдээд тухайн сүг зургийг Хүлэгү хаан байх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн. Үүнийгээ эрдэм шинжилгээний нарийвчилсан тайлбартайгаар хэвлүүлнэ. Энэ нөхцөлд эрдэм шинжилгээний түвшинд хүлээн зөвшөөрвөл Монголын эзэнт гүрний хаадаас нэр нь мэдэгдэж байгаа чулуун хөрөг нь олдоод байгаа анхны хаан нь Хүлэгү хааны дүрс юм. Чулуун хөрөг гэхээр хүн чулуу олон байдаг. Гэхдээ тэдгээрийн нэр нь тодорхойгүй буюу хэнд зориулсан нь ил бус байдаг. Сүмийн ханан дээрх бусад зураг нь христийн шашны хутагтууд, гэгээнтэн, бурхны элч нар байсан. Эдгээрээс өөр шашинтай нэг хүн байгаа нь Багдадын Халиф Муктадир гэж нэрлээд байгаа энэ сүмийг байгуулахад туслалцаа үзүүлж дэмжсэн гэдэг утгаар хөргийг нь сийлсэн болов уу.
-Хүлэгү хааны хатан Докуз христийн шашинтай байсан гэж үздэг юм билээ. Тэгэхээр энэ сүмийн зургаас үзвэл Хүлэгү хаан бас христийн шашинтай гэсэн үг үү?
-Түүхийн бүх сурвалжид Монголын эзэнт гүрний бүх хаад шашин соёлыг тэгш үздэг гэж тэмдэглэсэн байдаг. Энэ зарчмаар бүх шашныхныг өөртөө татах гэж оролддог байсан юм. Хатан Докуз нь христийн шашинтай байсан ч Хүлэгү хаан бөөгийн шашинт Тулуй эцэг, христийн шашинт Сорхогтуни хатны дундаас гарсан өөрөө буддын шашинтай хүн. XXI зуунд өөр шашинтай хүн нэг гэр бүл болж амьдрахад, тэдний хүүхэд ямар шашинтай байхаас эхлээд олон бэрхшээл тулгардаг. Гэтэл XIII зуунд шашны эрх чөлөөт байдлыг хангаж байсны тод жишээ нь энэ юм. Хүлэгү хаан тус бүс нутгийн христийн шашинтнуудад өмнө нь байгаагүй дэмжлэгийг өгч байсан. Ойрхи Дорнодын бүс нутагт загалмайтны дайн өрнөж байсан тэр үед Исламын шашинтнуудын дунд амьдарч байсан христийн шашинтнууд ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Ийм үед Хүлэгү хаан тэднийг дэмжиж байсны илэрхийлэл болгож сүмийн ханандаа Хүлэгү хааны дүрийг сийлж, гэгээнтэн мэтээр өргөмжилсөн болов уу. Исламын шашинд ч монгол хаадыг тэр дундаа Мөнх хааныг Исламын шашинтан байсан мэтээр бичиж үлдээсэн тухайн үеийн перс сурвалж бий. Мөнх хааны үед Исламын шашныг Мөнх хаан дэмжсэн бодлого явуулж байсан учир Мөнх хааныг тэд мусульман шашинтан байгаасай гэсэн хүсэл, тийм таамаг байсан. Хүлэгүгийн ээж Сорхогтуни хатан христийн шашинтай байсан ч Бухар хотод байсан Исламын сургуулийг засаж сэлбээд 1000 хүнтэй шашны сургуулийг хичээллүүлж байсан учраас Исламын шашинтан Бухарын мадрасад Сорхогтуни хатанд зориулан мөргөл үйлдэж байсан. Үүнээс монголчууд бусдын шашныг хэрхэн хүлээн зөвшөөрч, ойлгодог, бүх шашныг эрх тэгш үздэг сэтгэлгээг харуулж байгаа юм.
Хүлэгүг төр барих ухаанд боловсорсон, хаанд бэлтгэгдсэн хэмээн тэмдэглэсэн байдаг
-Тулуй хааны отгон хүү Хүлэгүг “дэлхийн ханхүү” гэж түүхэнд тэмдэглэсэн талаар сонсож байсан. Зан чанарын хувьд ямар онцлогтой байсан юм бол?
-Хүлэгү хаан хувь хүний тухайд түүх арвинтай. Чингис хаан Хорезмын дайнаас 1225 онд буцаж явах үед Монгол нутгаас угтаж уулзсан хүмүүсийн дотор хоёр ач хүү байсны нэг нь Хүлэгү, нөгөө нь Хубилай хаан юм. Тэр үед Хубилай 11, Хүлэгү долоон настай байсан. Уулзсан газар нь Буха сочигай гэдэг газар. Одоогийн Чингисийн чулуу гэж нэрлээд байгаа газарт болсон их найранд тэр хоёр очсон юм. Замдаа ан агнахад Хубилай туулай, Хүлэгү янгир агнасан. Чингис хаан тухайн үеийн ёсоор анхны ангийнх нь өөхөөр эрхий хурууг нь тосолж мялаах зан үйлийг Хубилай, Хүлэгү хоёрт хийсэн. Хубилай тааламжтай зогсож байсан бол Хүлэгү нь гэнэт Чингис хааны гарыг хүчтэй атгаж авахад Чингис хаан цочсондоо уулга алдаад гар хугалах нь хэмээн гараа суга татаж авч байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэр утгаараа хамгийн их харизматик хаан хүний шинж бүрдсэн гэж Хүлэгүг үздэг.
Мөнх хаан энэ бүх чадварыг нь олж хараад Хүлэгүг баруун зүгт Ил хаант улсыг байгуулахаар 1252 онд илгээсэн. Тухайн үеийн перс сурвалжуудад төр барих ухаанд боловсорсон, хаанд бэлтгэгдсэн тул “Дэлхийн ханхүү” хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин Мөнх хааныг “Дэлхийн хаан” гэж үздэг. Хүлэгү хаан шийдэмгий, зоригтой, буцаж няцдаггүй хүн байсан нь 200 гаруй жил Ойрхи Дорнодын шүдний өвчин болж байсан уулын өвгөд хэмээх исмайлитийн бүлэглэлийг хоёр жилийн дотор шийдэмгий цохилтоор буулгаж авсанаас тодорхой байгаа юм. Мөн эзлэгддэггүй хот гэгдэж байсан Багдадыг эзэлж, Халифыг олзолж авсан. Монголын төр ёсны уламжлалд үнэнч хүн байсан учир Аладагийн ордон илүү XIII зууны эзэнт гүрний хотын загвар, хийцтэй байх болов уу гэж таамаглаж байсан. Хархорумтой төстэй байгаа нь бидний энэ таамгийг улам батжуулж байна. Энэ нь Монголын эзэнт гүрний түүхэнд үнэ цэнтэй дурсгал болох юм.
-Түүхийн эх сурвалж перс, армени хэл дээр байсан гэлээ. Хүлэгү хааны талаарх мэдээлэл перс хэл дээр хэр их байдаг юм бол. Эх сурвалжийн олдоц хэр байв?
-Монголын эзэнт гүрэн тэр дундаа Ил хаант улсын түүхийг судлах гол сурвалж нь перс хэл дээр байдаг. Ил хаант улсын түүхийг тусгайлан өгүүлсэн тухайн үед болон хожуу үед бичсэн Иранд хэвлэн нийтэлсэн сурвалжийн тоо 300-г даваад байна. Мөн Ираны номын сан, архивуудад Ил хааны үед бичсэн гар бичмэлийн 2000 гаруй ном эх хувиараа хадгалагдаж байна. Энэ сурвалжуудын ихэнхэд Аладагийн ордон болон Хүлэгү хаан Аладагийн ордныг яаж байгуулсан тухай шууд болоод дам байдлаар өгүүлсэн байдаг. Тухайн бүс нутагт Ван нуурын орчимд Арменийн суурьшил их байсан. Тиймээс тухайн үеийн армени сурвалжууд амьд гэрчтэйгээр их бичсэн байдаг. Вартан гэдэг түүхч “Хүлэгү хааны зуны ордныг байгуулахын тулд мөнгө их дутагдсан учир нэмэлт татварыг улс орон даяар татлаа. Мөн холоос мод чулуу зөөв. Нэг дүнзийг нь 100 шараар зүтгүүлээд ч дийлэхгүй аварга том гуалинг зөөж авчирлаа. Энд Египетийн фараонууд пирамид барихдаа Израилийн хөвгүүд буюу еврейчүүдийг хэрхэн дарласан шиг тийм хэмжээний хүнд, бэрх хөдөлмөрийг хийж байна” гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд ордныг богино хугацаанд олон хүний хүчээр зориуд бариулсан нь тодорхой. Киракос хэмээх түүхч Аладагийн ордонд ирээд хийсэн тэмдэглэл нь байдаг. Мөн нэрт түүхч Атамелик Жувейни 1283 онд Аладагийн ордонд ирж хуралдайд оролцсон тухайгаа бичсэн тэмдэглэл байдаг. Энэ тухайгаа “Аладагийн ордонд болсон хуралдайд оролцоход ес хоногийн нүсэр найр хийж байгаад дараа нь хуралдай эхэллээ. Ил хаант улсын төрийн бүх түшмэд цугларчээ” гэж тэмдэглэж үлдээсэн. Үүнээс гадна Гайхатугийн хаан ширээнд суух ёслол 1291 онд Аладагийн ордонд болсноос эхлээд хаадын тухай нарийн мэдээлэл перс, армени хэл дээр бий. Сири сурвалжуудад Хүлэгүгийн гэргий Докуз хатны байгуулсан ариун католикийн сүмийг үзсэн тухайгаа түүхчид бичсэн байдаг. Эдгээр мэдээллийг зангидаад үзвэл Хүлэгүгийн зуны ордныг Ван нуурын зүүн хойд талд байгуулсан гэдэг нь тодорхой.
Перс хэлтэй монгол судлаач цөөн байдаг
-Ингэхэд перс хэл дээрх сурвалжууд Монголд байдаг уу?
-Би Туркийн Анкарагийн их сургуульд “Ил хаант улсын везирийн тогтолцоо” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Тэр үед перс сурвалжуудыг судлах үүднээс Ираны Тегераны их сургуулийн Перс судлалын ангид гурван жил суралцсан. Тиймээс Ил хаант улсын гол чухал сурвалжуудыг Иранаас цуглуулаад авчирсан. Мөн технологийн дэвшлийг ашиглан цахим байдлаар ном, сурвалжуудаа уншиж судалж байна. Монголын эзэнт гүрний түүхийг судлахад перс хэл их чухал. Хорезмын байлдан дагуулалтаас Чингис хаан Исламын ертөнцтэй нүүр тулсан. Энэ үеэс монголчууд хэн бэ гэдгийг Исламын орнууд сонирхож түүхэндээ тэмдэглэж эхэлсэн. Тухайн үеийн Исламын ертөнцөд түүх бичлэгийн чухал хэл нь перс хэл байсан. Хорезмын байлдан дагуулалт, Ил хааны үед гол бүс нутаг нь Иран байсан. Тиймээс перс хэл нэгдүгээрт. Учир нь перс хэл дээрх сурвалжгүйгээр Монголын эзэнт гүрний түүхийг бүрэн судлах боломжгүй. Тусгайлсан судалгаа хийж болно. Гэвч монгол түүхчид дунд перс хэлтэй судлаач нэн ховор байдаг. Монголын эзэнт гүрний тухай түүхийг өгүүлэх монгол хэл дээрх эх сурвалж гэвэл “Монголын нууц товчоо”, “Алтан товч” гэсэн цөөн сурвалж бий. Чан Чун бумбын тэмдэглэл, Сүн улсын элч нарын тэмдэглэл гэсэн хятад хэл дээр олон эх сурвалж бий. Мөн Юань улсын судар гэсэн сурвалж хятад хэл дээр бий.
-Тухайн үеийн монголчууд өөрсдийн түүхээ перс хэл дээр бичүүлсэн сурвалж байдаг уу. Эсвэл Ираны түүхчдийн бичсэн тэмдэглэлээс бид эзэнт гүрний түүхийг судалж байгаа юу?
-Эзэнт гүрний үеийн монголчууд перс хэл дээр түүхээ бичүүлэх гэж перс хэлтэй түүхчдийг тусгайлан дэмжсэн. Тухайлбал, Атамелик Жувейни гэж Монголын төрд алба хааж байсан түшмэл хүнийг Хархорумд авчираад “Монголын эзэнт гүрний энэ гайхалтай цаг үеийн түүхийг бичиж үлдээгээчээ” гэж хэлсэн тухай өөрийнх нь тэмдэглэлд бичсэн байдаг. Хаадын хүсэлтийн дагуу бичсэн түүх нь ертөнцийг байлдан дагуулагч Чингис хааны Хорезмын дайны талаар тодорхой бичсэн хамгийн тодорхой сурвалж нь болсон юм. Цагаадай, Ил хаант, Зүчийн улсын түүхийг мөн перс, араб хэл дээр бичсэн байдаг. Ил хаант улс өөрийн түүхээ бичиж үлдээхийн тулд Өлзийт хаан, Газан хаан нар Рашид ад-Динд түүх бичих зарлиг буулгаж байсан. Гэвч Газан хаан түүхийг бичиж дуусахыг хүлээлгүй нас барсан учир Рашид ад-Дин нь Өлзийт хаанд “Судрын чуулган” бүтээлээ өргөн барьсан. Ийн “Судрын чуулган” гэсэн энэ алдарт бүтээл өдгөө Монголын эзэнт гүрний түүхийн үндсэн сурвалж болоод байна. Дан ганц Монголын эзэнт гүрэн бус монгол аймаг, угсаа гарвал, соёлыг агуулсан том түүхийг энэ сударт бичүүлсэн юм. Тухайн үеийн ханшаар Рашид ад-Динийг 20 түмэн динараар шагнасан байдаг. Тухайн үеийн Ил хаант улсын төрийн сангийн жилийн орлого нь 330 гаруй түмэн динар байсан гэхээр улсын төсвийн зургаан хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг түүхээ бичүүлсэн Рашид ад-Динд олгосон байгаа юм. Энэ бол миний мэдэж байгаагаар өнөөг хүртэлх дэлхий дээрх түүхч хүнийг үнэлсэн хамгийн өндөр үнэлэмж юм. Рашид ад-Динд их хэмжээний урамшуулал олгосноор түүхч мэргэжил Ил хаант улсын хамгийн эрэлттэй, нэр хүнд ихтэй мэргэжилд тооцогдох болсон. Түүний энэ замналыг даган монгол хаадад өөрсдийнх нь түүхийг бичиж өгсөн олон түүхч бий. Тухайлбал, Өлзийт хаан өөрийн түүхээ бичүүлсэн “Өлзийтийн түүх” гэсэн сурвалж байдаг. Монголын хаад түүхээ үлдээхээр ингэж их анхаарч байсан учир өнөөдөр бид судлах түүхтэй үлджээ. Харин Цагаадайн улсын хаад түүхээ бичүүлээгүй учир Цагаадайн улсын түүхийг судлах сурвалж нэн ховор. “Судрын чуулган” л Цагаадайн улсын түүхийг судлах үндсэн сурвалжид тооцогддог.
-Араб хэл дээр эзэнт гүрний тухай түүхийн олон сурвалж байдаг. Тэдгээрийг бас Монголын хаад бичүүлсэн юм уу?
-Араб сурвалжуудын тухайд Ойрхи Дорнодын нэг чухал хэл нь араб учраас Арабын түүхчдийн бүтээлд өөрсдийнх нь амьдарч байсан үеийн Монголын аж амьдрал багтсан. Мамлюкын улс нь Ил хаант улсын гол өрсөлдөгч улс гэдгээрээ Ил хаант улсыг гүн судалж бичсэн байдаг. Мамлюкын түүхийн том олон цуврал боть бүтээлд Ил хаадын түүхийг тухайн үеийн амьд гэрчээр баталгаажуулан бичсэн нь бий. Ил хаадын улсын хаадаас ирсэн захидлын эх хувийг нь хэвлэсэн сурвалж ч бий.
-Монголын эзэнт гүрний түүхээ бүрнээр нь судалъя гэвэл перс хэлтэй эрдэмтдийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэж санагдлаа. Үүн дээр ямар дэмжлэг зохистой байх бол?
-Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны 800 жилийн ой 2006 онд тохиосон. Энэ тэмдэглэлт ой тохиох үеэр би Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байлаа. Тухайн үеийн түүхийн хүрээлэнгийн захирал Ч.Дашдаваа “Нэг ажилтнаа перс хэлтэй, Ил хаадын түүхч болгомоор байна” гэсэн санаачилга гарган хөөцөлдсөний хүчинд миний бие Туркийн Засгийн газрын тэтгэлгээр Ил хаадын судлаач, перс хэл дээрх сурвалжийг судлах эхлэлээ тавьж байлаа. Цаашид ийм арга барилаар ажиллаж байж перс хэлтэй эрдэмтдийг бэлтгэх нь зөв байх. Хоёрдугаарт, би МУИС-ийн Түүхийн тэнхимд тав дахь жилдээ багшилж байна. Энэ хугацаанд “Сурвалжийн перс хэл” гэсэн хичээлийг зааж эхлээд байна. Зарим шавь эхнээсээ бэлтгэгдээд ажлын талбарт гарч ажиллаж байна. Тухайлбал, манай судалгааны багт багтсан перс сурвалжууд дээр ажиллаж байгаа миний шавь, залуу судлаач О.Сувд-Эрдэнийг нэрлэж болно. Перс сурвалжуудыг судлах шавь бэлтгэх хүсэл сонирхол их байна. Эхний ээлжинд нэвтэрхий биш юмаа гэхэд цаашид өөрийгөө хөгжүүлээд сурвалж судлалаар хөтөч байх хэмжээний перс хэлний мэдлэгийг МУИС олгож байгааг ололт гэж харж байгаа.
Монголоороо үлдэх том түүх бол Ил хаант улс юм
-Тусгайлан судалсан хүний тухайд Ил хаант улсын дэлхийн түүхэнд үлдээсэн үнэ цэн, ул мөрийг хэрхэн тодорхойлох вэ. Монгол өв соёлоо хамгийн их нандигнан авч үлдсэн улсаар нэрлэдэг юм билээ?
-Монголын Ил хаант улс бол Ойрхи Дорнодод шашин хоорондын мөргөлдөөн болж байсан. Одоо хүртэл шашны асуудал нь шийдэгдээгүй байгаа тус бүс нутгийн ээдрээт үед 80 жил энхтайвныг сахиулж байсан юм. Ингэхдээ Чингис хааны Их засаг хууль, Монголын төрт ёсны дагуу харилцсан, бусад бүрэлдэхүүн улсаасаа Монголоороо үлдэх гэж хамгийн их хичээсэн улс юм. Тиймээс эхлэлээсээ төгсгөл хүртлээ төрийн бичиг нь монгол бичиг байсан. Ил хаадын зоос дэлхийд яагаад хамгийн их тархаад алдаршаад байна гэхээр тэр зоосон дээр монгол бичиг сийлсэн байдаг. Хаад нь Исламын шашинд орсон ч Монголын төрт ёсны уламжлалаасаа ухраагүй Ойрхи Дорнодын бүс нутагт монголчуудын Монголоороо үлдэхийн төлөөх тэмцлийн том түүх бол Ил хаант улсын түүх юм. XXI зуунд бид монгол өв соёлоо авч үлдэх гэж ямар их хичээж байгаа билээ. Үүнтэй харьцуулахад хүний нутагт дундад зууны үед очоод өөрсдийн түүхээ авч үлдэхийн төлөөх тэмцлийг харьцуулж үзвэл бахархууштай. Тиймээс Ил хаадын үеэс үлдсэн Монгол газар усны нэр олон мянга бий. Туркт хүртэл Сутайн шил гэсэн монгол нэртэй газар бий. Ил хаадын Ромын пап, Францын ван тэргүүтэй хүмүүст бичиж байсан захидлууд монгол бичиг дээр Ватиканд хадгалагдаж үлдсэн. Тэдгээрээс Өлзийт хааны захидал их алдартай. Эзэнт гүрний үед хамаарах монгол бичгийн үнэт дурсгалууд Ил хаадын үед хамаарагддаг нь монгол өв соёлоо хэрхэн авч үлдсэний илрэл юм.
-Хан тосгон бол Ираны хилтэй ойролцоо байдаг бүс нутаг. Түүхэн сурвалжийг үзвэл энэ бүс нутагт Хүлэгү хаанаас хойш болон өмнө нь ямар үндэстэн амьдарч байсан юм бол?
-Хүлэгү хааныг очих үед Аладагийн ордон, Ван нуурын орчим бүс нутаг нь Их Арменийн нутаг байсан. Ил хаант улсын үед Их Армен нь нэг муж, хараат нэг улс гэж үздэг байсан юм билээ. Ил хаант улс задарсны дараа энэ бүс нутагт Түрэгүүдийн үе эхэлж, Каракоюунлу гэсэн Түрэг угсааны улс байгуулагдсан. Сүүлд нь Османы эзэнт улсын муж болсон Абагагийн тал нь Турк, Ираны түүхэн хил болж тогтсон. Турк, Ираны хил нь дундад зууны туршид Осман, Ираны Сафавидын эзэнт улсын түүхэн хил байсан тэр янзаараа тогтсон. Тиймээс одоо Турк, Ираны хил ямар ч маргаангүйгээр Абагагийн талын зүүн талаар тогтсон байдаг. Хамгийн сүүлд 1600-гаад оны үед Османы эзэнт гүрний үед хилийн хязгаарыг тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч маргаан гараагүй. Хилд ойрхон газар гэдэг учраас тусгай зөвшөөрөл авах гэсэн олон шаардлага гарсан.
-Гадаадад Монголын судлаачид очоод олж нээсэн анхны олдвор нь Хүлэгү хааны зуны туурь гэж ойлгосон. Гадаадын нутаг дэвсгэрт судалгаа хийхэд ямар хүндрэл гарч байв?
-Өнөөдрийг хүртэл гадаадын судлаачид, түүхчдийн баг Монголд ирж манай судлаачидтай хамтран ажиллаж байв. Харин Монголын судлаачид өөрсдөө санаачлаад гадаадад очоод судалгаа хийсэн тохиолдол байсангүй. Энэ удаагийнх Монголын археологийн түүхэн дэх Монголын археологич, түүхчид гадаадад байгаа Монголын олдворыг илрүүлэх судалгааны ажил санаачилсан анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой. Гадаадын нутагт дэвсгэрт судалгаа хийж байгаа тохиолдолд тухайн улсын хууль, журам, нутгийн ард түмний зан заншлыг дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр утгаараа Туркийн археологийн судалгаа хийх үе шат, Соёлын хууль, археологийн судалгаа хийх тухай бусад дагалдах дүрэм журмыг судаллаа. Дараа нь малтлага хийхдээ юуг анхаарах талаар, Туркт гадаадын экспедиц хэрхэн ажиллах тухайд их туршлага хуримтлууллаа. Туркээс өөр олон улсад Монголын эзэнт гүрний үед хамаарах дурсгал олон бий. Тэдгээр улсад ажиллахад тухайн улсынхаа хууль журмыг археологочид судлаад ажиллах болов уу. Монголын эзэнт гүрний олдворуудтай холбоотойгоор гадаадын орнуудад судалгаа хийхэд хэрхэн ажиллах талаар археологич бүр мэдлэгтэй болох цаг удахгүй ирнэ гэж итгэж байна. Ирээдүйд Иран дахь Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой олон дурсгалыг судлахыг бид зорьж байгаа.
Шинжлэх ухаан төрийн дэмжлэгтэйгээр сайн хөгждөг
-Археологийн судалгаа хийхэд хүн хүч, хөрөнгө их шаарддаг. Та бүхэн хэрэгцээт санхүүгээ хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Гадаадын экспедиц ямар нэгэн оронд очиж ажиллаж байгаа учир санхүүгээ өөрсдөө бүрдүүлэх нь бичигдээгүй хууль. Гэхдээ найрсаг харилцаат улс гэдэг утгаараа Туркийн тал өөрийн талын зардлаа гаргасан. Монгол талын экспедицийн үндсэн санхүүжилт нь төр байлаа. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар ивээлдээ аваад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр санхүүжүүлсэн. Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар биднийг хүлээн авч уулзаад энэ экспедицийг УИХ-ын даргын ивээлд авах ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Шинжлэх ухаан гэдэг төрийн дэмжлэгтэйгээр сайн хөгждөг жамтай.
-Хайгуулын судалгаанд мэргэшсэн баг чухал. Хамтран ажиллах хүмүүсээ хэрхэн сонгов?
-Хайгуулын багт Монголын талаас ШУТИС-ийн багш, археологич, түүхийн ухааны доктор Ю.Болдбаатар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор, археологич А.Энхтөр, түүхч, Хятад судлаач, доктор Б.Энхчимэг, Анкарагийн Хажибайрам Вели их сургуулийн магистрант О.Сувд-Эрдэнэ, Сүлд телевизийн зураглаач, найруулагч Д.Аззаяа гэсэн бүрэлдэхүүн багтсан. Туркийн талаас Измир Катип Челеби их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Эрсэл Чаглитүтүнжигил, МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн Турк талын захирал Шабан Доган, тус сургуулийн археологийн тэнхимийн багш, доктор Д.Мөнхтулга гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Хоёр тал хамтран ажиллахад Туркийн талд монгол эрдэмтэн байгаа нь бахархалтай, давуу тал болсон. Энэ бүрэлдэхүүн Турк улсын Ван мужид ажиллаж Хүлэгү хааны зуны ордныг илрүүлэн албан ёсоор нийтэд зарлалаа. Археологич А.Энхтөр нь Орхон, Туулын сав газар дахь дундад зууны хот сууринуудаар мэргэшсэн, энэ бүс нутгаар 20 гаруй хотыг судалсан. Энэ чиглэлээр бүтээлээ гаргасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн. Ю.Болдбаатар багш эрт, дундад үеийн монголчуудын уламжлалт шүтлэг, зан үйл, ёс заншлаар мэргэшсэн учир хотыг хайж олоход их туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлсэн.
-Ингэхэд туурийн малтлага хэзээ эхлэх вэ?
-Урьдчилсан байдлаар ордны туурь 1200х1200 метр том талбайтай. Тэгэхээр малтлага судалгаанд 20, 30, 100 жил ч зарцуулж болно. Учир нь үүнтэй адил хэмжээтэй Хархорум хотын археологийн судалгаа 1948 онд эхлээд одоо хүртэл үргэлжилж байгаа ч 10 хувьд ч хүрээгүй байна. Хот суурингийн археологи гэдэг маш нарийн, алгуур, их хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Тиймээс төр, засгийн тогтвортой дэмжлэгээр том хэмжээний археологийн судалгаа амжилттай үргэлжилдэг. Хоёр улсын төр, засгийн хамтарсан дэмжлэгтэйгээр энэ судалгаа амжилттай үргэлжилнэ гэсэн найдвар бидэнд бий. Ирэх жилээс малтлага хийх нь зөв гэдэгт Туркийн тал санал нэгдсэн. Ирэх жил УИХ-ын даргын ивээлээр малтлагын ажил үргэлжлэх болов уу гэж бодож байна. Хайгуулыг есөн хүний бүрэлдэхүүнтэй хийлээ. Малтлага хийхэд 20-30 хүн шаардлагатай. Тусгай багаж хэрэгсэл, байнга суух байр хэрэгтэй болно. Багадаа нэг сарын хугацаанд археологийн малтлага хийх шаардлагатай.
-Туркийн тухайд төрөөс археологийн судалгааны ажлыг хэрхэн дэмждэг юм бэ. Онцлох туршлага юу байв?
-Турк бол эртний соёл иргэншлийн өлгий нутаг. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх болсон Месопотам буюу хоёр мөрний дээд хэсэг нь Туркийн нутагт байдаг. Грекийн соёлын төв цэгүүдийн нэг, Ромын том соёл байна. Османы эзэнт гүрэн гэсэн түүхэн том эзэнт гүрэнд харьяалагдаж байсан нутаг гэдэг утгаараа энэ эзэнт гүрнүүдийн дурсгал их бий. Шинэ чулуун зэвсгийн үеийн дэлхийн хамгийн эртний суурин газар Чаталхөюүк нь Туркт байдаг. Үүнийг нээлттэй музей болгочихсон. Мөн чулуун зэвсгийн үеийн хамгийн эртний шүтлэг мөргөлийн газар болох Гөбеклитепе нь Туркэд байдаг. Ийм том дурсгалтай учир соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, түүнийг музей болгоход Турк их туршлагатай орон. Дэлхийн аялал жуулчлалын төв. Өнгөрсөн жил гэхэд 40 сая жуулчин хүлээж авлаа. Энэ жил 50 сая болгохоор зорьж байгаа юм билээ. Жуулчдын ихэнх нь түүх соёлын дурсгалтай танилцахаар Туркийг зорьдог. Хуучин дурсгалуудаа хэрхэн хадгалж хамгаалж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох вэ гэдэгт сэтгэл гаргаж ажилладаг орон. Тиймээс суралцах зүйл их бий.
-Түрэг судлалын хамтарсан хүрээлэн 2018 оноос Турк, Ираны эзэнт гүрний олдворуудыг олж илрүүлэхэд анхаарч эхэлсэн. Дараа нь Иранд судалгаа хийх үү?
-Энэ ондоо багтаад Турк дэх Монголын түүх дурсгалын зүйлсийн каталогийг эрдэм шинжилгээний нарийн тайлбартайгаар гаргана. Манай хүрээлэн Турк орон судлал дээр анхаарч ажиллахаар зорьж байна. Монголын түүхийн чухал дурсгалууд Туркийн нутаг дэвсгэрт байгаа. Үүнийг хамтран судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь хоёр улсын соёлын харилцаанд их ач холбогдолтой. Ирэх жил Иран дахь Монголын түүхтэй холбоотой дурсгалуудын жагсаалт каталогийг гаргахаар Ираны талтай яриа хэлэлцээр хийж байна. Ил хаант улсын түүхэнд хамаарах барилга, дурсгалуудын жагсаалт каталог гаргана. Үүний дараа Аладагийн ордон шиг тусгайлан сонирхсон хайгуул хийх болов уу. Цаашид Иран дахь Ил хаант улсын үеийн дурсгалуудыг судлахаас гадна Аладаг шиг шинэ дурсгалуудыг нээж илрүүлэх талаар зорьсон, хэлэлцэж байгаа олон асуудал, санаа байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (6870)