Наадмын онцлох шигтгээнүүд

2022-07-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.ЭНХБАТ

 

 

ДОМОГТ ДАРХАН АВАРГА Х.БАЯНМӨНХ ЗОДОГ ТАЙЛАВ

 

Энэ наадмын үзүүштэй, олны сонирхлыг татсан хэсэг бол дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслол байлаа.  Дархан аваргуудыг наадмын тавын даваанаас өмнө  зодог тайлах  ёслолыг хуульчилсны дагуу улсад 11 удаа, тэр дундаа 50, 60 жилийн тэгш ойд түрүүлсэн, хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх дархан аварга 100, 101 жилийн баяр наадмын  тавын даваанд шалгарсан 64 хүчтэнтэй хамт зодог шуудгаа өмсөн, зүүний магнайг тэргүүлэн гарч, цол гуншингаа  дуудуулан ёслол төгөлдөр зодог тайллаа. Баянмөнх аварга есөн хөлт тугандаа  мөргөн адис авч, 11 удаа түрүүлж наадамчин олноо баясгасан зүлэг ногоон дэвжээгээ үнсэж, зодгоо тайлан эвхэж, ач хүүдээ хадгалууллаа. Түүний хүү улсын гарьд Гантогтох, хүргэн хүү дархан аварга А.Сүхбат, зээ хүү аймгийн начин Хангай эхлэн, дархан аварга Батсуурь, Балжинням, Бүрэнтөгс, Мөнхбат нарын дөрвөн аваргаар залган, Хайдав, Ганбат арслан, Бат-Орших гарьд нарын Увс нутгийн хүчтэнүүд хадаг дэлгэн барьж Баянмөнх дархан аваргад хүндэтгэл үзүүллээ.

 

Г.ЭРХЭМБАЯР АВАРГА, АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ, ЗААН Д.АНАР НАР ҮНДЭСНИЙ БӨХ БОЛ ХҮН ЧАНАР, НӨХӨРЛӨЛ ГЭДГИЙГ ҮЛГЭРЛЭЛЭЭ

 

   Н.Түвшинбаярт зодуулж  амь насаа алдсан Булган аймгийн Энхбат начины дүүг Г.Эрхэмбаяр аварга улсын баяр наадмын тавын даваанд амлан авч, начны босго давуулан  талийгчийн аав, ээж, ах дүү, эхнэр хүүхдэд нь буян үйлдэв.

Тэгвэл анх удаа заан цолтой наадамд зодоглосон Д.Анар долоогийн даваанд багын анд, улсын начин Серикийг амлан заан цолны босгыг алхуулан, бөхийн хорхойтнууд,  Баян-Өлгийчүүдийн талархлыг хүлээлээ.

Харин улсад нэг түрүүлж , нэг бус удаа түрүүлэх бөхийн таамагт багтаж ирсэн улсын арслан Ц.Содномдорж улсын харцага Б.Орхонбаярыг тунаанаас гарган, улсын заан цолонд хүргэж, цаашдын замыг нь заслаа. Энэ бол  том цолтой бөхчүүдийн үлгэр дуурайл авмаар шийдвэр  байлаа.

 

А.СҮХБАТ АВАРГА НААДАМЧИН ОЛНЫГ "НУЛИМЛАА"

 

Сайн бөх,  зан аашийн хувьд авах юмгүй гэж  түүний тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь. Бөхийн шуудгын стандартыг зөрчсөн үйлдэл Сүхбатаас эхлэлтэй. Хуруу бэртээх зориулалттай шуудаг байна гэж тухайн үедээ бөхчүүд гомдоллодог байсан.  Ам мэхийг өрсөлдөгч Өсөхбаярт хэрэглэж, санаа сэтгэлийг нь өөр тийш нь холбируулан татах зуураа,   өрөлгүйгээр гэнэдүүлэн дайрч унагаснаас болж, Г.Өсөхбаяр түүнийг тийрсэн байдаг. Допингийн асуудал сөхөгдөж, түрүүлсэн, цол ахисан бөхчүүдийг допингийн шинжилгээнд оруулж эхэлсэн тэр цаг мөчөөс А.Сүхбат үндэсний бөхийг орхисон. А.Сүхбат аварга ид барилдах залуу насандаа  гэнэт зодог тайлж, наадамчин олныг гонсойлгосон.  Дархан аварга цолыг нь олгосон 2014 оны наадамд дахин зодоглож, Г.Өсөхбаяртай зүүний магнайг булаацалдсан. Тэр тэмцэлдээ ялж, улмаар Өсөхбаяр аваргыг амлаж таваа хангаж, цэнгэлдэхийг шуугиулснаа, өөрөө барилдалгүй тахимаа өгчихөөд одсон. Энэ жилийн наадмаар ч тэр дахин зодоглоно хэмээн хүлээлт үүсгэчихээд,  мөн л зүүний магнайг Г.Өсөхбаяр дархан аваргатай  булаацалдаж наадмыг 30 минутаар уяж, наадамчин олноор даажигнасан. Эцэст нь дахиад л зүлэг ногоон дэвжээндээ мөргөчихөөд, есөн хөлт төрийн тугнаас ч адис авалгүй одсон.

Барилдааныг яривал А.Сүхбатыг онцгойлно. Харин түүний хоёр дахь удаагаа наадамчин олны итгэлээр тоглож,  сэтгэл рүү нь "нулимсан" үйлдлийг бөхийн хорхойтнууд дэмжихгүй.  А.Сүхбат бол хувиа хичээгч, амиа бодогч төдийхөн аж.  Одоо бодохноо, тэр хүргэн ах Б.Гантогтохтойгоо хоёр удаа үзүүр түрүү булаацалдахдаа яагаад нэгэнд нь  өгч болоогүй юм бол оо гэж бодогдоно. Бөх бол нөхөрлөл, хүн чанарын шалгуур. Үүнийг А.Сүхбат давсангүй.

 

ДАРХАН АВАРГА, ДАЯН АВАРГА ТӨРӨХӨД ГАНЦ ДАВАА Л ДУТЛАА

 

Наадмын наймын давааны  зүүний магнайд Н.Батсуурь даян аварга, барууны магнайд П.Бүрэнтөгс аварга гарсан. Батсуурь даян аварга харцага Орхонбаярыг амласнаар, Бүрэнтөгс аварга харцага О.Хангайтай тунасан.

Хоёр аваргын хэн хэн нь  ес буюу нэмж нэг л  давсан бол цол ахих байв. Шинэ хуулиар Батсуурь үзүүрлэхэд дархан аварга, Бүрэнтөгс үзүүрлэхэд даян аварга цолын болзол хангах байлаа. Гэвч Н.Батсуурь буруу ам авч, барилдахдаа тооцоо алдсанаас болж, хойтон жилийн наадмыг хамтдаа хүлээх болов. Тэр барьцаар ааглан, Орхонбаярыг газар тулуулсан хэрнээ, түүний хөмрөөнд унав. Тэрхэн зуур давчихлаа  гэсэн  бодол нь түүнийг сэрэмж алдахад хүргэв. Нөгөө талд нь Хангай харцага Бүрэнтөгсийг өөрийнх нь үндсэн  мэхээр (шуудагны барьцнаас түрж хөөн, дотуур хутган) тэнцвэрийг нь алдагдуулан унагав. Бөх сонирхогчдын бодлоор бол Н.Батсуурь, П.Бүрэнтөгсийгөө амлах нь зөв байв. Тэгвэл хэн давсан нь цол ахих байсан. Гэтэл тэд хоёул үлдээд Бүрэнтөгс давж Увсад хоёр дархан аварга цолтон нэмнэ гэж бодсон юм болов уу. Энэ нь төөрөгдөл болсоон яах аргагүй.

 

ХАРЦАГУУД БУЮУ ХУУЧНААР ЧИМЭГТЭЙ НАЧИН ЦОЛТОНГУУД 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ҮЗҮҮР ТҮРҮҮ БУЛААЦАЛДАВ

 

Улсын начин, заан, арслан, аварга зэрэг цолонд ухаан орох цагаас  дассан учир  би дээрхи цолонд дуртай. Харцага, гарьд цол одоо хүртэл сэтгэлд нэг л буудаггүй. Нэг өдөр энэ цолыг бас буцааж хүчингүй болгох өдөр ирэх байх аа гэж найдна.

Минийхээр бол чимэгтэй начин цолтнууд 100, 101 жилийн давхар бөгөөд тэгш ойн баяр наадамд үзүүр, түрүү булаацалдсан. Ижил цолтой бөх ес, арвын даваанд өөр хоорондоо  учрах нь ховор. Балжинням аваргын түрүүлдэг жил л хоёр заан үлдэж байсныг санах юм. Энэ жилийн хувьд харцага буюу, чимэгтэй начин цолтонгууд дээгүүр барилдана гэдэг таамаг эртнээс явсан. Тэр ч биеллээ оллоо.

Жил бүр дээгүүр барилдах бөхчүүдийн наадмын тааварт бичигддэг Хангай энэ жил бөхийн хорхойтнуудын хүслийг биелүүллээ.

-Дан Ховдоор овоглож буй учир Хантайшир уул, ус гомдсон. Говь-Алтайгаар овогловол Хангай түрүүлнэ гэж хэн нэг нь айлдсан тухай яриа сүүлийн хоёр жил тэнүүчилсэн.  Энэ нь ч нөлөөлсөн байх. Хангай харцага, Ховдоосоо шууд татгалзаагүй ч, сүүлийн жилд  Говь-Алтайг өөрийн  намтартаа оруулж эхэлсэн.  Энэ нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Олон жил наадмын түрүү бөхийн таамагт нэрлэгдэж ирсэн О.Хангай харцага 32 насандаа улсын баяр наадамд анх удаагаа түрүүлж,  82  жилийн өмнө Ховд аймгаас түрүүлсэн Ванчинхүү арслангийн амжилтыг давуулав.

Үзүүрлэсэн Орхонбаярын хувьд, нутгийн аварга Эрхэмбаярын  яг 10 жилийн өмнөх  амжилтыг давтсан.

Тэдний өмнө гишгэж буй Батсуурь даян аварга 35,  Бүрэнтөгс аварга 34, Мөнхбат аварга 37 настай юм байна. Тэдний амжилтыг гүйцэж түрүүлэх боломж 32 настай О.Хангай аварга, 24 настай Б.Орхонбаяр арслан нарын хэн хэнд нь бий биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 136 (6868)

 

saikhan bichij
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин