“Японы түүхэн дэх хамгийн шилдэг Ерөнхий сайд”. Яагаад түүнд ийм их хайртай байсан бэ?

2022-07-12
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Долдугаар сарын 8-ны өглөө Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдсан хэрэг гарсан. Улстөрч эрх баригч намаас нэр дэвшигчийг дэмжсэн сурталчилгааны үеэр үг хэлж байтал араас нь түүн рүү гар хийцийн буугаар хоёр удаа буудсан байна. Ш.Абэ хүзүү, цээжиндээ шархадсан бөгөөд эмч нар чадах бүхнээ хийсэн боловч хэдхэн цагийн дараа нас баржээ. Ш.Абэ Японы түүхэн дэх бүх Ерөнхий сайд нараас илүү урт хугацаанд төрийн тэргүүний албан тушаалыг хэрхэн хашиж байсан, яагаад эх орондоо болон гадаадад түүнийг их хүндэлж хайрладаг байсан талаар эргэн дурсаж байна.

Удам дамжсан улстөрч

 

Японы Ерөнхий сайд Нобусуке Киши ач хүү Шинзо Абэгийн гараас хөтлөөд явж байна, 1957 он

Шинзо Абэгийн хувьд улс төрийн карьерт өлгийтэй байхаасаа бэлтгэгдсэн гэж хэлж болно. Түүний гэр бүлд эцэг эхийн аль аль талаасаа нөлөө бүхий улстөрчид болох парламентын гишүүн, сайд, тэр ч байтугай хоёр Ерөнхий сайд хүртэл байсан. Гэр бүлийн хэлхээ холбоо нь Японы улс төрийн "ханхүү"-д карьерын шат руу хурдан өгсөхөд тусалсан: тэрээр өөрийн эцэг, Гадаад хэргийн сайд Шинтаро Абэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлжээ.

 

Шинзо Абэ, Японы Ерөнхий сайд асан Жунитиро Коизүми, 2003 он

1993 онд Абэ Либерал ардчилсан намаас Японы парламентын Төлөөлөгчдийн танхимд сонгогдож, зургаан жилийн дараа тус намын Нийгмийн асуудал хариуцсан хэлтсийг толгойлжээ. 2000-2003 онд Ёоширо Мори, Жуничиро Коизүми нарын Засгийн газарт Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж, улмаар тус намын хамгийн нөлөө бүхий албан тушаал болох Японы Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.

Анх Ерөнхий сайд болсон нь

 

Ш.Абэ 2012 онд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа парламентад бөхийн ёсолж байна

2006 онд 52 настай Ш.Абэ Японы Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдож, тус улсын түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын тэргүүн болж, жирийн парламентчаас хамгийн өндөр албан тушаалд хүрэх замыг ердөө 13 жилийн дотор туулж чадсан юм. Түүний эхний бүрэн эрхийн хугацаа бүтсэнгүй. Эхлээд эрх баригч нам парламентын сонгуульд туйлын амжилтгүй оролцож, дараа нь Хөдөө аж ахуйн сайд Тошикацу Мацуока авлигын дуулианы улмаас амиа хорлосон юм. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Т.Мацуокагийн залгамжлагчийг мөн авлигын хэрэгт буруутгав. 2007 оны наймдугаар сард Ш.Абэ шинэ танхимаа томилсон ч дараагийн сард нь огцрохоос өөр аргагүйд хүрчээ. Улстөрч бүдүүн гэдэсний үрэвслээр өвчилсөн ба өвчний хурцадмал байдал нь түүнд үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх боломжийг олгосонгүй.

Улс төрийн рекорд эзэмшигч

 

Ш.Абэ 2012 оны сонгуулиар парламентад сонгогдсон намын гишүүдийг тоолж байна

Ш.Абэг явснаар Японд эргэдэг хаалганы эрин гэж нэрлэгддэг Ерөнхий сайд нарыг томилох, огцруулах цуврал ажил эхэлсэн. 2006-2012 онд тус улс зургаан Засгийн газрын тэргүүнтэй байсан. Харин 2012 онд Ш.Абэ дахин Ерөнхий сайд болж, энэ албан тушаалыг найман жил хашсан. Улс төрийн тогтвортой байдлыг авчираад зогсохгүй Японы түүхэнд хамгийн удаан энэ албыг хашсан хүн болжээ.

Ш.Абэгийн “гурван сум”

 

Ш.Абэ 2019 оны тэмцээнд түрүүлсэн сүмоч Асаноямад цом гардуулав

Ерөнхий сайдын хувьд Ш.Абэ олон жилийн турш зогсонги байдалд орсон Японы эдийн засгийг сэргээх зорилтыг өөртөө тавьсан. Тэрбээр эдийн засгийн хямралын талаар "гурван сум" гаргахаар шийджээ. Нэгдүгээрт, дефляцийг даван туулахын тулд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх. Хоёрдугаарт, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгох, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж төсвийн хөрөнгө гаргах, мөн аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах. Эцэст нь Японы эдийн засгийн урт хугацааны хөгжлийг хангах, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн бүтцийн шинэчлэл юм. Ерөнхий сайдын хийсэн шинэчлэлийг Абэномик гэж нэрлэжээ. Экспортын өсөлт, ажилгүйдэл буурсан ч Ш.Абэгийн “сум” зорилгодоо бүрэн хүрч чадаагүй бөгөөд 2020 он гэхэд ДНБ-ийг 600 их наяд иен болгох зорилт биелэгдээгүй хэвээр байв.

Барууны үзэл бодол

 

Шинзо Абэ амиа алдсан Японы дайчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд Ясукуни сүмд зочилжээ

Ш.Абэ үндсэрхэг үзлээ хэзээ ч нууж байгаагүй. Тэрбээр японууд дэлхийн II дайнд амь үрэгдсэн дайчдын сүнсийг тахидаг Ясукуни сүмд байнга очдог байв. Үүнээс гадна дэлхийн II дайны үед Японы цэргүүд солонгос эмэгтэйчүүдийг секс боол болгон ашиглаж байсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байсан.

Ш.Абегийн улс төрийн гол амбицын нэг нь Япон улсын үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд тус улсыг дайнд оролцох, зэвсэгт хүчин байгуулахыг хориглосон энх тайванч үзэлтэй заалтад өөрчлөлт оруулах явдал байв. Япон улс мэдээж дэлхийд тавдугаарт ордог өөрийгөө хамгаалах хүчинтэй бөгөөд АНУ Азийн холбоотонгоо хамгаалахаа амласан байдаг. Гэвч Ш.Абэ тус улсад өөрийн гэсэн бүрэн арми хэрэгтэй гэдэгт итгэлтэй байв.

Ингэхийн тулд түүнд парламентын хоёр танхимын депутатуудын гуравны хоёрын санал, мөн бүх нийтийн санал асуулгаар тус улсын хүн амын дийлэнх нь дэмжлэг авах шаардлагатай. Гэвч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туйлын хэцүү. Дэлхийн II дайнд ялагдаж, цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Японд энх тайванч үзэл ноёрхож байв. Ш.Абегийн засгийн газар зөвхөн  9 дүгээр зүйлийн тайлбарыг өөрчлөж чадсан. Ойр дотны түншүүдийн аль нэг нь халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах хүчийг хамтын хамгаалалтад ашиглахыг зөвшөөрөх.

Гадаадын удирдагчдын хүндлэлийг хүлээсэн

 

Шинзо Абэ, Барак Обама нар Хирошимад цөмийн бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол дээр

 

Түүний өмнөх үеийнхээс ялгаатай нь Ш.Абэ жинхэнэ харизматик удирдагч болж чадсан. Сонсогчдын анхаарлыг маш амархан татаж, өөрийн санааг илэрхийлэхийн тулд маш тод, гоёмсог үгсийг сонгож чаддаг байв. Түүний чанарыг гадаадад ч үнэлдэг байсан. Тэр бараг бүх гадаадын удирдагчидтай эвээ олж чадсан. Тэр ялангуяа АНУ-ын ерөнхийлөгчид болох Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп нартай сайн харьцаатай байсан. 2016 онд Ш.Абэ Б.Обамаг үнэхээр түүхэн алхам хийхэд хүргэсэн. Америкийн удирдагч АНУ-ын түүхэнд анх удаа Хирошимад очиж, цөмийн бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн юм.

 

Шинзо Абэ, Дональд Трамп нар Токиод оройн зоог барьж байхдаа, 2019 он

Шинзо Абэ Дональд Трамптай хүртэл таарч байсан бөгөөд Америкийн экс Ерөнхийлөгч Азийн холбоотнууддаа нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэвч Японы төрийн тэргүүнтэй тогтмол дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, 2019 оны тавдугаар сард шинэ эзэн хаан ширээнд сууж, Рейвагийн шинэ эрин эхэлснээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Японд айлчилсан анхны гадаад удирдагч болсон юм. Шинзо Абэ зочноо дайлах гэж хамаг чадлаараа хичээсэн. Тэд гольф тоглож, хамтарсан сельфигээ нийтэлж байлаа. Д.Трамп сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд зочилж, түрүүлсэн бөхөд цомыг нь гардуулжээ. Тэгээд өдрийн хоолондоо Америкийн удирдагчийг Д.Трампын айлчлалын өмнөхөн буюу 2003 оноос хойш анх удаагаа Японд нийлүүлж эхэлсэн Америкт үйлдвэрлэсэн үхрийн махтай давхар чизбургерээр дайлсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалдаа маш их баяртай байсан бөгөөд мөн оны арваннэгдүгээр сард Осака хотноо болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр сүмогийн аварга шалгаруулах тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн 2020 онд тэрээр Ш.Абэ бол "Японы түүхэн дэх хамгийн шилдэг Ерөнхий сайд" гэж хэлсэн байдаг.

"Эрхэм найз Владимир"

 

2013 онд Кремльд В.Путин, Ш.Абэ нар яриа хэлэлцээний үеэр

Шинзо Абэ мөн Владимир Путинд хандах арга замыг олж чаджээ. Тэрбээр Ерөнхий сайдаар найман жил ажиллахдаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй 27 удаа уулзсан нь дээд амжилт юм. Удирдагчид бие биедээ “чи” гэж ханддаг, жүдо бөхийн тэмцээнд хамтдаа оролцож, хувийн дулаан харилцаагаа ерөнхийд нь хадгалж чадсан.

Японы Ерөнхий сайд Оросын талаар нэлээд прагматик бодлого баримталж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан. 2016 онд тэрээр В.Путинд эдийн засгийн хамтын ажиллагааны найман заалт бүхий төлөвлөгөөг танилцуулсан: эрүүл мэнд, хот төлөвлөлт, жижиг дунд бизнес, эрчим хүч, Оросын аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэх, Оросын Алс Дорнодод экспортын бааз бий болгох, дэвшилтэт технологи, хүмүүнлэгийн солилцоо.

Тэр жилдээ Ш.Абэ Оросын удирдагчийг өөрийн төрөлх нутаг болох Ямагата мужийн Нагато хэмээх жижиг хотод урьсан юм. В.Путинд энэ аялал таалагдсан. “Өнөөдөр маш үзэсгэлэнтэй, өглөө цас ороод, үлгэрийн юм шиг уур амьсгалтай байлаа. Мөн тус хотын оршин суугчдад халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье” гэж Ш.Абэтэй хийсэн яриа хэлэлцээний үеэр В.Путин хэлжээ.

Нутаг дэвсгэрийн амбиц

 

Шинзо Абэ сакура цэцгийн хүлээн авалт дээр

Ерөнхий сайд байх хугацаандаа Ш.Абэ Оростой энхийн гэрээ байгуулж, Курилын өмнөд хэсэг болох Итуруп, Кунашир, Шикотан арлууд болон Хабомай бүлэглэлийн нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэхийг тууштай эрэлхийлсэн. 2018 онд тэрээр тодорхой ахиц дэвшил гаргаж чадсан. Япон, Оросын удирдагчид 1956 оны Зөвлөлт-Японы тунхаглалд үндэслэн хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцов. Энэхүү баримт бичиг нь энхийн гэрээ байгуулсны дараа Шикотан арал болон Хабомайн арлыг Токиод шилжүүлэхийг сайн санааны илэрхийлэл гэж үзсэн. "Владимир, чи бид хоёр ижил ирээдүйг харж байна. Оросын залуучуудын төлөө урагшаа алхая. Ирээдүй гарт нь байгаа Япончуудын төлөө.  Түүхийг хамтдаа бүтээцгээе" гэж Ш.Абэ Владивосток дахь сүүлчийн хувийн уулзалтынхаа үеэр В.Путинд хандан уриалга гаргажээ. Гэвч тэд түүхийг бүтээж чадсангүй. Оросын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Оросын нутаг дэвсгэрийг эзэмшиж авахыг хориглосон юм. Үүний дараа гацсан хэлэлцээ эцэст нь мухардмал байдалд хүрсэн. Украйн дахь байлдааны ажиллагааны улмаас Япон Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Москва энхийн хэлэлцээнээс дангаараа гарчээ.

Марио олимпийн тамирчин

 

Шинзо Абэ Рио-де-Жанейрогийн олимпийн хаалтын ёслолын үеэр Мариогийн дүрд

Ш.Абэгийн бас нэг чухал амжилт бол Токиогийн зуны олимпийг зохион байгуулах эрхийг авсан явдал юм. Рио-де-Жанейрогийн олимпийн хаалтын ёслол дээр Японы ерөнхий сайд домогт "Супер Марио" видео тоглоомын баатрын дүрээр гарч ирэв. Абэ Токиогийн наадмыг аль эко хийхийг хүссэн. Медалиудыг Японы иргэдийн хандивласан дахин боловсруулсан электрон бараагаар, Олимпийн тосгоны орыг дахин боловсруулсан картоноор хийсэн.

Коронавирусын цохилт

 

Ш.Абэ 2020 онд Ерөнхий сайдын өрөөнд ирэхдээ амны хаалтаа тайлж байна

 

Харамсалтай нь коронавирусын тахлын улмаас Японы эрх баригчид Олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулахад хүрэв. Вирус Хятадын дараа Японд түрүүлж тархан, орон даяар хурдан түгжээ. 2020 оны хоёрдугаар сарын эхээр Diamond Princess аялалын хөлөг онгоц SARS CoV-2 тээж, Японы Йокохама боомтод гацсан байна. Олон зуун хүмүүс хөлөгт хэдэн долоо хоног түгжигдсэн. Тэдний тусгаарлагдсан байдал нь дэлхийн хөл хорионы дохио болов. Абегийн Засгийн газар коронавирусын тархалтын эсрэг тэмцэлд бүтэлгүйтсэн нь түүний рейтингийг хамгийн доод хэмжээнд хүртэл унагахад хүргэсэн.

 

Ш.Абэ 2015 оны парламентын чуулган дээр

Шинзо Абе Токиогийн олимпыг хүлээж чадсангүй. 2020 оны наймдугаар сард улстөрч эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрохоос өөр аргагүй болсон. "Японы ард түмний бүх дэмжлэгийг үл харгалзан бүрэн эрхийнхээ хугацаа дуусахад бүтэн жилийн хугацаа үлдсэн ч би ажилаа өгч байгаадаа үнэхээр уучлалт гуйж байна" гэж нулимсаа барьж ядан хэлсэн билээ.

Нара дахь аллага

 

Токиогийн гудамжны дэлгэцнээс Ш.Абэ нас барсан тухай мэдээг хүмүүс уншиж байна

2022 оны долдугаар сарын 8-ны өглөө Шинзо Абэ Нара хотод сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр үг хэлэв. Тус улсад ням гарагт парламентын сонгууль болох байсан бөгөөд нөлөө бүхий улстөрч намынхаа нэр дэвшигчийг дэмжихээр ирсэн юм. Өмнө нь Японы өөрийгөө хамгаалах хүчинд алба хааж байсан 41 настай Тэцуя Ямагами Ш.Абэгийн араас гар хийцийн буугаар хоёр удаа буудсан байна. Түүний биеийн байдал хүнд байсан тул орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар түүний амьдралын төлөө хэдэн цаг тэмцсэн байна. Шинзо Абэ орон нутгийн цагаар 17:03 үед цус алдсаны улмаас эрчимт эмчилгээний явцад нас баржээ. Түүнийг нас барахын өмнөхөн эхнэр Акиэ нь Токиогоос эмнэлэгт иржээ. Одоогийн болон хуучин дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж, хэд хэдэн оронд үндэсний гашуудал зарласан билээ.

Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Японы улс төрийн зүтгэлтнийг  2022 оны долдугаар сарын 11-нд  сүүлчийн замд нь үдлээ.

www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

21 цаг 54 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 33 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин