Б.ДОЛЖИНЖАВ
Германд зургадугаар сарын 26-28-нд гурван өдрийн турш хуралдсан дэлхийн хамгийн баян долоон орон гэгддэг “Их-7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Орос Украины хооронд үүссэн хурцадмал байдал болон эрчим хүчний үнийн өсөлтөөс олох ашгийг хязгаарлахад чиглэж байв.
Тухайлбал, тэд уулзалтынхаа хоёр дахь өдөр Украиныг эцсээ хүртэл дэмжихээ амлалаа. Мөн дэлхийн эдийн засгийн хямрал, вакцины тэгш бус хүртээмж, уур амьсгалын өөрчлөлт гэсэн тулгамдаж байгаа чухал олон асуудлыг хэлэлцжээ. Энэ хүрээнд “Их-7”-гийн уулзалтын эргэн тойрон дахь онцлох мэдээллийг тоймлон хүргэе.
“Томоохон сорилтуудын өмнө хүлээх хариуцлагаа сулруулахгүй”
Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг долоон орны удирдагчид жил бүр чуулж, бөмбөрцгийн аюулгүй байдал, эдийн засаг, уур амьсгалын нөхцөл байдлын талаар хэлэлцдэг. Энэ жилийн уулзалтад Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Германы канцлер Олаф Шольц, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхийлөгч Марио Драги, Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Америкийн ерөнхийлөгч Жо Байден нар оролцлоо. Тэд Аргентин, Энэтхэг, Индонез, Сенегал, Өмнөд Африкийн орны удирдагчдыг урьжээ. Энэ үеэр Германы канцлер Олаф Шольц “Украинд хурцадмал байсан үүссэн ч “Их-7”-гийн орнууд цар тахал болоод уур амьсгалын өөрчлөлт гэсэн дэлхийд тулгарч байгаа сорилтуудын өмнө хүлээх хариуцлагаа сулруулахгүй” гэж ярьсан байна.
Олон улсын хямралын бүлгийн АНУ-ын хөтөлбөрийн захирал Майкл Ханна “Хоёр орны хурцадмал байдал удаан хугацаанд үргэлжлэх тул найдвартай хариу арга хэмжээ, эв нэгдэл чухал байна. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засгийг сэргээх оновчтой арга хэмжээг боловсруулахад онцгой их ач холбогдолтой. Цар тахлын улмаас үүдсэн эдийн засгийн дарамт, инфляцийн хэмжээ нэмэгдсэн нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн” гэж “Time.com” сайтад ярьжээ.
Үүнээс гадна олон улсад үүссэн хоёр орны нөхцөл байдал нь дэлхийн эдийн засагт томоохон цочрол өгсөн юм. Украин нь хүнсний ногоо, үр тарианы дэлхийн хамгийн том нийлүүлэгч орон учир хүнсний үнэд хамгийн их сөргөөр нөлөөлсөн байна. Тодруулбал, нийлүүлэлт гацсан нь хүнсний үнэ нэмэгдэх суурь шалтгаан болсон юм. Тиймээс “Их-7”-гийн орнууд бүх улсыг хөдөө аж ахуйн зах зээлээ өргөтгөж, хүнсний бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээгээр үйлдвэрлэн экспортлохыг уриаллаа. Мөн Украинд үүссэн хурцадмал асуудлаас үүдэн хоол хүнсний хомсдолд өртсөн улсуудад туслахаа илэрхийлжээ. Хоёр орны хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаах нь “Их-7”-гийн томоохон зорилт болоод байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож энэ он дуусахаас өмнө бүх зүйлийг дуусгахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс гадна COVID-19 халдварыг нийтээрээ ялахын тулд энэ оны дунд үе гэхэд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг нийт хүн амын 70 хувьд хүргэхээр зорьж байгаа ДЭМБ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа “Их-7”-гийн удирдагчид илэрхийллээ.
Хүнсний аюулгүй байдалд таван тэрбум доллар хандивлана
“Их-7”-гийн удирдагчид дэлхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. Энэ нь хоёр орны хурцадмал байдлаас үүдэн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа 47 оронд туслахад зарцуулагдана гэж АНУ-ын албаны хүн “Aljazeera”-д ярьжээ. Нийт төсвийн тал хувь буюу 2.5 тэрбум ам.долларыг Америк гаргана гэдгээ уулзалтын сүүлийн өдөр зарлав. Үүнээс гадна “Их-7” Оросын нефтийн үнийг хязгаарлах хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдээд байна. ОХУ-ын нефтийг тээвэрлэхэд шаардагдах даатгал болон бусад үйлчилгээнд хориг тавих замаар дээд хязгаарыг хэрэгжүүлэх боломжтой гэж АНУ санал болгожээ.
Дээрх орнуудын хэлэлцэх асуудлын жагсаалтад дэлхий дэх Бээжингийн нөлөөг өргөжүүлэх зорилготой хөгжиж буй орнууд дахь Хятадын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг эсэргүүцэх гэсэн сэдэв багтжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ойрын хугацаанд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа талаар Цагаан ордны Аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан мэдэгдэв. Ардчилсан, хөгжингүй орнуудын бүлэг "Их-7" болон Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/ Хятадын үүсгэж буй сорилтуудыг хэлэлцсэн билээ. "Их-7"-гийн бүлэг Хятадын эдийн засгийн харилцаа бус, өр, хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагааг хөндөн ярилцсан байна.
Эх сурвалж:CNN, Time.com, Aljazeera