Б.Баярцэнгэл: II Элизабетийн төр барьсан 70 жилээс гадна англичууд өөрчлөлтөө эргэж харах цаг үе тохиож байна

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

С.УЯНГА

Дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу 70 жил хаан ширээнд суусан Их Британийн хатан хаан II Элизабетийн цагаан алтан ой энэ өдрүүдэд  тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач  Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.

 

-Их Британийн хатан хаан II Элизабет хаан сэнтийд заларсны цагаан алтан ойн баяр дөрвөн өдөр үргэлжилж, орон даяар 200 мянга гаруй арга хэмжээ зохион байгуулж, тэрбум үзэгчийг татлаа гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Судлаачийн хувьд эл үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Английн цог жавхлант хатан хаан II Элизабетийн төр барьсны 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ бол хатан хаан гэх хувь хүнийх нь хувьд ч мөн нийт британичуудын тухайд ч түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм. 70 жил гэдэг хүний амьдралын мөчлөгөөр харвал туулж өнгөрүүлсэн өөрчлөлт, олон улсын харилцаанд ч онцгой цаг хугацаа яалтчгүй мөн. II Элизабет гадаадад аялаж явахдаа 1952 онд түүнийг дараагийн хатан хаан болсон мэдээг дуулгасан байдаг.

Тухайн үед хатан хааны ёслолын ажиллагааг зурагтаар дамжуулах эсэх талаар асуудлыг тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль хөндөж хаан ширээг залгамжлах ёслол нарийн дэг жаягтай, нууц маягийн зүйл байдаг хэмээн үзэж тухайн үеийн технологийн дэвшил болж байсан зурагтаар олон нийтэд шууд дамжуулах нь таатай хандаагүй түүхтэй. Гэтэл тэр үеэс хойш төр барьж эхэлсэн цаг хугацааг 70 жилийн дараах хөгжил, мэдээллийн технологийн хувьсалтай харьцуулахад том шинэчлэл давалгаа болсон цаг үе болжээ. Үүнийг дагасан нийгмийн ойлголт, харах өнцөг, олон улсын харилцааны нөхцөл байдал ч өөрчлөгдсөн Х зуун, XXI зууныг дамнасан чухал цаг үе юм. Зөвхөн дэвшил ч бус энэ цаг хугацаанд олон сорилт бэрхшээл олон улсын харилцаанд ч, Их Британийн хаант засаглалд ч тулгарч байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс хатан хааны төр барьсан ойгоос гадна Их Британичууд өнгөрсөн 70 жилээ эргэж харж буй цаг үе тохиож байна.

II Элизабет: Олон жил өнгөрсөн  ч энэ онцгой мэдрэмжийг мартахгүй

Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээ залгамжилсны 70 жилийн  ой болох "Platinum Jubilee" энэ сарын 6-нд тохиов. Энэ баярыг тус улс энэ сарын 2-5-нд дөрвөн өдрийн турш тэмдэглэлээ. Түүхэн ойг тохиолдуулан хүргэсэн хатан II Элизабетын мэндчилгээг “royal.uk”-аас орчуулан хүргэж байна.

Тэрбээр “Хатан хаанаар өргөмжлөгдсөний 70 жилийн ойн “Platinum Jubilee” баярыг минь тэмдэглэж байгаа гэр бүл, хөрш, Их Британи болон хамтын нөхөрлөлийн орны иргэддээ бүгдэд нь баярлалаа. Түүхэн энэ өдрөөр мартагдашгүй олон сайхан дурсамжийг бүтээх нь тодорхой. Сүүлийн 70 жилийн амьдралаа эргэн бодох боломжийг эдгээр өдөр надад олголоо. Та бүхний намайг гэсэн сайхан сэтгэл үргэлж урам зориг өгөхийн чацуу ирээдүйг ч  ийм гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна. Хатан хааныхаа 70 жилийн ойг манай улс анх удаа тэмдэглэж байгаа учир баярын хөтөлбөр байсангүй. Гэвч олон мянган хүн гудамжинд цугларч, баярыг минь тэмдэглэсэн нь үнэхээр их догдлуулав. Би ёслол бүрт оролцоогүй ч зүрх сэтгэлээрээ дандаа цуг байж, гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр чадлынхаа хэрээр та бүхэндээ үйлчлэхийг хичээлээ. Та бүхний сайхан сэтгэл, баяр хөөрийг сүүлийн өдрүүдэд би илүүтэйгээр мэдэрлээ. Олон жил өнгөрсөн  ч энэ онцгой мэдрэмжийг би мартахгүй. Бүгдэд  хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ.

II Элизабет 25 настай хатан хаан болж байсан бол 96 насандаа төр улсаа төлөөлсөөр байгаа нь гайхалтай. XXI, ХХ зууны эхэн үеийг дамнан төр барьсан Викториа хатан хаан 60 орчим жил хатан хаанаар заларсан бол II Элизабет ХХ зуун, XXI  зууныг дамнан 70 жил төр барьж буй нь түүнийг Их Британийн түүхэнд хамгийн олон жил хатан хаанаар заларсан түүхэн амжилтын эзэн болгож байгаа юм. Мөн Их Британийн хаан угсааны гэр бүлийнхээ хамгийн ахмад гишүүн нь болохын сацуу, ээж, эмээ, өндөр эмээгийн гэр бүлийн үүргийг гүйцэтгэж байгаа маш чухал оролцоотой, хүчирхэг эмэгтэй билээ.

Хаан ширээнд суух хугацаандаа II Элизабет 100 гаруй улсад айлчилж, 21 мянга гаруй үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр 4000 хуульд хатан хааны зөвшөөрлийг өгч, Лондонд төрийн айлчлал хийхээр ирсэн дэлхийн 112 гаруй удирдагчийг хүлээн авсан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Хатан хаан болон түүний гэр бүлийн гишүүн байна гэдэг нь олны нэр нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын хамгийн тэргүүнд байдаг учраас цаг ямагт олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний анхаарлын төвд байсаар ирсэн. Товчдоо хатан хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг нь маш хариуцлагатай амьдрал болж байдаг.

Хатан хааны ойг тэмдэглэхэд хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа явагдлаа. Уламжлалт үндсэн ёслолоос гадна Их Британийн ард түмэн олон нийтэд хандсан соёл урлагийн үйл ажиллагаа. Гуравт олон улсын төлөөлөгчдийг оролцуулсан дипломат ёслол, арга хэмжээнүүд байдаг. Уламжлалт ёслолын хамгийн том нь хатан хааны төрсөн өдөрт зориулж жил бүрийн зургадугаар сард болдог торгон цэргийн явган болон морьт хороодын сүрт жагсаалт буюу “Trooping the colour” байдаг. Хатан хааныг хамгаалж, цэргийн үүргийг ч биелүүлж байдаг алдарт улаан хувцас, баавгайн үсэн малгайгаар гоёсон байдаг торгон цэрэг нь явган цэргийн дөрвөн хороо, морьт цэргийн хоёр хорооноос бүрдэх бөгөөд энэ дунд 1600-гаад оны үеэс үүрэг гүйцэтгэж ирсэн Их Британийн армийн хамгийн ахмад хороодууд багтаж байдаг. Торгон цэргийн эдгээр хороод жил бүрийн зургадугаар сард хатан хаанд зориулсан сүрт жагсаал хийдэг нь Их Британийн цэргийн хамгийн том ёслол болдог. Хатан хааны гэр бүлд цэрэгт алба хаасан хүмүүс цөөнгүй бий. Цэргийн албыг хаадаг бичигдээгүй уламжлал байдаг. Хатан хаан өөрөө ч дэлхийн II дайны үед угсаа залгамжлах гүнж байхдаа армийн туслах албанд алба хааж байсан байдаг. Мөн ханхүү Уильям цэргийн нисдэг тэрэгний нисгэгч байсан. Угсаа залгамжлах ханхүү Чарльз тэнгисийн цэрэгт алба хаасан зэрэг олон жишээг дурдаж болно.

Лондон хотноо Букингемийн ордны өмнө Жорж хааны ээждээ зориулж бариулсан Викториа хатан хааны хөшөөний дэргэд урлаг соёлын тоглолт тусгай тэмдэглэлт ойгоор болдог. Энэ жил ч нижгэр зохион байгуулагдсан. 1911 онд дээрх хөшөө ихэд таалагдсан учир Жорж хаан уран барималчийг нээлтэн дээр нь хөлөг баатар цолоор шагнасан түүхтэй. Баярыг тохиолдуулан хүмүүст хэргэм зэрэг олгодог мөн л олны анхаарлыг татаж байдаг. Гэхдээ 96 настай хатан хаан энэ бүх үйл ажиллагаанд оролцоно гэдэг амаргүй байж мэдэх ч чухал тэмдэглэлт ёслолын арга хэмжээ бүрт оролцож байгаа нь бахархам юм. Баярын үйл ажиллагааны хамгийн онцлог зүйл нь хатан хааны гэр бүлийн хамгийн залуу, шинэ гишүүд ахмад гишүүдийн хамтаар Букингемийн ордны тагтан дээрээс ард түмэнтэйгээ мэндчилсэн явдал байв. Агаарын цэргийн нисэх онгоцны сүрт жагсаалыг үзэж сонирхсоны дараа ордны өмнөх өргөн чөлөөнд цугласан хүмүүс рүү гар даллан мэндэлсэн дээрх явдал нь хатан хааны гэр бүлийн хамгийн ахмад болон залуу гишүүд зэрэгцэн зогсож хаан ширээг залгамжлах залуу халааг олон нийтэд үзүүлсэн нь билэгшээлтэй явдал байсан гэж үзэж болно.

-II Элизабет Их Британийн гол бэлгэ тэмдэг. Хатан хаан сорилт бэрхшээлийг үргэлж нэр төртэй даван туулж, үндэстний жинхэнэ удирдагч мөн гэдэгт эргэлзэх хором ч үлдээгээгүй гэж шинжээчид дүгнэсэн байна лээ?

-II Элизабетийн амьдралын түүх гэхээсээ илүү олон улсын нөхцөл байдал ямар их нугачаа, бэрхшээлийг өнгөрсөн 70 жилд туулж ирсэн нь эдгээр өдрүүдэд улам мэдрэгдэж байна. АНУ-ын ерөнхийлөгч гэхэд л 70 жилд олон удаа солигдож, олон өөр үеийг өнгөрөөснийг харвал сонирхолтой дүр зураг гарч ирэх нь дамжиггүй. II Элизабет хатан хаан төр барих хугацаандаа дэлхийн II дайн, хүйтэн дайны он жилүүд, үе үеийн эдийн засгийн хүндрэл, хямралууд гээд олон сорилттой нүүр тулсан ч энэ бүх хугацаанд ард түмнийхээ тулах цэг, бэлгэ тэмдэг нь байж чаджээ гэж хэлж болно.

Дүгнээд хэлбэл хатан хаан цаг үе өөчлөгдөж байсан ч тухайлбал, Их Британи колонийн их гүрнээс өнөөгийн эдийн засаг, улс төр, хамтын ажиллагаанд тулгуурласан Европын нөлөө бүхий орон болж өөрчлөгдсөн өөрчлөлтийг ажралгүй туулж Английн олон мянган жилийн түүхт, төрийн систем, хаант институцийг ганхуулахгүй хадгалж үлдэхийн тулд маш том хариуцлагыг нуруундаа үүрч ирснийг 70 жилийн төр барьсан түүх бэлхэнээ харуулна.

-Хааны гэр бүлд гарсан дуулианы дараа тус улсад хаант ёсыг эсэргүүцэх хандлага цухалзаж ирсэн. Хамгийн сүүлд Австралийн шинэ ерөнхий сайд Энтони Албанез эрхэмсэг хатан хааныг төрийн тэргүүний суудлаас огцруулж магадгүй гэсэн таамаглал гарлаа?

-Хатан хаантай холбоотойгоор маргаан байдлаар цухас гарч ирдэг нэг зүйл нь бүгд найрамдах засаглал. Англи үндсэн хуульт хаан засаглалтай учраас хааны удмынхны гүйцэтгэх гол үүрэг нь ихэвчлэн ёслолын шинж чанартай байдаг. Тэр дунд парламентыг нээж, хаах үүрэг бий. Гэхдээ улс төрийн шийдвэр гаргах үйл хэрэгт оролцдоггүй. Албан тушаал биш үүрэг хариуцлага шаардсан бэлгэдлийн чанартай учраас төрийн бодлогоос хол байдаг. Энэ утгаараа хааны гэр бүлийнхэн олны дунд үлгэр дууриал үзүүлэх чухал үүрэгтэй байдаг. Тэр дундаа хатан хаан II Элизабетийн өдөр тутмын үйл хэргийг сийрүүлсэн бүтээлүүдээс харахад ямар завгүй, өндөр ачаалалтай ажилладаг нь тодхон харагддаг. Хатан хаан байнгын уулзалт хүлээн авалт, үйл ажиллагаанд оролцож байх ёстой төдийгүй ингэхдээ биеэ авч явах хэм хэмжээ, үлгэр дууриаллыг өндөр түвшинд авч явж, олон нийтийн хүлээлт дунд амьдардаг нь хувь хүний сахилга бат, уйгагүй шинж чанар, тэвчээрийг харуулж байна гэж дүгнэдэг.

Их Британи колонийн эзэнт гүрнээс задарч үлдэхдээ хамтын нөхөрлөлийн орнуудын байгууллагыг хадгалж үлдсэн билээ. Тухайн улс орнууд Ерөнхий сайдаа дотоодоосоо томилдог ч төрийн дээд тэргүүн нь хатан хаан байдаг. Ийм системгүй ч хамтын нөхөрлөлд багтаж байгаа орнууд ч бий. Хамтын нөхөрлөлийн орнуудад хаант засаглалыг халъя гэсэн санаа үе үе цухалзаж байдаг. Таны дурдсан Австралийн кейс ч гэнэтийн эсвэл цочимог зүйл биш гэж үзэж байна. Хамтын нөхөрлөлийн орнууд дунд Австрали, Канадад хатан хаанаас олгодог язгууртны уламжлалт хэргэм зэргийг халах, бүр Английн системээс холдож шинэ бүтэц бий болгох тухай санааг ч зарим улс төрийн хүчин санаачилж л байдаг. Гэхдээ энэ асуудал Их Британи Европын холбооноос гарсантай ижил хэмжээний чухал, хүчтэй яригдаж байна уу гэдэг өөр зүйл. Хамгийн ойрын хугацаанд Карибын тэнгисийн Барбадос улс бүгд найрамдах засаглалтай болсон нь үнэн ч энэ нь бусад улс мөн ийм замналаар замнана гэсэн үг ерөөсөө биш юм.

-Хаант засаглалыг халах хэмжээний үйл явдал өрнөх боломжтой юу. Засгийн газар дангаараа шийдвэр гаргахгүй байх. Ард түмнээсээ асуух уу?

-Их Британийн хатан хаан II Элизабет нь Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын арлууд тэргүүтэй 15 улсын төрийн тэргүүн юм. Тэдгээрийн нийт хүн ам нь 130 сая орчим юм. Гэхдээ дээр дурдсанчлан хатан хаан бодит байдал дээр эдгээр орны улс төрийн асуудалд оролцдоггүй. 

1999 онд Австралид үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга болсон. Тухайн үед иргэдээс одоо байгаа Үндсэн хуульд хаант засаглалт системээ хадгалах эсвэл Бүгд найрамдах улс болох гэж санал асуухад ихэнх нь бүгд найрамдах улс болохыг дэмжээгүй юм. Австралийн үе үеийн Засгийн газарт ийм зүйл яригдаж, янз бүрийн байр суурь илэрхийлж байдаг нь хэвийн асуудал гэж харж байна. Харин 1999 оных шиг санал асуулгын түвшинд очно гэж би хувьдаа бодохгүй байна. Санал асуулаа гэхэд улс орны бүтэцтэй холбоотой томоохон шийдвэр учраас иргэд дэмжих үү, үгүй юу гэдэг зүйл гарах бөгөөд ийм тохиолдолд үр дүнг тааварлахад бэрх. Хатан хааны хувьд улс орнуудын дотоод хэрэгт оролцохгүй. Ялангуяа санал асуулгатай холбогдуулж сурталчилгааны ажил хийдэггүй гэдгийг нь онцлох хэрэгтэй. II Элизабет 1952 онд Австралид айлчилж явахад хатан хаан болсон мэдээ сонссон байдаг. Одоогоор бол Австралийн шинэ ерөнхий сайдын мэдэгдэл хүчээ авч, олон нийт дэмжих, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа зүйл ажиглагдахгүй байна.

-Дараагийн өв залгамжлагч аль хэдийнэ тодорсон байх?

-Английн хаан ширээний угсаа залгамжлах тухай дэг журам нь олон зуун жилийн турш баримталж ирсэн ёс журам, хэм хэмжээнд захирагдаж ирсэн. Хааны гэр бүлийн гишүүн мэндэлмэгцээ л угсаа залгамжлах дараалал нь тодорхой болж түүндээ бэлтгэгдэж эхэлдэг. Институцийн хэмжээнд зохицуулагддаг учраас дараагийн хаан хэн байх вэ гэдэгт маргах, таамаглах зүйлгүй. Угсаа залгамжлагчдын дарааллаар ханхүү Чарльз нэгдүгээрт явж байна. Тэр ч утгаараа хатан хаан II Елизаветтай хамт үүрэг гүйцэтгээд, ойрын үед түүнийг орлон үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн сүүлд парламентыг нээхэд хатан хааныг төлөөлж титмийг нь залж, дэргэд нь суусан. Цаашид хатан хааныг ханхүү Чарльз төлөөлж, үүргийг нь гүйцэтгэх байх гэсэн хүлээлт байгаа. Дараа нь Чарльзын хүү, Уильям болон түүний хүүхдүүд гээд үргэлжлээд явна. Зургадугаарт ханхүү Харри орж ирсэн байх жишээтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 113 (6845)

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

3 цаг 41 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

4 цаг 16 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин