Д.Мөнхчимэг: Хэвлэл мэдээлэл уншигч, үзэгч, сонсогчдоо бүрэн төлөөлөх хандлага трэнд болж байна

2022-05-30
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэгийг урилаа.

 

10 ЭХ СУРВАЛЖИЙН НЭГ НЬ ЭМЭГТЭЙ БАЙНА

 

-Монгол Улсын жендэрийн үзүүлэлтийг эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл нэлээд хойш нь татаж байгаа учраас онцгойлон авч үзэх шаардлагатай болж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улс авах ёстой нэг онооны 0.112-г авч, 156 орноос 116 дугаарт жагссан байх жишээтэй. Энэ үнэлгээг харвал улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь хөгжлийн томоохон асуудал болж байна. Тиймээс улс төрийн мэдээлэлд жендэрийн тэнцвэр ямар байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс судалсан. Өдөр тутмын хоёр сонин, хоёр сайтын контентод  судалгаа хийж үзэхэд  10 эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй гэсэн үр дүн гарсан нь эх сурвалжийн тэнцвэртэй байдал хүйсийн хувьд алдагдсан гэж дүгнэж болно. Телевизийн хувьд ч мөн адил. "Глоб интернэшнл" төрийн бус байгууллага сонгуулийн сурталчилгааны үед телевизүүдэд мониторинг хийхэд МҮОНТВ эфирийнхээ цагийн 20 хувийг эмэгтэйчүүдэд 80 хувийг эрэгтэйчүүдэд зориулсан бол зарим хувийн телевиз 10/90 харьцаатай байна.

Өөрөөр хэлбэл, хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд үзэл бодол, байр сууриа илэрхийлэхгүй байна.

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо сул байна гэж ярьдаг боловч 30 жилийн өмнөхтэй харьцуулахад УИХ дахь гишүүдийн 17 хувь, сайд нарын 20 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Ийнхүү 10 улстөрч тутмын нэг нь эмэгтэй байгаа хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахдаа нэгийг нь баллуурдаад байна гэсэн үг. Уг нь хэвлэл мэдээллээр цөөнхийн дуу хоолойг гаргах нь хамгийн чухал байдаг. Тэр утгаараа улс төрд байгаа эмэгтэйчүүд цөөн байх тусам илүү их гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс төр дэх эмэгтэйчүүдийг ямар дүрээр олон нийтэд таниулж байна вэ гэдгийг илүү нарийн авч үзэж, дүн шинжилгээ хийхэд жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, гэр бүл, өмссөн хувцас, нүүр будалт, биеэ авч явах байдлыг нь илүү онцолдог. Эсвэл ямар нэг эрэгтэй хүний нөлөөнд хамаатуулах нь элбэг байна.

  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төр, эдийн засаг, технологийн салбарт эмэгтэйчүүдийг илүү бага гаргадаг учраас ярих туршлага муутай. Ялангуяа, телевизээр гарна гэхээр камер хараад сандардаг, санаа нь зовох тохиолдол нэлээдгүй бий. Хэвлэл мэдээлэлтэй харилцахад эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад маш олон бэрхшээл тулгардаг. Тухайлбал, цаг ашиглалтын судалгааг авч үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад дор хаяж хоёр дахин их цагийг гэр орны ажил, хүүхэд асрахад зарцуулж байна. Сэтгүүлч гэнэт утасдаад шууд явж очоод ярилцлага авъя гэхэд боломж хомс гэсэн үг. Энэ бүхний эцэст хэвлэл мэдээлэлд ярилцлага өглөө гэхэд эмэгтэйчүүдийг гутаан доромжлох, үзэн ядах үг хэллэгээр дайрч давшлах нь их байдгийг төрөл бүрийн судалгаагаар нотолсон. Эмэгтэйчүүд хэчнээн чухал гоё зүйл ярьсан ч зураг нь онцгүй гарсан бол царай муутай, ууртай зэргээр гаднах төрх, хувцаслалтыг нь гоочлохоос биш ярьж байгаа зүйлд нь төдийлөн анхаарахгүй байх тохиолдол түгээмэл ажиглагддаг. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн маань эмэгтэйчүүдэд ийм бэрхшээлүүд байдгийг харгалзан үзэж түүнд нь тохируулан эх сурвалждаа боломж олгох хэрэгтэй. Тухайн хүнд ямар ялгаатай хэрэгцээ шаардлага байгааг ойлгож, хэвлэл мэдээлэлд анх удаа ярилцлага өгч байгаа эмэгтэй хүнийг байнга ярьдаг эрэгтэй хүнтэй харьцуулж тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргаасай. Тухайлбал, ярилцлагаа хэд хоногийн өмнөөс урьдчилан тохирох, тухайн хүнийхээ өөртөө итгэлтэй байдалд дэмжлэг үзүүлэх, зураг даруулах зөвлөгөө өгч болно. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэлтгүй эмэгтэйчүүд  ч мөн адил олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд байр сууриа илэрхийлэхдээ өөртөө итгэлтэй байгаасай. Сэтгүүлч ярилцлага авах хүсэлт тавихад зөвшөөрдөг, үзэл бодлоо илэрхийлэх зоригтой байгаасай гэж хүсч байна. Нөгөө талаас, эрэгтэйчүүдийг бага гаргадаг гэр бүл, боловсрол зэрэг сэдвээр эрэгтэйчүүдийг аль болох яриулах нь чухал. Тухайлбал, хүүхдийн асаргаа хүмүүжил, жирэмслэлтийн талаар аавууд мэдлэгээ хуваалцаж болно. Үүнийг л жендэрийн мэдрэмж гэж байгаа юм.

 

ЭМЭГТЭЙЧҮҮД АСУУДЛЫГ ОЛЖ ХАРАХ, ШИЙДВЭРЛЭХЭД ИЛҮҮ МЭДРЭМЖТЭЙ

Блиц:

Боловсрол:

2004-2008 онд: Сэтгүүлч, ОХУ-ын Ивановогийн их сургууль.

2018-2019 онд: Медиа менежмент, Латви улсын Рига дахь Стокхолмын эдийн засгийн сургууль.

Ажлын туршлага:

2008 оноос “Өнөөдөр” сонин, “Монголиан экономи”, “Гэрэг” сэтгүүл, “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан” сонинд сэтгүүлч, тоймч.

2016-2017 онд Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн сургагч багш.

2017-2019 онд Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч­дын нэг, Олон улсын “Ройтерс” агентлагийн сурвалжлагч.

2019-2021 онд Вашигтон Ди Си-д төвтэй Глобал Прессийн сургагч багш, хараат бус зөвлөх.

2021 оноос Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх.

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь олон эерэг үр дагавар, зөв менежмент хийж чаддагийг харуулсан судалгаанууд бий. Компанийн удирдлага, ТУЗ-д эмэгтэйчүүд байснаараа уур амьсгал сайтай болж, орлого ч нэмэгддэг гэдэг.

Эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд байснаараа нийгмийн хөгжилд илүү үр нөлөөтэй, урт хугацаанд хэрэгцээтэй зүйлд анхаарч тэр хэрээрээ тууштай байдгийг улс орнуудын хэмжээнд судалж гаргаж ирсэн. Манай улсын хувьд социализмын үед эмэгтэйчүүдийн төлөөллийн квоттой байсан учраас харьцангуй олуулаа байж. Харин квотыг хэрэгжүүлэхээ больсон 1990 оноос улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл огцом буурсан. Түүний дараа 2012-2016 онд УИХ-д хамгийн олон буюу анх удаа 13 эмэгтэй сонгогдсон.

Парламентад 13 эмэгтэй сонгогдсон жилүүдэд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл зэргээр эмэгтэйчүүд, нийгэм рүү чиглэсэн олон өөрчлөлтийг хийж чадсан. Өмнө нь Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг 20 жил яриад юу ч өөрчлөгдөхгүй байхад эмэгтэйчүүд нэгдэж хуулиа батлуулж байх жишээтэй. Мөн Хүүхэд хамгаалал, соёлын өвийг хамгаалах, тамхины эсрэг хууль гээд зөөлөн хүчний бодлого чиглэлд маш үр дүнтэй ажиллаж оновчтой шийдвэрүүдийг гаргаж чадсан байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нийгмийн асуудлыг олж харах, түүнийг шийдвэрлэх тал дээр илүү мэдрэмжтэй байгаа нь харагдаж байна.

 

АЛИВАА МЭДЭЭЛЭЛД СОНИРХЛЫН, МЭРГЭЖЛИЙН, ҮР ДАГАВАР ХҮРТЭГЧ БҮЛГИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ЗААВАЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Эх сурвалж бол сэтгүүлзүйн хамгийн чухал зүйл.Тэр утгаараа эх сурвалжийг төрөлжүүлэх, эрэгтэй, эмэгтэй төлөөллийг тэнцвэртэй байлгах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд трэнд болж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл Мэдрэмжтэй мэдээлье нэгдэл "BBC"-гийн 50:50 төсөл, "Bloomberg"-ийн Шинэ дуу хоолой, "Financial times"-ын хэрэгжүүлсэн сайн туршлагыг сэтгүүлчид, редакцуудад зааж түгээж байна. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагын туршлагыг харахад улс төр, эдийн засаг, технологи гээд бүхий л салбарт эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа нь төсөөлшгүй эерэг үзүүлэлтийг авчирч байгаа юм. Өмнө нь хэзээ ч хэвлэлээр гарч байгаагүй эх сурвалжуудыг яриулж байгаа нь сэтгүүлчдийн хувьд “алтны шинэ орд” илрүүлж байгаа  мэт сайхан хэрэг.

Шинэ эх сурвалж аливаа асуудлыг өөр өнцгөөс харах боломж олгож байдаг. Тухайлбал, "BBC"-гийн 730 орчим салбар нэгж нь дуу хөгжим, соёл, улс төр гээд эх сурвалж болгон дээрээ  50:50 харьцааг нэвтрүүлдэг. Үүний үр дүнд аливааг шинэлэгээр хардаг болсон. Шинэ хүмүүс контент руу орж ирж байгаа нь бүтээлийг чанартай, сонирхолтой болгосноор уншигчид, үзэгчдийг илүү их татаж байна. Илүү олон эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэж байгааг үзэгчдийнх нь 10 хүний долоо нь анзаарснаар тухайн контентыг илүү үнэлдэг, төлбөртэйг нь хэрэглэдэг болсон. Ингэж эх сурвалжийнхаа хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж, хэвшмэл ойлголтыг халснаар үзэгч, уншигчдынхаа итгэлийг олж авч байна.

Хүйсийн тэнцвэртэй байдлаас гадна эх сурвалжийн олон түвшний төлөөллийг оролцуулах нь сэтгүүлзүйн бүтээлийг илүү бүрэн гүйцэд, чанартай болгоно. Сэтгүүлзүйн үнэт зүйл бол бодит, тэнцвэртэй мэдээлэл. Тэр дундаа эх сурвалждаа шударга хандах гэдгийг хүн болгон мэддэг. Гэтэл энэ бүхний үндэс суурь олон түвшний эх сурвалжтай уулзаж мэдээлэл авснаар хангагддаг. Мэдээллийг үнэн бодит байдал руу дөхүүлэхийн тулд олон түвшний эх сурвалжаар баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь мэдээллийг бий болгож, тухайн үйл явдлыг зохион байгуулж, шийдвэр гаргаж буй сонирхлын бүлгийн эх сурвалж. Дараа нь тухайн шийдвэр иргэдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хөндлөнгөөс тайлбарлах үнэ цэнтэй эх сурвалж бол мэргэжлийн бүлэг байдаг. Гурав дахь нь үр дагавар хүртэгч бүлэг буюу хүүхдийн мөнгөтэй холбоотой шийдвэр гарлаа гэхэд эцэг, эхчүүд байж болно. Эдгээр гурван түвшний эх сурвалж гурвуулаа байж чадвал шийдвэр ямар үр дагавартай вэ гэдгийн цаадах бодит мэдээллийг өгч чадна. Бидний хийсэн судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихэвчлэн сонирхлын бүлгийн эх сурвалжийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргаж байгаа Ерөнхий сайдын байр суурийг хүргээд байхаас биш мэргэжлийн хүн, үр дагавар хүртэж байгаа бүлгээс асуухгүй байгаа нь тэдний үзэл бодол байр суурийг хүргэхгүй байна гэсэн үг. Ялангуяа, улс төрийн мэдээлэлд сонирхлын бүлгийн эх сурвалжийн эзлэх хувь 97-98 гэсэн үзүүлэлт гарсан. Дээрээс нь ихэвчлэн 20-30 хүнийг л давтан яриулж байна. Эдгээр хүмүүс нийт мэдээллийн эх сурвалжийн сонинд 50 хувь, сайтад 70 хувийг бүрдүүлж байгаа гэсэн үр дүн гарсан. Монгол Улсыг 20-30 хүний халаасанд байдаг гэж яриад байдаг. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл 20-30 хүний аманд орсон мэт харагдаж байна гэж хэлсэн нь яг л өнөөгийн дүр төрхийг оносон мэт. Мэдээлэл унших бүртээ өнөөх л костюм пиджак зангиатай УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Хотын даргыг л харж байна. Гэтэл тэдний гаргасан шийдвэрт хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгөх мэргэжлийн хүмүүс, үр дагаврыг нь хүртэж байгаа хүмүүсийг хангалттай гаргадаггүй.

Ер нь бол уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг олж авна гэдэг сэтгүүлзүйн амин сүнс гэж боддог. Тэдэнд үнэ цэнтэй мэдээлэл өгөхийн тулд өөрсдийг нь төлөөлөхүйц хэсгийн үзэл бодлыг асуусан байх хэрэгтэй. Хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнх гээд нийгмийн олон янзын төлөөллийн байр суурийг сонсч чадаж байна уу гэдгээ анзаарах цаг болжээ.

Шинэ эх сурвалжийг хайж олох нь сэтгүүлчийн  хөдөлмөр ч гэсэн маш сонирхолтой, үр дүнтэй ажил байдаг. Олон улсын туршлагаас харахад томоохон редакцууд эмэгтэй эх сурвалжийн жагсаалтыг хэдэн мянгаар нь гаргачихсан байдаг. Монголд редакцууд харьцангуй жижиг, цөөн хүнтэй ажилладаг болохоор эх сурвалжийн жагсаалт гаргах нөөц боломж хомс. Тэр утгаараа Хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдрэмжтэй мэдээлье нэгдэл эх сурвалжийн дата санг бүрдүүлье. Өөр өөр редакц, өөр байгууллагад ажилладаг сэтгүүлчид нэгдэж зөвхөн улс төр биш эдийн засаг, технологи, хөдөө аж ахуй зэргээр эмэгтэйчүүд бага ярьдаг салбарт сэдэвчилсэн байдлаар эх сурвалжийн жагсаалт гаргалаа. Нөгөө талаас жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш гэдэг утгаараа энэ сэдвээр ярих эрэгтэйчүүдийн дата санг бий болголоо. Надад байгаа 20 эх сурвалж дээр чиний 30-ыг нийлүүлчихвэл 50 эх сурвалжтай болно. Редакцууд хамтарвал улам баялаг болж, ажлаа хийхэд хэн хэнд нь ч амар болно. Энэ үүднээс сэтгүүлчдийн дунд эх сурвалжийн дата сан бүрдүүлэх хакатон зохион байгуулсан нь маш амжилттай боллоо. Монголын редакцууд өрсөлдөөн ихтэй, цөөн хүн хүчтэй учраас ачаалалтай байдаг ч инновацийг маш сайн нэвтрүүлдэг. Шинэчлэлийг хурдтай хийж, хэрэгжүүлж байгаа нь давуу талтай. Бидэнд ч маш сайн туршлага болж, үүнийгээ олон улстай хуваалцахуйц үр дүнд хүрч чадаж байна.

Жендэрийн тал дээр ахиц дэвшил гарч байх юм бол нийгэм нь сайхан, хүмүүс аз жаргалтай байдаг нь олон жишээнээс харагддаг. Тухайлбал, аз жаргал, ардчиллын индексээр тэргүүлдэг Исланд, Финланд, Норвеги зэрэг улсад жендэрийн тэгш байдал нь маш сайн байдаг. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо дээгүүр байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс илүү жаргалтай байхаас гадна ардчилалдаа илүү их итгэдэг, эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр улс төрийн оролцоо сайн байна. Энэ бүгд бие биенээсээ хамаарч байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 107 (6839)

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

6 цаг 23 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

6 цаг 59 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20