С.Цог: Шагайн харвааны гол өв нь хасаа

2022-05-27
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Манай сонин Монгол өв, соёл буландаа өмнө нь шагайн харвааны үүсэл хөгжил өнөөгийн байдлын талаар ерөнхий ойлголтыг өгөөд Монголын шагай харвааны холбоо хэрхэн ажилладаг талаар нийтэлсэн билээ. Тэгвэл энэ удаа шагайн харваа гэдэг Монгол үндэсний тоглоом-наадгайн уламжлал ёс жаяг ямар байсан тухай ахмад харваач, судлаач С.Цогтой хийсэн ярилцлагаа толилуулж байна.

 

-Та аль нутгийнх вэ. Шагай харвахыг хэдий үеэс сонирхож эхлэв дээ?

-Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул хүн л дээ. Шагайн харвааг хүүхэд байхаасаа сонирхсон юм. Яагаад гэхээр манай нагац ах Лувсаншарав дориун харваач байсан нь нөлөөлсөн. Тэгээд л хэрэндээ хашлага, сумтай болж дүү нартайгаа харвадаг байв. Жинхэнэ харваачийн суудалд суусан үе 1970 оноос юм даа. Түүнээс хойш 50 гаруй жил харваач гэгдэж явна.

-Олон жил зурхай ширтэж суусны хувьд дурсан ярих юм бас их байх даа. Танд?

-Төв аймгийн Эрдэнэсант сумын тэжээлийн аж ахуйд нягтлан байлаа. Энэ нутагт нэртэй алдартай харваач олон байж. “Эрхий” Цэдэн-Иш, “Түгжээ” Палам, Сүх гээд.

Тэдний харвааг харж, хааяа сум тавьж байхдаа их зүйл мэдэж авсан. Тэгээд 1973 онд Улаанбаатарт шилжин ирээд харваач Ш.Бүрнээгийн ахладаг “Тэнгэр” багийн нэг гишүүн нь болсон. Бас ч гайгүй харвадаг болсон.

Нэг дурсамжтай нь манай багийнхан Хонхорын тойрмын харваанд есөн жил завсаргүй түрүүлж байлаа. Энэ тухай Д.Цогзол гуайн хийсэн “Шагайн тойрмын анхдагчид” гэдэг баримтат кинонд цом хүлээн авч байгаагаас эхлээд манай багийнхан тодорхой гардаг юм. Манай багт Ш.Бүрнээ Хэнтийх, Баасан Сүхбаатарынх бас Өвөрхангайн Баатар, Дундговийн Даваадагва гэж цагтаа алдартайхан харваачид цугларсан байв. Тэдний нэг “анчин” хэмээх хочтой Ш.Содном гэдэг сайхан өвгөн байлаа. Энэ хүн миний харвааны багш, шагайн эрдэм гэж байдаг бол түүнийг төгс эзэмшсэн тийм нэгэн байсан юм. Чавхаар харвана. Алдана гэж бараг байхгүй дээ. Түүнээс болж ч “анчин” гэдэг нэр хоч авсан байх. Шагайн замд олон хүнийг хөтөлсөн хүн дээ.

-За тийм байж. Харваач төдий биш судлаач хүнтай уулзсаных энэ тоглоомын ёс жаягын талаар сонсмоор байна л даа?

-Шагайн харваа их дээр үеэс уламжилж ирсэн Монгол үндэсний тоглоом. Чингис хааны үеэс эхлэлтэй гэж судлаачид хэлдэг юм. Их хааны алтан ураг хүүхдээ 5-12 насны хооронд шагайгаар наадахыг гэрийн сургалтаар мэдүүлж байсан гэдэг. Шагайгаар наадах нь хүнийг ертөнцийг үзэх зөв үзлээр хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй хүмүүсийн өөр хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх болон ёс жаягт суралцахад хамгийн нөлөөтэй тоглоом наадгай юм.

-Шагайн тойрмын харваа маш нарийн ёс жаягтай байсан юм гэнэ лээ. Энэ талаар танаас заавал асуух учиртай байх л даа?

-Яахав. Энэ талаар сонссон дуулсан юм багагүй ээ. Тойромд ирж байгаа шагайчид төв цэгийг нь нар зөв тойроод өөрсдийн ирсэн зүг чигээ талаа гэж үзэн майхнаа босгоно. Дараа нь харвах буйраа сонгож ооны эвэр юм уу цагаан зандангаар газраа хөндөнө. Харвааны майхандаа есөн давхар сэнтий дээрээ алтан зурхайгаа зална. Тэгээд уул овоондоо сүүн цацал, идээний дээжээ өргөнө. Ингэсний дараа шагайчид төрсөн он жил, мэнгэ суудлаараа дараалж нар зөв эргэн дугуйрч суугаад андгай өргөдөг. Уг андгай нь энэ тойромд эвтэй сайхнаар уул усаа дээдэлж зон олноо хүндэтгэн шударга сайхан наадахыг билгэдсэн утгатай нэг ёсны тангараг юм даа. Ингээд л тойрмын харваа эхэлнэ дээ. Харваа нийллэг үе, гоц үе, шувтарга үе, мэргэ үе, ноён үе гэж таван үе нааддаг байв. Хасаагаа зурхай дээр өрөхөд ч их утга учиртай байдаг.

-Тэр тухайгаа жаахан тодруулна уу?

-Зурхай дээр өрсөлдөгч хоёр багийн найман хасааг өрөхдөө алтан гадас одыг хойд зүг гэж аваад нэг хасаа, үлдсэн долоон хасаагаар их долоон гаригаа хүндэтгэсэн утгатай байдаг бол бүр дээр үед тохой модоо тавьж дээр нь таван шагай өрөөд нийт 12 шагай болгон өрж байсан түүхтэй юм билээ. Тэр нь атаа таван тэнгэрээ дуудах ёс гэдэг.

-Ингээд ёс ёмбо гээд нарийн ярихаар өнөөгийнхөнд жаахан ойлгомжгүй байдал үүсч мэдэх юм шиг санагдаж байна. Иймээс тоглоомынхо үндсэн дэг журмын талаар Та юу хэлэх вэ?

-Тоглоом уухайгаар эхэлнэ. Хоёр багийн дөрвөн харваач тус бүр дөрвөн сум тавьж онооны дагуу хасаагаа шимдэг. Ингээд гурван үе тоглоход хасаагаа шимж барах учиртай. Харин хасаагаа гүйцэд шимж чадаагүй нөхцөлд мэргэ үе үргэлжилнэ. Тэгээд нөгөө багаас таван хасаа татсан тохиолдолд адаг өрөг гарна. Ийм тохиолдолд хасаагаа татуулсан тал нь дөрвөн хасаагаа оночих юм бол хоёр баг тэнцэж байгаа гэсэн үг.

-Нэг зүйлийг тодруулъя. Хасааг шимнэ, татна гэсэн хоёр зүйлийг яриад байна. Үүний ялгааг хэлж өгөөч?

-Тоглоом нягтрахын цагт онох бүрт багууд өөрийн талын хасаагаа авахыг шимнэ гэж байгаа юм. Тэгвэл хасаа татна гэдэг нь өөрийн талын хасааг шимж дуусаад айлын хасаанаас оноогоор авахыг хэлж байгаа юм.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд шагай харвах утга учир нь шагайг (хасааг) цэнгүүлж байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд шагайчид хоолой нийлүүлэн уухайлдаг нь уул усаа баясгаж байгаа ёс юм. Шагайн харваа бол заавал хожихын төлөө биш найрсгаар наадах тоглоом. Сүүлийн үед л тэмцээн өрсөлдөөний хэлбэрт шилжүүлээд байгаа юм. Шагайн харвааны үед цээрлэх юм их бий. Уул усны сайханд нааддаг учир янз бүрийн ааш араншин гаргах, хэрүүл маргаан дэгдээхийг чанд цээрлэдэг. Энэ бол их нандин уламжлал юм шүү.

Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан хасаа.

-Тойрмын харваа дуусахад бас ёс төр бий биз?

-Тойром тарахад “Мод өргөх ёслол” гэж болдог байж. Майхан саваа буулгаж ачаалаад тойрмоо гурван удаа тойрч уул, усандаа идээ цагаагаа өргөж удахгүй дахин ирж наадахын ерөөл тавьцгаана.

Ер нь бол тун тухлаг нааддаг байж. Тойром болох газрын дэргэд гүүгээ авчраад барьчихсан айраг цагаа дэлгээтэй. Хэдэн ч хоног наадахад болдог цаг бас байсан юм билээ. 1934 онд “Бадын бөөрийн” тойромын харваанд 134 баг цуглараад сар шахам наадаж байсан түүх бий.

-Тийм бол өнөө үед Улсын баяр наадам, оны аварга шалгаруулах тэмцээн зэрэг том үйл явдал болоход нээлт, хаалт ямар болдог вэ?

-Уламжлалаа бодож морин хуур, уртын дуутайгаар нээдэг болсон. Гэхдээ алтан зурхайгаа залах, уухайлах гээд ёс жаяг хэвээр л дээ. Шагай харвааны нэг сүр хүч нь уухай байдаг юм. Нутаг, нутгийн уухай өөр өөрийн онцлогтой бас харваачид онож байна уу, үгүй юу гэдгийг уухайнаас мэдэж болно.

-Харвааг багийн ахлагч нар зохион байгуулдаг уу. Аль эсвэл хэн нэгнийг томилох маягаар ажиллуулдаг уу?

-Ахлагч бол зөвхөн багийнхнаа хариуцна. Харвааны үед цэгц гэж хүн байна. Тэр хүн ёс жаяг, дүрэм журмыг чанд сахиулах үүрэгтэй байдаг.

-Та Монголын соёлын өвийн төвийн бүртгэлд өв уламжлагч гэсэн бүртгэлтэй нэгэн юм билээ. Судлаач гэдэг талаасаа уг бүртгэлд хамрагддаг юм уу?

-Зөвхөн судлаач гэж биш. Би чинь бас шагайн харвааны эд өлгийн зүйл тухайлбал хасаа, шагай цуглуулагч хүн л дээ. Анх тэр “анчин” хэмээх Содном гуай л надад өөрийн хэрэглэж байсан, хадгалдаг агар зандан зурхай, хасааг иж бүрнээр нь өвлүүлж өгсөн. Түүнээс хойш хасаа цуглуулж эхэлсэн. Одоо надад 10 гаруй төрлийн (эзэнтэй)  хасаа бий. Тэр дотор өрлөг жанжин маршал Х.Чойбалсангийн харваж байсан хуван хасаа мөн Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн хэрэглэж байсан хасаа байдаг юм. Хасаа бол нарийн утга учиртай эд. Энэ нь цаад төлөөлөл нь угтаа шагай юм шүү дээ. Монголчууд шагайг эрт үеэс хүндэлж эрхэмд үзэж ирсэн. Шагайг мэргэ төлөгт ашигладаг. Бас элдэв өвчин эмгэгээс зайлуулдаг гэж хүүхдэд хүртэл зүүж өгдөг байсан. Хүдэр гэх амьтны шагайг охин хүүхдэд ээлтэй гэдэг. Хар сүүлт зээрийн шагайг эрчүүд аян жин, дайнд явахдаа зүүдэг байсан уламжлалтай юм билээ.

-Та шагайн харвааны “дархан мэргэн” цолтой хүн юм. Тиймээс амжилтыг нь асуухгүй байж болохгүй биз дээ?

-Яахав. Дээхнэ үед чинь зэрэг цол өгөх байтугай шагайн харвааг ад үздэг байсан. Сүүлийн үед хөгжиж Улсны баяр наадмын нэгэн төрөл болоод байна. Зэрэг цолтон ч олширсон.

Миний хувьд Улсын аваргын алт, мөнгө, хүрэл, Улсын баяр наадмын мөн хүрэл медаль авч байсан үзүүлэлтээр “дархан мэргэн” цол хүртсээн. Дурсамж ярихад 1989 онд Нийслэлд “Эрх чөлөөний талбай”-д болсон анхны нээлттэй харваанд түрүүлж байлаа. Сүүлд 2016 онд Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдрийн харваанд багаараа гуравдугаар байр эзэлж байсан. Бас ахмадын харваанд нэг удаа мөнгөн медаль авсан гээд хэлэх юм зөндөө л дөө. Хагас зуун жил шагай харвахад юм юм үзлээ.

1800-гаад оны үед язгууртнуудын эдэлж байсан хүдрийн шагайн хасаа. Эхнийх нь тэхийн шагай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

19 цаг 1 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 40 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин