Р.ОЮУН
УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, “Алтан чагнуур”-ын эзэн Б.Одончимэгийг “Зууны мэдээ” сонин “Эрүүл мэнд” булангийн зочноор урьж ярилцлаа.
-Сүүлийн үед уушгины хавдар ихсэх нь юутай холбоотой вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хавдруудын гуравдугаарт уушгины хорт хавдрын өвчлөл орж байгаа. Жил бүр 400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн жилүүдэд уушгины хавдрын тоо өсөх хандлагатай байгаа нь мэргэжилтнүүд бидний тулгамдсан асуудал болсоор байна. Уушгины хорт хавдар нь тамхи татдаг, агаарын бохирдол, хорт утаа, уушгины архаг үрэвсэлт өвчнийг эмчлэхгүй удаан явах, мэргэжлийн буюу ажлын байрны онцлог уул уурхай, барилгын салбар, замын цагдаа, химийн үйлдвэрт ажилладаг хүмүүст илүү эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлж оношилгоо, шинжилгээ сайжирсантай холбоотой илрүүлэх нь илүү байна.
-Уушгины хавдар авахуулсны дараа ямар гам барих вэ?
-Байнга хяналтад байна. Хэдэн сард, хэдэн удаа ямар шинжилгээ өгөх вэ гэдгийг эмч төлөвлөж өгнө. Хими, туяа эмчилгээнд орох уу, тэрний дараа яах вэ гэдгийг хавдрын эмч нар зөвлөж байгаа. Одоогийн байдлаар тамхи том эрсдэл болж байна. Агаарын бохирдолттой холбоотойгоор уушгийг гэмтээж байгаа. Мөн тамхи татах, уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс, том тэрэгний жолооч нар, сүүлийн үед газ их хэрэглэж байгаатай холбоотой. Орчин үеийн залуучуудын дунд цахилгаан тамхи хэрэглэх нь ихсэж байгаа нь аюул. Цахилгаан тамхи нь цахилгаан бараанд тооцогдож импортоор орж ирдэг. Манайд цахилгаан тамхийг хориглосон хууль байхгүй. Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг. Тэдгээрийг халаах үед формальдегид, ацетальдегид бодис ялгардаг. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор таатай амт үнэр үүсгэдэг ч уушгинд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь хэдэн жилийн дараа аюул болно. Тиймээс үүнийг сэрэмжлүүлж, хязгаарлаж татуулахгүй байх нь чухал. АНУ болон бусад улсад цахилгаан тамхины хор хөнөөл аль хэдийнэ судлагдаж хортой гэдэг нь батлагдсан. Энэ талаар иргэдэд зөвлөмж, зөвлөгөөнөөс гадна телевизүүдээр сурталчилгаа явуулахгүй бол бидний өсвөр залуу үе хэдэн жилийн дараа яаж өвчлөхийг таашгүй.
-Электрон тамхийг эрүүл мэндэд ямар ч хоргүй. Таминаас гаргадаг гэдэг шүү дээ?
-Хүн тамхийг татаад боллоо гэсэн мэдээ тархинд ирдэг. Гэтэл цахилгаан тамхийг татахад энэ мэдээлэл ирэхгүй, татаад л байна. Тиймээс хор хөнөөлөө үзүүлж байна гэсэн үг. Тэр дотор олон төрлийн хорт бүтээгдэхүүн байгаа. Үүнийг тамхинаас гарах гэж байгаа хүмүүс хоргүй гэдэг. Хоргүй биш, залуучууд тэр тусмаа эцэг эхчүүд үр хүүхэддээ хяналт тавьж болиулаасай. Үүнд сэтгэл их эмзэглэж байна. Энэ сарын 31-нд тамхитай тэмцэх дэлхийн өдөр болно. Тиймээс манай уушгины нийгэмлэг, уушгины эмч нар мэдээлэл хийнэ. Уушгины эмч нар амбулатори болон эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүст тамхиа хаяхыг зөвлөж байгаа. Тамхиа хаяснаар уушгинд өөрчлөлт орж дахин сэргэх боломжтой. Тамхийг хаях нь тухайн хүний сэтгэл санаатай холбоотой. Хүмүүс тамхинаас гарч байна гээд тоог нь цөөрүүлж нэг ширхэг болгосон гэдэг. Нэг ширхэг тамхи ч хор хөнөөлөө үзүүлсээр байгааг ойлгох хэрэгтэй. Хэрэв тамхинаас гарч л байгаа бол өөр юм бод. Никотин богино хугацаанд хүнийг донтуулдаг учраас тэр үеэ даван туулж чадвал уушги дахин сэргэнэ.
-Ажил мэргэжлээс шалтгаалсан уушгины өвчлөл байна. Тухайлбал, эмийн үйлдвэрт ажилладаг хүний уушгинд нунтаг бодис наалдаж өвчлөл үүсгэж байна?
-Ажлын нөхцөл байдлаас шалтгаалж уушги гэмтсэн тохиолдолд ажлын байрыг солих зөвлөгөө өгдөг. Тэр хүн ажлын байран дээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Уул уурхай, цемент, гурилын үйлдвэрт ч бай тухайн хүний уушги гэмтсэн бол амь нас чухал учраас ажлын байраа солино. Хэрэв тэнд байх хугацаанд стандартын дагуу хөдөлмөр хамгааллаа биелүүлээд явбал уушги гэмтэх нь бага. Тэгэхээр хөдөлмөр хамгааллаа сайн баримтлах хэрэгтэй. Харин уушгинд нөлөөлсөн, амьсгалын дутагдал илэрсэн, гэмтээсэн гэвэл ажлын нөхцөлийг өөрчилж солино.
-Танайх ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дээр очиж үзлэг, оношилгоо хийдэг үү?
-УНТЭ нь “Салбарын хөгжилд хамтдаа” хөтөлбөр, бусад хамтын ажиллагааны хүрээнд олон байгууллага, хөдөө орон нутгийн иргэдэд очиж үзлэг, оношилгоо, эмчилгээг хийсээр ирсэн. УНТЭ амбулатори, стационар, яаралтай тусламжаар ирж байгаа 21 аймаг, бусад дүүргийн хүмүүст зөвлөгөө, тусламж үзүүлдэг.
УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төв нь гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, амбулаторийн кабинетаар уушги, харшлын нарийн мэргэжлийн үзлэг, арьс хатгах сорил, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ мөн амбулаториор уушгины дурангийн эмчилгээ, оношилгоо хийж тусламж үйлчилгээг явуулж байна. Монголд анх удаа УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвд 2021 онд Эрүүл мэндийн яам, “Салбарын хөгжил-5” хөтөлбөрийн хүрээнд гуурсан хоолойн хэт авиан уян дуран орчин үеийн оношилгооны дэвшилтэт технологи суурилуулсан. Цар тахалтай холбоотой бид боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах асуудал хойшлогдсон . Хэдхэн өдрийн өмнө зочин профессор ирж ажлын байрны сургалтыг амжилттай хийлээ.
-Бага насны хүүхдүүдийг рентгенээр харах хортой гэдэг. Ямар тохиолдолд хардаг юм бэ?
-Манай эмнэлэг 18-аас дээш насанд хүрсэн хүмүүст үйлчилдэг. Туяа хортой учраас рентген, компьютер томографийг заавар, зөвлөмжийн дагуу хардаг. Үнэхээр амь насны заалттай байвал хамгаалалт хийж байгаад харна. Харин шаардлагагүй, эсрэг заалттай бол хардаггүй.
-COVID тусаад эдгэрсэн хүмүүсийн зарим нь уушгиндаа толботой үлдсэн. Энэ хүмүүс нөхөн сэргээх ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлаас хойш 926 мянган хүн халдвар авсан. 2000 гаруй хүн нас барсан. Одоо ч COVID-ийн халдвар дахин ихсэж байна. Энэ нь альфа, дельта, омикрон хувилбараар явсан. Дельта нь наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хугацаанд ихэвчлэн хатгаагаар хүндэрч нас барсан тохиодол гарсан. Хүндэрч уушгины хатгаагаар өвдөөд тэр нь уушгины хатуурал болсон нь ч бий. Энэ хүмүүс уушгины хатуурлын эсрэг эм ууж, эмчийн хяналтад байгаа. Мөн COVID-ийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг нь үргэлжлээд байгаа асуудал ч байна. ДЭМБ-аас гурван сараас дээш хугацаанд эмнэл зүйн шинж тэмдэг илрээд явж байгаа хүмүүсийг COVID-ийн дараах гэж тодорхойлж байгаа. Ихэвчлэн хавсарсан эмгэгтэй хүмүүс хүндээр өвдсөн. Хүмүүс COVID-ийн дараа уушгины үйл ажиллагааг нөхөн сэргээхийн тулд өөрт таарсан ачааллыг авах нь чухал. Та өнөөдөр хоёр удаа амьсгалын дасгалыг зөв хийж чадвал маргааш гурав болгоход асуудалгүй бол долоо хоногийн дараа дөрөв болгох. Ууланд гарахад амьсгаадаад байвал амарч байгаад гарах ч юм уу.
-Уушгины хатуурал эмчлэгддэг үү?
-Уушгины хатуурал буцаад сэргэх боломж муу. Тиймээс тэр байдалд нь зогсоох ч юм уу, ихэсгэхгүй байх нь чухал. Эмчийн хяналтад байж, томуугийн халдвар авахгүй байх хэрэгтэй. Бид амбулатори болон эрүүл мэндийн төвийн хүмүүст үйлчилж, зөвлөгөө тусламжаа үзүүлээд явж байгаа.
-Уушгиа хэрхэн хамгаалах вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Нэгдүгээрт, тамхи татахгүй байх. Уушгинд уургаар баялаг хоолноос гадна олон төрлийн витамин хэрэгтэй. Дээрээс нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тамхитай орчноос хол байх, ажлын ачааллаа зөв зохион байгуулах. Зуны улирал учраас амралт, сувилал, ой модтой газраар явах, зуслан, хөдөө агаарт гарч эрүүл мэнддээ анхаараарай. COVID-ийн халдвар одоо ч гэсэн байгаа болохоор гараа сайн угааж, хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх. Мөн амны хаалтаа зүүгээрэй. Гэртээ агаарын солилцоо, цэвэрлэгээгээ сайн хийх. Дээрээс нь тамхи татахгүй, тамхигүй орчинд байх нь хамгийн чухал.
-Та дэлхийн эмч нарын өдрөөр “Алтан чагнуур”-ын эзэн болсон. Энэ талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-“Алтан чагнуур” авсан нь COVID-д ажилласантай холбоотой. Эрүүл мэндийн салбарын хамт олондоо баярлалаа. УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн хамт олон, УНТЭ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд, удирдлагын багтаа цар тахлын үед бүх хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж ядарч цуцахыг мэдэхгүй хамтран ажиллаж дэмжин тусалсанд баярлалаа.Тиймээс минийх биш бидний шагнал. Энэ эмнэлэгт анх ороход намайг хүмүүжүүлж, өдий зэрэгтэй эмч болгосон ахмад үеийнхний ач тус гэж боддог. Намайг анх ажилд ороход А.Оюунбилэг гэж манай тасгийн эрхлэгч байсан. Мөн анх өлгийдөж авсан Д.Туяа, Ц.Батцэнгэл, С.Өлзийсайхан, Х.Солонго эмч намайг зөв зүйлд сургаж, уушги гэдэг салбарт оруулж, өөрсдийн эрдэм мэдлэг, чадлаа надад зааж сургасан. Эрдэм мэдлэгийг зааж сургасан багш нартаа баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)