
Б.ДОЛЖИНЖАВ
Австралийн ерөнхий сайдаар бямба гарагт сонгогдсон Энтони Албанез тангараг өргөснийхөө дараахан олон улсын уулзалтад оролцохоор болжээ. Тодруулбал, тэрбээр Энэтхэг Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж байгаа Хятадын нөлөөг бууруулах зорилготой “Quad” бүлэгт багтдаг Америк, Энэтхэг, Японы удирдагчтай Токиод уулзахаар даваа гарагт эх орноосоо нисжээ. Түүнтэй хамт Гадаад хэргийн шинэ сайд Пенни Вонг явж байна. Тэд “Quad”-ийн удирдагчидтай уулзсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай хоёр талын уулзалт хийнэ.
Соломоны арлууд Хятадтай өнгөрсөн сард аюулгүй байдлын гэрээ байгуулсны дараагаас Номхон далайн орнуудын дипломат харилцаа хурцдаж эхэлсэн. Дээрх хэлэлцээр нь Хятадад тус бүс нутагт тэнгисийн цэргийн бааз байгуулах боломжийг бүрдүүлэхээс Америк болон Австрали болгоомжилж байна. Үүнтэй холбоотой “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний “Quad” бүлгийн удирдагчдын уулзалт өнөөдөр эхэлнэ. Энэ талаар Энтони Албанез “Quad” бүлгийн удирдагчдын уулзалтад Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй, уян хатан, эрх чөлөөтэй байлгахыг дэмждэг ардчилсан дөрвөн орны удирдагч оролцож байна. Миний тэргүүлэх Засгийн газрын үед Австрали улс манай бүс нутагт эрүүл мэнд, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр бодит санаачилгыг хэрэгжүүлэхэд “Quad”-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж ярьжээ.
Үүнээс гадна Энтони Албанезийн Засгийн газрын Шадар сайд, Хөдөлмөр эрхлэлтийн сайдаар Ричард Марлес, Ерөнхий прокурор, Сангийн сайдаар Кэти Галлахер нар ажиллахаар бямба гарагт тангаргаа өргөсөн билээ.
Эх сурвалж: BBC