Катрин Э.Ивкоф: Канад, Монгол хоёр ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг үнэт зүйлээрээ ижил орон

2022-05-10
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо.Үүнтэй холбогдуулан Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофтой ярилцлаа.

 

-Монгол болон Канад улс 1973 онд дипломат харилцаа тогтоосон.Үүнээс хойш хоёр орны харилцаа хэрхэн өргөжин тэлэв?

-Монгол болон Канад улс 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 50 гаруй  жилийн турш нягт хамтран ажиллаж байна. Түүхэн энэ хугацаанд худалдааны чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсад Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны  хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин тэллээ. Бидний хамтын ажиллагаа маш бат бөх, идэвхитэй өрнөж байна.

Манай хоёр улс хоёулаа ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг, эрх зүйт ёсыг эрхэмлэдэг, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг үнэт зүйлтэй орон юм.  Эдгээр үнэт зүйл дээр тулгуурласан харилцааг бид хөгжүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд Канад, Монголын хамтын ажиллагаа амжилттай өргөжиж, томоохон өөрчлөлтүүд гарсан. Дипломат болоод улс төрийн харилцааг идэвхтэй өрнүүлж байна. Зөвхөн хоёр талын харилцаа бус олон талт хамтын ажиллагааг ч идэвхтэй явуулсаар ирлээ. Манай хоёр улс харилцан бие биенээ дэмжиж, тусалдагт бид үргэлж бахархдаг. Тухайлбал, албан ёсоор дипломат харилцаа тогтоохоос өмнө Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Канад улс идэвхитэй дэмжсэн.

-Манай хоёр орон уул уурхайн салбарт идэвхитэй хамтран ажилладгийн баталгаа нь “Оюу толгой” төсөл гэж хардаг. Анх тус уурхайн нөөцийг Канадын компани илрүүлсэн гэж  ярьдаг?

-Канад улс бол Монголын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. МонголБанкнаас гаргасан статистик мэдээллийг харвал 8.1 тэрбум ам. доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг Канад Монголд оруулжээ. Үүний ихэнх хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Тэр дундаа “Оюу толгой”-н гүний уурхайг хөгжүүлэх төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн.“Оюу толгой” төслийн нөөцийг Канад улсын “Айвонхо Майнс” компани 2001 онд илрүүлсэн түүхтэй. Энэ компани өдгөө “Туркойз Хилл Ресурс” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар “Оюу толгой” компани 13 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэсэн тооцоо бий. Канад улсын Засгийн газрын Экспорт хөгжлийн агентлагаас “Туркойз Хилл Ресурс”-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Оюу толгой” төсөлд нэг тэрбум ам.доллартай тэнцэх санхүүжилтийг олгосон. Сүүлийн жилүүдэд “Оюу толгой”-н гүний уурхайн төсөл эрчимтэй урагшилж байгааг хараад бид баяртай байна. Энэ төсөл Монгол Улсын экспорт, татварын орлогод ихэнх хувь эзэлдгээс гадна Монголын олон залууг өндөр цалинтай ажлын байраар хангадгийг онцлох нь зүйтэй. Тэр дундаа Монголын олон эмэгтэй “Оюу толгой”-д амжилттай ажиллаж байна.

-Олон улсын хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд олон салбарт чухал төслүүд хэрэгжсэн. Эдгээр төслийг харахад манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” бодлоготой уялдаж байгаа санагддаг?

-Канад улсын Засгийн газраас Монголд хэрэгжүүлж байгаа Олон улсын хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос 85 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг нийгэм болон эдийн засгийн салбарт хэрэгжүүллээ. Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд бүгдийг хамарсан засаглал, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, бүх хүнд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд анхааран ажиллаж байна. Эдгээр төслүүдийг Тогтвортой хөгжлийн зорилт,“Алсын хараа 2050” хөтөлбөртэй нягт уялдуулахыг хичээж ажилладаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангах зорилготой. Мөн Канад улсын Засгийн газраас баталсан феминист олон улсын туслалцааны бодлоготой бид уялдаатай ажилладаг.

-Канадын Засгийн газрын санхүүжилтээр одоо манай улсад дөрвөн төсөл хэрэгжиж байгаа юм билээ. Эдгээр нь аль чиглэлд илүү анхаарлаа хандуулж байгаа вэ?

-Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр таван жилийн хугацаанд Монголд хэрэгжих хөгжлийн дөрвөн төсөл хөтөлбөрийн хүрээнд 25 сая ам.доллартай тэнцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, Институцийн өөрчлөлтийн замаар эрдсийн менежментийг сайжруулах буюу “МЕРИТ” төсөл найман жилийн хугацаанд хэрэгжиж байна. Канад улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй энэ төсөл Монгол Улсын уул уурхай, олборлох салбар дахь төрийн албыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах зорилготой төсөл юм. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн төрийн байгууллагуудтай төслийн хүрээнд хамтран ажилладаг.

Хоёрдугаарт,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа “Иргэн төвтэй, мэргэжлийн төрийн алба” төслийн хүрээнд мерит зарчимд тулгуурласан төрийн албыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд голлон анхаарч байна. Төслийг хэрэгжүүлэхдээ Төрийн албаны зөвлөлтэй нягт хамтран ажилладаг.Үүнээс гадна жендэрийн тэгш байдалд анхаарч ажилладаг хоёр төсөл бий. Үүний эхнийх нь “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл юм. Олон улсын хөгжлийн  эрх зүйн байгууллага үүнийг хэрэгжүүлдэг.Жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийн даван туулагчдад чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг. Ялангуяа хууль эрх зүйн туслалцаа авахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Дөрөв дэх нь Азийн сангийн хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх” төсөл юм. Уг төсөл нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай ойр дотно ажилладгаараа онцлогтой. Төсөл нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар тэдний эрх, оролцоо, манлайллыг сааруулж буй эрх мэдлийн саад тотгорыг зайлуулах санаачилга, хүчин чармайлтыг дэмждэг.

-Цаашид манай хоёр орон аль салбарт хамтарч ажиллахаар төлөвлөж байна?

-Канад, Монголын Засгийн газар хоорондын ес дэх удаагийн дугуй ширээний уулзалтаа өнгөрсөн онд хийсэн. Хоёр жилд нэг удаа болдог  энэ хурлаар хамтын ажиллагааны хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг дэлгэрэнгүй хэлэлцдэг. Өнгөрсөн жилийн уулзалтаар хамтын ажиллагааны замын зураглалаа гаргаж баталсан. Энэ баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээ дахин нэг авч хэлэлцэж, тодотгосон. Эдгээрт дипломат хамтын ажиллагаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, батлан хамгаалах, худалдааны чиглэлд хамтран ажиллах, Монголд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрүүдийг нягталж ярилцсан. Цаашид бид байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллахыг зорьж байна. Ногоон буюу байгаль орчинд ээлтэй уул уурхай, ногоон барилгыг хөгжүүлж, замын хөдөлгөөний ухаалаг технологийг нэвтрүүлэхэд анхаарч байна. Байгаль орчинд ээлтэй канад технологийн арвин туршлагаас нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Канад, Монгол хоёр өвөлдөө их хүйтэрдэг ижил төстэй уур амьсгалтай. Тиймээс Канад энэ уур амьсгалд тэсвэртэй газар тариалан эрхэлдэг. Энэ туршлагаасаа Монгол Улсад хуваалцахад бэлэн байна. Ялангуяа эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологийг Монголд нэвтрүүлэх арга замыг бид судалж байна. Ирэх онд бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахаар ярилцаж байна.

-Орос, Украинд үүссэн асуудал дээр танай Элчин сайдын яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын арми ямар ч өдөөн хатгалгагүйгээр Беларусийн дэглэмийн дэмжлэгтэйгээр Украины нутаг дэвсгэрт иж бүрэн довтолгоог эхлүүлсэн нь олон улсын хууль тогтоомж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг илт зөрчсөн үндэслэлгүй, дайсагнасан үйл явдал болсон юм. Үүнд Оросын удирдагчдыг эрс буруушааж, Украинд оруулсан цэргээ буцаан татахыг Оросоос шаардаж байгаа. Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Украины ард түмэн өөрсдийн ирээдүйгээ чөлөөтэй тодорхойлох ёстой гэж Канад үзэж байна. Дээрх асуудалд Оросын удирдлагад хариуцлага тооцож, дайны замаар бус сайн санааны дипломат харилцааны  аргаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Канад улс дэлхий дахинд хүний эрхийг хамгаалж,  бэхжүүлэхийн төлөө зогсдог орон. Олон улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн ямар ч үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. 

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 93 (6825)

 

 

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

6 цаг 16 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

6 цаг 52 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20