Ч.ҮЛ-ОЛДОХ
Улсын Бага хурал, АИХ-ын депутат асан Д.Чилхаажавтай ярилцлаа.
-Улс төрийн намууд Үндсэн хуулийг боловсронгуй болгоход саналаа нэгтгэж эхэлжээ. Хэрэв гар хүрвэл ямар заалтуудыг өөрчлөх ёстой бол?
-Үндсэн хуульд олон чухал заалт бий. Гол амин сүнс нь төрийн эрх мэдэл бүх ард түмний гарт байх тухай заалт. Өнөөдөр төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна уу. Энэ өнцгөөс авч үзвэл харин ч холдсон. Нэг жишээ нь, 2000 онд оруулсан “Дордохын долоон өөрчлөлт” юм. 2019 оны нэмэлт, өөрчлөлт мөн ялгаагүй төр, ард түмний холбоог бэхжүүлэх бус сулруулах чиглэлд хийгдсэн. Бид төр, ард түмний хоорондох холбоог бэхжүүлэхийн төлөө байх ёстой. Иймд энэ заалтыг өөрчлөх хуулийн шинэчлэл оруулахыг дэмжинэ.
-Энэ удаагийн дэвшүүлж байгаа үндэслэлүүд хэр байгаа оносон юм бол?
-Улс төрийн намуудын байр суурь, эрдэмтэн судлаачдын саналыг нэлээд сонслоо. Миний хувьд тэдний хэлж байгаа шалтгаан, дэвшүүлж буй үндэслэлүүдийг учир дутагдалтай гэж үзэж байна. Тухайлбал, зарим нам, улстөрчдийн зүгээс төр дэх сонгогчдын төлөөлөл цөөн байгааг УИХ-ын гишүүдийн тоотой холбож, нэмэгдүүлнэ гэлцэж байна. Гишүүдийн тоо зуу байна уу, мянга болно уу юу ч өөрчлөгдөхгүй. Асуудал тоонд биш тогтолцоондоо байгаа юм. Өнөөдөр сонгогчдын төлөөлөл төрд бүрэн тусахгүй байгаагаас нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан МАН олонх болж 100 хувь төр барьж байна шүү дээ. Энэ шударга ёсонд нийцэхгүй. Тэр байтугай байж боломжгүй асуудал. Тогтолцоог өөрчлөхгүйгээр гишүүдийн тоог нэмлээ гэхэд баахан хариуцлагагүй улс нэмэгдэнэ. Төсөв, хөрөнгө урсана, төр данхайрна, өөр юу ч өөрчлөгдөхгүй.
-1992 оны ардчилсан Үндсэн хуулийг батлахад ямар зарчим баримталсан бэ?
-Үндсэн хуулийг өөрчлөхөд зөвшилцлийг хангах ёстой. Үүнгүйгээр өөрчлөлт хийж чадахгүй. Өнөөдөр Үндсэн хуулиа өөрчилье гэж байгаа бол эхлээд зөвшилцөл байгуулах шаардлагатай. 1990 онд бид Ардын түр хороог байгуулан “Үндсэн хуулиа батлаад тарна” гэсэн шаардлагыг ардчилсан хүчнүүдийн зүгээс тавьж байсан. Түүний үндсэнд 1990 оны тавдугаар сард Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталсан. Улс төрийн намууд, АИХ-ын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, түүн дээр асуудлаа яриад хоёр танхимтай парламенттай байх зарчмыг тохирсон. Бага хурлыг хувь тэнцүүлэх шугамаар, АИХ-ыг ард түмнээс санал авч байгуулъя гэсэн. Ард түмний тэмцэл хурцдаж ирснээ энэ зарчим дээр тогтож, Бага хурал хуулийн төслөө боловсруулж, АИХ-аар хэлэлцэж баталсан. Монголчууд ингэж ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон. Төрд өмнө байсан хүмүүсийг буруутгах аргагүй. Эрх мэдлийг нь хасч, хатуу зарчим хэрэгжүүлэх өөрчлөлт оруулна гэхээр тэд тухайн үедээ дургүй байсан. Тиймээс зөвшилцлөөр шийдвэрлэсэн.
- Өнөөдрийн байдал мөн тийм хэмжээнд хүрсэн гэж та хэлж байна уу?
-Үндсэн хуульд бодитой өөрчлөлт оруулъя гэхэд 76 гишүүн түүнийг хийж чадна гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Тэд хоёр танхимтай парламентыг хүсэхгүй. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүдийн эрх хасагдаж, хяналтад орох учраас гишүүд дэмжихгүй, ер нь дэмждэг ч үгүй. Хэн ч гэсэн хар толгой дээр нь ийм асуудал ирэхэд татгалзах байх. 2019 онд бид хоёр танхимтай парламенттай байх санал оруулахад хүлээж аваагүй. Өнөөдөр бүх эрх мэдэл нэг тал буюу УИХ-д төвлөрчихөөд ямар ч хяналт алга байна шүү дээ. Үүнийг засах хэрэгтэй.Зөвшилцлийг хангаж, эсвэл ард нийтийн санал асуулгаар шийдэх шаардлагатай.
-Одоо сонгуулийн тогтолцоог нэг нь пропорциональ, нөгөө нь холимог байлгая гэж байна. Алийг нь дэмжиж байгаа вэ?
- Энэ асуудлыг 1990 оных шиг зөвшилцлөөр шийдэж чадвал болно. Тохирч чадахгүй бол ард түмнээс асуучих хэрэгтэй. Зөвшилцөнө гэдгийг манай төрийн байгууллагууд өрөөсгөл ойлгоод байдаг тал бас байдаг. Албан бичиг явуулчихвал боллоо гэж ханддаг. Олон жил ийм байлаа, ийм байж боломгүй. Үндсэн хуульд хэлбэр төдий ханддаг байдал байж огт болохгүй.
-УИХ-д эрх мэдэл төвлөрснөөр бий болсон гажуудлын бодит жишээг хэлнэ үү?
-Бүх эрх мэдлийг УИХ-д төвлөрүүлчихээр Ерөнхийлөгчийн болон шүүх эрх мэдлийг үндсэндээ улс төрийн намын хараат болгож дураараа дургих гэсэн хүмүүсийн илэрхийлэл гэдгийг би 2019 оны нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөөнд оролцохдоо хэлж байсан. Шүүхийн бие даасан байдал алдагдаж, улс төрч, эрх мэдэлтнүүдийн дарамтанд ажиллахаар боллоо. Намын шүүх байгуулагдах гэж байна. Үндсэн хуулийн толгой дээр “Төр нийгмийн удирдан чиглүүлэх хүчин нам” гэж бичих л үлдээд байна. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг зарчим хэрэгжихгүй байна. Жирийн иргэн хэрэг хийвэл эрүүгийн болоод янз бүрийн хариуцлага хүлээдэг. Харин албан тушаалтай, эрх мэдэлтэй хүн хэрэг хийвэл ямар ч шийтгэл хүлээдэггүй. Тэр ч бүү хэл дэвшээд явдаг. Ийм гаж тогтолцоо сүүлийн хэдэн жил манай улсад нүүрлэчихээд байна.
- Энэ нь хэзээ цэгцрэх вэ?
- Монгол Улс хоёр танхимтай юм уу, хоёр шатны парламенттай болсон тэр цагт л энэ гажуудал арилна. Түүнээс өөрөөр арилах найдлага үндсэндээ байхгүй. Мөн 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөх хэрэгтэйг бид өмнө нь олон удаа шаардсан. Өнөөдөр УИХ дахь намын бүлэг бүхнийг шийддэг болсон байгаа. Бүх томилгоог нам мэдэж шийдэж байна. Ингэж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 89 (6822)