Г.Батзаяа: “Ганцхан шалтгаан” юу ч тохиолдсон амьдрах хэрэгтэйг өгүүлнэ

2022-04-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Ганцхан шалтгаан” уран сайхны киногоо удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж буй залуу кино найруулагч Г.Батзаяатай ярилцлаа.

 

-“Ганцхан шалтгаан” уран сайхны кино нээлтээ хийхэд цөөн хоног үлдлээ. 30 насандаа бүрэн хэмжээний кино хийнэ гэдэг чамгүй амжилт шүү. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 30 насандаа өөрийн бүтээсэн кинотой болно гэж мөрөөддөг байсан. Энэ сарын 20-нд “Ганцхан шалтгаан” кино нээлтээ хийнэ. Зорилгодоо хүрч чадсан. Гэхдээ кино зохиолыг би бичсэн боловч найруулагчаар Б.Болдбаатар найруулагч хамтран ажилласан. “Ганцхан шалтгаан” кино хоёр найруулагчийн анхны гараа болж байгаагаараа онцлог. Би кино найруулагчаар төгссөний дараа продюссероор ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, “Bad Angels”, “Boobies” зэрэг “Orange” энтертайнментийн төслүүд дээр ажиллаж байлаа. Би 2016 онд КУДС-ийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Энэ нь миний хоёр дахь их сургууль, хоёр дахь мэргэжил юм. Өмнө нь хуульч мэргэжлээр сурч төгссөн.

-“Ганцхан шалтгаан” дуу хоёр жилийн өмнө залуусын хит болсон. Таны хүсэлтээр реппер Thunder бүтээсэн гэж ойлгосон. Тэгвэл “Ганцхан шалтгаан” кино дуу бүтсэн түүхтэй холбоотой юу?

-Эмнэлгийн орон дээр эмчилгээнээс эмчилгээний хооронд өдөр хоногийг өнгөрүүлэхдээ өнгөрсөн амьдралаа эргэцүүлж сайн бодсон, бясалгасан бас эргэцүүлсэн. Амьдралд ямар хайргүй ханддаг байсан юм бэ гэж бодсон. Би 2019 онд цусны хорт хавдар өвчнөөр шаналж олон хүний хайр, тус дэмээр хөл дээрээ боссон. Тиймээс хүмүүсийн надад өгсөн тэр их хайр, сэтгэлд хариу барьж “баярлалаа” гэж хэлэхийнхээ сацуу сайн ч, муу ч амьдрах ямар сайхан юм бэ гэдгийг ойлгоосой гэж хүссэн юм. Тиймээс реппер Thunder-т санал тавьж байлаа. Өдөр бүрийг хайрлаж, гудамжаар тайван алхах хүртэл аз жаргалын нэг хэсэг гэдгийг ойлгуулж, шантарсан нэгэнд урам зориг өгөхүйц дуу хийх санал тавьсан. Ингээд дуучин Thunder миний саналыг хүлээн авч дуучин хүний дотоод уран мэдрэмжээр хөглөн үг бүр нь сэтгэлд хүрэх амьтай дуу бүтээсэн. Би ердөө санал тавьсан. “Ганцхан шалтгаан” дуу тэр чигтээ Thunder гэдэг хүний дотоод ертөнцөөс урган гарсан бүтээл. Харин “Ганцхан шалтгаан” дуу олон хүнд урам зориг өгч, амьдралыг өөрөөр харах хүч өгсөнтэй адил киногоороо дамжуулан амьдралдаа гутарч, урам хугарсан нэгэнд дахин өндийх түлхэц болохыг хүссэн.

-Киноны постерийг харахад бүгд залуу уран бүтээлч байгаа харагдсан. Киноныхоо талаар товч танилцуулахгүй юу?

-Тийм. Кино бүтээгчдэд олны танил жүжигчдийг тоглуулж үзэгчдийг татан мөнгө олох сонирхол байдаг. Мэдээж кино бүтээхэд өндөр зардал гардаг учраас үүнийг буруутгах аргагүй. Харин миний хувьд дүрдээ тохирсон хүмүүсийг кинондоо тоглуулах нь илүү үнэ цэнтэй байсан. “Ганцхан шалтгаан” кинонд тоглож буй ихэнх жүжигчдийн анхны дүр байх жишээтэй. Гэхдээ тэд киноны дүрдээ бүрэн тохирсон учраас илүү амьтай, уртай жүжиглэлтийг үзүүлэх болно.

-Кино найруулагчдад хүссэн дүрээ олох амаргүй байдаг. Дүрүүдээ яаж олсон бэ?

-Кино зохиолоо олон залууст уншуулсан. Бүгд сайхан сэтгэгдэл хэлж зохиолын үйл явдал, өрнөл сонирхолтой байгааг дурдаж байсан. Гэтэл нэг залуу зохиолыг уншаад “Надад энэ зохиол тухгүй мэдрэмж төрүүлж байна” гэж хэлсэн. Яагаад гэхэд “Тухгүй байна гэдэг нь гол дүрийн залуугийн хэлдэг үг. Учир нь энэ надад тохиолдсон үйл явдал байна” гэсэн. Тэр одоо гол дүрд тоглож байгаа. Зохиол дээр бичсэн дүрийн амьдрал бодит амьдрал дээр нь тохиолдож байсан залуу тоглоно. Тэгэхээр дүрийн ойлголт, мэдрэмжийн илэрхийлэл нь илүү амьтай гарна.

-Залуучуудын бүтээл юм байна. Кино бүтээх зардал өндөр байдаг. Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ. Залуусын бүтээлийг хэр дэмжиж байна вэ?

-Мэдээж кино найруулагч нь 30-тай хоёр залуу, дүрүүд нь бүгд шинэ жүжигчин учраас татгалзах хүн олон байсан. Нөгөө л нэг залуучууд чадахгүй гэсэн үзэл оршсоор байна. Гэхдээ залуучууд бие биеэ сайн дэмждэг. Тэр ч үүднээсээ манай киног залуу захиралтай хамт олон дэмжсэн. Залуус өөрсдийн чадах бүх техник, сэтгэл, мэдрэмж, мэдлэгээ гаргасан учраас “Ганцхан шалтгаан” кино өөр байх болно.

-Кино зохиолоо хэзээнээс бичиж эхэлсэн бэ?

-Кино зохиолоо бичиж эхэлсэн өдрөө тод санадаг. Тодруулбал, 2019 оны Оскарын наадмын нээлтэд Billie Eilish тэр онд нас барсан эрхмүүдэд хүндэтгэл үзүүлээд “The Beatles” хамтлагийн Yesterday дууг дуулсан. Тэр үед дэлхийн хамгийн залуу супер од эмэгтэй хүн төрөлхтний хамгийн том наадмын тайзан дээр хийж бүтээснээрээ гайхуулсан кино урлагийн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж дэлхий нийт түүнд анхаарлаа хандуулж байгаа юм. Тэр үйл явдлыг хараад Батзаяа гэдэг хүн ямар чадвартай вэ. Тэр хүнээс юу гарах боломжтой вэ гэдгийг тунгааж кино зохиол бичих сэдлийг олж авсан. 2019 оны Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ надад шинэ эхлэлийг өгсөн. Тэгэхээр 2019 оноос хойш гурван жил кино зохиол дээрээ ажилласан.

-Киноны нэр сонирхол татаж байна. Ганцхан ямар шалтгаан байгаа гэж?

-Ганцхан шалтгаан бол амьдрах. Хүн бүрийн дотор гаднаа мэдэгдэхгүй шарх байдаг. Гэтэл бид түүнийг нь огт мэдэхгүй хэрнээ хүний амьдралыг өнгөц дүгнэж, шүүх дуртай. Тиймээс огт мэдэхгүй хүнийхээ амьдралыг шүүдэг алдааг хөндөж сайн ч, муу ч зүгээр л амьдрахыг өгүүлнэ. Амьдарна гэдэг өөрөө үнэ цэн. Ямар ч зүйл туулж байсан тэсэж үлдээд амьдраарай гэдгийг залуустаа ойлгуулахыг зорьсон. Энэ киног олон хүн үзэхгүй ч байж мэднэ. Мөн таалагдахгүй ч байж магадгүй. Гэхдээ киногоо аль ч төрлийн фестивалд шаардлага хангахуйц хийхийн тулд хамгийн сүүлийн үеийн техникээр хийсэн.

-Олон нийтийн дунд монгол киног голох хандлага ажиглагддаг. Ялангуяа дээр дурдсанчлан залуус хийсэн гэхээр тэр бүр үнэлдэггүй ч юм уу. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Одоо залуус үнэхээр чадвартай болсон. Шинэ үе, шинэ сэтгэлгээ нийгмийг өнгөлж гарч ирэхэд бэлэн болсон. Дэмжлэг байхгүй байсан ч зах зээлийн зарчмаараа залуусын хийж бүтээж байгаа зүйл хүч түрэн гарч ирэх боломжтой болж байгаа. Манай орон залууст байтугай хүүхдүүдэд ээлгүй орон. Тиймээс чадвартай ч үнэлэгдэж чадахгүй байгаа залуустаа хандаж хэлэхэд битгий шантраарай гэж захимаар байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 75 (6807)

 

Эерэг
Thunder, Батзаяа гээд нийгмийг сайн сайхны төлөө хандуулсан мундаг эрч, хүчтэй, ухаантай залуус улам илүү олон байгаасай. Өнөөдрөөр дуусахгүй үе үеийн үлгэр дууриалал болсоор байх болно оо. Амжилт
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

9 цаг 15 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

9 цаг 51 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20