Солонгос ажиллах хүчний хомсдолоо гадаадын иргэдээр нөхнө

2022-04-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахлын улмаас Өмнөд Солонгост цагаач ажилчдын тоо огцом буурчээ. Тухайлбал, 2019 онд Камбож, Пакистан, Хятад, Бангладеш зэрэг Азийн орнуудаас 9000 орчим ажилчин Солонгост ажиллаж байсан бол 2021 онд 1590 болж багасчээ. Ийн БНСУ-ын Засгийн газар болон Үндэсний ассамблей удаан хуралдсаны эцэст COVID-19 цар тахалтай холбоотойгоор жижиг бизнес, фермүүдийн ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд цагаач ажилчдын оршин суух хугацааг сунгахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

 

“ГАДААД АЖИЛЧДЫН ТУСЛАМЖИЙГ АВАХААС ӨӨР СОНГОЛТ ҮЛДСЭНГҮЙ”

 

 Тодруулбал, дөрөвдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд оршин суух зөвшөөрөл нь дуусч байгаа 132 мянга орчим цагаач ажилтан дахин нэг жил үлдэх боломжтой болсон байна. Энэ талаар тус улсын Хууль зүйн яамнаас гуравдугаар сарын 28-нд мэдэгдсэн юм. Тус улсын парламент дахь сөрөг хүчин болох Ардын хүчний намын төлөөлөгч Ли Жон Бэ-гийн өргөн мэдүүлсэн гадаад ажилчдыг ажиллуулах тухай актыг шинэчлэх тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанаар  өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баталжээ.

Энэ хуулийн төслийн гол зорилго нь гадаадын ажилчдыг ажиллуулдаг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх, цар тахлаас үүдэн хилээр орж гарахад хүндрэлтэй байгаа гадаад ажилчдын ажиллах хугацааг сунгах юм.  Энэ талаар хуулийн төслийг  санаачлагч Ли Жон Бэ “Гадаад ажилчдын тоо буурснаас зарим аж ахуй нэгж, үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолд орсон. Тиймээс гадаад ажилчдын тусламжийг авахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Ялангуяа хөл хорионоос үүдэн визний хугацаа нь дуусаад эх орондоо очсон гадаад ажилчид эргэж ирж чадахгүйд хүрэхийн сацуу нутаг руугаа буцаж чадахгүйд хүрсэн” гэж ярьжээ. Халдварт өвчний тархалт, байгалийн гамшгаас үүдэн Солонгос руу орох болон эх орноосоо гарч чадахгүйд хүрсэн гадаадын ажилчдын  ажиллах хугацааг нэг жилээр сунгаж байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

 

ЦАГААЧДЫН АЖИЛЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТООГ НЭМЖЭЭ

 

Шинэчилсэн хуулийн төсөлд гадаадаас ажилллах хүчин авах зөвшөөрөлтэй барилга, үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарууд дээр уул уурхайн салбарыг нэмжээ. Одоогийн цагаачлалын хуулийн дагуу H-2 визтэй гадаадын иргэд 300-аас цөөн ажилтантай загас агнуур, мал аж ахуй, үйлдвэрлэл гэсэн 39 салбарт ажилд орох боломжтой юм. Харин шинэчилсэн хуулиар уул уурхай, мах тээвэрлэх, халуун ногоо, жимс, хүнсний ногооны бөөний худалдаанд  гадаад иргэн ажиллахыг зөвшөөрсөн байна.

Хууль зүйн яамнаас энэ нь дээрх аж үйлдвэрүүдийн ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилготой гэж мэдээлэв.

Солонгосын нэгдсэн логистикийн холбоо  энэ шинэчлэлийг сайшаан “Өнөөдрийг хүртэл багц ангилах газрууд жил бүр 7000 орчим ажиллах хүчний дутагдалд ордог байсан” гэж мэдэгдсэн байна.

 

УЛИРЛЫН ЧАНАРТАЙ АЖИЛЧИД ВИЗНИЙ ХУГАЦАА НЬ ДУУССАН Ч ХӨДӨӨ АЖИЛЛАЖ БОЛНО

 

Өнгөрсөн жил Солонгосын ургац хураах улирлын үеэр халдвар тархалтаас сэргийлэхийн тулд улирлын шинжтэй гадаадын ажилчдыг тус улс руу нэвтрэхийг хориглосноор фермэрүүд ажиллах хүчний хомсдолд орсон юм. Энэ байдал энэ жил ч  өөрчлөгдөөгүй учир газар тариалан эрхлэгчид үндэсний хэмжээнд 4500 гаруй ажиллах хүчин авах хүсэлт өгсөн нь хэрэгжихгүй бололтой.

Тухайлбал, Хойд Кёнсан мужид H-3, E-9, F-1, F-3 визтэй хүмүүсийг хөдөө орон нутагт ажиллахыг зөвшөөрөхийг тус бүс нутгийн Засгийн газар  Хууль зүйн яамнаас хүсчээ. Учир нь тус мужид дөрвөөс зургадугаар сар, арваас арваннэгдүгээр сар гэсэн тариалангийн үеэр 230 мянга орчим ажилчин шаадлагатай болдог байна.  Тиймээс Хууль зүйн яамнаас энэ нөхцөл байдлыг харгалзан ирэх жилийн гуравдугаар сар хүртэл улирлын чанартай  ажиллах тогтолцоог гуравдугаар  сард нэвтрүүлсэн юм. Энэ нь F-1, E-9 визтэй улирлын чанартай ажилчдыг хугацаа нь дууссан ч хөдөө орон нутагт ажиллах боломжийг олгож байгаа юм. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш хэдхэн өдрийн дотор Умард Чунчон мужид 82 хүн ажилд орох хүсэлт гаргажээ. Оршин суух хугацаа нь дуусч байгаа гадаадын ажилчид улирлын чанартай ажил хийх хүсэлтээ гаргавал өнгөрсөн жилийнх шиг ажиллах хүчний дутагдлаас сэргийлж чадна гэж тус мужийн Засгийн газар үзэж байна.

Харин өмнө нь хугацаагаа нэг жилээр сунгуулсан, дөрөвдүгээр сарын 13-наас зургадугаар сарын 30-ны хооронд тэр хугацаа нь дуусч буй цагаачдын хувьд 50 хоног сунгаж байгаа юм. Ингэхдээ гадаад ажилчдын оршин суух хугацааг автоматаар сунгах боловч ажил олгогчид нь цахимаар эсвэл орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн төвөөр дамжуулан хүсэлт гаргах ёстой юм байна.

Тус улсад гурван төрлийн цагаачлалын хөдөлмөрийн схем хэрэгждэг. Үүний дагуу Азийн 16 орны ажилчид E-8, E-9, C-4 визээр загас агнуур, газар тариалан, үйлдвэрлэл зэрэг бага ур чадвар шаардагдах ажил хийдэг юм. Эдгээрээс Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

11 цаг 36 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

11 цаг 40 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

11 цаг 44 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

11 цаг 49 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

18 цаг 36 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

18 цаг 36 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

18 цаг 36 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

18 цаг 36 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

18 цаг 36 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

18 цаг 36 мин