Б.БЯМБАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлийг урилаа.
Эх хэлээ хамгаалах нь зөвхөн судлаачдын биш хүн бүрийн үүрэг
Блиц:
Боловсролын байдал: Хэл бичгийн ухааны докторант
Судалгааны чиглэл: Монгол хэл, бичиг, аман зохиол
Ажлын туршлага:
♦ Монголын үндэсний музейд Эрдэм шинжилгээний ажилтан
♦ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Протоколын асуудал хариуцсан шадар туслах Ахлах шинжээч
♦ Хэвлэл мэдээллийн ажилтан
♦ Монгол хэлний асуудал хариуцсан ажилтан
♦ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга
♦ БНСУ-ын Угсаатны зүйн музейд зочин судлаачаар ажилласан.
-УИХ-аас 2004 онд Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг баталж, Төрийн хэлний зөвлөлийг байгуулсан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга болох Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталж Төрийн хэлний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл нэртэйгээр шинэчлэн байгуулсан юм.
Зөвлөлийн үндсэн чиг үүрэг бол Монгол хэлийг хамгаалах хөгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг дүгнэх, бодлого боловсруулахад оршино. Хэлийг хамгаалах, хөгжүүлэх нь зөвхөн хэлний эрдэмтдийн хийх ажил биш. Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдээс авхуулаад шинжлэх ухаан, соёл, хэвлэл мэдээллийн байгууллага, төр хувийн хэвшил зэрэг бүх нийтийн оролцоо чухал. Техник технологи, хиймэл оюун хүртэл үүнд хамааралтай. Энэ утгаараа Ерөнхийлөгч хуулийн дагуу зөвлөлийн гишүүдийг хэл, утга зохиол, хэвлэл мэдээлэл, соёл, шинжлэх ухааны салбарын төлөөллөөс есөн гишүүнийг зургаан жилийн хугацаатай зарлиг гарган томилон ажиллуулдаг.
Манай улс хос бичигтэн болоход 1000 хүрэхгүй хоног үлдсэн
-Хос бичигтэн болоход 1000 хүрэхгүй хоног үлдэж бэлтгэлийг хангаж байна. Манай улс монгол бичгээ халж кирилл бичгийг 1941 оноос хэрэглэж эхэлсэн. Ингээд 1985-1986 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 7-8 дугаар ангид монгол бичиг зааж эхэлсэн байдаг. Мөн 1992 оноос Монгол бичгийг нэгдүгээр ангиас нь заах шийдвэр гарч монгол бичгээр нэгэн үеийг бойжуулсан. Эдгээр сурагчид өнөөдөр төрийн албаны туслах болон гүйцэтгэх албаны 33 хувийг бүрдүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийт 190 мянган төрийн албан хаагчийн 65 мянга гаруй нь гэсэн үг. Үүнээс хос бичгээр төрийн албыг хөтлөх бэлтгэлээ 1985 оноос бага багаар суурийг нь тавьж эхэлснийг харж болно. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг Засгийн газраас 2020 оны гуравдугаар сарын 18-нд баталж хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Энэхүү ажлын хэсгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ахлан ажиллаж байна. Энэ үндсэн ажлын хэсгээс гадна БШУЯ, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хөтөлбөрт туссан дөрвөн зорилтын хүрээнд дэх 69 ажлыг гурван дэд ажлын хэсэг гаргаж чиг үүргээрээ хуваан авч ажиллаж байгаа юм. Стандарт хэмжил зүйн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын Ерөнхий газар холбогдох байгууллагын төлөөлөл монгол бичгээр үйлдэх албан бичиг захидал, тэдгээрийн хэвлэмэл хуудас, бүрдлийн байрлалд тавих стандартыг бэлэн болгосон. Үндэсний бичиг үсгийн баярын үеэр буюу тавдугаар сарын эхний долоо хоногт зарим аймаг, төрийн байгууллагад баталсан хэвлэмэл хуудас буюу албан бланкны загварыг монгол бичгээр бичиж, туршиж эхэлнэ.
Манай зөвлөл 21 аймаг, 330 сум, яамдад салбар зөвлөлтэй. 2016 оноос хойш салбар зөвлөлийн тогтвортой ажиллах үндсийг тавьж бэхжүүлэн, орон нутагт Засаг дарга нар ахлан ажиллаж байна. Салбар зөвлөлөөр дамжуулан хөдөө орон нутагт монгол хэл, бичгийн хичээлийг зааж, багш нараа мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг. Өнгөрсөн онд бид 15 аймгийн монгол хэлний багш нар, архив бичиг хэргийн ажилчдад монгол бичгээр цахимд бичих арга зүйн сургалт явуулсан. Удахгүй жишиг хөтөлбөр батлагдахаар тухайн хөтөлбөр, удирдамжийн дагуу монгол бичиг заах багш нарыг бэлтгэнэ. Бидэнд 5000 гаруй монгол бичгийн багшийн нөөц бий.
Дүрмийн дагуу бичиж сураагүй буруу дадсан нь зөрүүтэй байдал үүсгэсэн
-Дүрэмгүй хэл, дөрөөгүй эмээл гэж байдаггүй. Монгол хэлний дүрмэнд огт өөрчлөлт ороогүй. Дүрмийн дагуу бичиж ирээгүй учраас л зөрүүтэй байдал бий болсон. Мөн 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар Монгол үсгийн дүрмийн толь гэсэн 18 мянган үгтэй толь гаргасан байдаг. Энэ толийг тухайн үед хэвлэснээс хойш дахин хэвлээгүй. Хүрэлцээ муу байснаас иргэд толь харж бичих соёлд суралцаж чадаагүй. Иймээс ном, сурах бичигт нэг үгийг олон янзаар бичиж ирсэн нь эргэлзээ үүсгэж, асуудал урган гарсан. Мөн 2011 онд иргэдийн олон янзаар бичиж дадсан үгийг журамлаж өгсөн нь олны дургүйцлийг хүргэсэн. Монгол хэлний тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу 2016 онд ШУА, МУИС, МУБИС-ийн төлөөллөөс бүрдсэн Хэл бичгийн 20 гаруй эрдэмтэд анх удаа нэгдэж хоёр жилийн хугацаанд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын боловсруулсан дүрэмд үндэслэн 1983 оны 18 мянган үгтэй толийн санд суурилж 38 мянган үгтэй толийг бүтээж нийтийн хүртээл болгосон. Цаасан болон цахим хэлбэрээр толийг нийтийн хүртээл болгон ашиглаж байгаа. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 1983 онд зохиосон толь бичгийн өмнөтгөлдөө Монгол үсгийн дүрмийн толь бичгийг зохиохдоо үсгийн дүрмийг өөрчлөхгүй, олон янз бичдэг үгийг толь бичгээр зохицуулна гэж дээд байгууллагаас өгсөн гол зарчмыг баримталж хийлээ гэж дурдсан байдаг.
Мөн тэрбээр “МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 429 дүгээр тогтоол, МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ю.Цэдэнбалын удаа дараагийн албан даалгавар болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 202 дугаар тогтоолд олон янзын бичлэгийг нэг мөр болгон жигдлэх тухай заасныг мөрдлөг болгон баримталж түүнийг биелүүлэх зорилгын үүднээс энэ толийг зохиов” гэж бичсэн байдаг юм. Тэгэхээр 1983 онд ч олон янзын бичлэг маргаан дагуулж, түүнийг зохих хэмжээнд журамлаж толиор зохицуулснаа тов тодорхой дурдсан хэрэг. Одоо бид Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын боловсруулсан 64 зүйлийн дүрмийг л баримтална. Энэ 64 зүйлийн дүрмийг цаашид үргэлжлүүлэн мөрдөхийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Толь хэвлэгдэн гарснаас хойш үе шаттайгаар ЕБС-ийн сурах бичгийг нийцүүлэн хэвлэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага мөрдлөг болгон ажиллаж байна. Тодруулбал, толь гарснаас хойш хоёр удаа ном сурах бичиг, сонин хэвлэл, телевиз радиогийн бичилтэд дүн шинжилгээ хийсэн. Ингэснээр зөрүүтэй бичих байдал 40 хувиар буураад байна.
Харь хэлнээс үг нэвтрэх нь тухайн улсын эдийн засаг, соёл урлаг, шашны нөлөөллөөс шалтгаалдаг
-Дэлхийн аль ч хэлэнд зээлдсэн үг хэллэг байдаг. Ялангуяа төрөл, гарал нэгтэй хэлний хувьд элбэг тохиолддог үзэгдэл. Харь хэлнээс үг орж ирж буйг хянаж тухайн үг хэзээ аль сонин хэвлэлд анх удаа ямар агуулгаар нийтлэглэв гэдгийг Хэлний зөвлөлөөс тэмдэглэн бүртгэлжүүлдэг. Монгол Улс олон талт нээлттэй харилцаатай учраас монгол хэлний үгийн санд шинэ үг нэвтрэн орж ирэх нь өмнөх үеэс өссөн. Нэг талаас хэлийг эвдээд байгаа мэт боловч нөгөө талаас монгол хэлний үгийн санг баяжуулж буй үзэгдэл гэж судлаачид үздэг. Энэ нь монгол хэлний үгийн сан бүрэлдэхүүний хувьд дутуугаас шалтгаалсан хэрэг биш. Мөн ганцхан манай улс гадаад үгийг авч хэрэглээд байгаа юм биш. Монгол хэлнээс орчин үед хөрш зэргэлдээ оршин сууж буй орны хэлэнд нэвтэрсэн үгийг ч эрдэмтэд судалж байна. Дэлхийн олон хэлэнд монгол үг харьцангуй олноор орох гадаад хүчин зүйл нь XIII зууны үед дэлхий дахинаа хүчирхэгжин, олон үндэстнийг нэгтгэж, харилцаа холбоо тогтоосон Монголын эзэнт гүрэн түүний захиргааны нөлөөгөөр монгол хэлний үг харь хэлэнд олноор нэвтрэн хэрэглэгдэж байсныг эрдэмтэд судалсан. Ер нь харь хэлэнд үг нэвтрэх нь тухайн улсын эдийн засаг, соёл урлаг, шашны нөлөөллөөс шалтгаалдаг.
Өнөөдөр энэ үүднээсээ монгол хэлний үгийн санд англи, хятад, солонгос хэлний үгс, нэр томьёо их орж ирж байгаа. Өмнө нь орос хэлний нөлөө монгол хэлэнд их байсан ч тухайн цагтаа үүргээ гүйцэтгээд одоо тэдгээр үгсийн хэрэглээ багассан. Манай зөвлөлөөс 2016 онд улсын нэр томьёоны комиссыг зөвлөлийн дэргэд сэргээн байгуулсан юм. Тэр хүрээнд харь хэлний үгийг хавтгайруулан хэрэглэхгүй байх бодлогыг барин ажилладаг. Тухайлбал, 2016 оноос монгол орос нэр томьёоны толь, Монгол Улсад хэрэглэж буй 6000 гаруй стандартыг цахим хэрэглээнд нэвтрүүлж байна. Мөн салбар, салбарын нэр томьёоны толийг улсын нэр томьёоны комиссын хурлаар хэлэлцүүлэн, нэр томьёог монголоор оноон тогтоохыг чухалчлан ажиллаж байгаа.
Гадаадын найман оронд хэлний зөвлөл байгуулж, монгол хэл зааж байна
-Бага насны хүүхдийн хэрэглэж буй үгийн нөөцийг судалсан судалгаа монголд хомс. Гаднын улс оронд насны ангиллаар судлан зурагтын тусгайлсан суваг, контентыг хөгжүүлж, тэдний хэл сэтгэлгээ алдран доройтохоос сэргийлдэг. Тиймээс манай зөвлөл “Хүүхдийн эх хэлний хөгжилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж, хүүхдийн хэлний нөөцийг тогтоох судлах ажлыг судалгааны байгууллагуудтай хамтран эхлүүлсэн. Суурь судалгаа байхгүй тул цаг шаардаж байна. Бүрэн хэмжээний судалгааг хийж дууссанаар олон талын ач холбогдолтой гэж харж байгаа. Тухайлбал, судалгааны үр дүнд суурилан нэвтрүүлэг, контент бүтээж хүүхдийн цуврал ном бүтээл хийхэд хэрэглэх юм. Бид гадаадад буй монгол хүүхдүүдэд зориулж найман орны 43 монгол сургуулийн багш нарт Монгол хэлний арга зүйн сургалтыг Гадаад харилцааны яамтай хамтран явуулж байна. Мөн Хэлний бодлогын гадаад дахь салбар зөвлөлийг байгууллаа. Ингэснээр гадаадад буй хүүхдүүддээ хүрч ажиллах боломж бүрдэнэ.
“Алсын хараа-2050”-д тусгасан хэлний бодлогыг хэрэгжүүлнэ
-Зөвлөлөөс монгол хэлний талаар баримтлах тэргүүлэх чиглэлийг баталсан. Тэргүүлэх чиглэлдээ долоон зорилтыг тусган хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Монгол хэлний нутгийн аялгуу, угсаатны цөөнхийн хэл, дохионы хэл, брайл үсгийг хамгаалах, судлах, хөгжүүлэхэд тохирсон арга зүйг боловсруулж хэрэгжүүлнэ. Мөн чулуун дээрх бичгийн соёлын өв, гадаад улс оронд хадгалагдаж буй бичгийн дурсгалыг бүртгэлжүүлэх, баримтжуулах, үндэсний бичгийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг судлах, тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөр хэрэгжүүлэх талаар зорилтод тусгасан. Түүнчлэн гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулсан эх хэлний сургалтын тогтолцоог хөгжүүлэх, Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэдэд зориулсан монгол хэлний түвшин тогтоох шалгалттай болно. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол хэл, бичгийн асуудлыг нарийн зааж өгсөн. Тэрхүү бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)