С.САРУУЛ
Өмнөд Солонгос улс 20 дахь ерөнхийлөгчөө угтан авлаа. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд тангарагаа өргөнө. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор, PhD Ж.Баттөр “Зууны мэдээ” сонинд “Түүхийг нь харвал Юн Сук Ёл ерөнхийлөгчийн аав нь эрдэмтэн, ээж нь багш байсан. Багаасаа шударга байхыг заалгаж, өөрөө Сөүлийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Солонгост Сөүлийн их сургуулийн хуулийн ангийг төгсөнө гэдэг хэцүү. Харин Юн Сук Ёл амжилттай суралцсан.Хуулийн ангийн оюутнууд цэргийн дарангуйлагч байсан гэгддэг Чонь Дү-Хуань ерөнхийлөгчийг яллаж байгаа талаар “дүрийн тоглолт” хийсэн юм билээ. Гэтэл тэр нь мэдэгдэж хөдөө рүү зугтааж амь гарсан. Дараа нь хуульч өмгөөлөгчийн шалгалт өгөх гэтэл удаа дараа зөвшөөрлийг нь өгөхгүй байсан. Үүнээс болж албаар олон удаа шалгалтад унагаасан. Энэ бүхнийг давна гэдэг уг хүний тэвчээр, тууштай занг харуулж байгаа хэрэг. Дараа нь тэр ерөнхий прокурор болтлоо дэвшсэн.
Ерөнхий прокурор байхдаа өндөр албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргүүдийг илчилж шүүхээр ялласан. Тухайлбал, Пак Гын-Хе, И Мён-Бак ерөнхийлөгч нар, Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн үед хуулийн сайд болох гэж байсан Жу Гугү болон түүнийг эхнэртэй нь ялласан. Юн Сук Ёл эрх мэдэлтнүүд ард түмнээсээ хол тасарсан байна. Эрх мэдлээ хэтрүүлдэгтэй тэмцэх ёстой гэж мэдэгддэг. Гэхдээ түүний энэ үйлдэл нь популист маягийн зүйл рүү явж байна уу гэсэн шүүмжлэлд өртөж Д.Трамптай адилтгаж байна. Тогтсон системийг нураах гэдэг, харилцагч орнуудаа бодохгүйгээр ашиг сонирхлын зөрчлийг тоохгүй ярьдаг. Хийх гэснээ зоригтой хийдэг. Жендерийн асуудлыг шүүмжилдгээрээ Д.Трамптай төстэй гэсэн шүүмжлэлд өртөж байна.
Японы колоничлолын үеэс эхлэн амбан захирагчид, авлига албан тушаалын хэрэгтэй орооцолдсон ерөнхийлөгч нар сууж байсан учраас Хөх ордон руу зүглэхгүй. Мөн иргэдээс хэтэрхий хол. Ерөнхийлөгчтэй энгийн иргэн уулзахад хэцүү байна. Ажлын өрөө унтлагын өрөө зайтай. Гэнэтийн үйл явдал болоход босож очсоор байтал нэг минутаас илүү хугацаа зарцуулж байгаа нь шинэ ерөнхийлөгчид таалагдахгүй байна. Тиймээс хүмүүстэй нээлттэй, ойр ойрхон уулзаж санал бодлыг нь сонсохын тулд Батлан хамгаалах яамны байранд очихоор болсон. Тус яамны зарим хэсгийг өөр тийшээ нүүлгээд нэг давхрыг сэтгүүлч нарт зориулсан мэдээллийн төв болгоно. Тэндээ иргэдийн сонирхсон асуултад хариулж байнга нээлттэй ажиллана. Иргэд яаралтай хэрэг гарвал шууд уулзаж болно гэж мэдэгдлээ. Энэ мэдэгдэл нь бодит байдлаар хэрхэн хэрэгжих вэ гэдэг хүлээлттэй байна.
Юн Сук Ёлын бас нэг шүүмжлэлд өртсөн зүйл бол эхнэр нь намтараа бичихдээ зохиосон гэдэг нь ил болсон. Үүнээс болж эхнэр нь өөрийгөө тэргүүн хатагтай гэж нэрлэх нь зохисгүй боллоо. Харин тэргүүн гэргий юм уу, гэргий нэртэй явах амлалт өгсөн нь Солонгосын түүхэнд анх удаа тэргүүн хатагтай нэрнээс татгалзсан, ерөнхийлөгч нь Хөх ордонд суухгүй гэж мэдэгдсэн тохиолдол боллоо. Юн Сук Ёлын хадам ээж нь шоронд байдаг. Ерөнхийлөгч боллоо гээд хадмаа чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn