Б.БЯМБАЖАРГАЛ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өлгий хотын залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улс орон өөрийн алсын хараатай, хаана очих цэгээ мэддэг байх ёстой. Иргэдийн оролцоон дээр тулгуурласан төлөвлөгөө бол хамгийн хүчтэй төлөвлөгөө байдаг. Баян-Өлгийн залуус ирээдүйн хөгжлөө хэрхэн төсөөлж байгааг мэдэж хамтдаа төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэж үзсэн. “Алсын хараа-2050” урт хугацааны зорилгыг дэвшүүлж Монгол Улсын цаашдын 30 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлоод байна. Үүний хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Цагааннуурын боомтыг автозамаар холбох ажлыг богино хугацаанд дуусгаж чөлөөт бүс болгохоор төлөвлөсөн. Түүнчлэн Баян-Өлгий аймаг ОХУ-аас эрчим хүчээ авдагийг өөрчилж дотоодоосоо хангах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эрчим хүчинд зарцуулдаг 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Аж үйлдвэрлэлийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Тухайлбал, Асгатын мөнгөний ордыг Баян-Өлгийн иргэд дэмжвэл ирэх долоо хоногоос хөрөнгө оруулалт хийнэ” гэв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Шинэ сэргэлтийн бодлого”, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, ирээдүйгээ тодорхойлсон захидлаа хаяглан илгээхийг уриалж нийт захидлаас аймаг бүрийн “Шилдэг-10” залууг шалгаруулж бусад орон нутгийн залуусын уулзалтад оролцох, өөрийгөө хөгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ гэдгийн уулзалтаар онцоллоо. Уулзалтад Баян-Өлгий аймгийн 12 сумын төлөөлөл болох 300 гаруй залуу оролцож байна.
Эх сурвалж: www.polit.mn