Б.Оюунгэрэл: Алслагдсан бүсийн эмэгтэйчүүдэд явуулын эмнэлэг хүрч үйлчилнэ

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй тус холбооноос хэрэгжүүлж байгаа “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд ярилцлаа.

 

-Эмэгтэйчүүдийн холбооны тухай шүүмжлэл хүчтэй өрнөж буй цаг үед шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Монголын нийгэмд эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа олон асуудал байгаа ч энэ удаа хавдрыг онцлох болсон шалтгаан юу байв?

-“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Ажлаа хүлээн авснаас хойш жил бүр эмэгтэйчүүд, охидод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх нэг шинэ төсөл хэрэгжүүлье гэж төлөвлөн ажилласан. Энэ хүрээнд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг 2019 онд зохион байгуулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн асуудлыг үндсэн гол сэдвээ болгон, энэ чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.

Тухайн үед бидний гаргасан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таван саналыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж итгэн хүлээж байна. Харин 2020 онд архидалт нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болж, аюулын түвшинд хүрснийг сануулж “Тархитай тэмцэх” хэрэгтэй гэсэн уриалгатай  нийгэм рүү чиглэсэн соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулсны сацуу манай холбооноос Архидан согтуурахтай  тэмцэх тухай  хуулийн ажлын хэсэгт  ажиллаж байна. Мөн архитай хамгийн их хамааралтай үйлдэгддэг, хаалганы цаадах хүчирхийлэл бол гэмт хэрэг юм гэдгийг олон нийтэд ойлгуулах “Хаалга” акцыг 2021 онд зохион байгуулсан. Үүнээс гадна шийдвэр гаргах түвшний хүмүүст Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг удаа дараа хүргүүлэн ажиллаж байна. Нэг сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудтай уулзаж, тус хуультай холбоотой саналаа солилцсон. Хууль гэдэг нэг өдөр ярилцаад маргааш нь шийдэгддэг хялбар асуудал биш. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад багтсан гэсэн мэдээлэлтэй байна.

Харин 2022 онд эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын асуудал руу үйл ажиллагаагаа чиглүүлж, анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг эхлүүлж байна. Умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаараа монгол эмэгтэйчүүд Ази, Номхон далайн бүс нутагт тэргүүлдэг бол Монголд зонхилон тохиолддог хавдрын нас баралтын хоёрдугаарт орж байна. Мөн сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын эрсдэл манай улсад нэмэгдсэн төдийгүй нас залуужсан гэсэн харамсалтай тоон мэдээлэл гарсан.  Тиймээс “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг эхлүүлж, орон нутагт явуулын эмнэлэг очиж, энэ төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг оношлогоо хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Явуулын эмнэлэг үзлэг хийх зорилтот бүлгээ алслагдсан бүсийн эмэгтэйчүүд гэж тодорхойлжээ. Ямар судалгааны үндсэн дээр ийм шийдвэр гаргав?

-Манай төслийн гол зорилго хөдөөгийн, алслагдсан бүсийн, хил дагуух, хотын захын хорооллын эмэгтэйчүүд  болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэж байна. Үндсэн хуулиараа хүн бүр эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй. Гэтэл  орон нутгийн алслагдсан бүсийн эмэгтэйчүүд энэ эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байна. Тэр дундаа умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж чаддаггүй.  Энэ нь сумын төвүүдэд энэ чиглэлийн хорт хавдрын үзлэг, оношлогоо хийх мэргэшсэн эмч байхгүй, суурин газраас хол гэсэн олон асуудалтай холбоотой. Тиймээс бид очиж үзлэг хийе гэж шийдсэн. Олон улсад мобайл клиник гэж нэрлэдэг  мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилчидтай явуулын эмнэлэг буюу тусгай тоноглогдсон машинтай эмч нар хөдөөгийн болон алслагдсан бүсийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд очиж, умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын үзлэг, оношлогоо хийх, эрүүл мэндийн боловсрол олгох нь  төслийн зорилго юм. Төсөл хоёр үе шаттай. Нэгдүгээрт, эрт илрүүлэг, оношлогоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгоно. Хоёрдугаарт, тухайн сумын эмэгтэйчүүдийн эмч, хорт хавдрын эмч нарт ажлын байрны сургалт явуулж, хүний нөөцийн тал дээр анхааран ажиллах юм.

-Тавдугаар сараас төсөл эхлэх юм билээ. Аль сумаас эхлүүлэх вэ?

-Хэдхэн хоногийн өмнө бид нээлтээ хийж, төслийн зорилгоо хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүддээ танилцуулж, хөрөнгө босгох үйл ажиллагаагаа эхлүүллээ. Төслөө хаанаас эхлүүлэхээ аймгуудын ЗДТГ, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй холбогдон ярилцаж байна. “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” төрөөс санхүүжилт авдаггүй учир төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжилтээ босгохоор төлөвлөж байна. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн санхүүжилтийн тодорхой хувийг  “Улаан цэцэг” киноны орлогоос бүрдүүлнэ. Эхний ээлжийн орлогоо бүрдээд ирэхээр ирэх тавдугаар сар гэхэд явуулын машин үзлэгээ хийхээр явж эхлэх болов уу гэж төсөөлж байна. Мөн Улаанбаатар төмөр замын газартай хамтарч төмөр замын дагуу амьдардаг иргэд, энэ салбарын 6000 гаруй эмэгтэйчүүдэд үзлэг оношлогоо хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Монгол Улсын 330 суманд хүрч ажиллах учир төсөл багадаа 2.5 жил үргэлжилнэ гэж төлөвлөсөн. Манайх эрс тэс уур амьсгалтай учир явцын дунд олон асуудал үүсч магадгүй. Гэсэн ч бид  төслөө тасалдуулахгүй байхаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Урьдчилсан байдлаар энэ төсөлд хэдий хэмжээний төсөв шаардагдах вэ?

-Эхний удаад хоёр явуулын машинаа үзлэгт явуулахад 700-800 орчим сая төгрөгийн төсөв шаардагдана гэсэн тооцоолол гарсан. Умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоо хийх машин тусгай тоноглолоос бүрдэнэ. Үүнд эмэгтэйчүүдийн ор, эхо, ус, шорооны хамгаалалттай, өвөл салхи нэвтрэхгүй, агаар цэвэршүүлэгчтэй байх учраас өртөг өндөр гарна. Одоогоор хоёр газартай хэлэлцээ хийгээд явж байна. Мөн олон улсын байгууллагад төсөл бичихээр төлөвлөөд байна.

-Явуулын эмнэлэгт үзлэг хийх боловсон хүчнээ хэрхэн бүрдүүлэв?

-Бид Хавдар судлалын үндэсний төвийг түшиглэж төслөө хэрэгжүүлж байгаа учир  мэргэжлийн эмч нараар багаа бүрдүүлсэн. Мөн Монголын Хөхний дүрслэл оношилгооны нийгэмлэгтэй хамтарч ажиллаж байгаа учир умайн хүзүү, хөхний мэргэшсэн эмч нар явуулын эмнэлэгт үзлэг, оношлогоо хийнэ. Сумын түвшинд энэ төрлийн үзлэг, оношлогоо хийхэд эмч нар бэлтгэгдсэн байх нь хамгаас чухал юм.  Тиймээс орон нутгийн эмч нараа мэргэшүүлж, хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэг хийх хүний нөөцийг  бэлдэнэ. Үүнийг ажлын байрны сургалт, Улаанбаатарт  мэргэжлийн чиглэлийн сургалтад хамруулах  гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Умайн хүзүүний хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь юутай холбоотой юм бэ?

-Манай улс хавдрын ганц эмнэлэгтэй. Тиймээс  маш их ачаалалтай байдаг. Умайн хүзүүний болон хөхний хавдрыг “дүлий” хавдар гэж үздэг. Тодруулбал, хожуу үедээ оношлогдож байгаа нь нас баралтын шалтгаан болоод байгаа юм. Орон нутагт ялангуяа сумдад хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үйлчилгээ байхгүй. Умайн хүзүүний хорт хавдрын тухайд төслийн шугамаар нэг удаагийн үзлэг хийсэн тохиолдол байдаг. Эмэгтэйчүүд зорьж очоод энэ хоёр төрлийн хорт хавдрын үзлэгт хамрагдах боломж орон нутагт бүрдээгүй байна. Бүх төрлийн өвчин, хавдраас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Үүнд эрүүл мэндийн боловсролыг олгох, эрт илрүүлэг хийх хэрэгтэй байна.

-Хөл хорионы үеэр умайн хүзүүний эсрэг цахим сургалтыг зохион байгуулж байсан. Энэ нь төслийн эхлэл байсан уу?

-Аливаа төслийг нэг өдөр яриад маргааш нь хэрэгжүүлдэггүй. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн бэлтгэлээ хоёр жилийн өмнөөс хангаж эхэлсэн. Харамсалтай нь хатуу хөл хорионы үе таарсан учир сургалтаа цахим хэлбэрээр явуулсан. 2021 онд олон төрлийн сэдвээр 22 удаагийн цахим лекц, сургалтыг зохион байгуулсан. Үүний нэг нь сум бүрээс хоёр эмэгтэй, сумын эмнэлгийн нэг эмчийг оролцуулсан умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх зорилготой цахим сургалт байсан юм. Энэ үеэр энэ чиглэлийн сургалтыг сумын түвшинд зохион байгуулах хэрэгцээ, шаардлага байгааг оролцогчид хэлсэн. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч эс нь хүйс хамаардаггүй. Тодруулбал, хавдар үүсгэгч вирус эмэгтэй, эрэгтэй хүний алинд ч байх боломжтой. Энэ чиглэлийн мэдлэг иргэдэд хангалттай байдаггүй. Умайн хүзүүн хорт хавдраар өвчилж байгаа нь эмэгтэй боловч үүсгэгч байгаа вирус нь аль ч хүйсэнд байдаг.  Тиймээс эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд төслийн баг их анхаарна. Манай холбоо бүх төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ соён гэгээрлийн чиглэлд илүүтэй анхаардаг.

-Төслийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар өвчлөх хамгийн их эрсдэлтэй бүлэг нь 30-49 насны эмэгтэйчүүд юм. Иймээс энэ эрсдэлт насны хүмүүс дээр үзлэг, оношлогоогоо илүү төвлөрүүлнэ. Гэхдээ үзүүлэх гээд зориод ирсэн эмэгтэйчүүдэд насны хязгаар тавихгүй. Бид зорилтот бүлэгтээ урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоогоо амжилттай хийж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.  Төслийн хүрээнд зөвхөн умайн хүзүүний болон хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийхгүй. Бусад төрлийн өвчнийг илрүүлэх, оношлоход  ч боломжийнхоо хэрээр анхаарна.

-МЭХ-г ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төвийн ажлыг хийх гэж байна. Энэ төрлийн хавдрыг хорооны эмнэлэг үзчихдэг гэсэн шүүмжлэл гарсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Нас заасан товлолт үзлэг гэж бий. Гэхдээ энэ хоёр төрлийн хавдрын өвчлөл, түүнээс үүдсэн нас баралт, амьдралын чанарын үзүүлэлтийн судалгаанууд товлолт үзлэг хангалтгүй байгааг харуулж байна. Мөн алслагдсан сум суурингаас үзүүлэх гэж хороо, өрхийн эмнэлэгт очдог эмэгтэйчүүд хэд байгаа нь энэ төслийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэдгийг харуулж байгаа болов уу. Охид, эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг хүчирхийлэл гэсэн ганц өнцгөөр харж нийгмийн зовлонгоор шоудах зорилготой, тэдний асуудлаар түрий барьж, олон нийтийг турхирдаг хүчирхийлэгчдийн бүхэл бүтэн арми бий болсон нь нууц биш. Хүчирхийлэлтэй тэмцсэнгүй гэж хашгирч өөрсдөө хүчирхийлэл үйлддэг болсон. Хүчирхийлэлтэй хүчирхийллээр бус хайраар, урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлж тэмцдэг.

-Энэ төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх олон улсын туршлага ямар байдаг юм бол?

-Олон улсад энэ төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх маш сайн туршлага бий. Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдрыг маш сайн бууруулсан улс бол Австрали. Дэлхийн 140 гаруй орон умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 15-аас доош насны охидуудад хийдэг. Манай улс 2012 онд энэ төрлийн вакциныг оруулж ирэх гээд асар их эсэргүүцэлтэй тулгараад зогсчихсон юм билээ. Шинжлэх ухаан нотлоод дэлхийн олон орон ашиглаад үр дүнг нь хүртээд явж байгаа учир энэ туршлагыг Монголдоо нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төвтэй санал солилцож хамтарч ажиллахаар төлөвлөсөн.

-Хөхний хорт хавдрын улмаас хөхөө авахуулсан эмэгтэйчүүд нийгмээс өөрийгөө тусгаарлах асуудалтай тулгардаг. Үүнийг шийдвэрлэх арга зам бий юу?

-Хөхний хорт хавдраар өвчлөөд хөхөө авахуулсан эмэгтэйчүүд гоо зүй түүнээс улбаалсан сэтгэл зүйн асуудалтай нүүр тулдаг. Нийгмийн харилцаанд орохоос санаа зовж, ичдэг. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээнээс гадна имплант хийлгэх тал дээр анхаарах, эрх зүйн орчныг бий болгох нь маш чухал байна. Хөхний хавдрыг авах үед нь имплант хийх төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг зохицуулалтын талаар бид судалж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 53 (6785)

 

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

9 цаг 8 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

9 цаг 44 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20