С.УЯНГА
Хаврын чуулган гурван сар орчим хуралддаг. Намрын чуулгантай харьцуулахад харьцангуй богино хугацаатай. УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо тав, түр хороо есөн удаа хуралдсан. Тэгвэл энэ удаагийн хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийхээр товлолоо.
УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлүүлэхээр УИХ дахь МАН-ын бүлгээс 24 санал, АН-ын бүлгээс 18, Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, УИХ-ын гишүүнээс хоёр хууль, нэг тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэх санал ирүүлжээ. Түүнчлэн цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ гэж тусгажээ. Үүнээс “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа 55 хууль хэлэлцэхээр дарааллыг нь тогтоосон байна.
Энэ удаагийн хаврын чуулганаар Монголын улс төрд реформ хийх томоохон хуулийн төслүүд хэлэлцэхээр хүлээгдэж байна. Тухайлбал, Улс төрийн хүрээнд олон жил хэлэлцүүлж, ярьж ирсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийг хэлэлцэнэ. Тэгвэл энэ сард хэлэлцэх хуулийн төслийн дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргав. Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна. Мөн баасан гарагт Ерөнхий сайд “Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар” чуулганд мэдээлэл хийх юм.
Парламентын хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудыг танилцуулья
-Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах
-Дампуурлын хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
-Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл
-Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл
-Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
-Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх
-Төрийн өмчийн тухай хуулийн төсөл
-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль
-Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
-Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын хууль
-Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль
-Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл
-Улс төрийн намын тухай хуулийн төсөл
-Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл
-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
-Шүүх байгуулах тухай хуулийн төсөл
-Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 53 (6785)