С.САРУУЛ
Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын даргад зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн үйлчлэх хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар зохицуулсан бөгөөд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэвийн хийхээр төсөлд тусгасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгасан аж.
Эх сурвалж: www.polit.mn