В.Путин: А.Хитлер дайн биш цэргийн тусгай ажиллагаа явуулсан

2022-03-04
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Өнөөдөр дэлхийн  цахим сүлжээнд “В.Путины дэргэд бүх албатуудаас нь ойрхон АНУ-ын тагнуулууд ажилладаг юм байна” гэсэн өгүүлбэр хурдтай тархаж байна. Учир нь АНУ-ын Тагнуулын газраас сэрэмжлүүлж байсан мэдээтэй  Украинд болж буй оросын довтолгоо буюу нийслэл Киевийг бүслэж төр, засгийг нь өөрийн нөлөөний хүмүүсээр солих гэж оролдож байгаа нь  яг таг таарч байгаа явдал. Өөрөөр хэлбэл NATO болон  ерөнхийлөгч В.Зеленский,  Украины арми болох гэж буй явдлыг урьдчилан мэдэж  бас сайтар бэлдсэн гэсэн үг. Энэ нь оросын цэргийн довтолгооны “амжилт” бас Оросын Батлан хамгаалах яам мэдээлж зүрхлэхгүй байгаа, Английн Батлан хамгаалах яамны оросын цэрэг, техникийн хохирлын талаарх  албан мэдээнээс тодорхой харагдаж байна.  Тухайлбал, Оросын Батлан хамгаалах яам Украины нисэх буудлуудыг жагсаалаас гаргасан гэж байгаа ч NATO онгоцоор өгөх ёстой зүйлээ өгчихсөн,  онгоцоор зөөх боломжгүй цэргийн тусламжаа Польшоор оруулж эхлэв. Энэ нь бас эзлэн  түрэмгийлэгчидтэй тэмцэж буй украины эх орончдод туслахаар барууны улсуудаас хөлсөө авчихсан гадны мэргэжлийн хөлсний цэргийнхэн газар газраас цуглан орж ирнэ гэсэн үг. Эднийг украинчуудад туслахыг ерөнхийлөгч В.Зеленский  албан ёсоор уриалсан. Бас хөлс нэхэхгүй сайн дураар тулалдах олон тооны дайчид орж ирнэ. Путин энэ их хүчний эсрэг Чечений Кадыровын  байлдагчдыг л тавьж чадна. Путиний баруунд шахаж гаргасан Чечений эрх чөлөөний төлөө тэмцэгч жинхэнэ дайчид украинчуудын талд тэдэнтэй байлдана.  Үнэндээ  үнэнийг хамгаалах  бусдын нутагт халдах гэдэг огт өөр зүйл.

Түүх давтагдаж биднээр тохуурхаж байна. Германы фашистууд 1939 онд польш руу довтлохын өмнө түүхийн шинжлэх ухааныг үгүйсгэн “түүхэнд Польш улс гэж байгаагүй. Иймээс эд муусайнуудыг хатуу хашрааж өгөх хэрэгтэй”” гэж Адолф Хитлэрийн  хэлсэн яг тэр үгийг В.Путин Украинд довтлохын өмнө  давтан хэлсэн. Ганцхан “польш” гэсэн үгийг “украин” гэсэн үгээр л сольсон. Ингээд Путин “Германы фашистууд дэлхийн II дайн хийгээгүй. Зүгээр л цэргийн тусгай ажиллагаа явуулсан” гэсэн түүхэн “том нээлт” хийж дэлхийн түүхэнд Хитлэртэй адил хав хараар тэмдэглэгдэн үлдэж байна. Иймээс ч оросын сэхээтнүүд түүнийг нийгмийн сүлжээнд Путлер гэж нэрлээд эхэлчихлээ.  Яг үнэндээ Путин  Белорусь, Украин, Казакстан, Гүрж, Армен, Киргизийг нэгтгэсэн шинэ ЗХУ байгуулж өөрөө бүх насаараа хэмжээгүй эрхт хаан нь болох гэсэн адын хүсэл нь түүнийг Путлер болгож  орхив. Тэрээр энэ хүслээ биелүүлэхийн тулд Украиныг яг л 2008 оны Гүрж шиг армийг нь юу ч үгүй болтол бут цохиж өөрийн төлөөний засаг, төр бий болгох гэсэн хэрэг. Ядаж байхад нь Гүрж дэх  Путины тавиул  Ерөнхий сайд Ираклий Гарибашвили “Манай улс оросын эсрэг тавьсан барууны улсуудын эдийн засгийн хоригт нэгдэхгүй” гэж мэдэгдсэн нь  гүржийн иргэдийг төв гудамжиндаа багтахгүй шахам болтол жагсаж  өөрийг нь огцрохыг шаардаж эхлэв. Ийнхүү В.Путин украинчуудыг довтлон гүржүүдэд  ялагдав. Бас огт хөдөлж өгөхгүй, гөжөөд  байсан хөрш Финлянд бас  Швед улс Путлерээс айж   шууд NATO-д элсэхээр болов.  Ийнхүү Путин өөрөө NATO-г жинхэнээс нь ОХУ-ын бөөрөнд  авчирлаа. 

АНУ оросын банкуудын 70%-д нь хориг арга хэмжээ авав. “Нөгөө  SWIFT хориг хаачсан бэ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд “Энэ  хориг SWIFT -ээс ч илүү оросын эдийн засагт хохирол учруулна” гэж  хариулан ерөнхийлөгч  Жо Байден улс төрчид ямар худалч болохыг дахин  батлав. Үнэндээ санхүүгийн системд бүхэлд нь хориг тавих банкнуудынх 30%-ийг нь үлдээх хоёр тэнгэр газар шиг ялгаатай зүйл. Хэргийн учир  нь манай Жо Байден  ирэх долоо хоногт АНУ-ын парламентын хоёр танхимд хийсэн бас хийх ажлынхаа тайланг тавих бөгөөд тэрээр “холбоотнууд нь хохирох SWIFT хориг авалгүй,  Трамптай харьцуулахад  хамаагүй холыг хардаг дэлхийн шилдэг улс төрч гэдгээ батлан харуулах” гэж байгаа юм. Үнэхээр ч оросоос хамааралтай,   энэхүү хоригоос багагүй  хохирол хүлээх Европын холбоо өөрсдөө оросуудад SWIFT хориг тавив.  Удсан ч үгүй оросын Путин, Медведев,  Мишустин гуравт хориг арга хэмжээ авснаа  зарлав. Үүний  дараа АНУ-ын Төрийн Департмент ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Гадаад Хэргийн сайд  С.Лавров нарт хориг тавив.  Мөн Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон оросын бүх олигархуудад хориг тавьж, өөрийн улсад байгаа хөдлөх болон үл хөдлөх бүх хөрөнгийг нь царцааж дансанд нь 50 000 фунт стерлинг үлдээж буйгаа  зарлав. Энэ нь оросын авилгачдын Лондонд авсан байрныхаа ганц сарын төлбөрийг  ч  төлж хүрэхгүй мөнгө. Харин энэ “мянгат” Путинг авч хаячихаад хөрөнгөө авах гэвэл  “Юу яриад байгаа юм. Та нар хамтарч Украинд дайрсан. Тэгж яривал энэ чинь та нарын ч хөрөнгө биш. Энэ хөрөнгөөр чинь украинчуудын хохирлыг төлнө” гэх биз.  Японы Засгийн газар Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй нь холбогдуулан “Бид ОХУ-д авсан хориг арга хэмжээний хүрээнд оросын иргэдэд виз олгох болон хагас дамжуулагч зэрэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах, оросын банкуудын хөрөнгийг битүүмжлэх гэсэн гурван чиглэлийн арга хэмжээ авч байна” гэж Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдлээ. Бас Швейцарь оросын бүх хадгаламжийг царцаав. Мөн ОХУ-д урлаг спортын арга хэмжээнд оролцохыг хориглосон арга хэмжээнүүд шил шилээ даран авагдав. Энэхүү хориг арга хэмжээнүүдийн дараа оросын Хөрөнгийн бирж, рублийн ханш  эрс уналтанд орж Оросын төв банк доллар гарган зарж, үнэт цааснуудыг улсын мөнгөөр худалдан авч буцаан зарж  аргацааж байгаа бол Нью-Йоркийн Хөрөнгийн  биржид “Dow Jones” индекс 2020 оноос хойш байгаагүй 2,51% -ийн өсөлт үзүүлж мөн  “S&P”  2,24%,  “Nasdaq” индексүүд ч 1,64%”ийн өсөлт үзүүлж эхлэв.

Энэхүү нөхцөл байдлын үеэр ОХУ ч тайван байсангүй. Оросын 54 хотуудад дайныг эсэргүүцсэн жагсаал өрнөлөө. Орос улс даяар дайныг эсэргүүцсэн  баривчлагдсан эсэргүүцэгчдийн тоо 5250-д хүрсэн гэж “OVD-Info” байгууллагаас ажиглагчид мэдэгдэв.

 Жагсахаас гадна, хүний эрхийн нэрт өмгөөлөгч Лев  Пономаревын эхлүүлсэн дайны эсрэг өргөдөлд 330 мянга гаруй хүн гарын үсэг зурав. Мөн 250 гаруй ОХУ-ын сэтгүүлч, 250 шинжлэх ухааны эрдэмтэд, Москва болон бусад хотын 200 гаруй Хотын зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж түрэмгийллийн эсрэг мэдэгдэл болон өргөдөл гаргажээ.  Мянга мянган украин эрчүүд  эх орон, төрөл төрөгсдөө хамгаалах сайн дурын цэрэгт элсэх гэж урт дугаар үүсгэж байгаа бол оросууд үхэл тарьсандаа харамсаж бас ичиж байгаа ч сэтгэлээрээ украинчуудыг дэмжиж буйгаа илэрхийлж ОХУ дахь Украины Элчин сайдын яамны байрны гадна цэцэг тавьсаар байна.

Түүх давтагдаж, Путин эх орондоо ч дэлхий нийтэд ч ганцаардаж, гэм зэмгүй жирийн иргэд, хөгшид, хүүхэд амь үрэгдэж буй гуниг, харамсал, эрх чөлөөг хамгаалах сэтгэл төрүүлж буй Украины эх оронч ард иргэдтэй байлдан бүх нийтийн  үзэн ядалт төрүүлж буй Путины авилгачдын дайн бол яг үнэндээ  ардчилал, дарангуйлал хоёрын үхэх сэхэхээ үзэж байгаа тулаан юм. Хөгшид, хүүхэд, багш, эмч нараас хулгайлсан мөнгөө хамгаалах гэж дарангуйлагч,  иргэдийн мөнгийг иргэдэд нь хүртээх гэж ардчилагчид байдаг. Хөгшид, хүүхэд, багш, эмч нарын мөнгийг хулгайлахад ямар ч ухаан хэрэггүй. Харин ардчилагчид  “Бусдын эрх ашгийг хамгаалах нь өөрийн эрх ашгаа хамгаалж буй хамгийн шилдэг арга”  гэж үздэг. Үүнийг ойлгоход мэдээж ухаан хэрэгтэй. 

Украинд дайн болж буй энэ өдрүүдэд “Freedom house” байгууллага жил бүрийн “Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал” 2021 оны тайлангаа  танилцууллаа. Энэхүү тайланд НҮБ-ийн гишүүн 195 улс хамрагджээ. Хамгийн эрх чөлөөгүй улсуудын нэгээр Хойд Солонгос тодорч Өмнөд Судан, Сири улсууд нэг оноо, Туркменистан улс хоёр оноо авчээ. ОХУ 14 оноогоор бүрэн эрх чөлөөгүй, Украин 61 оноогоор бүрэн бус эрх чөлөөтэй, харин монголчууд бид 84 оноогоор улс төрийн болон иргэний бүрэн эрх чөлөөтэй улс гэсэн ангилалд оржээ. Иймээс  манай улсад ороод ирчихсэн  төр, засагт байгаа хэдхэн хүний гэр бүл хагартлаа баяжиж,  жирийн иргэд хэт ядуурдаг авилгач, дарангуйллын “МАНАН” бүлгийн эсрэг ардчиллаа хамгаалж өвлийн 30 градусын хүйтэнд төв талбайд гарч жагсаж чадсан, энэ жагсаалыг зүрх, сэтгэлээрээ дэмжиж байсан бүх монголчууддаа баярлалаа гэж хэлье. Монголын гэрэлт ирээдүй болсон, эхийнхээ хөхийг хөхөж буй өнөөдрийн өлгийтэй хүүхдүүд хожмын өдөр та нараар бахархах болно.

Түүх давтагдаж байна. Гэхдээ Хитлерт байгаагүй атомын бөмбөг Путлерт бий!!!

Г.АМАРСАНАА

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин