С.УЯНГА
Хөгжлийн банкны дуулиантай холбоотойгоор сөрөг хүчин байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Халамжийн тогтолцоо зогсвол хоёр хүний нэг нь хүнд нөхцөлд орно. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар чанаргүй зээлдэгч нартай Засгийн газар хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. МАН үнэмлэхүй олонх болж зургаан жил эрх барилаа. Энэ хугацаанд төрийн энэ их хулгайтай яагаад тэмцээгүй юм бэ. Энэ байдлыг таслан зогсоогоогүй харин улам өөгшүүлсэн байна. Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь сэтгүүлч нарт хоёр боодол материал өгөх жишээтэй. Хөгжлийн банкны шуугиан дэгдсэний дараа зээлдэгчид өрөө төлж байна гэнэ. 1.8 их наяд төгрөгийн хажууд 34 тэрбум төгрөг юу ч биш. Хөгжлийн банк цаашид луйврын систем болох аюулын харанга ирлээ. Иймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах түр хороо байгуулах уриалга гаргаж байна” гэлээ.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын хувьд Хөгжлийн банктай холбоотой аливаа хяналт шалгалтын ажилд гишүүдээ оролцуулахгүй гэдэг байр суурьтай байгаа. Харин бид хяналт шалгалтын үр дүнд аудит хийнэ. Үнэн зөв шалгасан эсэх дээр АН-аас ажлын хэсэг гаргаж хууль, банк санхүү талаас нь мэргэжлийн түвшинд аудит хийлгэнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих санг тоносон тухай асуудал сөхөгдөж байсан. Энэ асуудалд тухайн үеийн УИХ-ын 50 гаруй гишүүн холбогдсон ч 3-4-хөн хүнд хариуцлага тооцох асуудал яригдаад өнгөрсөн. Энэ луйвартай холбогдсон хүмүүс төрийн өндөр албан тушаал хашаад явж байна.
Хөгжлийн банк яг энэ зам руу орох вий гэдэг болгоомжлол байна. Хэсэг бүлэг этгээд зохион байгуулалттайгаар төрийн мөнгийг шамшигдуулдаг. Түүгээрээ дуулиан тарьж байгаад замхруулдаг үзэгдэл хэвийн зүйл боллоо. Эрх баригч намын удирдлагууд Хөгжлийн банктай холбоотой мэдэгдлийг удаа дараа хийсэн. Ингэхдээ намын гишүүд нь тус банкнаас зээл авсан нь тогтоогдох юм бол намаас хасах арга хэмжээ авна гэсэн. Намаас хасах бол шийтгэл биш. Тэр этгээдүүд хууль зөрчсөн бол хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш үе үеийн Засгийн газар энэ банкийг хэрхэн ажиллуулсан, хяналт тавьж байсан уу гэдэг асуудал огт яригдахгүй байгаа. Зөвхөн хэдхэн хүнийг цоллоод тэдэн төгрөгийн зээл авсан байна гэж дайраад байхаас биш Засгийн газрын хариуцлагын асуудлыг ярихгүй байна. Төр гэж байгаа бол төрийн хяналт шалгалтын байгууллага нь юу хийж байсан юм гэж асуумаар байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 34 (6766)