Ч.ЗОТОЛ
Ардчилсан намын удирдлагууд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс “ Өнгөрсөн он МАН-ын 100 жилийн ойн түүхэн жил байсан ч бодит байдалд хүний эрхийг зөрчсөн, иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсэн жил болж өнгөрлөө. АН үүний эсрэг тууштай тэмцэж, бодит алхмууд хийж ирсэн. Цаашид ч хүний эрх, иргэдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ” хэмээн мэдэгдлээ. Тэдний байр суурийг хүргэе.
М.Тулгат /АН-ын дарга/: Хүний эрхийн төлөө хэнтэй ч тохиролцохгүй
-Эрх баригчид 290 гаруй хөшөө дурсгал барих төсвийг улсын төсөвт тусгасан байсан. Хөшөө бариад асуудал шийдэгддэг бол хамаагүй. Гэтэл асуудлыг шийдэх гаргалгаа нь барилга байгууламж биш. Саяхнаас Хөгжлийн банкны асуудал яригдаж эхэллээ. Хөгжлийн банк нь олон улсын зах зээлээс төсөв бүрдүүлдэг. Энэ бол буцаан төлөх том өр, зээл. Гэтэл үүнийг эрх барьж байгаа, эрх мэдэлд ойр хэдэн хүн авсан нь гутамшиг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдээ дэмжихгүй байж өөрсдөдөө хуульчилсан дэмжлэг олгож байгаа нь утгагүй. Журам гаргаж, хүний эрхийг боож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаадаг тогтолцоотой улс Монголоос өөр хаана ч байхгүй. Бид хүний эрхийн төлөө хэнтэй ч тохиролцохгүй, тууштай тэмцэнэ. Хуульд нь асуудал байгаа бол УИХ өөрчлөлт, шинэчлэлт хийх эрх нь бий.
Ч.Отгочулуу /АН-ын дэд дарга/: Тэтгэвэр нэмнэ гэдэгт итгэхэд хэцүү
-МАН 2016 оноос хойш тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ гэж ярьсаар ирсэн. Бодит байдалд тэтгэвэр авч байгаа иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. Төгрөгийн ханш сул байгаа учраас худалдан авах чадвар муу байна. 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллартай тэнцэж байна. Эрх баригчид амлалтдаа хүрэхгүй байгаа учир тэтгэвэр нэмнэ гэдэгт итгэхэд хэцүү.
О.Баасанхүү /АН-ын нарийн бичгийн дарга/: Бэлэг тарааж, тархи угаахаа зогсоо
-Төр, засгийн зүгээс иргэдээ дарамталсан илүү татвар, татаасуудаа багасгачихвал заавал баяр наадмаар боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болчих юм шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг хасчихад болохоор байхад эрх баригчид үүнээс татгалздаг.Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй л дээ. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгөх ёстой гэсэн атлаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 288 мянган төгрөг өгч байна.Тэтгэвэр нэмэгдүүлэх, татварын орчныг иргэдэд ээлтэй болгох мэдээж чухал асуудал. Гэвч тавгийн боов, хэдэн чихэр тарааж өгөөд ард иргэдийн, тэр дотроос ахмадуудын тархийг угааж байна. Энэ байдлаасаа ичих хэрэгтэй. Иргэдийн эрхийг зөрчиж, доромжилсон байдлаа зогсоохгүй бол бид тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 21, 22 (6753, 6754)