Ч.Пүрэвсүрэн: “Народу Казахстана” сан байгуулж хэт баячуудаас сар бүр мөнгө хуримтлуулахаа Токаев зарласан

2022-01-14
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

С.УЯНГА

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Казахстан Улсын Алма-Ата хотод 24 жил ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн Ч.Пүрэвсүрэнтэй цахимаар холбогдож ярилцлаа.

 

-Юуны өмнө Монголын ард түмэн Казахстанд амьдарч буй нутаг нэгтнүүддээ санаа зовж буйг хэлэхийг хүсч байна. Монголчуудын нөхцөл байдал ямар байв. Тэндхийн Элчин, консулынхантай холбоотой байв уу?

-Энд олон жилийн өмнөөс Казахстаны иргэн болсон иргэд буюу Монголын казахууд их байдаг. Харин Монгол Улсын иргэний харьяатаар ажиллаж амьдардаг хүн цөөхөн. Миний амьдарч буй Алма-Атад 3-4 монгол хүн л байдаг. Алма-Атад байсан Элчин сайдын яам Нур-Султан руу нүүсэн учраас Консулын газар бий. Одоохондоо утасдаж сураглаж, амьд мэнд байгааг маань бүртгэсэн зүйл алга.

Миний хувьд Элчин сайдын яаманд бүртгэлтэй, Монгол паспорттой. Аав, ээж, хамаатан садан Дорнод, Улаанбаатарт бий. Жил бүр эх орондоо очдог. Монгол паспорттой учраас улс төрийн ямар нэг цуглаан, сонгуульд оролцож санал өгөх эрхгүй. Манайх 1998 онд гэр бүлээрээ Казахстанд нүүж ирсэн. Хүүхдүүд, ач, зээ нар бүгд энд бий. Гэр бүлээрээ эмэгтэйчүүдэд зориулсан элит арьсан гутлын бизнестэй. Манай брэндийн салбар Казахстаны бүх том хот, Орост байдаг. Европ руу онлайн захиалгаар үйлчилдэг.

-Таны хувьд үймээн бослого болсон хамгийн төв цэг болох Алма-Атад амьдарч байна. Эхэндээ шингэрүүлсэн хийн үнээс болж ард түмэн үймээн дэгдээсэн гэсэн бол сүүлдээ зохион байгуулалттай ажиллагаа байлаа гэж Токаев ерөнхийлөгч мэдэгдлээ?

-Алма-Ата  үймээний голомт, төв цэг байлаа. Орчинд нь байгаа хүний хувьд үймээн анх яаж эхэлсэн, хүрээгээ тэлсэн гэдэгт анализ хийж төр, засгийн газрын албан ёсны мэдээллээс тоймлон хэлье.

Казахстанд автомашины 80-90 хувь нь гааз хэрэглэдэггүй. Анх үймээн эхэлсэн Казахстаны хамгийн баруун талын хот Узбекстантай хиллэдэг. Тэндхийн гурван аймагт машин нь ихэнхдээ гааз хэрэглэдэг. Гааз түгээх станц ч олон байдаг. Гэхдээ үнэ маш хямд. Бараг л үнэгүй гэсэн үг. Дэлхийн түвшнээс 100 дахин хямд гэж ард иргэд нь ярьдаг.

Тэр хэрээр эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэхгүй байгаа гэж үзэж 2018 оноос үнийг нь чөлөөлж, 2022 оны нэгдүгээр сараас биржээр худалдахаар болсон талаар мэдээлж ирсэн. Өөрөөр хэлбэл, 2-3 жил ухуулга сурталчилгаа хийж бэлтгэл хангасан гэсэн үг. Харьцуулж хэлбэл, 1000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 1020 төгрөгөөр авахаар болсонтой адил. Энэ үнийн өсөлтийг Алма-Атагаас эхлээд бусад хот, аймгууд бараг анзаараагүй. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс гаазын үнэ өсөнгүүт цөөн иргэд цуглаж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн ч үймээн самуун болох хэмжээнд хүрээгүй гэсэн дүгнэлтийг Казахстан даяар ярьж байна. Анх хэдэн хүн цугларангуут төрийн төлөөлөл очиж уулзаад гааз борлуулдаг аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдсан эсэхийг шалгах хагас жилийн хугацаанд хуучин үнээр нь худалдана гэж тохироод тараасан юм билээ. Гэвч энэ үйл явдалтай зэрэгцээд бусад 11 хотын төв талбайд гэнэт хэдэн мянган хүн зэрэг гарч ирсэн. 

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев энэ хэд хоногт гурван удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийсэн. Нэгдүгээр сарын 6-нд “Алма-Ата хот руу гадаад, дотоодын нийлсэн 20 мянган сайн бэлтгэсэн, өндөр зохион байгуулалттай террорист-алан хядагчид, лалын хэт даврагч-радикалууд, дээрэмчид нийлэн зургаан удаа дайрлаа. Мөн бусад 11 том хот руу яг нэг цагт ингэж халдлаа. Тэд ямар ч улс төр, эдийн засгийн шаардлага тавилгүй, учир зүйгээ хэл амаар ололцох боломж ч өгсөнгүй. Манай төрийн засаг захиргааны байр барилга,  телевизүүдийн оффис, прокурорын газар, цагдаагийн удирдлага, хэлтэсүүд, банкнууд руу хүний олноор дайрч дээрэмдэн бусинуулж, галдан шатааж байна. Тэдний өөдөөс үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа цэргийнхэн руу сүрэглэн дайрч зэрлэгээр зодож гэмтээж, алж байна.

Тэднийг минь хувцасыг нь тайлан доромжилон, нүцгэнээр нь гудамжаар тууж, охид бүсгүйчүүдийг барьж хүчиндэж байна. Улсыг Аюулаас хамгаалахын академи руу, цэргийн комендатур луу дайрлаа. Тэд цэргийн дунд сургуулийн сонсогч хоёр сайхан хүүгийн хоолойг огтолж, толгойг нь биеэс нь салган шидэн зэрлэгдэж хүний ёсонд байхгүйгээр аашилж байна.  Иймээс энэ аюултай байдлыг таслан зогсоохын тулд цэрэг цагдаагийн бүх хүчнийхэнд дээрэмчид руу урьдчилан сануулахгүйгээр шууд буудах устгах эрх, үүрэг өглөө. Гэтэл барууны зарим улсын зүгээс энэ алуурчидтай  ширээний ард сууж тохир гэж уриалж байна гэдэг тэнэглэл” гэж мэдэгдсэн. Босогчид эзэлж авсан МИР ТВ болон бусад 5-6 телевизийн байранд байсан бүх техник хэрэгсэл аппаратуруудыг хулгайлж эвдэж шатааж, мөн тэнд байсан уг телевизүүдийн нэвтрүүлгийн 30 жилийн алтан сан-фондыг зориуд устгаж байсан нь Сири, Афганистан гэх мэт орнуудыг сүйрүүлсэн олон улсын дээрэмчдийн хийдэг ажиллагааг санагдуулж байна гэж судлаачид мэдэгдэж байна.

-Үймээнийг өмнөх Ерөнхийлөгч Назарбаевтай холбох  шалтгааныг хэрхэн харж байна вэ. Түүний гэр бүлийн хөрөнгө, эрх мэдлээс гадна ойр ажиллаж байсан хүн нь эх орноосоо урвасан үндэслэлээр баригдлаа?

-Назарбаев ерөнхийлөгчөөс больсон ч цэргээс эхлээд улсын эрх мэдэл хоёр хуваагдчихаад байсан. Назарбаевын даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгах хэмжээний эрх мэдэлтэй. Гишүүн орнуудаас ганцхан Казахстаны ҮАБЗ ийм том эрх мэдэл эдэлдэг.

Нэгдүгээр сарын 5-нд өмнөх ерөнхийлөгч Назарбаев ҮАБЗ-ийн даргын ажлаасаа татгалзаж Ерөнхийлөгч К.Токаев дарга болсоноор том “цэвэрлэгээ” эхэлсэн. Улсын Аюулгүй Байдлын Газрын (КНБ) дарга Карим Масимовыг эх орноосоо урвасан гэж баривчлан хорьж, хоёр туслах, ҮАБЗ-ийн хоёр нарийн бичгийн даргыг халж, Төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Мөн Стратеги төлөвлөлтийн газрын даргыг халсан. Ер нь Сири, Афган, Украйн, Арабын орнуудаас ийм олон тооны дээрэмчид Аюулгүй байдлын газрын том халхавч, урвалт байхгүй бол хил давж орж ирэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой гэж ярьцгааж байна. Бас яагаад шашны хэт даврагч нарын “унтаа үүрүүд” ийм олноороо бий болж удаан хугацаагаар эхлэх команд хүлээн өргөжин тэлсээр байсныг мэдээгүй байв, эсвэл мэдсэн ч нууж байв уу гэдэг асуудлуудыг Ерөнхийлөгч тавьж байна.

Назарбаев болон тэдний гэр бүлийнхэн, ойрын хүрээллийнхэн чинээлэг амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ Казахстанд 20 гаруй жил амьдарсан хүний хувьд ард түмний амьдрал их уруудаж доройтоогүй юм шиг санагддаг.  

-Гадны цэргийг оруулсан явдлыг зарим улс орон, судлаачид шүүмжилж байна. ОХУ-ын цэргүүд гэхэд үймээн самууныг намжаахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

- Нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ОДКБ буюу Аюулгүй байдлын хамтын гэрээ цэргийн байгууллагын гишүүн Армен, Киргиз, Тажикстан, Беларусь, Орос улсуудын армийн тусгай хүчний 2500 дайчдын эхний хэсэг бүх техникийг ачсан Ил-76, Ан-Руслан ачааны том онгоцууд Алма-Атагийн онгоцны буудалд  буунгуутаа хамгаалах обьект руугаа явсан.  Нийт 120 нислэгээр гурав хоногт зөөж авчирсан. Оросын болон бусад орны армийнхан орж ирсэн мэдээг сонсоод Ерөнхийлөгчийн ордонг эзлэх гэж байсан оролдлогоо зогсоосон. Ингээд нэгдүгээр сарын 6-9 хүртэл Алма-Ата хотыг дээрэмчдээс цэвэрлэх ширүүн байлдаан явагдаж одоо террористууд хотоос шахагдан гарч жижиг суурингуудад бүгэж, зарим нь хил гарч зугтах гэж оролдож байна гэсэн мэдээллийг төр засгаас өгч байна. 

Энэ хугацаанд алан хядагчид 500 тээврийн хэрэгсэл, 38 гал унтраах машин, гурван түргэн тусламжийн машиныг шатаажээ. Цагдаа цэргийнхнээс 17 залууг алж, 1300-г шархдуулсан. Одоогийн байдлаар Казахстан даяар дээрэмчдээс 28-ыг алж, 26-г шархадуулан 8000-ыг баривчилж хориод байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Нэгдүгээр сарын 10-ныг улс даяар гашуудлын өдөр болгон зарлаж эрэлхэг хүү нараа сүүлчийн замд нь үдэж, гашуудацгаалаа.

Гадны цэргүүд орж ирээд тусгай обьектуудыг хамгаалж, тэнд үүрэг гүйцэтгэж байсан Казахстаны цэргүүдийг бослогыг намжаахад оролцох боломжоор хангасан. Гадны цэргүүд байлдаанд оролцохгүй. Цаашид тодорхой хугацаанд буюу үймээн бослого бүрэн намжтал хамгаалалтад байж дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн.

Хамгийн сүүлд ОДКБ-ийн орнуудын Ерөнхийлөгч нар цахим хуралдаан хийхэд К.Токаев “Олон улсын террористууд Казахстан улсын төрийн засаг захиргааг эзлэн авч, төрийн эргэлт хийх тодорхой зорилготой байсан. Тэд Нур-Султанд очих гэж байжээ. Тэд манай Үндсэн хуульт төрт улсыг  нурааж, үндэсний тусгаар тогтнолыг сүйрүүлэх оролдлого хийлээ. Маш нарийн зохион байгуулалттай, нэг командаар нэг том төвөөс удирдан ажиллаж байв. Тэдэнд орчин үеийн транкерийн холбооны хэрэгсэл, мэргэн буудагчийн винтовууд болон гадаадын цэргийн лагерьт бэлтгэгдсэн олон зөвлөх, хөлсний боевикууд байлаа. Үхсэн, шархадсан хүмүүсээ  түүж авч байгаа нь болон довтолгоо яаж хийж, яаж сошиалаар хүчтэй худал мэдээ тарааж, ухуулж байгаа зэрэг нь “арабская весна” өнгөт хувьсгалуудад оролцсон боевикуудийн төрх, гарын үсэг гэдэг нь илт байлаа” гэж хэлсэн. Путин, Лукашенко нар “Бид тусгаар тогтносон Казахстан улсын Ерөнхийлөгчийн хүсэлт урилгаар, гэрээний дагуу  энхийг сахиулах гэж ирсэн, энэ тухай бүх бичиг баримтаа журмын дагуу НҮБ, НАТО-гийн удирдлагад явуулсан” гэдгийг мэдэгдсэн.

-Нөхцөл байдал нэлээн тогтворжих шиг боллоо. Иргэдийн амь нас эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг хэрхэн тооцож байгаа бол?

-Бослого үймээнд оролцсон 20 гаруй мянган хүнийг хотоос хөөж, заримыг нь баривчилж байна. Алма-Атагийн нөхцөл байдал үнэхээр хүнд. Иргэдийн амь нас хохирсон, байшин барилга нурж сүйтсэнийг харахад сэтгэл өвдөж, уйлмаар санагдаж байна. Хоёрхон өдрийн дотор бүхнийг тонож дээрэмдэж, шатаалаа. Зэвсэг, алт, гар утаснаас эхлээд 1200 гаруй дэлгүүр, худалдааны төвийг тонож шатаасан гэж ярьж байна. Хэд хоногийн хугацаанд дээрэмчид 1300 компани, байгууллагын бизнес, хөрөнгөнд халдан бусинуулж 215 сая ам.долларын хохирол гамшиг учруулаад байна. Казахстан улсын эдийн засагт учруулсан нийт уршиг нь гурван миллиард ам.доллар гэж одоогоор тооцож байна. Үймээн бослогыг далимдуулж байгаа хүмүүс ч их байгаа юм билээ. Одоо ганц нэг эмнэлэг, хүнсний дэлгүүр, банк ажиллаж эхэлж байна. Гэхдээ энэ сарын 19 хүртэл онц байдал зарласан.

Хүнсний дэлгүүрүүд онгойж, мобил утасны банкны үйлчилгээ хийгдэж, карт уншиж, бензин колонкууд нээгдэж амьдрал хэвийн хэмжээндээ орж эхэлж байна. Казахстануудын нэг сайн чанар нь долоо хоногийн дараа дэлгүүр, худалдааны төвийг нээхэд дайрч уралдсан, үнээ нэмсэн зүйл огт ажиглагдаагүй.

-Хохирлыг барагдуулах үйл ажиллагаа эхэлсэн үү. Шинэ Засгийн газар бүрдчихлээ?

-Казахстаны хэмжээнд бизнесийн салбарыг хариуцдаг тусгай байгууллага байдаг. Тэр байгууллагад хохирлоо мэдүүлэх, зураг, бичлэгээр баталгаажуулж өгөөрэй гэдгийг үймээн гарсан эхний өдрөөс эхлэн анхааруулсан. Бизнесийн байгууллагууд албан ёсны магадлагаагаа үзүүлээд дараагийн хөнгөлөлтөд хамрагдах юм билээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд хохирлыг барагдуулах байх.

Ерөнхийлөгч К.Токаев шинэ Засгийн газрын бүрэлдхүүнийг баталж эхний хуралдаан дээр нь үг хэллээ.  Казахстаны улс төр, эдийн засаг нийгмийн салбаруудыг шинэчлэн өөрчилж, шинэ чиг баримжаагаар явах стратегийн олон чухал асуудал дэвшүүлж, шийдэх замуудыг заалаа.

Тэр “Народу Казахстана” гэдэг том сан байгуулж хэт баячууд болон тэдний компани аж ахуйн нэгжүүдээс сар болгон тодорхой хэмжээний мөнгө энэ санд оруулж байхыг хатуу үүрэгдлээ. Олигархиуд нэг удаа ард түмэндээ туслах болсон гэж үзэж яамдын ажилчид, парламентын гишүүд зэрэг төрийн том удирдах тушаалтай хүмүүсийн цалинг нэмэхийг таван жилээр хориглолоо. Мөн ОДКБ-ийн энхийг сахиулагчид гол үүргээ гүйцэтгэж байдал тогтвортой болсон тул 10 хоногийн дотор нутаг буцна гэж мэдэгдэв.  Одоогийн байдлаар Казахстан даяр террорист-үймээн, дээрэм тонуулд оролцсон гадаад дотоодын 10100 хүнийг баривчлаад байна.

-Таны хувьд нөхцөл байдал хүндэрч эхлэхэд эх орон руугаа явах, Монголчуудыг татаасай гэсэн бодол төрж байв уу?

-Миний хүүхдүүд, ач нар, бизнес гээд бүх гэр бүл маань Казахстанд байгаа учраас Монгол руу явья гэж бодоогүй. Хамгийн гол нь гэрээсээ гарахгүй, үймээн самуунаас хол аюулгүй байхыг чухалчиллаа. Харин нэгдүгээр сарын дундуур Монгол руу аав, ээж дээрээ очихоор төлөвлөсөн байсан ч хөл хорио, нөхцөл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор онгоцны буудал ч ажиллах боломжгүй байгаа.

-Өнгөрсөн хоёр жилд цар тахлын хүндхэн сорилттой нүүр туллаа. Ялангуяа, бизнес эрхлэгчдийн орлого эрс буурлаа. Танай гэр бүлийн бизнест хэрхэн нөлөөлөв, төрийн дэмжлэг хэр байв?

-Бизнесийн онцлогоос шалтгаалаад гутлын үйлдвэрт нөлөөлөх нь харьцангуй бага байлаа. Эхний ганц хоёр сар хаалгаа барьснаас биш Казахстаны хувьд хатуу хааж хориогүй. Бүх зүйл чөлөөтэй байсан. Төр засаг, бизнесийн салбарын үйл ажиллагаанд ер оролцдоггүй. Нийгмийн түвшин өөрчлөгдсөн, хөгжсөний л илрэл байх л даа.

Цар тахлын үед Казахстаны төр засаг  бизнес эрхлэгчид, иргэдээ их дэмжсэн. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл гурван жилийн хугацаанд ямар ч татвар авахгүй байхаар болсон. Ер нь бизнес эрхлэгчид татвар хураамжаа  үнэн зөв шударгаар төлсөн л бол ямар ч хаалт хязгаарлалт байдаггүй. Илүү дэмжиж, давуу боломж олгодгоороо бизнесийн хамгийн таатай орчин бий болгосон гэж хэлж болно. Энгийн амьдрал дээр тохиолддог жишээ хэлэхэд, татвараа хамгийн сайн төлдөг ногоон бүсэд орсон бол зарим үед цагдаа ч зогсоодоггүй. Бизнес эрхлэгчдийн төлсөн мөнгөөр бид цалинжиж байгаа гэсэн хандлага түгээмэл ажиглагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)

 

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

11 цаг 6 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

11 цаг 42 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20