Б.БЯМБАЖАРГАЛ
Засгийн газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалт, ачаа тээвэртэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар тээвэрчид мэдээлэл хийлээ. Тээвэрчдийн төлөөлөл “Өчигдөр цэргийн жолооч нарыг гаргаж Замын-Үүдэд үүссэн асуудлыг шийднэ. Үүнтэй холбоотойгоор гурван тэрбум төгрөгийг Засгийн гаргалаа гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл үүнийг юунд, хэрхэн зарцуулах нь тодорхойгүй байна. Өмнө нь 800 орчим юань байсан нэг метр куб ачаа 3000 юань хүрлээ. Ачаа тээврийн үнийг жолооч, наймаачид биш Засгийн газар өсгөж байна. Тодруулбал, гэнэт гарч ирсэн Авто тээврийн үндэсний корпораци нь гаргасан. Тээвэр зохицуулалтыг хийж, үнийн хөөрөгдлийг багасгана гэж ярьсан ч бодит үр дүн гараагүй. Мөн 50 цэргийн ахлагч жолооч хил дээр байгаа олон машиныг барина гэж байгаа. Хэрхэн зохицуулах, явуулах нь мөн л тодорхойгүй. Тиймээс гурван тэрбум төгрөгийн зарцуулалт, үнийн хөөрөгдөл, бусад зохицуулалтыг тодорхой болгож өгөхийг хүсэж байна. Дараалалд байгаа 7000 жолооч байгаа” гэв.
Нэг машинаар гурван контейнер ачаа ачдаг байсан ч одоо олон шат дамжлагатай ачих болсноор тээврийн зардал хэд дахин өсөж байгаа аж. Мөн тээвэрчид ачаа тээвэртэй холбоотой асуудлаар ЗТХЯ-нд хоёр дахь удаагаа асуудлаа ярьж шаардлага тавьсан ч холбогдох арга хэмжээг авалгүй өдийг хүрсэн гэдгийг хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn