Б.Болор-Эрдэнэ: Мэдээллийн технологи эдийн засагт шинэ итгэл найдвар өгч байгаа

2022-01-03
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Шинэ оны эхний дугаартаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг урилаа.

 

ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХ ЗОРИЛТЫГ ТӨР ГАРГААГҮЙ

Блиц

Боловсрол

-2017 он: Оксфордын Их Сургууль, Нийтийн удирдлагын магистрын

-2014 он: Хандонг Глобал их сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистр

-2011 он: Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон улсын харилцааны бакалавр

Ажлын туршлага:

-2020 оны долдугаар сараас:   ЗГ-ын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга

-2020.01 -2020 он: ЗГХЭГ-ийн Цахим хөгжлийн үндэсний хорооны дарга

-2019-2020 он: Оксфордын их сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх нүүдэлчид” төслийн зохицуулагч

-2018- 2020 он:      Дэлхийн банк, Үнэлгээний зөвлөх

-2017 он: Их Британийн ЗГХЭГ, Судлаач

-2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс , хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан.

Ажилласан улс:

-Монгол, Их Британи

Судалгааны чиглэл: Мэдээллийн технологи, цахим хөгжил

-Цахим үндэстэн болох санаа, ойлголт хэрхэн гарч ирсэн талаар яриагаа эхэлье. Анх 2019 онд Оксфордын их сургууль, Монгол Ул­сын Засгийн газрын хэрэг эрхлэх газар хамтран цахим хөгжлийн су­дал­гаа хийсэн. Энэхүү дижитал бэ­лэн байд­лын судалгаанд Нобелийн шаг­­налтан, Английн судлаач, эдийн засагч­­даас  гадна Монгол эрдэмтэд, Зас­гийн газрын төлөөлөл оролцсон юм.

Судалгааны үр дүнд ерөөсөө л Монгол Улсын хөгжилд төр саад болж байна гэсэн ганцхан дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, салбарууд нь цахимжих гэхээр төр цаас, зөвшөөрөл нэхэж байгаа учир бүх үйл явц удааширч байна гэсэн үр дүн гарсан. Тиймээс судалгааны багтай хамтарч хэрхэн дижитал эдийн засаг руу орох, эдийн засгаа солонгоруулах ёстойг судалж, зургаан үе шаттай арга хэмжээ авах стратегийг гаргаж ирсэн. Ийнхүү 2019 оны арванхоёрдугаар сарын 4-нд “И Монголиа” хурлыг хийж, анхны төлөвлөгөөг танилцуулж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын экспертүүдээс эхлээд төрийг цахимжуулахгүй бол хувийн хэвшилд гай болж байгааг хүлээн зөвшөөрч энэ хурлыг хийсэн. Түүнээс гэнэт “И Монголиа” бий болчихоогүй. ХУР, ДАН системийг үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Гэхдээ яг иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь “И Монголиа” болсон гэж хэлж болно.

Би Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын даргаар 2020 оны долдугаар сарын 22-нд томилогдсон. "И Монголиа"-гийн анхны хурлыг хийснээс хойших хагас жилийн хугацаанд яг энэ төсөл дээр ажиллаж аравдугаар сарын 1-нд нь 181 үйлчилгээг цахимжуулж “И Монголиа”-г нээж байлаа. Том зургаараа бол цахим үндэстэн больё гэж байгаагийн шалтгаан нь дижитал эдийн засаг. Дэлхийн хөгжиж байгаа, хөгжилтэй орнууд бүгд дижитал эдийн засаг руу орчихлоо. АНУ, Англи, Эстони, Сингапур, Солонгос, Япон гээд бидний үлгэр дуурайлал авдаг орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг дижитал эдийн засаг бүрдүүлж байна. Монгол шиг уул уурхайд суурилсан, хоёр хөршөөсөө хамааралтай эдийн засагтай улсад мэдээллийн технологи шинэ итгэл найдвар өгч байгаа. Өөрөөр хэлбэл, дижитал үндэстэн болох зорилтыг төр гаргаагүй. Тэр утгаараа дижитал үндэстэн бол хувийн хэвшил, монголчуудын нэгдсэн зорилго байхаас биш аль нэг намын амлалт, сонгуулийн уриа биш. Цаашид ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байгаа. Харин төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хөгжлийг түүчээлэхэд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт хянамгай хандах ёстой.

“И Монголиа” төсөл зарлагдсан эхний үед төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулахад хойрго, хүндрэлтэй хандсан. Зарим нь бүр эсрэг байсан. Тиймээс  ажлын хэсгүүд байгуулж, “И Монголиа”-д төрийн үйлчилгээг оруулах чиглэлийг Ерөнхий сайд албан ёсоор өгч, үйлчилгээгээ цахимжуулаагүй бол авлигыг дэмжиж, өөгшүүлж байна гэж үзнэ гэж зарласнаас хойш мэдэгдэхүйц өөрчлөлт гарлаа. Нөгөө талаас иргэд гомдол гаргаж, хүчтэй шахсан нь сайн нөлөөлсөн. Иргэдийн хүсэлтийн дагуу ямар үйлчилгээг цахимжуулахаа шийдээд явсан. Жишээлбэл, эмнэлгийн цаг, шинжилгээний хариу авах гомдол их ирсэн учраас цахимжуулсан. Тэгэхээр “И Монголиа” бол ерөөсөө л иргэдийн оролцоотой бүтэж, хянагдаж байгаа төсөл гэж хэлж болно.

Нэг үйлчилгээг цахимжуулахад тухайн төрийн байгууллага дээр очиж процессыг нь цахимжуулдаг. Үүн дээр зөвхөн программ хангамжаас гадна сургалтаас эхлээд маш их зүйл хийдэг учир “И Монголиа” дээр агентлаг, төслийн нэгж, хувийн хэвшлийн том чадварлаг баг ажиллаж байна. “И Монголиа”-гийн баг зуны гурван сарыг гэр хорооллын захын дүүргүүд дээр ажиллаж өнгөрүүлсэн. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, боловсролын түвшин, амьжиргаа доогуур иргэдтэй нэг бүрчлэн уулзсан. Хэдийгээр цахим контент их хийсэн ч зорилтот бүлэгт заавал очиж ажиллах ёстой гэж үзэж, захын дүүргийн 9000 гаруй хүнтэй уулзсандаа бид олзуурхаж байгаа. Манай багийнхан “И Монголиа” гэсэн автобус, асартай 90 хоног ажиллахдаа хүн нэг бүрийн гар утсан дээр нь аппликейшнаа татаж суулгаж, тайлбарлаж өгсөн. Ер нь гэр бүлийн нэг гишүүнд заагаад тайлбарлаад өгөх нь үр дүнтэй юм билээ. Үргэлжлүүлээд найман аймагт ажиллаж орон нутгийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд сургалт зохион байгуулаад явж байгаа.

 

“И МОНГОЛИА”-ГИЙН ДАРААГИЙН ЗОРИЛТ НЬ МАЛЧИД, ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД БАЙХ БОЛНО

 

-Төрөл бүрийн судалгааг харахад Монголчууд нийтээрээ алдагдсан боломж ярьж, өнгөрснөө дурсах сонирхолтой нь анзаарагддаг. Харин цахим шилжилт бол яаж хоцрохгүй байх, манлайлах вэ гэдэгт анхаарна.Тухайлбал, Метаверс ертөнцөд яаж идэвхтэй орж, түрүүлж хөгжих вэ гэдгээрээ онцлогтой. Цахим шилжилтэд түрүүлж орж, хэрэглэсэн нь илүү ашиг хүртэх, хөгжих боломжтой. Үүний нэг жишээ бол, хөндлөнгийн судлаачдын дүгнэснээр “И Монголиа” нэвтэрснээс хойш төр, иргэд нийлээд жилийн хугацаанд 64.5 тэрбум төгрөг хэмнэсэн. Үүний 54 тэрбум нь иргэнээс хэмнэсэн зардал. Лавлагаа, тодорхойлолтыг очоод авахад мөнгө төлдөг бол цахимаар үнэгүй байх жишээтэй. Дээр нь үйлчилгээ хямдрахаас гадна шатахуун, цаг хугацаа хэмнэх давуу талтай. Нэг ажил төлөвлөхөд бүтэн, хагас өдөр зарцуулдаг байсан бол хэдхэн минутад бүхнийг амжуулах боломжийг цахим ертөнц нээж өгч байна.

Төрийн цахимжуулалтын хувьд доод, дунд шатны авлига, хүнд суртал их байдаг. Үүнийг  АТГ-тай хамтран шийдэж байна. Тухайлбал, жолооны үнэмлэх захиалах, компани байгуулах зэрэгт байх ёстой жишиг мэт болсон хууль бус мөнгө төгрөгийн асуудлыг эхнээс нь цэгцэлж байгаа. Цахимд шилжсэнээр өмнө нь гомдол гаргадаггүй байсан авлигын асуудлууд илэрч байна. Тэр дундаа иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэж байгаа учир хандах нь улам нэмэгдэж байгаагаас ил тод байдал илүү үр дүнгээ өгч байгаа юм болов уу гэж харж байгаа. Долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанаар хүнд суртал, авлигатай холбоотой асуудал шийдэгдэж байна. Улс төрийн шахалт үзүүлж авлигын асуудлыг шийдвэрлэж байгаа нь бага ч болов итгэл найдвар төрүүлж байгаа болов уу.

Төрийн алба хаагч иргэний систем рүү нэвтрэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, энгийн иргэн ч байсан зөвхөн өөрөө систем рүүгээ нэвтрэх эрхтэй. Өөр хэн ч боломжгүй. Тэгвэл “И Монголиа”-гийн дараагийн зорилт нь малчид, гадаадад оршин суугаа иргэд байх болно. Гадаадад байгаа иргэдийн хувьд нэг бэрхшээл нь хурууны хээгээ өгөхгүй гараад явчихсан. Дээрээс нь тухайн улсдаа харласан буюу хууль бусаар ажиллаж амьдардаг, Элчин сайдын яамтайгаа холбогддоггүй иргэд байна. Дата нь байхгүй тэдгээр иргэдийн хувьд аль ч орны төрийн үйлчилгээг авахгүй эрх ашиг нь хамгийн их зөрчигдөж байна. Тиймээс зорилтот бүлэг гэж тодорхойлоод тэдэн рүү чиглэж ажиллахаар төлөвлөсөн.

Мэдээллийн технологи олон боломжийг нээж өгч байгаа. Ялангуяа, цахим хөгжлийн суурь болсон хуулиудыг онцолмоор байна. Цахим гарын үсэг гэхэд финтек, онлайн худалдаа хөгжих боломж шууд нээгдэж байна. Энэ мэтээр эдийн засгийн урсгалыг оруулж өгч байгаа. Ерөнхий сайд төлбөрийн тэнцэл, дотоодын нийт бүтээгдэхүүн харахад цахим эдийн засгаас орж ирсэн мөнгийг хармаар байна гэдгийг байнга сануулж байгаа. Хувийн хэвшлийн компаниуд үүнийг л ярьж байна. Үүний тулд Монгол Улс нэгдүгээрт, дэлхийгээс хоцрохгүй байх ёстой. Хоёрдугаарт, цахим хөгжлийг боломж гэж харж манлайлж, эдийн засгаа аль болох хурдан дижиталд шилжүүлэх хамтарсан уриа, зорилго, мөрөөдөлтэй байж түүнийгээ хөгжүүлэх ёстой

Цар тахлын хажуугаар мэдээллийн технологийн салбар нэлээн өндөр өсөлт үзүүллээ. Ихэнх компанийн борлуулалт 20-30 хувиар нэмэгдсэн эхний үр дүн мэдэгдэж байна. Зарим аж ахуйн нэгж олон улсаас багагүй хөрөнгө оруулалт татлаа. Компаниудыг гаднын хөрөнгө оруулагчтай холбож өгч байна. Шүүмжлэлтэй яваад ирсэн Саудын арабын хурал дээр 10 гаруй хөрөнгө оруулагчтай 20-30 компанийг холбож өгсөн. Төр холбох, гарцыг нь нээж өгч байна. Тэр ч утгаараа хүлээлт нэлээн өндөр байгаа.

 

ИРГЭДИЙН ХАА САЙГҮЙ ТАРСАН ДАТА МЭДЭЭЛЛИЙГ УСТГАНА 

 

-Цахим хөгжлийн суурь болсон дөрвөн хууль батлагдлаа. Шинэ хуулиар таны мэдээлэл рүү төрийн албан хаагч орж харсан бол эзэнд нь мэдэгдэл ирдэг болж байгаа нь төрд ямар мэдээлэл байгаагаа мэдэж, эргээд хянах боломж бүрдсэн. Манай улсын кибер аюулгүй байдал эмзэгт ордог. Тэр ч утгаараа кибер аюултай тэмцэх, хамгаалах анхны хуулиа баталлаа. 17-18 жил яригдаад батлагдаагүй учраас мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо буюу систем, хууль эрхзүй, соёл, иргэдийн мэдлэг, хандлага, боловсрол, зуршил бүрдээгүй байсан. Үүний сөрөг нөлөөгөөр иргэдийн үнэ цэнтэй дата алдагдсан, эрсдэлд орсныг нуух боломжгүй. Өнөөдөр иргэдийн хамаг эмзэг мэдээлэл дата хаа сайгүй тарчихсан байна. Тиймээс хууль хэрэгжээд эхлэхээр тэдгээр хаа сайгүй тарсан дата мэдээллийг устгах ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийхээс гадна кибер аюулгүй байдал бол эмзэг асуудал учир хуулиар нарийн зохицуулна.

Өмнөх хуулиар зөвхөн тагнуулын байгууллага л төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана уу гэхээс хувийн хэвшил, иргэдийнхийг хамгаалах үүрэг, хариуцлага хаана ч байгаагүй. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Кибер аюулгүй байдлын хуулиар иргэд, хувийн хэвшлийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаална. Шинээр байгуулагдаж байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд Халдлагаас хамгаалах төв байгуулна. Төсөв, орон тоо нэмлээ гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ халдлагаас хамгаалах төвгүйгээр урагшаа нэг ч алхаж, ямар ч халдлагатай тэмцэж чадахгүй. Энэ төв цагдаа, түргэн тусламж шиг  24 цагаар шуурхай бэлэн байдалд ажиллана. Иргэн, хувийн хэвшил хаягаа хакердууллаа гэхэд шуурхай тусламж үзүүлнэ. Харин төрийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг тагнуул хариуцдаг нь хэвээр байх юм. Мөн сонсоход хол мэт санагдавч кибер терроризм, кибер дайн зэргээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний халдлагаас сэргийлэхийн тулд зөвлөл ажиллахаас аргагүй. Кибер аюулгүй байдлыг хангах хамгийн чухал сорилт бол боловсон хүчин. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажилд заавал монгол хүн байх ёстой. Өнөөдөр манай улсад олон улсад кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй 25 хүн байна. Тиймээс Монгол залуусыг сургах, бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир боловсролын яам, олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байна.

“И Монголиа”-д байнга эрсдэлийн үнэлгээ хийлгэж, тестэлж байдаг. Үүнтэй адилаар хуульд мэдээллийн аюулгүй байдлын аудит орж ирж байгаа. Эрсдэлийн үнэлгээ, аудитыг хувийн хэвшил гүйцэтгэхээр хуульчилсан. Мөн иргэдийн датаг авч хадгалдаг байгууллагуудад эрсдэлийн үнэлгээг тогтмол хийнэ. Нөгөө талаас хариуцлага яригдана. Иргэдийн датаг санаатайгаар авсан, алдсан бол хорих хүртэлх хэмжээний хариуцлага тооцно.  

 

ТӨРИЙН АЛБАНЫ НЭГДСЭН “CALL CENTER”-ТЭЙ БОЛЖ, ИРГЭНИЙ ГОМДЛЫГ САЙД, ДАРГА РУУ НЬ ӨГНӨ

 

-“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг дээр тулгуурлан ирэх 30 жилийг  нэг, хоёрдугаар арван жилээр нь төлөвлөсөн. Нэгдүгээр арван жилийн хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогод мэдээллийн технологийн хөгжлийг онцолж цахим үндэстэнд хүрэх стратегийн зургаан зорилт тавьсан. Үүнийгээ салбартаа таниулж, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тэр дундаа цахим боловсрол, тоон бичиг үсгийн чадвар, дэд бүтцийн асуудалд анхаарч байна. Тухайлбал, аялал жуулчлалын бүс нутагт хамгийн хурдан, сайн интернэтийг тавих зэргээр салбар тус бүрт нь хэлэлцүүлж, хувийн хэвшилтэйгээ хамтарч байгаа. 2030 он гэхэд Монголын эдийн засгийг бүрдүүлж байгаа хэсгийн тодорхой хувийг цахимаас оруулж ирэхээр зорьж байгаа.

Дэлхийн 139 орон мэдээллийн технологийн яамтай. Үлдсэн нь арлын жижиг улс байдаг. Тиймээс Монгол Улс маш хожуу Цахим хөгжил, мэдээллийн технологийн яам байгуулж байгаа ч тэр хэрээр алдагдсан боломж, гомдол ярьж болно. Харин ирээдүйгээ харвал бодлого гаргах эрхзүйн хүчин төгөлдөр үндэслэл бүрдэхээс гадна салбар хоорондын мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад анхаарах боломжтой. Судалгаанаас харахад 250 сая орчим ам.долларын цахимтай холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжсэн байдаг. Харин  “И Монголиа” бол нийтдээ 1.8 тэрбумаар бүтсэн. Гэтэл 250 сая ам.доллараар юуг ч хийх боломжтой байлаа. Харамсалтай нь энэ их мөнгө, боломжийг зүрх өвдмөөр ашигласан нь үнэн. Яам байгуулагдахаар ядаж салбар хоорондын уялдааг анхаарна.

Мөн “И Монголиа” академи байгуулна. Гэхдээ хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд өчнөөн сая ам.доллараар программ бүтээгээд төслийнх нь хугацаа дуусахаар хаягддаг байдал үгүй болно. Хөрөнгө оруулагчийн үлдээж байгаа программ хангамжийг ашиглаад хөгжүүлээд явах хүн хүч яам, агентлагт байхгүй. Тиймээс тэрхүү программ хангамжийг салхинд хийсгэхгүйн тулд хөгжүүлж дахин ашиглуулж төсөв хэмнэе гэж байгаа юм. Төрийн албан хаагч, иргэдийн цахим боловсрол, сургалт судалгааг академи хариуцна. Мөн тренд технологиудыг нарийн судалж зөвийг нь ашиглахад “И Монголиа” академи чухал оролцоотой ажиллана. Гуравдугаарт, төрийн албаны нэгдсэн “Call center”-тэй болно. 1111 төвд ирж байгаа гомдлын ихэнх нь утсаа авдаггүй гэсэн байдаг. Утсаа авахгүй байна гэдэг гомдол шийдэх нь битгий хэл наад захын асуудлаа шийдэж чадаагүй байгаагийн илрэл. Тиймээс иргэнтэй холбогдож байгаа төрийн албан хаагч бүр нэг стандарт, удирдамжтай болох юм. Үүнээс гадна “И Монголиа” академи дээр ирж байгаа гомдлыг салбарынх  сайд, дарга руу илгээнэ. Өмнө нь нарийн бичиг, туслахаар дамжиж мэргэжилтэн дээр очоод замхардаг байсан бол цаашид сайд, дарга нь доод шатныхаа хүн рүү өгч асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон. Ерөнхий зургаар харвал академи их төсөв хэмнэнэ. Мөн иргэдэд үр дүн нь шууд харагдах бүтэц болно гэж үзэж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 3 № 1 (6733)

 

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 26 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 26 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 26 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 10 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

14 цаг 46 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20