Б.Содонгоо: Ганцаардах боломж гарахгүй байгаа тул дахин ном төлөвлөөгүй

2021-12-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Гашуун кофе” номын зохиолч, АШУҮИС-ийн Хүний их эмчийн ангийн оюутан Б.Содонгоотой ярилцлаа.

 

-“Гашуун кофе” ном гарсан даруйдаа бэстселлер болсон. Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн хамгийн хүнд сэдвүүдийн нэг шүү дээ. Өсвөр насны охин тэр хүнд сэдвийг барьж авч бичнэ гэдэг амаргүй санагдаж байна. Яагаад ийм сэдвийг сонгох болсон бэ?

-ДЭМБ-ын судалгаагаар бие махбодын өвчнүүдийн 85 орчим хувь нь сэтгэл санааны асуудлаас үүддэг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эрүүл байна гэдэг бие махбод, сэтгэл санаа, нийгмийн байр суурийн хувьд цогцоороо эрүүл байхыг хэлж байгаа юм.  Гэтэл гэр бүлийн маргаан, салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, хорт зуршил, олон хүчин зүйлээс хүн бүр стресстэй байна.  Тэгэхээр сэтгэл санааны хувьд эрүүл биш байх тусам тэр хэрээрээ өвчлөлийн үзүүлэлтийг өсгөж байгаа юм. Би ГССҮТ-д дадлага хийсэн нь номоо бичихэд их нөлөөлсөн. Миний номонд ГССҮТ-ийн тухай олон гардаг. Гэмтлийн эмнэлэгт ирж байгаа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, хүүхдийнхээ нүдэн дээр эцэг эхчүүд нь хоорондоо муудалцаж бие биеийгээ хутгалчихсан эмгэнэлтэй дүрийг олон харсан.

Хүчирхийллээс өсвөр насны хүүхдүүд сэтгэлдээ гүн шарх авдаг. Тэр шарх нь сорви болж ирээдүйн амьдралд нь нөлөөлөх магадлалтай гэж бодсон. Тиймээс номоор дамжуулж гэр бүлийн хүчирхийллийн гүн шархаа эдгээж асуудлаа даван туулаасай гэсэн хүчийг өгөхөөр номоо үзэглэсэн. Ном бичиж эхлэхэд АШУҮИС орсон нь нөлөөлсөн. Яагаад гэхээр ном бичих миний мөрөөдөл. Том болоод ном бичнэ дээ гэж боддог байсан ч АШУҮИС-т суралцаж өвчлөлд нөлөөлөх гол хүчин зүйл нь сэтгэл зүй гэдгийг ойлгосноор одоо л бичих ёстойгоо ойлгосон.

-Уншигчид номын сэтгэгдэл, тэмдэглэлээ үлдээсэн байсан. Тэр дундаас хамгийн онцгой, содон санагдсан сэтгэгдлээс хуваалцвал?

-Уншсан хүмүүс бүгд өөр өөрсдийн өнцөг, мэдрэмжээр сэтгэгдэл үлдээсэн байсан. Зарим нь “Би өөрийгөө ганцаараа гэж бодсон. Энэ асуудал ганц надад тулгардаг, тохиолдсон асуудал биш юм байна. Их хүч өглөө” гэсэн сэтгэгдлүүд байсан. Мөн “Гашуун кофе” номоо уншаад “Юу хийх ёстойгоо ойлголоо. Ямар сургуульд сурах ёстойгоо ойлголоо” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байсан.

-Манай уншигчид ч чанартай ном сорчилж, чанаргүйг нь хатуу шүүмжилдэг. Шүүмжлэлээс санаа зовж байсан уу?

-Санаа зовж байсан, шүүмжлэл ч байсан. Ер нь 40 хүрээд тэтгэвэртээ гарсны дараа ном бичнэ гэж боддог байлаа. Бэлэн болсон үедээ л ном бичдэг гэсэн нийгмийн хүлээлтэд тархиа хайрцаглачихсан. Гэтэл дэлхийн эмэгтэй зохиолчдын талаар судалж тэдний бүтээлийг уншиж эхлээд тэр бодлоо хаясан. “Сайн уу, гуниг минь” номын зохиолч Франсуаз Саган 17 настайдаа ном бичиж байсан. Тэр ном нь нийгмийг өөр өнцгөөс 17 настай охины бодлыг харуулснаараа нийгэмд том мессежийг өгч чадсан байдаг. Үүнийг уншаад амжилтад хүрэхгүй байсан ч мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийе гэж бодоод зориглосон. Бусдын үзэл бодлоор өөрийгөө хязгаарлалгүй номоо гаргахад төсөөлснөөс өөрөөр хүлээж авсан.

-Уншигчдад хүрнэ гэдэг номон дотроо оруулж, дүрүүдийн мэдрэмжийг уншигчдад мэдрэгдэхээр бичсэнийх шүү дээ?

-Ном амьтай байж хүний сэтгэлийг хөдөлгөхөд зориулагдсан гэж ойлгодог. Өөрөө мэдэрч үзээгүй мэдрэмжийг мэдэртэл, номон дотроо амьдарч буй мэт мэдрэх мэдрэмжийг өгөх нь чухал гэж боддог болохоор мэдрэмжийн илэрхийллийг голчилсон. Гол дүрийн охины өнцгөөс өөрийгөө харж мэдрэмжээ гаргасан болохоор хүмүүст хүрсэн байж магадгүй юм.

-Ном бичихэд хүндрэлтэй асуудал байсан уу?

-Номоо хэвлүүлэхэд олон асуудал тулгарч байсан. Ойролцоогоор нэг жилийг редакторлуулах, хэвлүүлэхэд зарцуулсан байна. Залуу зохиолч учраас үгүйсгэж, эсэргүүцэх хандлагатай олон тулгарсан. Мөн олон мундаг хүмүүс ном гаргаагүй байхад 18 настай охин ном гаргах болоогүй гэсэн үгийг ч сонсож байлаа. Гэхдээ олон цоожтой хаалга мөргөсөн ч тууштай явсаны эцэст хэвлүүлсэн дээ.

-Таны номыг уншаагүй хүмүүс “Гашуун кофе”-г яагаад унших ёстой юм бэ гэж асуувал таны хариулт?

-“Гашуун кофе”-г бүх насны хүмүүс уншаасай гэж хүсдэг. Нийт уншигчдын сэтгэгдлээс харахад охидын сэтгэлд их нийцсэн байна лээ. Өсвөр насанд мэдрэгддэг ганцаардал гуниг, өөрийгөө олох гэж хичээсэн ч юу хийхээ мэдэхгүй, хүмүүсийн хүлээлтэд нийцэх гэж хичээх тэр мэдрэмжийг өгүүлсэн болохоор таалагдсан байх бодож байна. “Гашуун кофе” номын эхлэл хүнд учраас зарим уншигчид айгаад үргэлжлүүлж чадахгүй байна гэдэг юм. Гэхдээ нэрийг нь бодож үзээсэй гэж хүсэж байна. Хар кофег эхлээд амтлахад гашуун боловч амтлах тусам сайхан үнэр, амт нь мэдрэгдэж эхэлдэг. Гашуун бүхэнд жинхэнэ амт оршиж байдаг. Зохиол минь гашуунаар эхэлдэг ч үргэлжлэх тусам гашуун нь амттай санагдана.

-“Гашуун кофе” дахиж хэвлэлтэд гарах уу?

-Саяхан гурав дахь хэвлэлт нь гарсан. Анх мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж дотнын хүмүүстээ уншуулахаар цөөн тоогоор хэвлүүлсэн. Тэгтэл номоо бэлэглэхийг хүсэж байсан хүмүүстээ өгч амжаагүй байхад дуусчихсан учраас хоёр дахь удаагаа цөөн тоогоор хэвлүүлсэн юм. Уншигчдаас дахин хэвлүүлэх хүсэлт ирсний дагуу саяхан гурав дахиа хэвлүүлж худалдаанд гаргасан.

-“Гашуун кофе” номын үргэлжлэлийг эсвэл шинэ уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?

-Хичээл ихтэй, хүмүүсээр хүрээлүүлсэн, завгүй байгаа учраас сэтгэлд нийцэх зохиол бичээгүй л байна. Ганцаардах орон зайгаа бэлдээгүй, ганцаараа байх хугацаа олдсонгүй. Ганцаардаж дотоод мэдрэмжээ мэдрэхгүй болохоор нандин гоё бичвэрүүд бас гардаггүй юм. Миний хувьд ганцаараа байх, эморох үе өөрийгөө хөгжүүлэх том боломж байдаг. Өөрийн дотоод мэдрэмжээ үнэнээр нь сонсох боломжийг олгодог. Тийм учраас одоогоор дахин ном гаргах төлөвлөөгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.23 ПҮРЭВ № 252 (6729)

 

X man
Nomiig ni unshsan uuriin tani x man bolnoor bna 🥰
Demjdeg shuu amjilt husii 😘😘❤️
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 45 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 45 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 45 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 29 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

15 цаг 5 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20