Ч.ОЛДОХ
Монгол Улсын Засгийн газраас 1997 онд 252 дугаар тогтоол гарган анх удаагаа Олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 2001, 2005, 2008 онд дээрх тогтоолд өөрчлөлт оруулж ирсэн бол 2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “Олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам”-ыг баталж, Олимпийн бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон юм. 2013 онд Засгийн газрын хуралдаанаар 2009 оны "Мөнгөн шагнал олгох” тухай 326 дугаар тогтоолоо өөрчилж, мөнгөн шагналыг Олимпийн төрлийн тамирчдын амжилтыг илүү үнэлэх зарчмаар боловсруулахыг даалгаж, тэр нь өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн билээ. Тэгвэл спортын тэмцээн, уралдаанд амжил үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байна гэж УИХ-ын БШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням үзэж байна. Тэрбээр “Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй. Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод бий. Спортын салбарынхан өөрөө өөрсдийнхөө нэр хүндийг унагааж байгаа. Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой. Энэ байдлыг эргэн харж, дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай ” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn