БНСУ-д 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар “КОВИД-19”-ийн омикрон хувилбарын 178 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс тус улсын Засгийн газар хилийн чанадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах арга хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл дахин 3 долоо хоног сунгах шийдвэр гаргалаа. Улмаар дэлхийн бүх улсаас БНСУ-д ирж буй тус улсын иргэд болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоног өөрийгөө тусгаарлах болж байна. Мөн богино хугацааны визтэй гадаадын иргэдийг 1 хоног тусгаарлах байранд тусгаарлаж, хил нэвтрэхээс өмнө болон дараа, тусгаарлалтаас гарах өдөр зэргээр нийт 3 удаа коронавирусын шинжилгээнд хамруулахаар болжээ.
БНСУ-ын Засгийн газар 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Сөүл хотын дотор хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоог 6, хот орчимд 8 хүн, саун, уушийн газар, биеийн тамирын заал зэрэг халдварын өндөр эрсдэлтэй газарт үйлчлүүлж буй хүмүүс вакцинд хамрагдсан эсвэл шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг нотлох вакцины үнэмлэх, эсвэл цахим аппаар нотлох зохицуулалтыг тус улсын Засгийн газраас хийсэн. Тэгвэл тус улсад “КОВИД-19”-ийн тохиолдол, нас баралтын тоо буурахгүй байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс халдвар хамгааллын шинэ журмыг мөрдөж эхлээд байна. Уг журамд зааснаар хувийн уулзалтад 4 хүн оролцох, вакцинд бүрэн хамрагдсан иргэд ресторан, кафегаар үйлчлүүлэх, вакцинд хамрагдаагүй хүмүүс дангаараа үйлчлүүлэх, эсвэл хүргэлтээр үйлчлүүлэх, ресторан, уушын болон цэнгээний газар, бусад үзвэр үйлчилгээний газрууд 21:00 цаг хүртэл ажиллахаар тусгажээ. Кино театр, концертын танхим, интернет кафе 22 цаг хүртэл ажиллах юм.
Харин вакцины хувьд БНСУ-ын Засгийн газраас гадаад улсад хийлгэсэн БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан боловч тус улсад суугаа цөөнгүй орнуудын Дипломат төлөөлөгчийн газраас эсэргүүцэл илэрхийлсэн тул БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан хүмүүсийг цахимд бүртгэж, ОХУ-ын Спутник вакцин тариулсан хүмүүсийг бүртгэхгүйгээр, вакцинжуулалтын 1, 2-р тунд дахин хамрагдахыг мэдэгдээд байна.
БНСУ-ын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн яамнаас Бямба гарагт “КОВИД-19”-өөс шалтгаалан ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд тус улсад оршин суух хугацаа нь дуусах E-9 (мэргэжилгүй гэрээт ажилчин), H-2 (хувийн урилгаар хөдөлмөр эрхлэгч) гадаадын 40 мянган иргэний визний хугацааг дууссан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар сунгахаар төлөвлөж буйгаа мөн мэдэгдлээ. Тус улс коронавируст омикрон хувилбараас шалтгаалан гадаадаас ажиллах хүч авахаа хойшлуулаад байна.
БНСУ-д “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцины 1-р тунд нийт хүн амын 94.7%, 92.6%, нэмэлт тунд 22.6% хувь нь хамрагдсан байна.