Б.Очир
Нэг сонин зүйл их удаан яригдаад байгаа юм. Дубайн гэрээний асуудлаар шалгагдаж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоос гарч явчихаад хоёр жил гаруй болж байна. Америкт л байгаа дуулддаг. Монголд ЦЕГ эрэн сурвалжиллаа. Олддоггүй. Угааса Монголосс яаж олохов дээ. Саяхан, сар гаруйн өмнө Интерпол хандлаа. Бас л байдаггүй.
Гэсэн атлаа Ч.Сайханбилэг өөртэй нь юм уу, Оюутолгойтой холбоотой асуудал босоход интернет орчинд гараад ирдэг. Мэдэгдэл хийдэг. Мөн л Америкт байгаа л гэцгээдэг. Гэхдээ энэ нь “дэл сул” мэдээлэл л дээ.
Харин сүүлд болсон Оюутолгойтой холбоотой томоохон үйл явдал дээр тэр таг чиг байв. Уг нь өөртэй нь хамаатайгийн цаагуур хамаатай асуудал болсон. Энэ сарын 13-нд “Рио Тинто”, “Туркойз Хиллс Ресурсэс”-аас манай 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд үүсэх 22 тэрбумаас чөлөөлөхөөр болсон, Дубайн гэрээг цуцлахаар шийдсэн гэдгээ Ерөнхий сайдад захидлаар мэдэгдсэн. Өмнө нь “...Нямбаатар аа, миний дүү” гээд гарч ирж байсан Ч.Сайханбилэгийг сая “Оюун-Эрдэнэ ээ, ахын дүү” гээд гараад ирэх байх гэж харж байв.
Гэтэл Америкт эвгүй явдал болсон тухай мэдээлэл “чих дэлсээд” байна. Ерөнхий сайд тэр захидлыг олон нийтэд уншиж сонсгож байхыг харсан Ч.Сайханбилэг таталт өгч, эмнэлэг домнолго болж бөөн асуудал үүсчээ. Тэр талаар Монголд үлдсэн ойр дотныхон руу нь ярьж мэдэгджээ. Энэ талаар АН-ынхан ам дамжулулан ярьж байна.
Эх сурвалж: polit.mn