С.Бадрал: Бид монгол хэл, монгол бичгээ цахим орчинд тамгалах олон ажил хийлээ

2021-12-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Яриаг бичвэрт буулгагч “Чимэгэ бичээч”, зөв бичих дүрмийн алдаа шалгагч “Болор дуран” программ хангамжийн бүтээлүүдээр нь хүмүүс хэдийнэ таних болсон “Болорсофт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа.

 

-Хиймэл оюун ухаан, цахим хэл шинжлэлийг хөгжүүлэгч “Болорсофт” компани Монгол Улсын программ хангамжийн зах зээлд томоохон үсрэнгүй өөрчлөлтүүдийг хийлээ. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ эргэн дүгнэвэл?

-“Болорсофт” компани монгол хэл, бичиг соёлоо цахим орчинд баттай нутагшуулах зорилготой байгуулагдаж, олон судалгааг хийж, программ хангамжуудыг хөгжүүлсээр 13 жилийн нүүрийг үзжээ. Салбарынхаа бусад компаниудтай харьцуулахад бид үргэлж шинэ сорилтуудтай тулгарч, урьд хэний ч хийж байгаагүй, оролдоод амжилтад хүрээгүй хэд хэдэн системийг хөгжүүлсэн байдаг.

Жишээ нь, анхны хагас сая үгийн сантай “Болор толь”, анхны олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үсгийн дүрмийн алдаа шалгуур “Болорспелл”, анхны машин сургалтад суурилсан бүрэн автомат мониторингийн систем “Кудос”, мэдээ ангилагч “Эдүгэ”-г хөгжүүлж, монгол яриаг бичвэрт, бичвэрийг ярианд хөрвүүлэгч “Чимэгэ” стартапын суурийг тавьж, “Кимо” монгол бичиг кирилл бичгийг автоматаар нь хооронд нь 99 хувь алдаагүй хөрвүүлдэг анхны систем гэх мэт.

Мөн дэлхий нийтэд хэрэглээ болсон олон программ хангамжуудад монгол хэл, монгол гарыг оруулжээ. Жишээ нь, Apple iOS, MacOS, Microsoft Windows, Linux үйлдлийн системүүдэд монгол кирилл гарын драйверуудыг стандартаар оруулжээ. Мөн ОпенОффист монгол бичгээр бичих боломжтой болгож, Chrome, Firefox гэх мэт бүх веб хөтчүүдэд босоо бичих чиглэлийг дэмжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажилласан. Хэдийгээр Nokia одоо зах зээлээс бараг арчигдсан ч бид анх монгол хэлийг түүнд мөн оруулж байсан. Нээлттэй эх бүхий 50000 гаруй программыг орчуулж байсан гэх мэтээр яривал нэлээн урт үргэлжлэх байх. Эргээд харвал маш цөөхүүлээ байж тийм олон шинэ, төвөгтэй системүүдийг яаж хөгжүүлсэн юм бол гэж гайхах, бахархах сэтгэл төрж байна.

-Танай компани монгол хэлний программ хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дагнадаг. Үүнээс зөв бичих дүрмийн алдаа шалгагч “Болор дуран” программыг онцолмоор байна. Нэг үгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө бичдэг болж, монгол хэлний дүрэм алдагдсан үед маш чухал нээлт болсон гэж үздэг. Энэ программыг санаачлан бүтээх болсон тухайгаа яривал?

-Хөгжилтэй бүх улс орны хэлний хувьд алдаа хянадаг программ нь аль 1990 оноос л хийгдээд, хэрэглэгдээд явсан байдаг. Харин монгол хэлний хувьд дөнгөж 2013 онд Болорсофт “Болорспелл” алдаа хянах программын анхны хувилбарыг зах зээлд нийлүүлж байв. Шалтгаан нь өдгөө хүний бичгийн хэрэглээ хүссэн ч, эс хүссэн ч цахим орчинд нэгэнт шилжсэн тул бид эх хэл, бичгээ мэдээллийн технологид чөлөөтэй, зүй зохистой хэрэглэх ёстой. Нийгмээрээ маргаж, нэг нэгнээ муулж хэрэлдээд байлгүй нэг стандартыг бариад “зүгээр л бичмээр” байна. Болорспеллыг гарснаас хойш таван жилийн турш олон маргаан, мэтгэлцээнийг дагуулж байсан ч өдгөө маргах хүн нэгээхэн ч үлдсэнгүй. Чанар жинхэнэ стандартыг тогтоодог.

-Монгол хэлний хөгжилд танай компанийн оруулж байгаа хувь нэмрийг та хэрхэн үнэлэх вэ?

-Монгол Улсын төрийн дуулалд гардаг “Үндэс язгуур, хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая!” гэсэн ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж хэлж болох иргэнийхээ үүргийг бид нэр төртэйгөөр биелүүлж, монгол хэл, монгол бичгээ цахим орчинд тамгалах олон үйлийг хийлээ. Тиймээс бидний хувь нэмрийг хэрэглэгчид маань, Монголын ард түмэн л илүү үнэлэх байх.

-“Болор дуран” системийг өнөөдрийн байдлаар хэдэн хүн хэрэглэж байгаа вэ. Төрийн байгууллагуудаас ашигладаг уу?

-7000 гаруй хүн идэвхтэй хэрэглэж байна. Төрийн байгууллагууд түлхүү авч ашигладаг.

-“Болор дуран” программ ямар өөрчлөлт шинэчлэлийг хийсэн бэ. Цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

-“Болор дуран” программ одоо Болорспелл гэсэн нэртэй болж байгаагийн дээр ”Ганцаараа биш бүгдээрээ” гэсэн уриатайгаар байгууллагуудад зориулсан олон төхөөрөмжид суулгах боломжтой шинэ лицензүүдийг гаргаж байна. Үгийн санг баяжуулж, программыг холбогдон ажилладаг системүүдийнх нь хөгжлийг дагаад байнга шинэчилж байдаг. Цаашид утга, найруулгын алдаа засдаг болгох, Мак үйлдлийн систем дээр ажилладаг болгох зэрэг олон ажил төлөвлөгдсөн байна.

-“Болорсофт” компани гадаадын ямар компаниудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа гадаадын зах зээлд хэрхэн сурталчилж байна вэ. Программ хангамжийн компанийн тухайд гадаад харилцаа маш чухал байдаг?

-Мэдээллийн технологийн томоохон компаниуд ямар ч улсаас илүү олон хэрэглэгчтэй, бас хүчтэй болж, интеграцид орж буй өнөө үед бид зайлшгүй хамтран ажиллахаас аргагүй болдог. Бид Microsoft, Adobe, Apple, Philips, IMCI, Palex, Unicode, ADB, UNFPA гэх мэт олон байгууллагуудтай ажиллаж ирлээ. Монгол хэл, бичиг соёлтой ажлуудыг хийдэг тул үйл ажиллагаагаа гадаад зах зээл дээр нэг их сурталчлаад байдаггүй.

-Программ хангамжийн шинэчлэлүүдийг эх орондоо нэвтрүүлж байгаа танай компанийн зохион байгуулалт, ажиллах хүчин, ажлын арга барил ихээхэн анхаарал татаж байна. Үүн дээр онцлог зүйл их байгаа болов уу?

-Онцлоод байх зүйл юу байх вэ. Бид чадварлаг мөртөө, цомхон бүтэцтэй багаар ажилладаг. Манай ажилчид үнэт зүйлээрээ нэгдсэн байдаг тул тогтвортой амжилттай ажиллаж байна. Ажлын арга барилын хувьд 2014 оноос хойш скрамыг ашиглаж ирлээ.

-“Болор дуран” алдаа шалгах программд зарласан урамшууллын тухайд мэдээлэл өгвөл?

-Болор дуран алдаа шалгуурын программ маань нэг жилийн эрхтэй нь 49000 төгрөг байдаг бол арванхоёрдугаар сарыг дуустал бид байгууллагын багц болон хуучин хэрэглэгчдэдээ зориулсан урамшууллыг зарлаад байна. Хуучин хэрэглэгчид маань энэ сард багтаан лицензээ сунгуулбал 30 хувийн хямдралтай байгаа. Мөн байгууллагууд олон тоогоор авах тусам илүү хямдрах боломжтой. Тухайлбал, 3 лиценз нь 100.000 төгрөг, 10 лиценз нь 300.000 төгрөг, 50 лиценз нь 1.2 сая төгрөг, 100 лиценз нь 2 сая төгрөг болсон байна. Бидний хямдрал зарласан гол шалтгаануудын нэг нь шинэ жилийн баярыг тохиолдуулан албан байгууллага, хувь хүмүүс бие биедээ Үндэсний бөгөөд Оюунлаг бэлэг барьж монгол технологийн компаниа дэмжээсэй гэж хүссэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.16 ПҮРЭВ № 246 (6723)

 

Зочино
Зөв бичиж сургах хэрэгтэй их дээд сургуулийн оюутнууд зөв бичиж чадахгүй лекц симинараа ч бичиж чадахгүй үнэн гутамшиг байнаа.
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 34 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 34 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 34 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 18 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

14 цаг 54 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20