С.УЯНГА
Цахим үндэстэн, хүний хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.
-Монгол Улс цахим үндэстэн болохоор нэлээн шуурхайлж байна. Энэ том амбицийг гардан хэрэгжүүлж байгаа газар нь танай байгууллага шүү дээ. Хүндрэл бэрхшээл хэр байна вэ?
-Цахим үндэстэн гэхээр хүмүүс зөвхөн E-Mongolia төслийг ярьж байна гэж ойлгодог. E-Mongolia бол цахим үндэстэн болохоор зорьж хэрэгжүүлж буй олон ажлын зөвхөн нэг нь юм. E-Mongolia -н хувьд товчхондоо төрөөс иргэнд, бизнесийн байгууллагад, төрөөс төрд үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа томоохон ажил гэж ойлгож болно.
Цахим үндэстэнг улс орнууд янз бүрээр тодорхойлж байна. Монгол Улсын хувьд эх орны өнцөг булан бүрд харилцаа холбооны дэд бүтэцтэй, хүн бүр цахим сүлжээг тодорхой хэмжээгээр ашигладаг буюу хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй байх зарчмыг баримталж байгаа. Цахим үндэстэнг байшин гэж харвал уг байшингийн суурь нь гэж хэлж болно. Дунд хэсэгт нь мэдээллийн аюулгүй байдал, түүнийг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалт байх юм. Дараа нь иргэдийн тоон бичиг үсгийн мэдлэг чадвар, хэрэглээг багтааж байгаа. Мөн цахим засаглал буюу төрийн байгууллагуудын харилцааг бүрэн цахим болгохыг зорьж байна. Ингэснээр салбар бүрийг мэдээлэл харилцаа холбооны технологиор дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлж инновац, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэх боломж нээгдэж буй. Үүний цаана стратегийн зургаан зорилт тодорхойлсон.
Эхнийх зорилт болох дижитал дэд бүтцийн хүрээнд 331 сумаас 226 нь шилэн кабельд холбогдлоо. Үлдсэн зургаан сумыг ирэх жилүүдэд холбож дуусгана. Цаашид сум суурингаас гадна аялал жуулчлалын бүс нутаг, олон улсын А зэрэглэлийн зам дагуу байнгын сүлжээ оруулахаар төлөвлөсөн. Мөн 2023 оны нэгдүгээр сараас Улаанбаатар хотод 5G сүлжээг оруулна. Манай байгууллагаас бодлогын баримт бичиг гарч, хувийн хэвшил нэвтрүүлнэ. Дижитал дэд бүтцийн хүрээнд олон жил ярьж байгаа үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг урагшлуулна.
Цахим засаглал зорилтоор төрийн 592 үйлчилгээг цахим болгохоор төлөвлөснөөс одоогоор 57 байгууллагын 571 үйлчилгээ цахимжлаа. Ер нь төрийн 4000-5000 үйлчилгээ байдаг. Тиймээс цаашид зөвхөн 592-оор зогсохгүй гэж харж байгаа. Анх бол Засгийн газрын тогтоолоор төрөөс иргэдэд үзүүлэх хамгийн эрэлттэй 259 үйлчилгээг тодорхойлж гаргаж ирсэн. Тоогоор хөөцөлдөхөөс илүү иргэдийн хамгийн их авдаг үйлчилгээн дээр тулгуурлах бодлого баримталж байгаа. Цахим засаглалын суурь болох Хувийн мэдээллийг хамгаалах, Тоон гарын үсгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийтийн мэдээллийн хуулийг батлуулахаар ажиллаж байна.
Иргэд ямар нэг систем рүү нэвтрэх болгонд нэр, нууц үг шаарддаг нь хүндрэл учруулж байгаа учраас үндэсний танилт нэвтрэлтийн систем бий болгож төр, хувийн хэвшил аль аль нь ашигладаг байхаар зохицуулж байгаа. Цахим шилжилт хийгдэж байгаа ч албан бичгээ цаасан суурьтай дамжуулсан хэвээр байна. Тиймээс төрийн байгууллагуудын дамжуулж байгаа цаасыг бүрэн цахимжуулна.
-Цахим үндэсэн болох зорилтоос мэдээллийн аюулгүй байдлыг онцолж асуухыг хүсч байна. Мөн иргэдийн цахим орчин хэрэглэх чадвар, ойлголт ч чухал байх?
-Мэдээллийн аюулгүй байдлын чиг үүрэг тагнуул, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, ЗХЖШ-ын Кибер арми гээд олон газар хуваагддаг. Манай улс өнөөдрийг хүртэл Кибер аюулгүй байдлын хуульгүй явж ирснээс болж олон улсад кибер аюулгүй байдлын индексээрээ нэлээн хойгуур орсон. Энэ жил 183 орноос 120 дугаар байрт орсон байх жишээтэй. Кибер аюулгүй байдлын зорилтын хүрээнд хуультай болохоос гадна Кибер аюулаас хамгаалах үндэсний төв байгуулна. Өөрөөр хэлбэл, байгууллагуудын чиг үүрэг илүү тодорхой болох юм. Мөн хуулийн дагуу мэдээлэл технологийн аудит хийх журам батлагдана. Мэдээллийн технологитой холбоотой ямар нэг маргаантай асуудал гарвал аудит хийнэ. Тухайлбал, өнгөрсөн жилийн сонгуулиар цэг, таслалын маргаан гарсан. Энэ тохиолдолд мэдээлэл технологийн аудит хийх эрхтэй хүмүүс нь очиж нарийвлан шалгах юм.
Тоон бичиг үсэгтэн буюу бүх нийтийн цахим ур чадварын зорилт мөн орж байгаа. Ер нь цахим шилжилт хурдтай хийгдэхийн үндэс нь иргэдийн тоон бичиг үсгийн боловсролтой холбоотой. Ямар нэг дижитал бүтээгдэхүүн гаргахаар 300-400 мянга хүрээд хэрэглэгчдийн тоо зогсчихдог. Үндэсний статистикийн газраас 2018 онд гаргасан судалгаагаар нийт хүн амын 32 хувь нь тоон бичгийн боловсрол боломжийн хэмжээнд, бусад нь буюу 68 хувь нь ур чадвар сул байна гэсэн. Энэ тоо бүтээгдэхүүн нэвтрэлт дээр ч ажиглагддаг учраас цахим ур чадвар бол хамгийн том хязгаарлагч хүчин зүйл болж байна. Тиймээс иргэдийн цахим чадварыг сайжруулахад цэцэрлэг, сургууль гээд шат шатанд нь тохирсон боловсрол олгохоор төлөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх стандартыг ч нэвтрүүлнэ. Түүнчлэн салбар болгонд инновацийн эко систем бүрдүүлэх хууль эрхзүйн орчныг тодорхой болгохоор ажиллаж байна.
Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зорилгыг зургадугаарт эрэмбэлсэн. Мэдээлэл технологийн төсөл олон газар хэрэгждэг. Сүүлийн хоёр жилд гэхэд цахим шилжилтэд их наяд гаруй төгрөг зарцуулсан байдаг ч үндэсний цахим дижитал стратеги байгаагүйгээс үр дүн тааруу гарсан тохиолдол бий. Ингэснээр мэдээлэл технологийн салбарт давхардал үүсгэхгүй, бүтээмжтэй байхаас эхлээд үр дүнтэй.
-E-Mongolia 2.0 хувилбарыг танилцуулсан. Өмнөхөөсөө ямар онцлог, давуу талтай байх вэ?
-E-Mongolia өнгөрсөн жилийн намар ашиглалтад орохдоо төрийн 25 байгууллагын 181 үйлчилгээтэй байсан бол өнөөдрийн байдлаар 57 байгууллагын 571 үйлчилгээ орсон байна. Нээснээс хойш 6.2 сая иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн.Үүний цаана ирж, очих зэрэг зардлаас 52.6 тэрбум төгрөг хэмнэсэн тооцоо гарсан. Жилийнхээ ойн дээр E-Mongolia 2.0 хувилбарыг танилцуулсан. Үүнд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, даатгалын дэвтэрүүд пластик хувилбартайгаа адил үйлчлэхээр цахим хувилбараар орсон. Цаашлаад үнэт цаас, эмнэлэгт цаг авах, шинжилгээний хариу нэмэгдэнэ.
Төрийн үйлчилгээний үе шат гэж бий. Хамгийн эхэнд төрийн байгууллага дээр биеэрээ очоод үйлчилгээ авахад дараагийн газар руу явуулдаг. Нөгөө газар дээр очиход дахиад өөр төрлийн материал нэхвэл гуравдагч руу явна. Энэ бол эхний шат. Хоёрдугаар үе шат нь төрийн бүх үйлчилгээг нэг байшинд төвлөрүүлсэн ч тухайн орчин дотроо дахиад өөр тийшээ очиж материал бүрдүүлдэг. Тэгвэл E-Mongolia-г нэвтрүүлснээр төрийн бүх үйлчилгээг нэг хүнээс авдаг болсон. Үүнтэй адил цахимаар бүх үйлчилгээг авдаг болсон нь гуравдугаар шат. Үүний дараагийн үат буюу иргэнд хэрэгтэй байгаа үйлчилгээг санал болгодог болох юм.
-Манай улсад хамгийн эмзэг зүйл бол мэдээллийн аюулгүй байдал. Үндэсний дата төв рүү өдөр хэдэн мянган халдлага ирж байдаг, иргэдийн хувийн мэдээлэл гадны сайт дээр зарагддаг гээд олон жишээ баримт нэрлэж болно. Гэтэл цахим үндэстэн болохын цаана хувь хүний давтагдашгүй өгөгдөл, мэдээллийг баталгаатай хамгаалж чадах уу?
-Цахимд шилжихэд хамгийн чухал зүйл бол мэдээллийн аюулгүй байдал. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад хэчнээн өндөр хана хэрэм босгосон ч эрсдэл тэг болохгүй гэдэг үндсэн зарчимтай.
Кибер аюулгүй байдлын хуулиар хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх шаардлага тавьж байна. Үндэсний дата төвөөс гадна хүний эрүүл мэндийн нууцтай холбоотой чухал мэдээллийг хадгалж байдаг хоёр, гуравдугаар зэрэглэлийн эмнэлгүүд зэрэг нэлээд олон байгууллагыг онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага гэж хуулиар тодорхойлж улирал болгон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зэргээр стандарт, тоног төхөөрөмжтэй холбоотой олон чухал журмыг гаргана.
Хурууны хээ, царай, дуу хоолой гээд хүний биеийн давхцахгүй биометрик өгөгдлийг Кибер аюулгүй байдлын хуулийн хүрээнд хувийн байгууллага цуглуулахыг хориглож байгаа. Тухайлбал, сүлжээ дэлгүүрүүд, цаг бүртгэлийн системээр хүний эмзэг мэдээллийг хадгалахгүй гэсэн үг. ДАН, Хур системээр төрийн байгууллагаар дамжуулж, улсын бүртгэл дээр хадгалах зохицуулалт орж байгаа. Хувийн мэдээллийг хамгаалах хуулиар төр, хувийн хэвшлийн байгууллагад байгаа хувийн мэдээлэл рүү хэн нэгэн хандахад тухайн мэдээллийн эзэнд мэдээлэл өгөх тогтолцоо бүрдэнэ.
-Тэгэхээр хууль батлагдахаар сүлжээ дэлгүүрүүд дээр байгаа хэрэглэгчдийн мэдээллийг устгана гэсэн үг үү?
-Одоо байгаа мэдээллийг устгах уу яах вэ гэдгийг хуулийг даган гарах журмаар зохицуулна. Сүлжээ дэлгүүрт байгаа мэдээллийг устгалаа гэхэд дахиад өөр газарт хувилсан байвал яах вэ зэргээр нарийн зохицуулалт хэрэгтэй болох байх.
- Хаанбанк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй гэж тагнуулын байгууллага мэдээлсэн. Энэ асуудлыг танай байгууллага нягталсан уу. Мөн төрийн бүх мэдээллийг хадгалж байгаа дата төв эрсдэлд орвол яах вэ?
-Гадны сайт дээр зарагдаж байсан 2.3 сая иргэний мэдээллийн хувьд яг ямар байгууллага алдсан гэдгийг эцэслэн тогтоогоогүй. Шалгаж байна. Ер нь бол хувь хүн өөрийнхөө мэдээллийг хаана хадгалж байгааг маш сайн анзаарч, мэдэж байх хэрэгтэй. Төр, хувийн байгууллагад мэдээллээ өгөх болгонд хувийн мэдээлэл хадгалж үлдэх эрсдэлтэй. Гэтэл байгууллага болгон хувийн мэдээллийг баталгаатай хадгалж чадаж байна уу гэдэг чухал.
Үндэсний дата төв рүү өдөрт дунджаар 40-50 мянган халдлага ирдэг. Гэхдээ бүгд хортой биш. Дата төв тэдгээр халдлагуудыг зогсоож чадаж байна гэсэн үг. Зарим үед чадахгүй ч байх эрсдэл гарч болно. Үндэсний дата төвийн нөөц төвийг Дархан хотод байгуулж өнгөрсөн сарын эхээр ашиглалтад оруулсан. Үндсэн дата төв дээр байгаа бүх мэдээллийн сан тэнд давхар хадгалагдана гэсэн үг. Одоогийн дата төв байгуулагдаад 12 жил болж байна. Зай талбай, серверийн багтаамж дүүргэлт өндөр байгаа учраас дахиад “Green data center” гээд олон улсын стандартад нийцсэн, эрчим хүчний цахилгааны нөөц эх үүсвэртэй төв байгуулахаар төлөвлөсөн.
-Цар тахлын үеэр халдварыг мөшгих, илрүүлэх аппликейшнүүд нэвтрүүллээ. Гэтэл халдварыг бууруулах, тэмцэхэд үр дүнтэй байж чадсан уу?
- Халдварыг дотооддоо алдаж сандарч байсан үед гар утасны GPS ашиглах санал гаргасан ч хүний эрх зөрчиж байна гэсэн учраас зогсоосон. Тэгээд И баримтаар QR код уншуулж байршил хянах системийг энэ оны арванхоёрдугаар нэвтрүүлсэн. Гэтэл томоохон худалдааны төвийн үүдэнд QR уншуулахад дотор нь ямар салбар, хэсгээр орсон нь тодорхойгүй. Мөн тэр их хэмжээний датаг боловсруулахад хүндрэлтэй байсан учраас үр дүнд хүрээгүй гэж хэлж болно. Тиймээс больсон. Үүний дараа гадны туршлагыг судалж байгаад халдварын хавьтлыг тодорхойлох “COVID-19 ERSDEL” системийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн. Энэ систем нэлээн үр дүнтэй болсон гэж харж байгаа. Өнөөдрийг хүртэл “COVID-19 ERSDEL” систем 1.5 сая иргэн рүү халдварын хавьтлын мессеж илгээсэн байдаг. Тиймээс Омикрон хувилбар дээр ч үр дүн нь үргэлжлээд гарах ёстой. Гэхдээ мэдээлэл аваад шинжилгээ өгөх, өөрийгөө тусгаарлах зэргээр иргэний ухамсар, хариуцлагатай бас холбоотой. Мөн хүний хувийн мэдээллийг хадгалахгүйгээрээ онцлогтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.9 ПҮРЭВ № 241 (6718)