Ч.ҮЛ-ОЛДОХ
Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Ардын намын XXX их хурлын онцлог юу вэ. Хүний эрхийн талаар гаргасан тогтоол, шийдвэрийг та юу гэж үзэж байна?
-Монгол улс тусгаар тогтнож, Ардын хувьсгал ялснаас хойш яг 100 жилийн дараа Ардын намын XXX их хурал болж байна. Энэ бол түүхэн их хурал юм. Учир нь нэгдүгээрт, 100 жилийнхээ ойгоор зүүний төвийн үзэлтэй, социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хоёр том хүчин нэгдэж, монгол орноо эрчимтэй хөгжүүлэх, үсрэнгүй хөгжүүлэх бодлого зорилтуудыг тодорхойллоо. Хамтын энэ нэгдлийн дараа болж байгаа түүхэн их хуралд 1500 гаруй төлөөлөгч монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж чуулж байна. Хамгийн чухал нь ойрын 20-30 жилд Монгол Улсаа социализмын оргил үе шиг нь эрчимтэй хөгжүүлэх, үйлдвэржүүлэх, дэд бүтцийг бий болгох, түүнчлэн нефтийн үйлдвэртэй болох, газын хоолой байгуулах зэрэг хөгжлийн том асуудлуудыг авч үзэж байна. Нөгөө талаас монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, ногоон хувьсгалыг хэрэгжүүлэх, эдийн засгийн ногоон сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, улс орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлэх асуудлыг ярьж байна.
Монголын хашаатай, зуслантай айл болгон хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх том бодлогуудыг гаргаж тавьж байна. Эрх баригч нам анх удаа хүний эрхийг хангах асуудлыг баталгаажуулж, энэ чиглэлээр томоохон илтгэл тавьж, тэр дагуу тогтоол гаргалаа.
Ардын нам өнгөрсөн 100 жилд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг авчирсан боловч хэлмэгдэл хийсэн гашуун түүх ч бий. 1920-оод оны Д.Бодоо, С.Данзангийн хэлмэгдэл, 1930-аад оны Гэндэн, Дэмидийн гэх 30 мянган хүний амь насыг хохироосон том хэлмэгдэл, 1960 –аад оны сэхээтний төөрөгдөл, намын эсэргүү бүлэг гэж Ц.Лоохуу, Нямбуу тэргүүтэй олон хүнийг хэлмэгдүүлсэн асуудал бий. Сүүлийн үеийнх гэвэл ардчилсан Ерөнхийлөгч нарын гаргаж ирсэн Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн улс төрийн хэлмэгдэл, түүнчлэн зөвхөн улс төрийн өөр байр суурьтай байсных нь төлөө сөрөг хүчний байр суурь баримталлаа хэмээн бусад хүмүүсийг хэлмэгдүүлж, хүн ёсноос гадна хандаж байсан гэмийг өнөөдөр залруулъя гэдгээ намынхаа их хурлын тогтоол дээр тодорхойллоо. Цаашид аливаа сөрөг хүчин, өөр үзэл баримтлалтай юм уу, шүүмжлэлтэй хандсан сөрөг хүчин болоод нам доторх цөөнхөө хэлмэгдүүлэхгүй гэдгийг намынхаа тогтоолд зааж өглөө. Энэ асуудлыг миний бие хүний эрхийн салбарт ажилладагийнхаа хувьд зориуд тэмдэглэж, намын их хурлын тогтоолд тодорхой зааж өгч, улмаар УИХ, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэгт чиглэл, заалтуудыг гаргаж өгснөөр энэ хурлын түүхэн ач холбогдол оршино.
-Гэхдээ эрх барьж байгаа нам, эрх мэдэлд ойр байгаа өндөр албан тушаалтнуудад манай хууль, шүүхийн байгууллагынхан үйлчлээд байдаг шүү дээ?
-Ер нь улс төрийн сөрөг хүчин гэдгээр, өөр үзэл бодолтой байсан гэх юм уу, өөрсдийг нь шүүмжиллээ гэж шүүх, прокурор, АТГ, цагдаагийн байгууллагыг элдэв байдлаар албан тушаалтны, эсвэл эрх барьж байгаа төр, намын эрх ашгийн үүднээс ашигладаг байдлыг зогсоох чиглэлээр том алхам хийсэн. Үүнд монгол хүн, өөрөөр хэлбэл төрийн анхаарлын төвд байх ёстой зүйл нь хүн юм байна. Нэг ч монгол хүн үүний гадна үлдэхгүй байх ёстой. Энэ асуудлыг бид гаргаж тавьсан. Тэр дагуу тогтоол шийдвэр гарч, бодлого зорилт тодорхойлогдлоо. Одоо харин үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг ярих ёстой. Өнгөрсөн он жилүүдэд хүний эрх, шударга ёсыг тээж ирсэн тэр хүмүүс, МАХН, МАН , улс төрийн бусад хүчин, улс төрийн намын харьяалалгүй байгаа иргэд энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө дор дороо хичээх ёстой. Эх орондоо улс төр, бизнесийн бүлэглэлийн дарамтад орохгүйгээр ажиллаж, амьдрах үүд хаалгыг монголчууддаа нээж өгөх болно. Ийм баяртай бодлыг бид тээж байна. Үүний тулд одоо монгол хүн та гадаадад амьдарч байна уу, хөдөө амьдарч байна уу хамаагүй, гол нь шударга ёсны төлөө, хүний эрхийн төлөө ажиллах ёстой гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн таны эрхийг хамгаалдаггүй юм. Аль нэгэн хүний эрхийн байгууллага, төрийн бус байгууллага, эсвэл цагдаа ч юм уу хамгаалдаг юм биш, та өөрөө хүний эрхийг хамгаалагч юм. Иймд энэ чиглэлд идэвхтэй байх ёстой гэсэн цоо шинэ концепц руу бид орж байгаа юм.
-Иргэд бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд зөвшөөрөл авдаг тогтолцоо манайд байсаар ирсэн. Жишээлбэл, жагсаал цуглаан хийхийн тулд нэг албан байгууллагаас бичиг авах, өөрийн биеэр очих гээд олон дарамт байдаг. Энэ өөрчлөгдөх үү?
-Хүний эрхийн зөрчлийг арилгана. Сая Хэрэглэгчийн эрхийн улсын том зөвлөгөөн болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Иргэд эрхээ өөрөө хамгаалж тэмцэнэ. Шаардлагатай бол мэргэжлийн туслалцаа авна, өнөөдөр төрийн бус байгууллага, иргэний нийгэм, өнөөдөр эрх барьж байгаа нам хүртэл хүний эрхийг хангая гэж байгаа нөхцөлд бид хамтран ажиллах ёстой гэдгийг энд онцлон хэлье.
Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсч цуглах эрхийг хэн ч зөрчих ёсгүй. Хэрэв хаадаг, хясдаг байдал байгаа бол түүнийг зогсоох ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан, Хүний эрхийн 1948 оны НҮБ-ын түгээмэл тунхаг, өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоомжоос илүү Олон улс, дэлхийн соёлт хүн төрөлхтөн дагаж мөрддөг эрх зүйн актууд нь батлагдсан учраас үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх болбол бусдын эрхийг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх эрх тухайн хүндээ байгаа. Энэ эрхээ хэрэгжүүлж байгаа хүмүүс хэн нэгнээс хараат бус, тэдний шахалт шаардлага, дарамтад орох бус эрхээ эдлэх ёстой. Гэтэл манайд саяхан зохисгүй асуудлууд гарсан. Нэгэнт Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд бусдад саад болохгүй, бусдын эрхийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах бололцоотой. Тэр байтугай төр энэ эрхийг нь хангаж өгөх үүрэгтэй. Ингэж байж ардчилал өөрөө оршин тогтно, ингэж байж эрх зүйн орчин өөрөө оршин тогтнодог учраас үүний төлөө монголчууд маань энэ эрх зүйт төрийн хүрээнд хүний эрхээ эдэлж, хэрэглэгчийн эрхээ хэрэгжүүлж ажиллах ёстой. Ийм боломжийг эрх баригч нам нээж өгч байна. Харин одоо үүнийг эрх баригч намаас шаардах, гардан хэрэгжүүлэх үүрэг монгол хүн танд ногдож байна. Та өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалан тэмцэх ёстой болохоос хэн нэгэн хүн таны өмнөөс эрхийг чинь хамгаалах асуудал биш гэдгийг ойлго энд онцолж хэлье.
-318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийн зөрчилтэй байна гэсэн судалгаа ажлын хэсэг дээр гарсан гэсэн. Хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд саад бэрхшээл бий юу?
-Ажлын хэсэгт манай намын залуучууд ажилласан юм байна лээ. Олон хуульд хүний эрхийн зөрчлүүд бий. Зөрчлийн хууль гэхэд л асар олон байдлаар хүний эрхийг зөрчсөн, алхам болгонд торгох, шийтгэх асуудлууд байгаа. Цагдаагийн байгууллагыг зүгээр л нохойд барьдаг мод болгон ашиглаж, татвар төлөөгүй байна, машины даатгал төлөөгүй гэх мэтээр үүргийн бус ашигладаг явдал байна. Цагдаагийн байгууллага хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гэтэл энэ байгууллагыг өнөөдөр элдэв гар, хөлөө болгон зарж, эрх баригчид, улс төрийн хүчний зүгээс ашиглаж байгаа нь үнэхээр буруу практик, үүнийг одоо өөрчлөх ёстой.
-Та шүүх, прокурорын байгууллагад олон жил ажилласан хуульч. Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь зөрчилтэй, түүнийг хэрэгжүүлдэг шүүх, прокурорын шатанд хийдэл гаргаж, авлигаар хэрэг шийддэг гэсэн шүүмжлэл их байна?
-Ерөөсөө шүүх эрх мэдэл, шүүх засаглалыг өөрчлөх шаардлагатай байгаа. Шүүх засаглал, хуулийн хяналтын байгууллага эрх барьж байгаа хүчинд үйлчилдэг. Тэр нь Ардчилсан нам байна уу, Ардын нам байна уу, тэр байтугай Ерөнхийлөгч нь дур зоргоороо өөрийн хүмүүсээ юм уу, эсвэл өөрт талтай гэсэн хүмүүсээ томилдог, өөр байр суурьтай байсан хүмүүсийг шүүгчийн ажлаас нь халдаг, зогсоодог, элдэв байдлаар дарамталдаг, ийм байдлаар өнгөрсөн он жилүүдэд Ардчилсан Ерөнхийлөгчийн үед явж ирлээ шүү дээ. Аливаа асуудалд шударга байр сууриас биш, Ерөнхийлөгч гэдэг хүний байр сууриас, эсвэл аль нэг бүлэглэлийн байр сууриас хандаж ирсэн. Энэ нь Монгол Улсад ноцтой нөхцөл байдлыг үүсгэж, талцал, өшөө хонзон хэлмэгдлүүдийг бий болгосон. Үүнийг эхлүүлсэн, хүнийг ажилд авахдаа ажлаас чөлөөлөх өргөдлийг нь хамт авч цааш хийдэг байсан тухай экс Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлууд өнөөдөр яригдаж байна. Хүнийг Монгол Улсад хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж шийтгэж байгаа асуудлууд гарч ирж байна. Ийм замбараагүй байдал газар авчээ. Монгол хүн нэг нь нөгөөдөхөө эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хэлмэгдүүлж байгаа асуудлуудыг таслан зогсоохын төлөө бид нэгдэх ёстой, тэмцэх ёстой, шаардлагатай бол өргөн хүрээнд ажиллах ёстой. Ийм боломжийг өнөөдөр МАН –ын хүний эрхийн асуудал хэлэлцэж гаргасан тогтоол нээж өгч байна. Энэ Үндсэн хуулиар нээлттэй зүйл. Олон улсын хууль тогтоомжоор ч нээлттэй. МАН үүнийг нээж өглөө.
-МАН их хурлаараа хариуцлагын асуудлыг оруулж ирлээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, шийтгэл хүлээсэн бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ гэлээ. Хэлмэгдэлд өртсөн гишүүдээ яах бол?
-Мэдээж өнгөрсөн хугацааны энэ их завхрал хэлмэгдүүлэлтийг залруулах ёстой. Жишээлбэл, Н.Энхбаяр даргыг болон түүний ойр дотно байсан олон хүнийг толгой дараалан зохиомол хэрэгт татаж, МАНАН бүлэглэлийн зүгээс амыг нь таглан дуугүй байлгах гэж оролдсон. Би ч гэсэн үүний сүүдрийг дайраад өнгөрсөн. Улс төрийн энэ хэлмэгдүүлэлтийг залруулах зайлшгүй шаардлагатай. 1930-аад оны их хэлмэгдлийн асуудлыг судалсан, хүний эрхийн салбарт ажиллаж ирсэн хуульчийн хувьд хэлэхэд зөвхөн нэг хүнийг цагаатгалаа гээд орхиж бас болохгүй юм байна лээ. Түүнийг захиалсан, гардан гүйцэтгэсэн хүмүүсийг нийтэд зарлах ёстой. 1930-аад онд гэхэд “Мангас” Дорж, “Нохой” Сэнгээ, “Маахуур” Дамба мэтийн алан хядах, хэлмэгдэл явуулах үйл ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүсийг нийгэмд ярьдаг болохоос зарлаагүй шүү дээ. Өнөөдөр түүн шиг АТГ, прокурор, мөрдөн байцаалтын шатанд ийм завхралуудыг гаргаж байсан хүмүүсийг нийгэмд зарлах ёстой. 316 дугаар тогтоол гэж 1984 онд гарсан байдаг. Түүн шиг ерөөс хэлмэгдэл хийсэн, бусдын гар хөл болсон мөрдөн байцаагч, прокуроруудыг олж тогтоон нийтэд зарлаж, хуулийн байгууллагаас цэвэрлэх шаардлага бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.8 ЛХАГВА № 240 (6717)