Б.ДОЛЖИНЖАВ
Цар тахлын эсрэг вакцинжуулалт, хөл хорио гэсэн арга хэмжээг улс орнууд шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд ихэнх орон хэвийн амьдралдаа шилжээд байв. Гэвч өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Африк улсад COVID-19-ийн Омикрон гэсэн шинэ хувилбар бүртгэгдсэнээр нөхцөл байдал дахин муугаар эргэлээ. АНУ, Англи, Израйль, Герман тэргүүтэй орнуудын зарим нь хилээ бүрэн хааж, зарим нь Өмнөд Африкын орнуудаас аялагч хүлээн авахаа зогсоосон юм.
Үүнээс гадна Ази Номхон далайн орнуудын хэвийн амьдралдаа шилжих төлөвлөгөө Омикроноос үүдэн цуцлагдаад байна. Европ болон Хойд Америкын орнууд хилээ бүрэн нээсэн учир Ази Номхон далайн орнууд ч хөл хориогоо сулруулж, 20 гаруй сарын турш үргэлжилсэн хилийн хоригоо цуцлахаар төлөвлөөд байв. Гэвч Омикрон хувилбар тархаж эхэлснээс үүдэн дээрх бүсийн орнууд дахин хөл хорио тогтоож, гадаадын аялагчдыг хүлээн авахгүйгээ мэдэгдлээ. Тухайлбал, Япон улс олон улсын оюутан, бизнесмен болон бусад гадаадын бүх иргэдэд хилээ хаав.
Австрали гадаадын оюутнуудыг хүлээн авах хугацаагаа сунгав
Урт хугацааны хатуу хөл хорионы дараа хязгаарлалтаа цуцлаад нэг сар болж байсан Австрали улс Омикрон хувилбараас үүдэн цагаачид болон олон улсын оюутнуудад хил нээх хугацаагаа хоёр долоо хоногоор хойшлууллаа. Ингэхдээ Өмнөд Африкийн орнуудаас ирсэн бүх зорчигчдод хилийн хориг тогтоосон юм. Энэ талаар Стэнфордын их сургуулийн хүүхдийн эмч, профессор Жэйсон Ван “Цар тахал бидэнд эрүүл мэндээ хамгаалах болон аж амьдралаа үргэлжлүүлэх асуудлаа тэнцвэржүүлэхийг заасан. Энэ нь зүрхэнд систол болон диастол аль аль нь чухал байдагтай ижил юм. Тухайлбал, халдварын тоо эрчимтэй нэмэгдэх үед Засгийн газар хязгаарлалт тогтоон, тархалт буурах үед хязгаарлалтаа сулруулах хэрэгтэй. Аяллын хориг бол түр зуурынх болохоос урт хугацаанд цар тахлаас сэргийлж чадахгүй” гэж ярилаа. Мөн Филиппин улс вакцины бүрэн тунтай жуулчдыг хүлээн авах шийдвэрээ түр хугацаагаар цуцалжээ.
Солонгос нэмэлт тунгаа эрчимжүүлж эхэллээ
Тайланд улс өнгөрсөн сарын 1-нээс бүрэн тун вакцинтай гадаадын иргэдэд хилээ нээсэн. Тус улс Өмнөд Африкийн орнуудаас аялагч хүлээн авахаа хориглосноос өөр ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байна. Энэ тухай тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Фихат Ратчакитпракарн “Хилээ дахин нээх бидэнд хэцүү байсан ч хил хаалттай байхыг хэн ч хүсэхгүй. Учир нь хилийн хоригоос үүдэн эдийн засаг хямарч, олон асуудал үүссэн. Ийм нөхцөлд дахин хилээ хаахыг хэн ч хүсэхгүй” гэж “Bangkok Post” сонинд ярьжээ.
Солонгос улсын хүн амын 80 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан ч Өмнөд Африкийн найман орноос аялагч хүлээн авахаа зогсоолоо. Мөн зоогийн газар, кафегаар үйлчлүүлэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлэхийн сацуу хүмүүсийн тоог хязгаарлав. Одоо тус улс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэхэд анхааран ажиллаж байна.
“Омикроны халдварлах чадвар өндөр нь тодорхой байна”
АНУ-ын эрдэмтэд Омикрон хувилбар хэр аюултай, одоогийн вакцинууд уг хувилбараас хамгаалах уу, эмчилгээ нь ямар байх эсэхийг судлахад багад 14 хоногийн хугацаа шаардлагатай хэмээн үзэж байна. Гэхдээ вакцинжуулалтын хувь өндөр байгаа орнуудад ч хурдацтай тархаж байгаа нь улс орнуудын санааг зовоогоод байгаа юм. Энэ тухай Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн улсын туслах професоор Рену Сингх “Эхэндээ бид COVID-19-гүйгээр эсвэл хамтдаа амьдрах боломжтой гэж боддог байв. Гэвч энэ халдвар нь цар тахал болж хувирах үед бидэнд сонголт үлдсэнгүй” гэв. Харин АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи “Омикроны халдварлах чадвар өндөр нь тодорхой байна. Өмнө нь өвчлөл багатай байсан улс оронд халдвар огцом нэмэгдсэн нь бараг бүхэлдээ Омикроны нөлөө байгаа нь харагдсан. Гэхдээ шинэ хувилбарын хүндээр өвчлүүлэх чадвар өндөр биш болох нь судалгааны эхний үр дүнгээс харагдаж байгаа. Энэ нь одоогоор бага ч гэсэн найдвар төрүүлж байна” гэжээ. Одоогоор Омикрон хувилбар дэлхийн 40 орчим улс, АНУ-ын 15 мужид тархаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.7 МЯГМАР № 239 (6716)