Т.Энхбаяр: Хөгжлийн үр шимээс эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш хүртэх нь жендэрийн бодлогын үндэс юм

2021-12-06
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярыг урьж Монгол Улс дахь жендэрийн тэгш эрхийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

Эмэгтэйчүүдэд ээлтэй бизнесийн эрх зүйн орчин хэрэгтэй

Блиц

Мэргэжил:

-Олон улсын эрх зүйч,

Төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

-2008-2012 онд Гадаадын хөрөнгө оруулалтын газар мэргэжилтэн

-2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн яаманд мэргэжилтэн

-2014-2015 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Улсын бүртгэгч

-2015-2016 онд Легал Полиси ХХН-ийн ахлах хуульч

-2016 оноос хойш Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байна.

-Манай улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлаад 10 жил боллоо. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилт ямар байв, ямар асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан эсэхэд тус хуулинд үнэлгээ хийсэн. Хуулинд улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хөдөлмөрийн харилцаа, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлын баталгаа гэсэн долоон хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлуудыг тусгасан.  Манай Улс процессын хуулиуд дээр хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийдэг. Харин процессын бус ерөнхий харилцаа зохицуулсан хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг цөөн удаа хийсэн байдаг. Тиймээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд үр дагаврын үнэлгээ хийхдээ олон улсын арга аргачлалд голлон суурилсан. Үнэлгээний үр дүнг нэгтгээд энэ оны гуравдугаар сард үндэсний хэмжээнд танилцуулсан.

Үнэлгээ хийхэд дөрвөн асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгаа нь харагдсан. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин буюу хөдөлмөрийн оролцоо буурч байна. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа байдал болон мэргэжлийн сонголтоосоо хамаараад эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдээсээ бага байгаа нь тэтгэврийн зөрүүг үүсгэж байна.

"COVID-19" халдвар бичил жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хүнд туссан. Хөл хорионы улмаас тэдний бизнесийн дийлэнх нь зогссоныг судалгаанууд харуулж байна. Гол бэрхшээл нь зээлийн асуудал. Ихэнх улс орнуудад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь эрэгтэйчүүд байдаг нь манай улсад ч адилхан. Тиймээс банкнаас зээл авах үед эмэгтэйчүүдийн барьцаа хөрөнгө хүрдэггүй, мөн зээлийн шаардлагаас болж хамрагдаж чадахгүй байгаа тохиолдлууд их байна. Гэтэл зээлээ эргэн төлөх дээрээ эмэгтэйчүүд илүү хариуцлагатай, хугацаанд  нь төлдөг байна. Иймээс эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, баялаг бүтээж буй салбарт ажиллахад бодлогын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг судалгаа харуулахаас гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань ярьж байна. Судалгаагаар 60 гаруй улс орон эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн тодорхойлолтыг бизнесийн тухай хуулиуддаа тусгаад эмэгтэйчүүдэд ээлтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлж, бизнесийг нь дэмжиж байна.

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал байсаар байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд саад болж байгаа хамгийн том хүчин зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж юм. Хүүхэд харах асуудлыг нь шийдээд өгчихвөл эмэгтэйчүүд ажил хийнэ. Манай улс хүн ам, хөдөлмөрлөх нөөц бага учраас эрэгтэйчүүд ажиллаад эмэгтэйчүүд гэртээ суух нь оновчтой шийдэл биш. Эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа хөдөлмөрлөвөл гэр бүл болоод улс орны эдийн засагт хувь нэмэртэй. Өөрөөр хэлбэл манай улс хүн амын төрөлтийг дэмжих бодлогоо эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх бодлогтой уялдуулах нь чухал. Тухайн эмэгтэй  хүүхдээ харах, эсвэл хүүхдээ харангаа ажил хийж орлоготой байх гэсэн боломж, сонголтуудыг төрөөс бий болгох  шаардлагатай.  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэрээсээ цахимаар ажиллаж болно гэсэн хэд хэдэн чухал заалт орсон. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа хэлбэр юм. Харин үндэсний хэмжээнд хуулийг хэрэгжүүлэх, мөн салбарын яам болон холбогдох талууд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих нь чухал.

 

УИХ хүйсийн тэнцвэрт байдлыг хангах нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр 

 

-Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Монголын хүн амын 51 хувийг эмэгтэй, 49 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Гэтэл хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд төсөв захиран зарцуулах, баялаг хуваарилах, эрх мэдлийн хуваарилалт хийх зэрэг шийдвэрийг гаргахад оролцоо хангалтгүй.  Жендэрийн хуулинд тухайн албан тушаалаас хамаараад аль нэг хүйсийн оролцоо хамгийн багадаа 15-30 хувь гэж заасан байдаг ч хүрдэггүй. Энэ үзүүлэлтээрээ олон улсад жендэрийн хөгжлийн индексээрээ хойгуур жагсдаг. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давамгайлсаар байгаагаас арга билгийн ухаанаар төр удирдах ёс алдагдаж байгаа. Үүний үр дүнд жендэрийн мэдрэмжгүй, хүнээсээ хол шийдвэрүүд гарсаар байна.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хууль эрх зүйн орчны мэдрэмжтэй байдал чухал. Улс төрийн намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулиуд эмэгтэй нэр дэвшигчдэд ээлтэй байх нь маш чухал. Сонгуулийн хуулинд аль нэг хүйсийн төлөөлөл 20-оос доошгүй хувь байхаар заасныг улс төрийн намууд тааз хэмээн андуурч 20 хувьд хүргэх байдлаар 16,17 эмэгтэйг л дэвшүүлдэг. Тэдгээр эмэгтэйчүүдийг гишүүнээр гаргаж ирэх бодлого баримтлахаасаа илүүтэй гарахад хэцүү тойрог тулган өгч байгаа практикууд байна. Энэ нь эмэгтэй нэр дэвшигчдээ  бодлогоор дэмждэггүйтэй холбоотой. Намууд 100 хувь эмэгтэй гишүүн дэвшүүлж болно. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 2012 оноос эхлэн хоёр оронтой тоонд хүрсэн. Хамгийн багадаа УИХ-д 30 хувь нь эмэгтэй гишүүд байж, хамтаараа тухайн асуудлыг шийдэхэд бодит байдлаар оролцож чадна.

Яагаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал вэ гэхээр эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудал, эх хүн, ээжид тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд, мөн  сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын асуудал дээр эмэгтэйчүүд илүү ээж, эх хүний нүдээр харж,  оролцоотой байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, арга билгийн ухаанаар төрийг удирдаж, хүнд ээлтэй хөгжлийн бодлогоор хүн болгон аз жаргалтай амьдарна. Жендэр эрх тэгш байдлыг хангана гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал яриад байгаа мэт харагдаж байгаа боловч бидэнд байгаа тоо, судалгаа дээрх асуудлууд дээр илүүтэй эмэгтэйчүүдийн асуудлыг гаргаж харуулж байна. Магадгүй энэ байдал эсрэгээрээ байсан бол эрэгтэйчүүдийн оролцооны асуудлыг хөндөнө. 

Эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд Жендэрийн үндэсний хороо улс төрийн намуудтай хамтраад хуулийн ажлын хэсэгт саналаа өгөөд ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний хөтөлбөрөөрөө дамжуулан төсөв төлөвлөсөн боловч ковидтой цаг хугацаанд хөтөлбөрийн хэрэгжилтийн төсөв хумигдсан.

Анх удаагаа  БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээ Койка, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтраад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төсөл нэгдүгээрт, эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн манлайллын баг, хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гуравдугаарт, эмэгтэй сонгогч руу чиглэж ажиллана. 2020 оны сонгогчдыг хүйсээр нь харахад  62.5 хувь нь эмэгтэйчүүд саналаа өгсөн. Гэтэл яагаад 13-хан эмэгтэй гишүүн сонгогдов. Тиймээс эмэгтэй сонгогчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь хамгаас чухал байна.

 

Ийм зүйл байх ёстой гэсэн ойлголт  нь гэмт хэрэг болж хувирсан

 

-Жендэрт суурилсан хүчирхийлэл тулгамдаж байна. Манай улсад хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлаад хэрэгжүүлж байна. Гэр бүл гэх хаалттай хаалганы цаана байсан, ийм зүйл байх л ёстой гэсэн тогтсон ойлголт нь гэмт хэрэг болж хувирсан. Тиймээс хүмүүсийн ухамсар, ойлголтыг засах, буруу зүйл гэж мэдүүлэх, хандлагыг өөрчлөхөд багагүй зарцуулах нь тодорхой.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс нэн тэргүүнд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахад анхаарлаа хандуулах ёстой. Сүүлийн жилүүдэд хохирогч төвтэй үйл ажиллагааг маш сайн явуулж, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулж, хамтарсан багийн үйл ажиллагаа сайжирсан. Харин одоо хүчирхийлэл болохоос өмнө урьдчилан сэргийлэхэд  анхаарах ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл тодорхой хэд хэдэн шалтгаанаар үйлдэгддэг. Стрессээ зохицуулж чадахгүй байгаагаас үүдэн  хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бий. Тиймээс эрэгтэйчүүдийг хүчирхийлэгч болгохгүйн тулд тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэн 2022 оноос эрэгтэйчүүд рүүгээ чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бүх түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх гэж байна. Хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтад хамруулах, үйлдэхээс нь өмнө зан үйлийг нь өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголт, эрх мэдлийн тэнцвэргүй байдлын талаарх ойлголтуудыг өгөх чиглэлээр  анхаарах нь чухал.

 

Дундаж наслалтын зөрүү дэлхийн дунджаас хоёр дахин их

 

-Монгол эмэгтэй, эрэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.6 жил байна. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм. Дэлхийд дундаж наслалтын зөрүүтэй орнуудаас 12-т, Ази, Номхон далайн бүсдээ нэгдүгээрт жагсаж байна. Яагаад энэ зөрүү үүссэн талаар ЖҮХ, ҮСХ хамтран 2019 онд үндэсний хэмжээний судалгаа хийсэн. Судалгааны тайланг харахад энэ асуудал 1992 оноос хойш үе шаттайгаар явсан. Эрэгтэйчүүдийн дундаж наслалтад нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь эрүүл мэндийн асуудал юм. Тодруулбал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага хамрагддаг. Хавдраар өвчилсөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс их. Харин хавдраар нас барж байгаа эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс олон. Жилд 17 мянган хүн нас барахад үүний 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна. Үүний дотор 55-65 орчим насны эрэгтэйчүүд дийлэнх байна.

Эрэгтэйчүүдэд стресс менежмент маш бага. Хорт зуршлын хэрэглээгээр стрессээ тайлдаг. Энэ нь стрессийг улам нэмэгдүүлдэг. Халдварт бус өвчлөл нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, нойр дутуугаас шалтгаалдаг. Мөн бас нэг том шалтгаан нь гэнэтийн осол аваар. Эдгээр асуудлуудаас эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү ихэссэн.

Чанартай урт наслалтыг эрэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогоор дэмжихгүй бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт улам холдоно.  Тиймээс тусгайлсан зан үйл, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Бид дээрх шаардлагыг ЭМЯ-нд хүргүүлээд хамтарч ажиллахаар болсон. Ирэх оныг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн жил болгох чиглэлд бид манлайлан ажиллана. Энэ ажлыг үндэсний хэмжээнд хийхийг бүх салбаруудад зөвлөх, эрэгтэй хүн бүр эрүүл мэнддээ анхаарах, эмэгтэйчүүд гэр бүлдээ анхаарах гэсэн  мессежийг салбар яамтай хамтраад үндэсний хэмжээнд хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

Багш жендэрийн хэвшмэл ойлголттой байж болохгүй

 

-Анхаарахгүй орхиж болохгүй, байнга л анхаарах асуудал бол Жендэрийн хэвшмэл ойлголт юм. Хөдөлмөрийн тогтсон хуваарилалт нь нэг нийгмээс нөгөө рүү дамжиж байгааг таслан зогсоохын тулд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй.  Энэ хүрээнд нэгдүгээрт, ЕБС, их дээд сургуулийн сурах бичгүүд жендэрийн мэдрэмжтэй байгаа эсэхэд судалгаа хийх ёстой. Сурах бичгүүд дээр жендэрийн хэвшмэл ойлголтыг  дэмжсэн мэдээлэл байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх нь чухал. Судалгаагаар жендэрийн хэвшмэл ойлголтыг  дэмжсэн дүн гарч ирвэл залруулах арга хэмжээ авна. Үүний дараагаар багш нарыг жендэрийн мэдрэмжтэй болгоход анхаарах ёстой. Багш жендэрийн хэвшмэл ойлголттой байж болохгүй. Олон улсад жендэрийн хандлага хоёр насанд төлөвшдөг гэж үздэг.  Тиймээс сургуулийн өмнөх наснаас нь эхлэн боловсролын тогтолцоогоор дамжуулан жендэрийн мэдрэмжийг суулгах нь чухал.

Насанд хүрсэн хүмүүсийг соён гэгээрүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг жендэрийн мэдрэмжтэй болгох хэрэгтэй. Үүн дээр редакцийн бодлого руу жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, сэтгүүлчдийг үе шаттай сургахад бид анхаарч байна. Сэтгүүлч жендэрийн мэдрэмжтэй байж бүтээл нь жендэрийн мэдрэмжтэй болно. Дараа нь соёлоор дамжуулан  олон нийтэд нөлөөлөхийг зорьж байна. Соёлын яамыг жендэрийн бодлоготой болгох нь чухал. Ингэж байж кино, жүжиг, хошин шог, илүүтэй тайзны урлаг жендэрийн мэдрэмжтэй болно. Тиймээс ирэх оноос Соёлын яамтай хамтран соёлын бодлого руу нэвтрүүлэх, соёлын үйлчилгээ үзүүлэхэд анхаарахаар төлөвлөж байна.

Статистикаар нотлогдохоос гадна олон улсад анхаарал татаж дээрх асуудлуудыг шийдвэрлэх бодлого гаргахад салбар дундын хамтын ажиллагаа чухал. Жендэрийн үндэсний хороо бол орон тооны бус. Хуулийн хэрэгжилтийг хангахад арга зүйн бодлого, дэмжлэгээр дэмждэг, жендэрийг ойлгуулах, жендэрийн мэдрэмжтэй бодлогын төлөвлөлт хийхэд арга зүйгээр тусалдаг ажлын алба юм. Тодорхой судалгааг үндэсний хэмжээнд хийж, чадавхыг бүрдүүлэхэд дэмждэг. Салбар бүрт жендэрийн ямар асуудал тулгарч байгааг гаргаж ирэн, энэ асуудлаа ингэж шийдээсэй, ингэж анхаараарай гэсэн зөвлөмжийг хүргүүлдэг.

Эрэгтэй эмэгтэй хүмүүс хөгжилд эн тэнцүү оролцоно, хөгжлийн үр шимийг тэгш хүртэнэ гэсэн “Жендэр ба хөгжил”  зарчмыг манай улс баримталж байгаа. Энэ хүрээнд “Жендэр ба хөгжил”  үндэсний чуулганыг анх 2018 онд хийж,  зөвлөмж гарч, батлагдсан. Үүнээс хойш гурван жилийн дараа хоёр дахь чуулганаа хийлээ. Энэ удаагийн чуулганаар гурван салбар хуралдааны хүрээнд асуудлуудыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, зохистой хөдөлмөр эрхлэлт, хоёрдугаарт, хөдөөгийн эмэгтэйчүүд ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гуравдугаарт, жендэрийн хөгжил ба түншлэл хамтын ажиллагаа гэсэн асуудлыг хөндсөн. Жендэрийн хуулийг 2017-2021 онд дунд хугацаанд батлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр дуусч байгаа тул   Чуулганаас гаргасан зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд суурилан 10 жилийн үйл ажиллагааны стратеги боловсруулахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.6 ДАВАА № 238 (6715)

 

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 55 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 55 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 55 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 40 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

15 цаг 16 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20