Ч.ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “IFI” продакшны продюссер С.Уранг урьж ярилцлаа.
ЗАЛУУС ПРОДЮССЕР ХИЙХ СОНИРХОЛТОЙ Ч ХААНААС ЭХЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА
Блиц
Боловсрол:
-2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
-2013 онд University of South California. USC Marshall school of business. Сhartered financial analyst level
-2020 онд Локарно Олон Улсын Кино фестивалийн дэргэдэх “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн “Producer Lab” төгсөгч
-2021 онд Роттердам Олон Улсын кино фестивалийн дэргэдэх “Бүтээлч продюссерийн Лаб”-ын төгсөгч
Ажилласан уран бүтээл:
-2016 онд “Итгэл” уран сайхны кино
-2018 онд “Гэрч” уран сайхны кино
-2019 онд “Хөх тэнгэрийн хязгаарт” уран сайхны кино
-2021 онд “Harvest Moon” уран сайхны кино
-2021 онд “Хохирогч” уран сайхны кино
-Би санхүүч мэргэжилтэй. Гэр бүлийн хүн маань энэ салбартай холбоотой учир киноны салбарыг анх сонирхож эхэлсэн. Яваандаа энэ салбарыг хэрхэн тэлэх вэ. Уран бүтээлчдээ хэрхэн гадны зах зээлд өрсөлдөх суурийг нь тавьж өгөх вэ гэж судалж эхэлсэн. 2016 оноос хойш тасралтгүй таван уран бүтээлд ажилласан байна.
Энэ хугацаанд гадагшаа киногоо гаргаж үзлээ. Анх энэ салбарт хүсэл сонирхлоороо орж ирсэн бол миний хийж буй продюссерийн ажлыг би хаанаас сурах вэ. Яаж мэргэжлийн түвшинд ажиллах вэ гэдгийг суралцах зайлшгүй шаардлагатай болж ирсэн. Яг энэ үедээ найруулагч С.Бямбаатай хамтарч ажилладаг Ц.Ариунаа продюссертай танилцсан юм. Эгч маань намайг мэргэжлийн сургалтад суухыг санал болгосон. Тухайн жил сургалт нь дууссан байсан учир нэг жил хүлээгээд Софи хэмээх мундаг продюссер, багштай танилцаж, сургалтад нь хамрагдсан. Тэр сургалтаас өөрийнхөө хайж байсан асуултынхаа хариултыг олж авсан.
Учир нь манай продюссерууд олж авсан мэдлэгээ бусдад хуваалцахдаа их харам байдаг. Харин гадны мэргэжилтнүүд энэ тал дээр их өгөөмөр юм билээ. Манай уран бүтээлчид, хүүхэд залуусын дунд продюссер хийх сонирхолтой ч хаанаас эхлэх, яаж суралцахаа мэдэхгүй хүн олон байна. Тиймээс би өөрийн олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцах зорилгоор энэ удаад “Монголын кино институт”-тай хамтраад “Бүтээлч продюссерийн сургалт”-ыг продюссер болох сонирхолтой залуучуудад зориулж зохион байгууллаа.
ЭНЭ САЛБАРТ БҮТЭЭЛЧ ПРОДЮССЕР ХАМГИЙН ЧУХАЛ
-Мэдээж кино урлаг бол том бизнес. Харин хамгийн гол асуудал нь бид урлагаар дамжуулж энэ бизнесийг хийнэ. Тухайн бүтээлд продюссер хэрхэн оролцох вэ. Зохиол хөгжүүлэхэд анхнаасаа ямар байр сууринаас оролцох ёстой вэ. Продюссер хүн найруулагчтай хэрхэн уялдаатай ажиллах нь киноны ирээдүйд нэн чухал. Цаашлаад дүр сонголт, зураг авалт, киноны нээлт, хаалт, реклам зар сурталчилгаа, гадагшаа гаргах гээд кино бүтэхээс дуусах хүртэлх бүх ажилд найруулагчтай хамт байх хүн нь салбар, салбараа хариуцсан продюссерууд юм. Жирийн үзэгчид продюссер гэхээр мөнгө олдог хүн гэж ойлгох нь бий. Гэхдээ энэ мэргэжил дотроо олон салдаг. Тиймээс ч энэ салбарт бүтээлч продюссер хамгийн чухал. Бүтээлч продюссерийн хувьд өөрөө энэ салбарын тухайд олон талын мэдлэгтэй хүн байх учиртай. Зохиол хэрхэн бүтдэг, найруулах урлагийг судалсан, зураг авахад хүртэл мэдлэгтэй байх ёстой. Найруулагчийн харсан санаа, өнцгийг илүү урнаар яаж зөв гаргах тухай ярилцдаг, ойлголцдог байх нь хамгийн чухал.Бүтээлч продюссерийн кино бүтэх явцад хамгийн эхэнд хийх ажил нь тухайн кино зохиолыг хангалттай сайн хөгжүүлэх. Үүнээс л ажил нь эхэлнэ. Эхнээс нь зохиол бичигдэхэд найруулагчтай хамт өөрийн санаагаа тусгаж өгөх учиртай. Үүний дараа зургийн талбайн продюссер гэж бий. Ерөнхийдөө санхүүгээ хянахаас гадна зургийн талбайд байнга байж, зургийн даргатай ижил үүргийг гүйцэтгэнэ.
Мөн туслах продюссер гэж байгаа. Энэ хүн тухайн зураг авалтын техник хэрэгсэлийг хариуцаж ажилладаг. Харин Монголын нөхцөлд ерөнхий продюссер голлох үүрэгтэй ажилладаг.
Энэ хүн тухайн киног зохиол болж амжаагүй санаа байхаас нь төслөө эхлүүлдэг. Үзэгчдийн сонирхлыг татахуйц санаа олоод үүнийгээ зохиол болгож бичүүлнэ гэсэн үг. Мөнгө санхүүг нь босгоод эхнээс нь дуусах хүртэлх бүх ар талын ажлыг зохицуулна гэж ойлгож болно. Энэ үйл явц дунд гүйцэтгэх продюссерууд орж ирдэг. Энэ нь кинонд шаардлагатай ямарваа нэг зүйлийг олж ирдэг хүн гэж ойлгож болно. Жишээлбэл жүжигчинг. Бид ганцхан кинонд ажиллаад зогсохгүй. Өнөөдрийн ажиллаж байгаа төсөл маань дараа, дараагийн уран бүтээлд ороход ямар ач тус, өгөөж өгөх вэ гэдгийг продюссер хүн нарийн тооцоолдог байх учиртай.
МАНАЙ УЛСАД ЖИЛД 30-40 КИНО НЭЭЛТЭЭ ХИЙДЭГ
-Монголын кино салбарын нөхцөлд продюссерийн үүргийг уран бүтээлчид их олон жил өөрсдөө нуруундаа үүрч явсан. Харин 2013 оноос “Nomadia pictures” кино хийхдээ продюссерийн ажиллагааг бүрэн утгаар нь гаргаж ирсэн гэж хэлж болно. Тэр үеэс ер нь энэ мэргэжлийг сонирхох залуус жилээс жилд нэмэгдэж байна. Урлагийн статустай их сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ч энэ төрлийн хичээл ордог болжээ. Хэдийгээр одоохондоо нэгдсэн нэг ойлголт байхгүй ч манай продюссерууд өөрсдийн хэмжээнд хангалттай сайн ажиллаж байгаа гэж би дүгнэдэг. Учир нь энэ жижигхэн зах зээлтэй манай улсын хувьд жилд 30-40 кино нээлтээ хийж байна гэдэг чинь том амжилт, продюссеруудын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Бидэнд одоо хамгийн чухал алхам нь мэргэших. Үүнээс гадна продюссер хүнд зайлшгүй байх ёстой зан чанар гэж бий. Нэгдүгээрт хатуужилтай байх. Явцын дунд хэн ч чамайг орхиж болно. Гэхдээ продюссер хүн хэзээ ч эхлүүлсэн ажлаа орхидоггүй. Тиймээс асуудлыг шийдвэрлэх чадамж өндөртэй байвал илүү давуу тал болдог. Дэлхийд хөндөгдөөгүй сэдэв, санаа ховор. Хамгийн чухал нь түүнийг хэрхэн, яаж, ямар өнцгөөр хүмүүст хүргэх вэ гэдэг нь найруулагч, продюссеруудын ур чадвар юм даа.
ДЭЛХИЙ МОНГОЛ ПРОДЮССЕРЭЭС МОНГОЛ АХУЙГ Л ХҮСДЭГ
-Бид өөрсдөө монгол хөрсөнд хүн болж төрсөн учир Монголын үнэт түүх, ахуй амьдралаас хол тасарч ажиллана гэж байхгүй. Дэлхийн кино урлаг монгол продюссерээс монгол ахуйг л хүсдэг. Кино гэдэг өөрөө дүрийн тодотгол байдаг шүү дээ. Тиймээс дэлхийд уран бүтээлээ үнэлүүлье гэвэл өөрсдийн түүхийг л брэнд болгох учиртай. Монголын кино урлагийг дэлхийд сурталчлахын тулд бидний дараагийн хийх алхам бол жүжигчдээ чадавхижуулж, таниулах. Үүний тулд продюссер суурийг нь тавьж өгч, харилцаа холбоо тогтоож өгч болно. Гэхдээ хэрхэн өөрийгөө таниулж, авьяасаа үнэлүүлэх нь тухайн жүжигчний өөрийнх нь хөдөлмөр юм. Монгол Улс энэ онд түүхэндээ анх удаа киноны хуультай болохоор яригдаж байна. Ядахдаа энэ хуулиндаа багахан хэмжээний төсвийг уран бүтээлчдээ чадавхижуулах, сургалтад хамруулахад зориулах тухай тусгачихвал бид дэлхийд өрсөлдөхөд нэг алхам ойртох юм болов уу. Энэ хуулийн төслийг олон улсын жишигт нийцэхүйц, уран бүтээлчдэд ээлтэй, цогц хууль болж чадсан гэж би харж байгаа. Харин дагаж гарах журмууд нь боловсруулагдаж байгаа гэж сонссон. Энэ журам хэрхэн батлагдахаас шалтгаалаад тухайн хууль амьдралд хэр хэрэгжих боломжтой, амьд хууль болох вэ гэдэг нь шалтгаална.
ХАМТАРСАН КИНО ХИЙХДЭЭ ГЭРЭЭГ САЙН ХИЙХ ЁСТОЙ
-Манай продакшны хувьд хоёр ч уран бүтээлээ гадны уран бүтээлчидтэй хамтарч хийсэн. Анх “Хөх тэнгэрийн хязгаарт” киноныхоо зураг авалтыг 2017 онд дуусгасан. 80 хувийг нь Монголд, 20 хувийг нь Японд зургийг нь авсан. Тус бүтээл маань 2019 онд Германы Олон Улсын кино фестивалийн нээлтийн киногоор шалгарч байсан юм. Одоог хүртэл кино театруудаар гарч байгаа арилжааны бус бүтээл. Монголд нээлтээ хийх гэж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад түр хойшлоод байна. Энэ бүтээлд ажилласнаар бидний хувьд гадны продюссеруудтай ажиллахад Монгол Улсын зүгээс юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ тодорхойлж сурсан. Хамгийн эхэнд харилцан гэрээгээ сайн хийх ёстой байдаг. Бүх үйл явц гэрээнд заасны дагуу л явдаг. Тиймээс продюссер хүн асар хариуцлагатай ажиллах ёстой. Харин дараагийн уран бүтээл маань “Гэрч” гээд арилжааны кино бий. Хойд Америк, Солонгос, Япон, Зүүн өмнөд азийн телевизүүдээр гарч байна. Монголдоо л дээгүүрт бичигдэх тэрбум гаруй төгрөгийн өртөгөөр бүтсэн. Энэ бүтээлдээ олон орны уран бүтээлчидтэй хамтарч ажиллалаа. Америк найруулагч, зохиолчтой. Энэ бүтээлүүд одоо ч эрэлттэй байгаа нь цэвэр продюссеруудын хамтын ажиллагаа гэж ойлгож болно. Кино салбарыг олон улсад арилжааны болон арилжааны бус гэж хуваадаг. Арилжааны бус кино нь цэвэр найруулагчаас хамаарах бүтээл. Энэ төрлийн бүтээлд продюссерууд эвлүүлэгт нөлөөлөх эрхгүй байдаг. Харин арилжааны кино нь эсрэгээрээ. Киноны эрх нь продюссерийн нэр дээр байдаг. Ямар байдлаар хийвэл энэ кино илүү их ашиг өгөх вэ гэдгийг продюссер шийднэ гэсэн үг. Би үүнийг “Гэрч” кинон дээр гадны уран бүтээлчдээс сурсан. Эхлээд киногоо найруулагчийн эрхтэй гаргахаар гэрээ хийсэн байсан ч дараа нь гэрээгээ өөрчилж чадсан. Арилжааны кино продюссерлах гэж байгаа бол тухайн хүн цаг үеэ их мэдэрч, алсын хараатай төлөвлөгөөгөө гаргах ёстой. Учир нь кино бараг хоёр жил гаруй хугацаанд бүтнэ. Энэ хооронд марктингийн ажлаа хийж л байх ёстой.
ПРОДЮССЕР ХҮН СУДЛААЧ БАЙДАГ
-Мөн продюссер хүн зах зээлд ямар кино хийгдэж байна. Үзэгчид ямар сэдвийг илүү таашааж байна гэдгийг судалдаг судлаач байдаг. Зах зээлд тасралтгүй борлуулагдаж байна гэдэг чинь л тухайн киноны чанар чансааг илтгэхээс гадна продюссерийн ажлын бодит үнэлэмж юм. Дэлхийд хэн тоглосон, хэн найруулсанаас үл хамаараад жанр нь өөрийгөө зардаг кино гэж бий. Үүний хамгийн том илрэл нь “Action” буюу адал явдалт кино. Тэртээ тэргүй үзэх зах зээл нь хэдийнэ бүрдчихсэн. Тэгэхээр олон улсад кино продюссерлахаар судалж байгаа бол энэ төрлийн бүтээл илүү эрэлт өндөртэй байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.29 ДАВАА № 233 (6710)