Б.ДОЛЖИНЖАВ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” өнөөдөр эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан оролцож, үг хэлсэн юм. УИХ-ын 12 гишүүн нэгдэж, Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулсан билээ.
Тэрбээр “Хөдөө орон нутгаас сонгогдсон цөөн эмэгтэй гишүүнийхээ төлөөллийн хувьд хөдөө орон нутагт жендэр ямар түвшинд байгааг, жендэрийг хэрхэн ойлгож байгаа талаар хэдхэн хоногийн өмнө ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хурал дээр байр сууриа илэрхийлж, хэдэн чухал асуудлыг хөндөж ярилаа. Хөдөө орон нутагт малчдын амьдрал, тэгш бус, хүний эрхийн зөрчил, жендэрийн хүчирхийлэл өндөр байгааг бид мэдэж байгаа. Тухайлбал, ХАА, МАА-н салбарыг авч явах залуу малчдын залгамж халаа тасарч байгаад жендэрийн асуудал гол нөлөө үзүүлж байна. Зургаан настай хүүхдүүдээ сургуульд сургахын тулд ихэнх малчин гэр бүлийн нэг нь хөдөө, нөгөө нь төвд амьдарч байна. Тиймээс дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах чиглэлд олон ажлыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Хүчирхийлэлд өртөж байгаа малчин эмэгтэйчүүд нуугдмал байдаг. Бид эдгээр суурь үндсэн асуудлаа шийдэхгүйгээр хүчирхийлэл гэж яриад олон аян, хэлэлцүүлэг хийгээд үр дүнд хүрэхгүй. Гол нөхцөл байдлаа сайжруулахгүй бол жендэрт суурилсан хүчирхийлэл буурахгүй гэдгийг бид харлаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой нэлээд нарийвчилсан зүйл заалтыг оруулсан. Шинэ хуулинд “Ажил олгогч нь бэлгийн дарамтгүй орчныг бий болгох үүрэгтэй. Ажилтны гол үүрэг нь хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлэхгүй байх. Ажлын байрны орчин гэдэгт ажлын офиссоос гадна нийтээр зохион байгуулж байгаа аялал, томилолт, ажилдаа ирж очиж байгаа зам орно” гэсэн нарийвчилсан заалтыг оруулсан. Мөн тус хуульд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн заалт оруулсан. Анх хүүхэд хамгаалалд огт мөнгө төсөвлөдөггүй байсныг эхлээд таван тэрбум болгосон. Энэ жил найман тэрбумаар төсөвлөгдсөн. Дэлхий хэдийнэ хоёр ертөнцөд зэрэгцэн амьдардаг болсон. Тиймээс цахим орчин дахь хүчирхийллийг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Монгол улс интернет, цахим хэрэглээгээрээ дэлхийд 10-т, Азидаа тавдугаарт жагсдаг. Тиймээс Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг санаачлаад ажиллаж байна. Энэ дотроо цахим орчинд хүүхдийн эрхийг хангах тухай хуулийг өргөн барина” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn