С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урилаа.
БЛИЦ
Чагдарсүмбэрэлийн Батдорж
Боловсрол:
-2005-2009 онд МУИС-ийн НШУС-ийн түүхийн ангид суралцан төгссөн, түүхч мэргэжилтэй.
-2009-2011 онд МУИС-ийн Улаанбаатар сургууль магистрын зэрэг хамгаалсан.
-2011-2012 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Их сургуулийн Хэл шинжлэлийн факультетад хэлний бэлтгэлийг дүүргэсэн.
-2012-2014 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Түүхийн факультетийн аспирантурт суралцсан.
-2015 он Улаанбаатар Их сургуулийн доктурантуртыг төгссөн.
Ажлын туршлага:
-2009 оноос эхлэн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Шинэ түүхийн салбарт эрдэм шинжилгээний туслах ажилтан.
-2011 онд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
-2016 онд эрдэм шинжилгээний дэд ажилтан
-2021 оноос салбарын эрхлэгчээр ажиллаж байна.
Судалгааны чиглэл:
-“Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын түүхийн асуудал” (1921-1940) сэдвээр 2021 онд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрдмийн зэрэг хамгаалах диссертац нэг, хамтын бүтээл гурав, эрдэм шинжилгээний өгүүлэл 14, эрдэм шинжилгээний илтгэл 25, толь бичиг, катологи дөрөв, баримт бичгийн эмхэтгэл дөрөв, эрхэлж, эмхэтгэсэн бүтээл ес, редакторласан бүтээл хоёрыг хийсэн.
МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ УЛС БОЛГОСОН ТҮҮХЭН ӨДӨР
-Хорьдугаар зууны түүх бол Монголчуудын сэргэн мандалтын эхэн үе байсан. Энэ түүхэн цаг үед бид бусдын эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо 1911 онд мандуулсан. Үүнээс хойш Монголын түүхтэй холбоотой хэд хэдэн чухал үйл явдал болсон. Тэр дунд дэвшилтэт болон уруудсан үйл явдал бий. Улс тунхагласан өдөр бол Монголчуудын анхдугаар Үндсэн хуулиа баталж, засаглалын хэлбэрээ Бүгд найрамдах улс болгосон түүхэн тэмдэглэлт өдөр. Үүнээс өмнө хэмжээт цаазат ардын засагтай байсан. Засаглалын хэлбэрээ өөрчилж, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох замналын нэгэн үе шат юм. Жаахан тодруулбал, 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улсыг Дундад иргэн улсын бүрэлдэхүүн гэдгийг Хаант Орос, Дундад Иргэн Улс, Монгол гэсэн гурван улсын гэрээ хүлээн зөвшөөрсөн. Ингээд Монгол Улс Дундад Иргэн Улс буюу Хятадын бүрэлдэхүүний автономит эрхтэйгээр дөрвөн жил орчим болсон. 1919 онд Хүрээнд Хятадын цэргийн хүч нэвтрэн орж ирээд автономит эрхийг хүчээр устгаж, Дундад иргэн улсын дотоод муж ч гэж зарлаж байсан. Харин 1921 оны ардын хувьсгалаар Монголчууд тусгаар тогтнолоо дахин мандуулж, Монгол нутаг дахь харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, хэмжээт эрхт хаан өргөмжилсөн. Ардын хувьсгал бол нийгмийн анги давхарга хамаарахгүйгээр монголчууд нийтээрээ хувьсгалт тэмцэлд оролцсоноороо онцлог юм. Ардын хувьсгалын дараа Монгол Улс цаашид засаглалын ямар хэлбэрээр хөгжих вэ гэдэгтэй нүүр тулсан. Ингээд Үндсэн хуультай улс байх ёстой гэж үзээд 1922 оноос Үндсэн хуулийн хэд хэдэн төслийг боловсруулсан. Үүний нэг нь Ерөнхий сайд Д.Бодоогийн боловсруулсан Үндсэн хуулийн эх юм. Энэ нь хэмжээт цаазат хаантай, Үндсэн хуультай улс байх. Зарим судлаачид үүнийг үндсэн хуулийн төсөл биш гэж үзэх нь ч бий.
Мөн Ардын Засгийн газраас Магсар Хурцаар тэргүүлүүлсэн Үндсэн хууль боловсруулах комисс гэж байгуулагдсан. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болж комиссын үйл ажиллагаа төдийлөн урагшилж чадаагүй гэдэг. 1921 оны Монголын хувьсгалд гол тусламжийг тухайн үеийн ЗХУ үзүүлсэн юм. Тэд хувьсгалын дараа Монголд өөрсдийн нөлөөг тогтоох, нөлөөнд байлгахын тулд ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч, Коминтерны төлөөлөгч гэсэн хоёр хүнийг суулгах болсон. Монголчуудын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл удаашралтай, бас зөрчилтэй байсан учир, ЗХУ-аас ирсэн төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийг түргэвчлэн батлуулах арга хэмжээ авсан байдаг. Тухайн үед, Богд хаан амьд сэрүүн байхад нь түүнийг хаан ширээнээс нь шууд буулгаж, Бүгд Найрамдах Засагт шилжих нь ард олны эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлтэй гэж үзсэн байх. Тийм учраас нас барсных нь дараа Үндсэн хууль боловсруулах комиссыг дахин байгуулж, шуурхайлсан байдаг. Энэ комиссыг Б.Цэрэндорж толгойлж байсан ч ЗХУ-аас ирсэн хууль, цаазын мэргэжилтэн өндөр үүрэг оролцоотой байжээ. Монгол Улсын засаглалын хэлбэрийг шийдвэрлэх нь монголчуудын хүсэл сонирхол ч гэсэн ЗХУ-ын оролцоотойгоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан юм.
Анхдугаар үндсэн хуулиас Улсын анхдугаар Их хурлаар хэлэлцэн баталсан билээ. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг ЗХУ-аас шууд орчуулан авсан гэж судлаачид үздэг. Хэдийгээр бусдын оролцоотой энэ Үндсэн хуулийг баталсан ч сайн талыг нь бид хэлж байх ёстой. Монгол Улс Азидаа Туркийн дараа анх удаа Үндсэн хуулиа баталсан. Мөн эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрхийг анх удаа хуулиар хүлээн зөвшөөрсөн.
Энэ Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой нэгэн зүйлийг дурдвал, Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагсад буюу мөнгө хүүлэгчид, хуучны язгууртан ноёд, хутагт хувилгаад, солиорсон ба ухаан эвдэрсэн хүмүүсийн сонгуулийн эрхийг хасах заалт орсон байдаг. Энэ заалт нь тухайн үед төдий л хэрэгжиж байгаагүй нь түүхийн баримтаас харагддаг. 1925 оноос эхлэн аймаг, хошуу бүрт сонгуулийн эрхээ хасуулсан хүмүүсийн бүртгэл гэж байдаг. Энэ бүртгэл дээр дурдсан хүмүүсээс гол төлөв солиорсон, ухаан эвдэрсэн хүмүүс их байгаа нь сонирхолтой байсан.
ӨӨРСДИЙГӨӨ СОНИРХОЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ ТҮҮХЭНД ХАНДАХ ХАНДЛАГА СЭРГЭНЭ
-Анхдугаар үндсэн хуулиа баталж, улс тунхагласан өдөр Цагаан сар, Улсын баяр буюу наадамтай дүйцэхгүй ч Монголын түүхийн тэмдэглэлт өдөр, яах аргагүй дурсан санах өдрийн нэг байх учиртай. Тусгаар тогтнолоо олохын тулд ямар их бэрхшээл, хүндрэл, олон улсын харилцааны дарамт шахалтыг даван туулж, Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглал руу шилжсэн гэдгийг харуулж байгаа хэрэг. Тухайн үед Монгол өнөөгийнх шиг хил хязгаартай, бүх зүйл нь тогтсон байсангүй. 1924 оны тавдугаар сард Дундад иргэн улс ЗХУ-тай нууц гэрээ байгуулж, Монголыг тусгаар тогтнолыг үгүйсгэж байсан. Энэ үйл явдлын эсрэг тусгаар тогтнолоо бэхжүүлэх, Дундад иргэн улс биднийг салшгүй нэг хэсгээ гэж үзэж байсны эсрэг чиглэсэн түүхэн үйл явдал байв. Утгаараа түүхэн тэмдэглэлт үйл явдал юм.
Төр засгаас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь ямар ач холбогдолтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, төрийн ой санамж энэ өдрийг хүндэтгэж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Харин хувь хүн өөрөө хэрхэн хандаж байгаагаас шалтгаална. Соёлын байгууллагууд үзэсгэлэн гаргаж, түүхэн жүжиг дуурийг нийтийн хүртээл болгох зэргээр олныг хамруулах үйл ажиллагаа хийдэг уламжлалтай.
Түүхийн үнэ цэн, ач холбогдлыг сонирхолтой, энгийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх нь үр дүнтэй гэж үзэж байна. Тусгаар тогтнолын үнэ цэнийг хүчээр ойлгуулах биш мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр өгөх нь чухал.
Түүхээ сонирхдог залуус цөөн байгаа нь үнэн. Гэхдээ буруутгах аргагүй. Нийгэм, төр засгийн бодлогын түүхэнд хандах хандлага, орчин үеийн залуусыг тийм болгож хүмүүжүүлсэн. Орчин үеийн залуус гэж байгаа боловч социализмын үетэй харьцуулахад тэр үеэс арай дээр юм болов уу гэж боддог. 60-70 настай хүмүүс өөрсдийн эцэг өвгөдийнхөө тухай сонирхож бидэнд рүү хандаж, хэрхэн яаж өвөг дээдсийнхээ тухай мэдэж авч болох вэ гэж асуух тохиолдол нэлээд байдаг. Тэд бид залуудаа эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө ярьсныг огт анхаардаггүй байж. Ярьсан болгоныг нь тэмдэглэж авсан бол гээд харамсаж ярих нь их байдаг. Үүнтэй харьцуулбал өвөг дээдэс, удам судраа сонирхох залуучууд нэмэгдэж байна. Энэ бол сайн зүйл.
Хилийн дээс алхсан хүмүүс Монголынхоо талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг. Тиймээс орчин, хандлагыг өөрчилсөн тохиолдолд түүх, соёлоо хүндэтгэх байдал сэргэх юм болов уу. Үүнийг нэг жишээ нь дэлхий нийтийг хамарсан цар тахал хүмүүст бас нэг зүйлийг ойлгуулах шиг боллоо. Улс орнууд хилээ хааж, гадаадаас иргэдээ татахад хүмүүс эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрч ойлгосон болов уу. Эх орноо гэсэн сэтгэлээр түүх, соёлдоо хандах нь чухал.
ДЭЛХИЙД ХОСГҮЙ, ЗӨВХӨН МОНГОЛООС ОЛДСОН ҮНЭТ ОЛДВОР КОНТЕЙНЕРТ ХАДГАЛАГДАЖ БАЙНА
-Сүүлийн үед салбар болгонд асуудал ярихаараа багаас нь заая, боловсролын системд суулгана гэдэг боллоо. Энэ бол өрөөсгөл ойлголт. Бүхнийг боловсролын системд суулгаад хүлээж авах боломжгүй. Ялангуяа, түүхийн мэдлэгийг дан ганц дунд сургуульд заагаад бүгд түүхээ сонирхдог болохгүй. Харин өвөг дээдсийнхээ түүх, соёлыг олон талаас сонирхолтой орчин бүрдүүлж, сэдэл өгөх хэрэгтэй. Монгол Улсад 1990-ээд оноос эхлэн хүмүүс соёл болон шинжлэх ухааны мэдлэгт анхааралгүй хаясны хор уршиг өнөөгийн залууст зарим талаар илэрч байна. Ялангуяа түүхийн мэдлэг бол он, цагийн хэлхээс ямар ч сонирхолгүй зүйл гэж хүлээн авдаг бололтой. Тийм учраас монголын түүх, өв соёлоо мэдэхийн чухалыг тайлбарлан таниулах нь чухал. Үүний гарц гаргалгаа нь хэн нэгэн лекц уншиж, сургалтаар залхаах бус хүмүүс өөрсдийн хандлагадаа, түүх соёлын дурсгалт зүйлийг хайрлах, өв, соёл, өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандаж эхэлснээр сэргэх болно. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон археологийн үнэт олдворууд олон бий. Үүнийг стандартын музей байгуулж, хүүхэд, залуучуудад бидний өвөг дээдэс Хүннү нар 2000 жилийн өмнөх ийм эдлэл хэрэглэж байжээ гэж харуулбал түүхийн мэдлэгийг ярьснаас илүү сонирхолтой байх болно.
Чингис хаан музейг богино хугацаанд барьж, ашиглалтад орох гэж байгаа нь түүх, соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой зүйл болж байна. Музейгээр бид өөрсдийн өвөг дээдсийн тухай тэдний үнэ цэнтэй зүйл юу байсан бэ гэдгийг бодитоор харуулснаар түүх, соёлдоо хандах хандлага бага ч болов сэргэх байх.
Нэг үгээр бол гандан, сүм хийд рүү ажил төрлөө бүтээх, амьдралаа дээшлүүлэх зорилгоор бус харин уламжлал, өв соёлоо хүндэтгэх хэлбэрээр очдог болсон цагт бидний хандлага өөрчлөгдсөн байна гэж боддог. Тэр үед л түүхэнд хандах хандлага арай өөр түвшинд очсон байх болов уу. Ер нь Монголчуудын амьдрал нийгмээрээ жигд дээшилж сайжирч байж жигдэрнэ. Нэг ёсондоо нийгмийн суурь асуудлууд шийдэгдэхийн хэрээр өөрсдийн түүх, соёлоо хүндэтгэх, хадгалж авч үлдэх асуудал дээшлэх болно. Түүх соёлоо орхигдуулаад эхлээд улс орноо сайхан болгоод дараа нь бусад зүйлээ сайжруулья гэвэл бид нэгэнт хоцорсон байх болно. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тийм учраас монгол хүн бүр түүх, соёлоо хүндэтгэн танин мэдэх, хайрлан хамгаалах, уламжлан авч үлдэх талаар анхаарах ёстой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.22 ДАВАА № 229 (6706)