“Төрийн ордон Чойжин ламын сүм хоёрын дунд орос нь ч, монгол нь ч байшин барихыг хориглоно”

2021-11-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хотын төвд цөөхөн хэдэн түүхэн дурсгал бий. XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм музей цогцолбор тэдний нэг. Гэхдээ энэ сүм нь түүхэн дурсгал гэхээсээ өнөөдөр ч ач холбогдол нь оршиж, үүргээ гүйцэтгэж буй Төрийн сахиусны өргөө юм. Тодруулбал, энэхүү сүмийг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулжээ. Лувсанхайдавын ах Монголын Бурхан шашны тэргүүн VIII Богдоор тодорч, тэрбээр хоёр настайдаа ахыгаа дагаж Монгол нутагт иржээ. 20 гаруй насандаа ном заалгаж, хүчтэй чойжин болсон. Лувсанхайдав нь хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч, Монгол төрийн их Чойжин байсан. Улс гэрээ хамгаалах үүднээс түүнд зориулан чойжин буух тусгай сүмийг байгуулсан. VIII Богд  1899-1901 оны үед Зүүн Хүрээнд сахиусны хурлын их, бага хоёр сүм, лаврин орд, хашаа байшин, жас зэрэг цогцолборыг барьж өгчээ. Улмаар VIII Богд  1902 онд лүндэн буулгаж Чойжин ламын сүмийг байгуулжээ. Ингэхдээ анх уг сүмийг Занхан гэж нэрийдсэн бөгөөд архивын баримтад “...Занхан сүм болбоос Чойжин сахиусны тухай бурхан шүтээн ба хамаг хэрэглэх зүйлийг залж агуулах, тэр тухайн олон зүйлийн хурал номыг хурж байх үүрдийн сүм болох бөгөөд миний олон үед байгуулсан олон дацан аймгуудаас ер өчүүхэн төдий ялгаварлах газаргүй” гэж тэмдэглэсэн байдаг байна.

Ер нь бол Чойжин лам Лувсанхайдав төрийн их сахиусыг буулгах үеийн айлдвар хэмээх хоёр зарлигт VIII Богд болон Дондогдулам хатан нар Монголд сайн цагийг авчрахаар ирэгсэд гэсэн байдаг аж.

Өнөөг хүртэл олон ч төрийн нүүрийг үзэж өнгөрүүлэхдээ ороо бусгаа цагийн хатуу сорилт, бэрхшээлийг даван туулсан байдаг. Хамгийн ихээр сонирхол татдаг зүйл нь, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын бүх сүм хийдийг устгачихаад хотын төв дэх Чойжин ламын сүмийг хэвээр үлдээсэн байдаг юм. Түүхийн зарим баримтад Х.Чойбалсангаас гэргий Бортолгой нь “...Чойжин ламын сүмийг л үлдээгээрэй” гэж хичээнгүйлэн гуйсан. Бортолгой энэ сүмийг шүтдэг, бурхан шүтээнүүдээ хадгалдаг, “Ядам” сүмд нь нууц тарнийн бясалгалаа хийдэг байсан гэсэн тэмдэглэл бас бий.

Мөн Ардын хувьсгалынхан Чойжин ламын хийдийн гол шүтээний нэг болох догшин сахиус улаан Жамсран бурхны өмнө аягатай сүүнд өндөгнийхөө цусыг ханан дусааж амсацгаан тангараг тавьсан гэсэн түүх ч бий. Ямартай ч Х.Чойбалсан 1938 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байхдаа тушаал гаргаж, Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлжээ. Ингэж музей болох эхлэл нь тавигдсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Х.Чойбалсан Монгол төрийг хамгаалах увидас жанлав оршсон эл хийдийг амиараа дэнчин тавин авч үлдсэнээр үл барам Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд болох язгуурын таван бурхан, Цагаан, ногоон дарь эх, Бодисадва тэргүүтэн, Ганжуур, Данжуурын ботиуд, хожим хэрэгтэй гэсэн бүгдийг тэнд хадгалан авч үлджээ. Хожим эдгээр бүтээлүүдийг Дүрслэх урлагийн музей, Улсын нийтийн номын сан, Богд хааны ордон музей зэрэгт хуваан шилжүүлж, цөөн хэдийг Чойжин ламын хийдэд үлдээжээ. Богдын лүндэн гэж 1910-1920-иод оны үед олны ам дамжин яригддаг байсан сургаалиудын эх зохиогч нь Чойжин лам байсан гэх бөгөөд уг лүндэнд “...Цөвүүн цагт шашин дарагдаж цагаан морин жил эргэн сэргэнэ. Бие, хэл, сэтгэл бузартахыг цөвүүн цаг гэнэ” хэмээн бичсэн байжээ.

Эдүгээ ч Чойжин ламын сүмийн Монгол төрийг сахин хамгаалах рид хувилгаан чадал хэвээр гэдэг бөгөөд Төрийн ордны дээрх төрийн далбаа, Чойжин ламын хийдийн гол сүмийн ганжир, Төв цэнгэлдэхийн арын  соёмботой багана, Богд уулын “...Монгол Улс мандтугай” гэсэн бичиг бүхий соёмботой энгэр нэгэн шугамд оршиж төрөө хамгаалж байх учиртай гэнэ. Социализмын үед ч төрийн сахиусаа хамгаалж Чойжин ламын хийдийн өмнөд этгээдэд Богд уулыг халхалсан өндөр барилга барихгүйгээр төлөвлөн зохицуулж байжээ. Онц цагаар яривал анх 100 шахам жилийн тэртээ, түүнээс хойш 1960-аад оны үед Улаанбаатар хотын архитектурыг монгол гэрийн хэлбэртэйгээр зохион байгуулж байжээ. Төрийн ордон хойморт, түүнээс урагш Чойжин ламын сүм буюу Төрийн сахиусны өргөөг голомтлон хараалж, цаашлаад Богд уулыг үүдэлж түшсэн гэдэг.

Ийнхүү онц цагуудыг элээж өнөөг хүрсэн Чойжин ламын сүмийг Улаанбаатар хотын архитектурт голлох байр суурьтайгаар оруулж байсан түүх бий. Энэ бүх учир шалтгааны улмаас Чойжин ламын сүм Төрийн ордон хоёрын хараа хараандаа оршиж байх ёстой гэдгийг Монголын төрийн үе үеийн удирдагчид ойлгож, сахиж иржээ. Тиймээс ч Төрийн ордноос Чойжин ламын сүм хүртэлх зайд “Ленин клуб”-ыг эс тооцвол өндөр байшин баригдалгүй өнөөг хүрсэн байгаа юм.

Харин сүүлийн үест Оросын компани “Ленин клуб”-ыг хавийнх нь газартай аваад өндөр барилга барихаар хөөцөлдөөд байгаа мэдээлэл байна. Тэд ЭСЯ, бусад “шугам”-аар дамжиж, манай дарга нарт нөлөөлөхийг оролдох болжээ.

Айлд ч, хүнд ч бусдад өгч болох эд, болдоггүй эд гэж бий. Түүн лүгээ Төрийн ордноос Чойжин ламын сүм хүртэлх газар бол Монголын төрийн бүрэн бүтэн, аюулгүй байдалтай ямар нэг байдлаар холбоотой явж иржээ. Үүнийг үе үеийн удирдагчид мэддэг. Үүх түүх бидэнд “...Төрийн ордон Чойжин ламын сүм хоёрын дунд орос нь ч, монгол нь ч байшин барихыг хориглоно” гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр “Ленин клуб”-ыг ч буулгаж хаяад, оронд нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулбал маш сайн шийдэл болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.17 ЛХАГВА № 226 (6703)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

11 цаг 2 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

15 цаг 13 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

15 цаг 23 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

16 цаг 7 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

17 цаг 13 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

20 цаг 40 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

20 цаг 40 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

20 цаг 40 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

20 цаг 40 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

20 цаг 40 мин