Н.Батхүү: “Тэрбум мод” хөдөлгөөн ойн салбар эргэн сэргэх хөшүүрэг мөн

2021-11-15
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Ой судлалын ухааны доктор, профессор, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүүг урилаа.

МОНГОЛ ОРНЫ ОЙН ҮРИЙН НӨӨЦИЙН АСУУДЛЫГ ГАНЦ БАЙГУУЛЛАГА БҮРЭН ХАРИУЦАЖ ЧАДАХГҮЙ

-Монгол Улсад ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлыг 1970-аад оноос хийж эхэлсэн түүхтэй. Ойн салбар нь 1990-ээд он хүртэл салбарын хэмжээнд хөгжиж улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулсан. Гэсэн хэдий ч зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор ойн аж ахуй, ойн ангиуд хувийн хэвшилд шилжиж, бүтэц алдагдаж, салбар бүхэлдээ задарсан гэж хэлж болно. Үүний улмаас нэгдсэн бодлогоор хэрэгждэг ойжуулалт, ойн үр бэлтгэлийн ажил, үрийн аж ахуйн систем алдагдсан. Өнөөгийн байдлаар төрийн өмчийн байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиуд судалгаа, шинжилгээний зориулалтаар, аж ахуйн нэгж байгууллага, иргэд бага хэмжээгээр үр бэлтгэж байна. Ойжуулалтын ажлын үр дүн, тарьц, суулгацын чанар нь бэлтгэсэн үрийн чанараас шууд хамааралтай. Одоо бэлтгэгдэж буй үр нь гарал үүсэл нь тодорхойгүй, чанаргүй байх магадлал өндөр байна. Учир нь үрийн чанар, стандартын хяналтын систем хэрэгжихгүй байгаатай холбоотой юм. Ойн үрийн нөөц, бэлтгэл, үрийн чанарын хяналтыг асуудлыг БОАЖЯ-ны харьяа, “Ойн судалгаа хөгжлийн төв” ТӨҮГ-ийн дэргэд Ойн үрийн лаборатори дангаар хариуцаж байна. Нэг лабораторийн хүчин чадал, үр хадгалах байгууламж зэрэг нь технологийн хувьд хоцрогдсон, хүний нөөцийн чадавхийн хувьд ихээхэн дутмаг. Тиймээс монгол орны ойн үрийн асуудлыг уг нэгж нь бүрэн хариуцах чадваргүй байна. Ойн үрийн аж ахуй нь ойн шинжлэх ухааны тусдаа бие даасан салбар, бүрэлдэхүүн болон хөгжиж байсан үе бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдаж буй зорилтыг биелүүлэхийн тулд ойн үр бэлтгэлийн ажлын цар хүрээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, генетик нөөцийг хамгаалах, бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

БЛИЦ

Боловсрол:

  • 1990-1995 онд: Монгол Улсын Их Сургуульд Ой судлалын бакалавр
  • 1995-1997 онд: Монгол Улсын Их Сургуульд Ой судлалын магистр
  • 2009 онд: Сөүлийн Үндэсний Их Сургуульд Ой судлалын ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2021 оноос: МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
  • 2014-2021 онд: Профессор, Ойн генетик, экофизиологийн лабораторийн эрхлэгч
  • 2019 оноос өнөөг хүртэл: Олон Улсын Ой Судлалын Байгууллагуудын Нэгдсэн Холбооны “Доройтсон газрын нөхөн сэргээлт” ажлын хэсгийн зохицуулагч
  • 2014-2019 онд: Олон Улсын Ой Судлалын Байгууллагуудын Нэгдсэн Холбооны “Зүүн Хойд Азийн Ойн экосистемийн менежментийн урт хугацааны судалгаа” ажлын хэсгийн зохицуулагч
  • 2017-2018 онд: Зочин судлаач, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль
  • 2013-2014 онд: Дэд профессор Ойн генетик, селекц, Ойн өвчин судлал, Модлог ургамлын физиологи
  • 2010-2013 онд: Захирал, МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургууль
  • 2009 оноос эхлэн: Дэд профессор Ойн генетик, селекц, Ойн өвчин судлал, Модлог ургамлын физиологи
  • 2008 оноос эхлэн:     Ахлах багш, Ойн генетик, селекц, Ойн өвчин судлал, Модлог ургамлын физиологи,
  • 2003-2008 онд: Докторант, Сөүлийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуй, Байгалийн Шинжлэлийн Коллеж, Ой хүрээлэн Буй Орчны Сургууль 
  • 2004 оноос өнөөг хүртэл: Солонгосын Ой Судлалын Нийгэмлэгийн гишүүн
  • 2002-2003 онд: Ахлах багш, Ойн генетик, селекц, Ойн хөрс судлал, МУИС
  • 2002 оноос өнөөг хүртэл: Монголын Ойн Чуулганы гишүүн
  • 1997-2001 онд: Багш, Ойн генетик, селекц, Ойн хөрс судлал, МУИС
  • 1998 оноос өнөөг хүртэл: Олон Улсын Ой Судлалын Байгууллагуудын Нэгдсэн Холбоо (International Union of Forest Research Organizations (IUFRO)-ны гишүүн

ОЙН ДОРОЙТОЛ, ЦӨЛЖИЛТ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛД НӨЛӨӨЛДӨГ 

-Ойжуулалт, ойг тарьж ургуулах нь ялгаатай ойлголтууд. Мод бэлтгэл, түймэр, ойн хөнөөлт шавжийн нөлөөгөөр устсан, доройтсон ойн сангийн нөхөн сэргээх ажлыг хийдэг. Үүнийг ойн салбарын нэр томьёондоо ойжуулах, ойжуулалт гэж нэрлэдэг. Харин урд өмнө нь ойгүй байсан газарт ойг тарьж ургуулах нь ойжуулалтаас ялгаатай ойлголт юм. Монгол орны ойн санд нутгийн хойд хэсгийн шилмүүст, навчит мод зонхилсон сэрүүн бүсийн ой, нутгийн өмнөд  хэсэгт тархалттай Говийн бүсийн заган ойг хамруулан ойлгодог. Ойн сангийн бүртгэл тооллогын дүнгээс үзэхэд ойн сангийн талбай, нөөц буурах хандлагатай байна. Түүнээс гадна хүний үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйл ажиллагааны олон хавсарсан хүчин зүйлийн нөлөөгөөр манай оронд цөлжилт, газрын доройтол улам эрчимжиж байна. Тухайлбал, нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь ямар нэгэн байдлаар газрын доройтол, цөлжилтөнд өртсөн нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тиймээс биологийн олон янз байдлын хомсдол, хамгааллын асуудалд ихээхэн анхаарах шаарддлагатай байна.

ОЙН БҮРТГЭЛ ТООЛЛОГЫГ НАРИЙВЧЛАН ХИЙХ ШААРДЛАГА БИЙ

-Ойн үрийн нөөцийг бүрдүүлэх нь ойжуулалтын ажлын салшгүй хэсэг. Үрийн материал хангалттай бүрдүүлснээр ихээхэн талбайг хамарсан ойжуулалтыг хийх урьтал нөхцөл бүрдэнэ. Тиймд үр бэлтгэл, үрийн аж ахуйг төрийн бодлого, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдан зохион байгуулах шаардлага тулгарч байна. Үүний тулд, ойн генетик нөөцийн судалгаа, генетик, селекцийн үнэлгээнд суурилсан бүртгэл тооллогыг нийт ойн санд системтэйгээр явуулж ойн үр бэлтгэх байнгын болон түр хугацааны талбайг тусгаарлан мэдээллийн санг үүсгэж тухайн ойг хамгаалалтанд авах нь зүйтэй. Тусгаарласан ойн үрийн талбайгаас чанартай, сайн чанарын үрийг их хэмжээгээр бэлтгэхийн тулд ойн аж ахуйн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд нэлээд тооны ойн үрийн талбайг ой бүхий аймгуудад тусгаарласан байдаг. 
Гэсэн хэдий ч ойн мэргэжлийн байгууллагуудад ойн генетик, селекцийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин дутмаг байдгаас үүдэн тусгаарласан үрийн талбайнууд нь генетик, селекцийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангахгүй байна. Мөн сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаанаас үзэхэд шилмүүст ойгоос бэлтгэсэн үрийн чанарын үзүүлэлтүүд жил ирэх тутам буурсаар байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд 2018 онд хийгдсэн 14 популяц буюу 14 ойн үрийн талбайгаас бэлтгэсэн үрийн чанарын судалгаагаар нэгдүгээр зэргийн үр бүхий талбай байхгүй, хоёрдугаар зэргийн үр бүхий талбай нэг, бусад нь стандартын шаардлага хангахгүй байсан. Ойжуулалтын ажилд стандартын бус болон чанар муутай үрийг ашиглахыг зөвлөдөггүй. Чанаргүй үрнээс ургуулсан тарьцаар ойжуулалт хийх нь өсөлт, бүтээмж муутай таримал ой үүсэх сөрөг үр дагавартай. Үүнээс үүдэн сайн чанарын үрийг бэлтгэж, чанартай тарьц, суулгацыг ургуулахын тулд үрийн асуудлыг нарийвчлан авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаанаас бэлтгэсэн нь тодорхойгүй үрээр ойжуулалт хийх нь алсдаа сөрөг үр дагаврыг авчрах магадлалтай. 
Ойн үрийн лабораторид шинжилгээнд хамрагдсан үрийн дээжний шинжилгээний үр дүнгээс үзэхэд сүүлийн арван жилийн хугацаанд ургах чадвар бүхий сайн чанарын үрийн эзлэх хувь буурсан үзүүлэлттэй байна. Үрийн чанарын үзүүлэлтэнд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, хавар оройн цочир хүйтрэлт голлон нөлөөлж байна. Ялангуяа, хавар оройн цочир хүйтрэлт нь модлог ургамлын цэцэглэх, үр тогтож боловсрох хөгжлийн үе шаттай давхцсан тохиолдолд тухайн жилийн үрийн чанарт шууд нөлөөлдөг. 
Мөн Монгол орны ойн зонхилох үүлдэр болох Сибир шинэс, Эгэл нарс зэрэг шилмүүст моддын их үрийн жилийн давтамж нь 3-5 жилд тохиодог байсан бол сүүлийн жилүүдэд энэхүү давтамж улам холдох хандлагатай байна. Энэ нь ойн үрийн нөөцийг бүрдүүлэх, генетик нөөцийн хомсдолд хүргэх хүндрэл үүсгэж болзошгүй. 

ТУХАЙН МУЖААС БЭЛТГЭСЭН ҮРЭЭР ОЙЖУУЛАЛТ ХИЙХ НЬ ҮР ДҮНТЭЙ

-Ойн үрийн мужлалыг тогтоох судалгаа нь ойн салбарт зайлшгүй хийх ёстой ажлын нэг. Дээр дурдсанчлан ойн салбарын эрчимтэй хөгжлийн үед ойн үрийн мужлалыг 2-3 удаа боловсруулсан байдаг. 
Сүүлчийн байдлаар Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд орчин үеийн арга, аргачлал, зайнаас тандан судлал зэргийг ашиглан Монгол орны зонхилох шилмүүст моддын үрийн мужлалын зураглалыг шинэчлэн боловсруулсан байдаг. Ойн үрийн мужлалыг тогтооход тухайн бүс нутгийн хөрс, ус, ургамал, чийг, хур тунадасны хэмжээ, дулаан зэрэг ойн ургах орчны олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Тодорхой ойн үрийн мужаас бэлтгэсэн үрийг тухайн мужийг хамрах нутаг дэвсгэрийн хүрээнд ашиглах нь хамгийн зохимжтой. Харин уг мужлалын хилээс гадна шилжүүлэн тарих тохиолдолд алслалтын зайг 500 километрээс илүүгүй байхаар тооцвол зохино. 

ОЙН ГЕНЕТИК, СЕЛЕКЦЭЭР МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТЭН ДУТМАГ БАЙНА

-Төрийн өмчийн гурван их сургууль (МУИС, ШУТИС, ХААИС)-д ойн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг. Сургалтын хөтөлбөрийн чиглэл хоорондоо ялгаатай. МУИС-ийн хөтөлбөр ой судлал, ойн инженер, ХААИС нь ойн инженер, агро ойн аж ахуй чиглэлээр, ШУТИС-д мод боловсруулах, үйлдвэрлэлийн технологи чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Монгол Улсад Ой судлалын тэнхим 1962 онд ХААИС-д байгуулагдаж улмаар 1991 онд МУИС-д шилжин ирж өнөөдрийг хүртэл ойн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчнийг 60 дахь жилдээ бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудад байгалийн шинжлэл, ойн мэргэжлийн чиглэлээр элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурсан хэдий ч салбарын хэмжээнд авч үзвэл мэргэжилтэй боловсон хүчний хангамж хангалттай гэж үзэж болно. Харин төгсөгчдөөс ойн үрийн генетик, селкцийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн цөөн байна.

ХҮРЗ БАРИАД ТЭРБУМ МОД ТАРИХГҮЙ

-БОАЖЯ-наас гаргасан статистик мэдээллээс үзвэл, өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд мод үржүүлэг эрхэлдэг 210 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 9.2 сая орчим тарьц, суулгац, улсын үрийн санд 320 килограмм нарс, шинэсний үрийн нөөцтэй байна. Мод үржүүлгийн ажил нь их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт шаарддаг. Нэг тэрбум модыг тарихын тулд бид одоогийн хүчин чадлыг хамгийн багадаа 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр одоо байгаа мод үржүүлгийн газруудыг өргөтгөх, шинээр байгуулах шаардлага үүслээ. 
Мөн нутгийн хойд хэсэг, өмнөд хэсэг, хуурай хээрийн бүсийн мод үржүүлгийн газрын нөөцийг нарийвчлан судалж хэрэгцээнд нь тулгуурлаж бүсийн хэмжээний мод үржүүлгийн газруудыг байгуулах нь зүйтэй. Шинээр байгуулахдаа олон улсад ашиглаж буй дэвшилтэт технологи бүхий мод үржүүлгийн газрын сүлжээг байгуулж чадвал зорьсон хэмжээний тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх боломжтой. Хүрз, царил ашиглан хүний гараар ойжуулах ажлыг хийсээр байвал бид тэрбумаар тоологдох ой, модыг зорилтот хугацаанд тарих боломжгүй. 
Тиймээс үр бэлтгэл, мод үржүүлэг, ойжуулалтын ажилд шинжлэх ухааны ололт, амжилт, технологи, инновацын сүүлийн үеийн шийдлүүдийг нутагшуулах, нэвтрүүлэхийг цаг үе шаардаж байна. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сайн чанарын үрийг бэлтгэх, үрийн нөөцийг бүрдүүлэх, мод үржүүлгийн болон ойжуулалтын технологийг шинэчлэх замаар Монгол Улсад Ойн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах хөшүүрэг болно хэмээн үзэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.11.15 ДАВАА № 224 (6701)

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 48 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 48 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 48 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 33 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

15 цаг 8 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20