Ч.ЗОТОЛ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. Багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих ажил эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт, хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасан байна.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүнд гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр жил бүр ил тод үнэлэн, цаашид сунгах эсэхийг шийддэг болох, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага бүрийн ажлын байрны тодорхойлолт, туршлага, томилсон тогтоол шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулах, цаашид нээлттэй сонгон шалгаруулж, сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх бүхий л тайлан мэдээллийг ил тод болгоно гэжээ. Ингэхдээ санхүүгийн тайланг дэлгэрэнгүй мэдээлэх, голлох үзүүлэлт, худалдан авалт, удирдлагын шийдвэр, аудитын дүгнэлт, төсөвт төлсөн татвар, бусдаас авсан болон бусдад өгсөн хандив, тусламжийн мэдээллийг 2021 онд багтаан цахим хуудсанд нээлттэй байршуулж олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ гэв.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31.8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байгааг танилцуулжээ.
Д.Сумъяабазар: Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа
Засгийн газрын хуралдааны дараа Хотын дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдэл мэдээлэл хйиж, асуултад хариулсан юм.
-Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцжээ. Төслүүдийн хэрэгжих хугацаа, алинаар нь эхлэх талаар та танилцуулсан юм байна. Шийдлийн талаар юу хэлэх вэ?
-Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн гол тушаа болж байсан зүйл бол эрх зүйн түгжигдмэл байдал. Үүнээс болж Улаанбаатар хотын эдийн засгийн тэлэлт, авах арга хэмжээнүүд төдийлөн оновчтой байгаагүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг сууриар нь залруулах бодлогыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн. Өнгөрсөн оны сүүлчээр Улаанбаатар хотын гол хуулийн нэг болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Засгийн газар Улаанбаатар хотын төсвийн шуудын орлого 420 тэрбум төгрөгийг хотын хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг анх удаа гаргалаа. Тиймээс би Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатар хотын эдийн засгийн шинэ үүд хаалга нээгдэж, 2022 оны нэгдүгээр сараас нэн шинэ бодлогоор хөгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.
-Засгийн газрын хуралдаанд 2022-2024 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэх есөн бүлэг ажлыг танилцуулсан гэсэн. Мар асуудлуудыг тусгав?
- Нэгдүгээрт, авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Энэ бол түгжрэлийг бууруулах гол төслүүдийн нэг. 420 тэрбум төгрөгийг тухайн жилийн хийгдэх ажлын 28 хувь гэж тооцсон.
Хоёрдугаарт, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд байна. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай учир Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил уддаг, хойшилдог. Гадаадын эх үүсвэрээр ажил хийхэд мөн л хойшилдог. Учир нь газар чөлөөлөлтийн асуудал ярвигтай. Гуравдугаарт, хотын түгжрэл ихтэй бүс болох Бага тойрууд төлбөртэй гарааш хийх ажлыг төлөвлөсөн. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Дөрөвдүгээрт, авто замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгаа томоохон шалтгааны нэг нь уулзварын нэвтрэх чадамжийн асуудал. Тиймээс уг харилцан адилгүй, тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын 30 байршилд дахин авто замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага байна. Зургадугаарт, 2009 оноос хойш Улаанбаатар хотод нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийгээгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 75 хувь гаруй нь стандарт хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг орчин үеийн шийдэл бүхий зорчигч нарт ээлтэй, ая тухтай, эрүүл, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн 500 автобусыг оруулж ирэх зохицуулалт хийж байна. Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гэх нэр томьёоллыг анх удаа Засгийн газарт оруулж байна. Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зайлшгүй газар чөлөөлөлтөд тавьж, Богдхан төмөр замын трассын ажил амжилттай явна гэж үзээд, нийт 420 тэрбум төгрөгийн хоёр хувьтай тэнцэх эх үүсвэрийг тавьсан. Эцэст нь, иргэдийн дугуйгаар зорчих боломжийг бид цаашдаа нэмэгдүүлэх ёстой. Явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, туслах үүрэгтэй хороолол дундах авто замыг хөгжүүлэх хүрээнд нийт 242.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тавихаар ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.11 ПҮРЭВ № 221, 222 (6698, 6699)