Б.ОЧИР
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн саяхны чуулган дээр "бут авлаа" гээд л олон нийтийн сүлжээгээр хөврүүлээд байсан. Тэгвэл түүний яриа нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэж, доромжилсон хорон үйлдэл гэж МҮХАҮТ үзжээ. Ц.Даваасүрэнг энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх шаардлагыг өнөөдөр /2021.11.9/ гаргажээ. Шаардлагад "...2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “...Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг.
Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд гүнээ харамсаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг атал улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ ийнхүү гутаан доромжлох нь зүйд нийцэхгүй хэрэг билээ. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогоороо “Төр нь хувийн хэвшлийн хөгжлийг бүх талаар дэмжиж, дэлхийд өрсөлдөх үндэсний компаниудтай болно” гэж зорьсон байтал Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ ёс зүйгүй үйлдэл нь татвар төлж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, ажлын байр бий болгож буй хувийн хэвшлийг гүтгэж, өнөөдрийг хүртэл бий болгосон үнэ цэнэ, нэр хүндэд нь шууд халдсан, нэг сая гаруй иргэнийг хамруулсан хувийн хэвшлийг олон нийтийн өмнө илтэд үгүйсгэж, харлуулсан, олон нийтийг талцуулж, хагаралдуулсан хорон үйлдэл гэж үзэж байна.
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл, түүнээс улбаалсан эдийн засгийн хямралын энэ хүнд амаргүй үед бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчид бүхий л нөөц боломжоо шавхаж, хамаг хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд эдийн засгаа сэргээхийн тулд төр хувийн хэвшил хамтдаа урьд урьдаас илүү хичээн ажиллах нэн шаардлагатай үед УИХ-ын гишүүн ийнхүү мэдэгдсэн нь төр хувийн хэвшлийн харилцан итгэлцлийг алдагдуулахад хүргэж байна. Хувийн хэвшлийн нийгэм эдийн засаг дахь хувь нэмрийг үгүйсгэж, хувийн хэвшил чадахгүй төр хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшлийн оролцоог хангах болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход гаргаж байгаа хичээл зүтгэлийг үгүй хийсэн алхам боллоо. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг Улсын Их хурал, холбогдох Байнгын хороо авч үзэн зохих хариуцлагыг хүлээлгэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна" гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn